Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2025/01450

 

 

     

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, шүүгч Ж.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 02-ны өдрийн 191/ШШ2025/02766 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******, ******* нарт холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 23,369,042 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ж.Лхагвасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, түүний өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. *******, ******* нар нь *******-тай 2019 оны 06 сарын 21-ний өдөр 109060431079 дугаартай автомашин худалдан авах зээлийн болон барьцааны гэрээ, хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг тус тус байгуулж, 10,450,000 төгрөгийг сарын 2,8 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатай зээлсэн бөгөөд хугацаа хэтрүүлсэн тохиолдолд зээлийн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохиролцож гэрээ байгуулагдсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр 570,000 төгрөгийн үнэлгээтэй гэрийн эд хогшил, мөн барьцааны гэрээгээр ******* улсын дугаартай ачааны зориулалттай тээврийн хэрэгслийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. ******* мөнгийг хүлээн авч талуудын хооронд гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохиролцсон, хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан. Зээлийг эргэн төлөх хуваарийг талууд тохиролцож хавсралтаар баталсан боловч зээлдэгч уг хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ хэрэгжүүлээгүй бөгөөд 6 удаагийн гүйлгээгээр 1,208,267 төгрөгийн төлөлт хийж, 2020 оны 12 сарын 31-ний өдрөөс хойш дахин төлбөр төлөх үүргээ биелүүлэлгүй, үүрэг гүйцэтгэх хугацааг 1,536 хоног хэтрүүлсэн байна. Зээлийн гэрээний хугацаа 2022 оны 12 сарын 21-ний өдөр дуусгавар болсон.

*******-аас *******, ******* нарт гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж, шаардаж байсан боловч ямар ч үр дүнд хүрээгүй бөгөөд автомашиныг эрэн хайсан боловч олж чадаагүй. 2023 оны 06 сарын 09-ний өдөр ******* аймагт оршин суух ******* гэх иргэнээс Танай байгууллагын өмчлөлд бүртгэлтэй ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл манай хашаанд эвдэрсэн байдалтай байна, хүрч ирж ав гэх мэдээллийг утсаар өгсөн тул барьцаа автомашиныг ******* аймгаас 2023 оны 06 сарын 10-ны өдөр очиж хураан авах ажиллагааг явуулж замын зардал төлбөрийг байгууллагаас гаргуулан Улаанбаатар хотод авчирсан.

Барьцаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал болон гаднах өнгө үзэмж муудсан цаашид гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн тул зээлдэгч нартай утсаар холбогдож тээврийн хэрэгслийн нөхцөл байдлыг танилцуулж, бага үнийн дүнгээр худалдах боломжтой талаар мэдэгдсэн боловч хүлээн зөвшөөрөөгүй, биеэр ирж уулзаагүй холбоогүй болсон. Үүнтэй холбоотой тээврийн хэрэгслийг зээлдэгч талын зөвшөөрөл байхгүй байсан тул худалдан борлуулж чадаагүй. Цаашид уг тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахад зэх зээлийн үнэ ханш нь унасан, үүргийн гүйцэтгэлийг хангуулж хүрэхгүй, барьцааны зүйлийг нэхэмжлэгчийн өмчлөлд анх байсан хэвээр шилжүүлэн өгөх үүргээ хариуцагч нар биелүүлээгүйгээс нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг энэ гэрээний дагуу хангуулах боломжгүй болсон. Иймд барьцаа хөрөнгөөр бүртгүүлсэн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслээс татгалзаж байна.

Зээлдэгчээс зээлийн эргэн төлөлтийг, хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс болж хугацаа хэтэрч, зээлийн гэрээнд заасан ноцтой зөрчилд тооцогдох хугацаа хэтрэлт үүссэн тул зээлдэгчид зээлийн төлбөрийг төлж барагдуулах талаар удаа дараа утсаар болон бичгээр мэдэгдэж ажилласан боловч үр дүнд хүрээгүй тул 2023 оны 09 сарын 11-ний өдрөөр зээлийн хүүг зогсоож зээлдүүлэгч талын санаачилгаар гэрээг цуцалж шүүхэд нэхэмжлэл гаргах болсон.

Мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулсан хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний зүйл бодитоор байгаа эсэх нь тодорхойгүй байгаа тул уг гэрээгээр үүргийн гүйцэтгэл хангуулахаас татгалзаж байна. Хариуцагч ******* нас барсан болох нь тогтоогдсон учир холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсан.

