| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Одончимэг |
| Хэргийн индекс | 185/2019/0739/Э |
| Дугаар | 775 |
| Огноо | 2019-08-21 |
| Зүйл хэсэг | 24.3.1., |
| Улсын яллагч | Б.Баярхүү |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 775
2019 08 21 2019/ШЦТ/775
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэгмэд,
Улсын яллагч Б.Баярхүү,
Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ш.Сарангэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1974 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, цэргийн байнгын тэтгэвэрт байдаг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт оршин суух бүртгэлтэй, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 48 дугаартай зарлигаар Цэргийн гавъяаны одонгоор шагнагдсан, урьд ял шийтгэлгүй, Б.Б,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Яллагдагч Б.Б нь 2015 онд Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Городок орчмоос 2 ширхэг ногоон өнгийн төмөр бортогонд савласан, нийт 50 кг 350 грамм бүхий Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 95 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт болох "Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалт", Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд болон Эрүүл мэнд, спортын сайдын хамтарсан 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 дугаар тушаалын 3 дугаар хавсралт "Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамааруулсан бодисын жагсаалт"-д багтсан химийн хорт, аюултай "мөнгөн ус" бодисыг олж, улмаар Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 18-715 тоот хаягт байрлах автомашины гражийн хажуу амбаарт 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл хууль бусаар хадгалсан,
-улмаар 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хангай хотхоны урд талд, Ерөнхий боловсролын 16 дугаар дунд сургуулийн орчим 57-17 УБС дугаартай, Тоёота Альфард маркийн мөнгөлөг саарал өнгийн тээврийн хэрэгсэлд 2 ширхэг ногоон өнгийн төмөр бортогонд савласан нийт 50 кг 350 грамм бүхий химийн хорт, аюултай "мөнгөн ус" бодисыг хууль бусаар тээвэрлэсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2015 оны намар 10 дугаар сар хавьцаа Налайх дүүрэгт байх хогын цэгийн хажуугаас уг савыг олсон ба савыг нь ашиглах зорилгоор авсан. Тэгээд уг савыг аавынхаа хашаанд байдаг амбаарт оруулж тавьсан. Тухайн үед хөдөө ажилладаг байсан болохоор хөдөө яваад уг савыг мартчихсан байж байгаад 2018 оны хавар машиныхаа дугуйг солих гэж байгаад харсан. Би найздаа ийм зүйл байгаа талаар хэлсэн байсан бөгөөд манай найз “Уурхайн хүмүүс авъя гэж байна” гээд байн байн утсаар яриад байхаар нь аваачиж өгсөн ба авъя гэсэн хүн нь цагдаагийн хүн байсан гэв.
Эрүүгийн хэргээс:
Хэргийн газарт үзлэг хийсэн “...16 дугаар дунд сургуулийн ертөнцийн зүгээр чанх ард нь 57-17 УБС дугаартай, Тоёота альфард маркийн мөнгөлөг саарал өнгийн автомашин зогсож байв. 16 дугаар сургууль нь бетонон суурьтай, төмөр хашаатай байх бөгөөд уг автомашины урд 3 метр зайнд сургуулийн хашааны бетонон суурьт наалдуулан тавьсан гялгар ууттай зүйлүүд байв. ...ногоон өнгийн гялгар ууттай ногоон өнгийн төмөр бортоготой зүйл 1 ширхэг, ягаан өнгийн гялгар уутанд мөн адил ногоон өнгийн төмөр бортоготой зүйл 1 ширхэг, нийт 2 ширхэг төмөр бортоготой зүйл байсныг хураан авч хэмжилт хийхэд бортогоны өндөр 22 см, диаметр 14 см хэмжээтэй, 2 ижил бортоготой зүйл байв. 2 ширхэг бортого таглаатай, 50 кг жинтэй бөгөөд дотор нь химийн хорт бодис байж болзошгүй байх тул шинжилгээ хийлгэхээр түр хураан авав. 2 ширхэг бортоготой зүйлийг буцааж 57-17 УБС дугаартай /уг машинаас гарсан гэх/ автомашинд буцаан хийж Мөрдөн байцаах алба руу авч явахаар тогтож, үзлэгийг дуусгав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-15 дугаар хуудас/,
Нөхөн үзлэг хийсэн “... тоот гэх хашаа...үзлэгт оролцож буй Б.Б нь мөнгөн ус хадгалсан газрыг зааж өгье гээд баруун зүгт харсан хоёр ширхэг төмөр хаалгатай гражийн урд талд очоод таамбарын хэсгийг заах бөгөөд хаалга нь нээлттэй онгорхой байсан учир ороход 1.5 x 1.5 метр хэмжээтэй өрөө байна. Дотор талд нь төрөл бүрийн хог новш эмх замбараагүй байдалтай харагдана. Химийн бодис нь нурж унасан ханан пийшин дээр тавиастай байсан наагуур нь хогнууд бөөгнүүлээд тавьсан байсан гэх бөгөөд өрөөнд байх эд зүйлүүдийг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авлаа..." гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 20-24 дүгээр хуудас/,