Иймд хариуцагч хариуцагч *******оос 2019 оны 06 сарын 21-ний өдрийн 109060431079 дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 9,241,733 төгрөг, хүү 11,124,751 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,224,950 төгрөг, нэг талын үүрэг зөрчсөнөөс үүссэн зардал буюу нотариат, тээврийн хэрэгсэл хураан авсан болон зогсоолын төлбөр, автомашины зах зээлийн үнэлгээг тогтоосон үнэлгээний ажлын төлбөрт 777,608 төгрөг, нийт 23,369,042 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч *******ын хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь тухайн үед уг зээлийг миний төрсөн дүү ******* авч ашигласан, ингэхдээ уг мөнгөөр ******* маркийн ******* улсын дугаартай ачааны зориулалттай тээврийн хэрэгслийг худалдан авсан. Гэхдээ уг тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр ******* нь улсын бүртгэлд бүртгэгдсэн, эцсийн өмчлөгч нь ******* байсан, одоо ч байгаа болно. ******* нь уг зээлийн санхүүжилтээр авсан тээврийн хэрэгсэлтэй ямар ч хамааралгүй, уг зээлийн хөрөнгөөс нэг ч төгрөг авч өөртөө ашигласан зүйл байхгүй. ******* нь 2023 оны 01 сарын 31-ний өдөр зуурдаар нас барсан бөгөөд ******* ч уг тээврийн хэрэгслийг тогтмол ашиглаагүй, зөвхөн нэг удаа л ******* аймаг руу явж байхдаа тэнд харвалт өгч, улмаар эмчлүүлж байгаад нас барж, уг тээврийн хэрэгсэл ******* аймгийн төвд айлын хашаанд үлдсэн байдаг. Тэр цагаас хойш тухайн тээврийн хэрэгсэл уг айлын хашаанд байж байгаад нэхэмжлэгч *******-ийн хүмүүс очиж авсан, одоо өөрт нь хадгалагдаж байгаа.

******* нь уг тээврийн хэрэгслийн худалдан авах ажиллагаанд оролцсон нь өөрийн хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж, иргэний эрх зүйн талуудын тэгш эрхийн зарчимд үндэслэж хийгдсэн гэрээ хэлцэл биш, итгэмжлэл ч биш юм. Учир нь Да хүрээ зах дээр байрлах тус *******-ийн ажилтан гэх залуу удаа дараа утсаар залган, хуурч мэхлэн ирүүлж хэрэгт авагдсан уг итгэмжлэл, Бизнес-автомашин худалдан авах зээлийн болон барьцааны гэрээ гэгчид надаар гарын үсэг зуруулсан болно. Тухайн зээлийг авсан, гэрийнхээ хөдлөх хөрөнгийг барьцаанд тавьсан ******* гэсэн нэр *******ийн өөрийн гарын үсэг биш миний гарын үсэг буюу *******ын гарын үсэг байгааг ойлгохгүй байна. Иймд энэ хууль бус гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна.

Мөн хэрэгт байгаа итгэмжлэл, бизнес-автомашин худалдан авах зээлийн болон барьцааны гэрээнээс гадна яг ижил, агуулга хэлбэр бүхий өөр нэг итгэмжлэл, бизнес-автомашин худалдан авах зээлийн болон барьцааны гэрээ байдаг болно. Үүнийг хариуцагчийн зүгээс тус шүүхэд нотлон баримтаар гаргаж өгсөн. Хариуцагчийн зүгээс гаргаж өгсөн итгэмжлэл дээрх төлөөлүүлэгч гэсний доор байгаа ******* гэсэн нэрний ард зурагдсан гарын үсэг нь мөн миний гарын үсэг биш болно. Энэ байдал нь хэрэгт авагдсан нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн итгэмжлэл болон гэрээнүүдээр тодорхой харагдана гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 235 дүгээр зүйлийн 235.1 дэх хэсэгт заасныг баримтлан, хариуцагч *******оос 23,369,042 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,302,000 төгрөгийн 1,301,317 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 683 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж, хариуцагч ******* ХХК болон *******аас улсын тэмдэгтийн хураамж 1,301,317 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: 

4.1. Анхан шатны шүүхээс фидуцийн гэрээний харилцаа үүссэн гэж буруу дүгнэн Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хууль зөрчсөн шийдвэр гаргасан.

Шүүх хуралдааны шатанд шүүгч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс барьцаа тээврийн хэрэгслийг барьцаалуулагч буюу зээлдэгчийн эзэмшилд байлгаж байгаа нь фидуцийн гэрээний адил үйлчилж байна энэ ямар учиртай талаар тодруулсан бөгөөд барьцааны гэрээгээр барьцаалуулагчид барьцаа хөрөнгийг шилжүүлэн өгч байгаа нь фидуцийн гэрээний аргуудтай төсөөтэй хэрэглэсэн байж болзошгүй гэх байдлаар тайлбарласан болно. Тэрнээс фидуцийн гэрээ байгуулагдсан, фидуцийн гэрээний харилцаа үүссэн гэх байдлаар огт тайлбарлаагүй юм. Барьцаа хөрөнгө болох тээврийн хэрэгсэл нь 2019 онд Монгол Улсад орж ирсэн гаальтай автомашин байсан бөгөөд тээврийн хэрэгслийг зээлдэгч тал өмчлөлдөө хураан авахад автомашины тэвш сольсон, явах эд анги эвдэрч муудсан, гаднах өнгө үзэмж муудаж сэв, зураас ихтэй болсон зэрэг байдлаас шалтгаалан үнэлгээ буурсан, хөрөнгийн үнэлгээний тайлангаар 10,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн. Манай байгууллагаас 23,369,042 төгрөгийг нэхэмжилсэн, барьцааны зүйл нь нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хүрэхгүй, нэхэмжлэгч талаас барьцааны зүйлээс татгалзсан тухайгаа илэрхийлсээр байхад нэг талыг барьж огт байгуулагдаагүй фидуцийн гэрээг байгуулагдсан гэж дүгнэн шийдвэрлэж байгаа нь хууль зөрчсөн шийдвэр юм.

Мөн шийдвэрийн 11 дэх заалтад тусгагдсан төлбөрийг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасны дагуу шаардсан төлбөр юм. Гэтэл үүнийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэл болгон шийдвэрлэсэн нь буруу бөгөөд гэрээний 3.2 дахь заалтад автомашинтай холбоотой үүссэн зардлыг зээлдэгч буюу барьцаалуулагч төлж барагдуулахаар тусгайлан заасан байгааг шүүх огт үнэлээгүй. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтад ******* ХХК болон *******аас улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт 1,301,317 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгосугай гэсэн нь хуульд нийцэхгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 9,241,733 төгрөг, хүү 11,124,751 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,224,950 төгрөг, нэг талын үүрэг зөрчсөнөөс үүсэн зардалд буюу нотариатын зардал, тээврийн хэрэгсэл хураан авсан болон авто зогсоолын төлбөр, хөрөнгийн үнэлгээний төлбөрт 777,608 төгрөг нийт 23,369,042 төгрөгийг гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

5.1. Хэргийн 6-9 дэх талд авагдсан гэрээний хувьд *******оос *******од итгэмжлэл өгсөн. ******* нь *******ыг төлөөлж гэрээнд гарын үсэг зурсан. Тухайн хөдлөх хөрөнгө нь зээлдүүлэгчийн нэр дээр өмчлөл нь байгаа. Хариуцагчийн нас барсан дүү нь уг зүйлийг авахдаа Бизнес автомашин худалдах, худалдан авах зээлийн болон барьцааны гэрээ хийсэн. Тухайн гэрээний агуулга нь фидуцийн гэрээ мөн. Өөрийнхөө өмчлөлд байгаа зүйлийг барьцаалж манай үйлчлүүлэгчид хадгалуулсан. Анхан шатны шүүхэд зээлдүүлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрөө фидуцийн гэрээний агуулга байгаа гэж хэлдэг. Мөн хэргийн 6-7, 8-9 дэх талд авагдсан гэрээнүүдийг зээлдэгч нар гаргаж өгсөн. Тус гэрээний 2, 2.1, 2.2-т эрх үүргийг зааж өгсөн. Гэрээнд заасан зүйл заалт нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлд хамаарна. Барьцааны зүйл нь тухайн барьцаалуулагчийн өөрийнх нь эзэмшилд байх ёстой. Гэтэл тухайн объект нь зээлдүүлэгч талын өмчлөлд шилжсэн. Анхан шатны шүүх үндэслэлтэй шийдсэн гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 9,241,733 төгрөг, хүү 11,124,751 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,224,950 төгрөг, нотариат, тээврийн хэрэгсэл хураан авсантай холбоотой зардал, зогсоолын төлбөр, үнэлгээний ажлын хөлс 777,608 төгрөг нийт 23,369,042 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч ******* эс зөвшөөрч, *******-аас зээл аваагүй, зээлийн мөнгийг хэрэглээгүй, зээлийн гэрээнд хууран мэхэлж гарын үсэг зуруулсан, тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч шилжүүлж авсан гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлан, маргажээ.

 

3. Хариуцагч ******* 2023 оны 02 сарын 02-ны өдөр нас барсны улмаас нэхэмжлэгч нь түүнд холбогдох шаардлагаасаа татгалзсан байна.