Автомашинд үзлэг хийсэн “...автомашинд байсан 2 ширхэг ногоон өнгийн бортоготой бодисыг буулган авч МБГ-72 дугаартай лацаар лацдаж 105-ын бүлгийн дарга А.Амгаланбаатарт хүлээлгэн өгч тус автомашины кабин болон багажинд үзлэг хийхэд дахин химийн бодис илрээгүй болно...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 16-19 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Б.Бгийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан "...Налайх дүүргийн 5 дугаар хороо, Городокийн урд талд засмал зам дээр ирэхэд 42 км 600 метр болж байв. Городокийн урд талд ирээд зам салсан гэх газрыг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн аваад урд зүгт шороон замаар явлаа. Зүүн урд зүгт харагдах хогийн цэгийн газрыг заагаад энэ газар байсан гээд 600 метр газар явснаа энэ орчимд нилэнхүйдээ хогийн цэг байсан, хогийг нь түрээд янзалсан байна гэх бөгөөд хогийн цэгийн баруун хойд талд ирж зогсоод энэ орчмоос л би олсон санагдаж байна, харанхуй шөнө байсан. ...энэ далангуудын хажуу талаас газар байхад 2 савтай зүйлийг олсон юм гэж зааж байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авлаа. Уг газарт GPS төхөөрөмж асааж байршлыг үзэхэд 47.76,64 107.3961 гэсэн байршлыг зааж байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 25-30 дугаар хуудас/,
Мөрдөгчийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн эд мөрийн баримтаар “...дугаартай хэрэгт 50 кг 350 грамм мөнгөн усыг эд мөрийн баримтаар тооцсугай...” гэх тогтоол /хх-ийн 35 дугаар хуудас/,
Гамшиг судлалын хүрээлэн, аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн “...Хэргийн газраас хураагдсан 2 ширхэг, ногоон өнгийн төмөр бортогонд савласан химийн бодисуудаас лабораторийн нарийвчилсан шинжилгээ хийхээр тасалж авсан дээжүүдийн физик, химийн шинж чанар, нягтыг үндэслэн эдгээр мөнгөлөг өнгийн химийн бодисууд нь мөнгөн ус гэх бодис болохыг тодорхойллоо. ...Мөнгөн ус нь Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 95 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт болох “Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалт"-д орсон химийн бодис юм. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд болон Эрүүл мэнд, спортын сайдын хамтарсан 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 дугаар тушаалын 3 дугаар хавсралт "Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамааруулсан бодисын жагсаалт"-д мөнгөн ус багтсан байна..." гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 53-56 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.Бгийн сэжигтнээр өгсөн "...би уг зүйлийг 2015 оны намар олсон. ...би Улаанбаатар хотод авчраад аавынхаа хашааны гражид буюу урд талын жижиг хүн ордоггүй амбаарт хийчихсэн юм. Би мөнгөн усыг авчихаад тэгээд л мартчихсан. ...2017 оны хавар машины дугуй хийх гээд явж байхдаа олж хараад тагийг нь нээсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 83 дугаар хуудас/,
Гэрч Б.Баттулгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би одоогоос 4 жилийн өмнө Налайх дүүргийн 5 дугаар хороо, Городок сууринд 3 га газар авч мод, хүлэмжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байшин барилга барьсан юм. Манай тэрүүгээр туулай их явдаг учир 2015 билүү 2016 онд сайн санахгүй байна, Б.Б ах туулай алж туулайн зүрх иднэ гээд шөнө туулайнд явахаар болсон. Надаар дандаа машин бариулдаг учир машиныг нь бариад Б.Б ах туулай буудна гээд бид хоёр Городокын замын урд талын хэсэг рүү явсан. Гадаа шөнө байсан учраас нэлээн яваад “за хоёулаа больё” гээд явж байхад урдуур юм гараад гүйхтэй зэрэгцээд Б.Б ах буугаа аваад машинаас буугаад явсан. Тэр хооронд нь миний гэдэс эвгүйрээд хойшоо бие засахаар явсан. Ингээд би бие засаад сууж байхад Б.Б ах хуучны элдэв янзын юм түүдэг аж ахуй ч сэтгэлгээгээрээ юм түүгээд машинд хийчихлээ гэж бодоод нэг их тоолгүй өнгөрсөн. Бид хоёр тэр шөнө туулай ч алсан зүйл байхгүй, би машинаас бууж Городокт үлдээд ах өөрийнхөө машинтай гэр рүүгээ явсан. Б.Б ах цагдаад шалгагдаж эхэлсэн үеэс тухайн эд зүйл мөнгөн ус байсан талаар ахаас сонссон...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 дүгээр хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Ш.Түвшинжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...машинаа өөрсдөө унаж ашиглаж байгаад 2018 оны 03 дугаар сард зарахаар болсон. Зарах талаараа хамаатнууддаа ярьж байхад нөхрийн төрсөн ах Б.Б нь худалдаж авья, гэхдээ мөнгийг нь тэгж байгаад өгье гэхээр нь мөнгөтэй болохоороо өгөөрэй, 1 жилийн дотор өгнө шүү гээд 10 саяар түүнд зарсан. Бид нар хоорондоо гэрээ хэлцэл байгуулаагүй, амаар тохиролцоод л 2018 оны 03 дугаар сард аваад явсан. 2018 оны 03 дугаар сараас хойш 57-17 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийн бензин болон засвар үйлчилгээг Б.Б ах хийгээд явж байгаа, бүх зардлыг нь хариуцдаг. Улсын үзлэгт оруулах болон даатгалын мөнгө төгрөгийг нь Б.Б ах гаргаад миний нэр дээр байдаг учраас би зөвхөн дагаж явдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний "Баян модот" ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн "...57-17 УБС улсын дугаартай “Тоёота Альпард” маркийн тээврийн хэрэгсэл нь 9.760.000 төгрөг...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 61-65 дугаар хуудас/,
Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 95 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт болох "Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалт", Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд болон Эрүүл мэнд, спортын сайдын хамтарсан 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 дугаар тушаалын 3 дугаар хавсралт “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамааруулсан бодисын жагсаалт” /хх-ийн 214-229 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Б.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2015 оны намрын сүүлээр Налайх дүүргийн 5 дугаар хороо, Городок нисэхийн цэргийн ангийн зүүн хойд орчим ахуйн хогтой хогийн цэгээс олж байсан. Уг газраас олоод Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 18-715 тоот хашаанд байрлах автомашины гражийн хажуу амбаарт хадгалж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.Бгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 114 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 117 дугаар хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 119 дүгээр хуудас/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 120 дугаар хуудас/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /хх-ийн 125-127 дугаар хуудас/, Цэргийн гавъяаны одон медаль болон бусад шалгалтын талаарх баримтууд /хх-ийн 131-133 дугаар хуудас/, зэрэг болно.
Шүүгдэгчийн гэм бурууг нотолж байгаа эдгээр нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт байгаа бусад баримтуудаар тогтоогдсон, хэрэгт хамааралтай бүхий л байдлыг мэдүүлсэн, эх сурвалж тодорхой байна.
Шүүхээс шүүгдэгч Б.Бд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2015 онд Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Городок орчмоос 2 ширхэг ногоон өнгийн төмөр бортогонд савласан, нийт 50 кг 350 грамм бүхий Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 95 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт болох "Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалт", Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд болон Эрүүл мэнд, спортын сайдын хамтарсан 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 дугаар тушаалын 3 дугаар хавсралт "Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамааруулсан бодисын жагсаалт"-д багтсан химийн хорт, аюултай "мөнгөн ус" бодисыг олж, улмаар Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангай 18-715 тоот хаягт байрлах автомашины гражийн хажуу амбаарт 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл хууль бусаар хадгалсан,
-улмаар 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хангай хотхоны урд талд, Ерөнхий боловсролын 16 дугаар дунд сургуулийн орчим 57-17 УБС дугаартай, Тоёота Альфард маркийн мөнгөлөг саарал өнгийн тээврийн хэрэгсэлд 2 ширхэг ногоон өнгийн төмөр бортогонд савласан нийт 50 кг 350 грамм бүхий химийн хорт, аюултай "мөнгөн ус" бодисыг хууль бусаар тээвэрлэсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Иймд Б.Бд холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1-т заасан “химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар хадгалсан, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Б.Б нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлджээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Б.Бг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1-т зааснаар 5400 /таван мянга дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Хэрэгт 57-17 УБС улсын дугаартай “Тоёота Альпард” маркийн тээврийн хэрэгсэл битүүмжлэгдэж, шүүгдэгч Б.Бд хадгалах хамгаалах үүрэг хүлээлгэсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг ногоон өнгийн төмөр бортогонд савласан нийт 50 кг 350 грамм бүхий мөнгөн ус Үндэсний аврах бригадын агуулахад хадгалагдаж байгааг устгах нь зүйтэй байна.
Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ хэргийн улмаас 2 /хоёр/ хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдлаа.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Б-г химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Бг 5400 /таван мянга дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1.2-т тус тус зааснаар шүүгдэгч Б.Бгийн цагдан хоригдсон 2 /хоёр/ хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1-т зааснаар 5400 /таван мянга дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялаас хасч тооцон 5370 /таван мянган гурван зуун далан/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.370.000 /таван сая гурван зуун далан мянган/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.Бг шүүхээс оногдуулсан 5370 /таван мянган гурван зуун далан/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.370.000 /таван сая гурван зуун далан мянган/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаан/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.8-д зааснаар 57-17 УБС улсын дугаартай “Тоёота Альпард” маркийн тээврийн хэрэгсэлийг битүүмжлэсэн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан Үндэсний аврах бригадын агуулахад хадгалагдаж байгаа 2 ширхэг ногоон өнгийн төмөр бортогонд савласан нийт 50 кг 350 грамм бүхий мөнгөн усыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэхийг тус шүүхийн Тамгын газарт даалгасугай.
8. Шүүгдэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