 

4. Нэхэмжлэгч ******* болон хариуцагч *******, ******* нарын хооронд 2019 оны 06 сарын 21-ний өдөр 109060431079 дугаартай Бизнес-автомашин худалдан авах зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ******* нь 10,450,000 төгрөгийг сарын 2,8 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатай зээлдүүлэх, *******, ******* нар нь зээл, зээлийн хүүг тохирсон хугацаанд төлөх, ийнхүү төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон байна. /хх-6-7/

 

5. Шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаар зөв дүгнэжээ.

 

Хавтаст хэргийн 11 дүгээр талд авагдсан 2019 оны 06 сарын 21-ний өдрийн №687 дугаар итгэмжлэлээр олгосон бүрэн эрхийн хүрээнд хариуцагч ******* нь зээлийн гэрээнд *******ийг төлөөлж гарын үсэг зурсан байх ба зээлийн гэрээ байгуулагдаагүй, өөрийгөө төлөөлж гарын үсэг зурах эрхийг *******т олгоогүй гэх хариуцагчийн татгалзал хэргийн баримтаар нотлогдоогүй, энэ талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 

6. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн тооцооллоос үзвэл, хариуцагч 2019 оны 08 сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд үндсэн зээлд 1,208,267 төгрөг, зээлийн хүүнд 2,532,134 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,099 төгрөг нийт 3,741,500 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдсон, уг тооцоололд хариуцагч маргаагүй.

 

7. Харин нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэг шаардсан нь үндэслэлтэй эсэх, талуудын хооронд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ болон барьцааны гэрээний алийг байгуулсан эсэх нь маргааны зүйл болсон байна.

 

8. 2019 оны 06 сарын 21-ний өдөр 109060431079 дугаартай Бизнес-автомашин худалдан авах зээлийн болон барьцааны гэрээ нэртэй гэрээний 3.2-т Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд энэ гэрээний 3.1-д заасан барьцааны зүйлийг ББСБ үл маргах журмаар шилжүүлэн авч, захиран зарцуулах эрхтэй бөгөөд хуульд зааснаар худалдан борлуулна, гэрээний 3.7-д Тээврийн хэрэгслийн өмчлөлийн эзэмшигчийн гэрчилгээг ******* өөрийн нэр дээр бүртгүүлэн авах ба зээлдэгч зээлээ бүрэн төлж дуусгавар болсон цагт тээврийн хэрэгсэл эзэмшигчийн гэрчилгээг зээлдэгчийн нэр дээр шилжүүлнэ гэжээ.

Ийнхүү үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хөдлөх эд хөрөнгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцож, нэхэмжлэгч автомашины эзэмшигчээр улсын бүртгэлд бүртгэгдсэн байдлаас дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

9. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-ний онцлог нь гэрээ байгуулагдмагц үүргийн гүйцэтгэл хангагддаг тул зээлдүүлэгч нь зээлийн гэрээний үүргийг шаардах, эсхүл фидуцийн зүйлийг бодитоор гаргуулан авах сонголтын аль нэгийг хэрэгжүүлэх боломжтой байдаг.

 

10. Тиймээс анхан шатны шүүхийн нэхэмжлэгч ******* фидуцийн зүйл болох ******* улсын дугаартай ******* маркийн ачааны автомашиныг 2023 оны 06 сарын 10-ны өдөр хураан авч, өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болсон гэж үзэж, зээлийн үүрэг, хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шийдэл зөв боловч Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасныг баримталсныг залруулна.

 

11. Иймд барьцааны гэрээ байгуулсан байтал фидуцийн гэрээ гэж шүүх буруу дүгнэсэн, энэ гэрээнээс татгалзсан тухай нэхэмжлэгч талын гомдол үндэслэлгүй. Нэгэнт хэрэгжээд дуусгавар болсон фидуцийн гэрээнээс фидуцийн зүйлийн үнэ зээлийн дүнд хүрэлцэхгүй үндэслэлээр хожим татгалзах, улмаар зээлийг гаргуулахаар шаардах үндэслэлгүй.

 

12. Хариуцагч ******* 2023 оны 02 сарын 02-ны өдөр нас барсан тул анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд оновчгүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасантай нийцнэ гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

13. Мөн анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт улсын тэмдэгтийн хураамжийг буруу хуваарилж шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангана.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээж, хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 02-ны өдрийн 191/ШШ2025/02766 дугаар шийдвэрийн

Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй хариуцагч *******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 23,369,042 төгрөг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

 

2 дахь заалтын 235 дүгээр зүйлийн 235.1 гэснийг 235 дугаар зүйлийн 235.4 гэж,

 

3 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 274,800 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 274,800 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ

 

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

 

Ж.ЛХАГВАСҮРЭН