| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/05148/И |
| Дугаар | 00580 |
| Огноо | 2016-01-14 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 00580
| 2016 оны 1 сарын 14 өдөр | Дугаар 102/ШШ2016/00580 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Налайх дүүргийн 2-р хороо, 57 байр 03 тоотод оршин суудаг, регистр УЕ83123116, Ю Ди Эс ХХК-д гүйцэтгэх захирал ажилтай, Яруу овогт Энх-Амгалангийн Энх-Амарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 3-р хороо, 32 байр 174 тоотод оршин суух, регистр ЧЗ63021861, Хан-Уул дүүргийн 144-р цэцэрлэгийн эрхлэгч ажилтай, Боржигон овогт Лувсангийн Оюунцэцэгт холбогдох орон сууц хөлслөх гэрээ цуцалснаас учирсан хохирол 1 500 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э.Энх-Амар, хариуцагч Л.Оюунцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Лхагвасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Энх-Амар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Л.Оюунцэцэгтэй 2014 оны 6-р сарын 20-ны өдөр “Орон сууц хөлслөх гэрээ” байгуулж Хан-Уул дүүргийн 3-р хороо, 32-р байрны 206 тоот 1 өрөө сууцыг 1 жилийн хугацаатай, зуны 3 сар 400 000 төгрөг, үлдсэн 9 сарыг 450 000 төгрөгөөр хөлслөхөөр нийт 5 250 000 төгрөгийг төлөхөөр тохирсон. Урьдчилгаа 2 500 000 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл 2 750 000 төгрөгийг 2014 оны 07-р сарын 15-ны өдөр өгөхөөр тохиролцсон. Би ус, цахилгааны заалтыг тэмдэглэн авч, эд хогшлийг хүлээлцсэн акт үйлдсэн. Би үлдэх мөнгийг хугацаандаа өгч чадаагүй тул надаас 2 750 000 төгрөгийг өгөхгүй бол сарын 450 000 төгрөгөөр тооцно гэж шаардсан. Түрээсэлсэн байранд 2 сар 14 хоногийн хугацаанд амьдарсан боловч Оюунцэцэг намайг байраа чөлөөлж өгөхийг шаардсан. Ингээд би байрыг 2014 оны 9-р сарын 1-нд чөлөөлж өгсөн. Иймд Оюунцэцэгээс 1 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Л.Оюунцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би байраа сарын 500 000 төгрөгөөр түрээсэлдэг. Энх-Амартай 2014 оны 06-р сарын 14-ний өдөр нотариатаар орж гэрээ байгуулсан. Энх-Амар нь надтай уулзаж бүтэн жилээр тооцож мөнгийг бэлнээр өгнө гэсэн учраас би хүлээн зөвшөөрч, Энх-Амарыг гэрээ байгуулахаас 7 хоногийн өмнө байрандаа оруулсан. Төлбөрийг зуны 3 сар 400 000 төгрөг, дараагийн 9 сард нь 450 000 төгрөг төлөхөөр тохирсон. Тэгээд мөнгө өгч авах болоход надад 2 500 000 төгрөг өгсөн. Үлдэгдэл төлбөрөө 2014 оны 07-р сарын 15-ны дотор өгнө гэж хэлсэн. Би 2014 оны 07-р сарын 10-ны өдөр уулзаж үлдэгдэл төлбөрөө шаардахад удахгүй өгнө, 7-р сарын 15-ны өдөр асуухад “найзаасаа мөнгө аваад өгнө” гэж хэлсэн. Тэгээд мөнгөө өгөхгүй байсан учраас алданги тооцно гэдгээ хэлсэн. Нэхэмжлэгч нь 2 сар 20 хоногийн хугацаанд байранд амьдарсан. 2014 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 0.5 хувийн алданги тооцож 486 750 төгрөг, Налайх дүүрэгт байдаг гэрт нь 2 удаа таксидаж очсон зардал 30 000 төгрөг, анх гэрээгээр тохиролцохдоо ямар нэгэн байдлаар байранд доголдол гаргахгүй гэсэн ч нэхэмжлэгч нь хананд хадаас хадаж, үүдний паркетийг цоолсон байсан тул засварын 100 000 төгрөг, 6, 7, 8-р сарын байр, СӨХ-ний мөнгө 145 919 төгрөг, 00 цэвэрлэгч 5000 төгрөг зэргийг төлбөрөөс хасуулж тооцох хүсэлтэй байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Энх-Амар нь Л.Оюунцэцэгт холбогдох орон сууц хөлслөх гэрээ цуцалснаас учирсан хохирол 1 500 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 1 322 111 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, бусад хэсэг болох 177 889 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж дүгнэлээ.
Л.Оюунцэцэг нь Э.Энх-Амартай 2014 оны 06-р сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 3-р хороо, 32-р байрны 206 тоот сууцны нэг өрөө сууцыг 1 жилийн хугацаатай, эхний 3 сард сарын 400 000 төгрөгөөр, дараагийн 9 сард сарын 450 000 төгрөгөөр хөлслөхөөр тохирчээ. Талуудын хооронд Иргэний хуулийн 302-р зүйлд заасан “Орон сууц хөлслөх гэрээ” байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байна.
Гэрээгээр хөлслүүлэгч нь орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэгтэй байна.
Хөлслүүлэгч Л.Оюунцэцэг нь Э.Энх-Амарт 2014 оны 6-р сарын 14-нд сууцыг шилжүүлэн өгсөн, хөлслөгч байрны хөлсөнд урьдчилан 2 500 000 төгрөгийг төлсөн байх ба энэ талаар талууд маргаагүй байна.
Харин талуудын хооронд хөлслөгч нь 2014 оны 7-р сарын 15-ны өдөр үлдэх 2 750 000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүйгээс маргаан гарч, улмаар 2014 оны 9-р сарын 1-ний өдөр сууцнаас гарсан, өөрөөр хэлбэл, хөлслөгч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэж хөлслүүлэгч гэрээгээ цуцалжээ.
Харин хөлслөгч Э.Энх-Амар нь сууцанд амьдрах хугацаандаа хэрэглэсэн цахилгааны төлбөр 3900 төгрөг, байрны хөлс 87 349 төгрөг, сууц өмчлөгчдийн холбооны зардал 23 790 төгрөг, интернетийн төлбөр 8850 төгрөг, ус, бусад зардалд 54 000 төгрөг зэргийг төлөөгүй байх тул 1 500 000 төгрөгөөс хасч тооцож 1 322 111 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.
Харин алданги төлүүлэхээр талууд тохироогүй, хөлслүүлэгч Налайх дүүрэг рүү таксигаар очиход 30 000 төгрөгийн зардал гаргасан, 00 угаагчийн 5000 төгрөг, хананд хадаас хадсан, паркетан шал халцарсан, цэвэрлэгээ хийлгэсний зардалд 100 000 төгрөг гаргасан, ванны хөшиг 45 000 төгрөгөөр хохирсон нь нотлох баримтаар, хөлслөгчийн буруугаас хохирол учирсан нь тус тус тогтоогдоогүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 177 889 төгрөгийн нэхэмжлэлийг хангах үндэсгүй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 227-р зүйлийн 227.1, 302-р зүйлийн 302.1 дэх хэсэгт заасныг баримтлан Лувсангийн Оюунцэцэгээс 1 322 111 /нэг сая гурван зуун хорин хоёр мянга нэг зуун арван нэг/ төгрөг гаргуулж Энх-Амгалангийн Энх-Амарт олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 177 889 /нэг зуун далан долоон мянга найман зуун наян ес/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38 950 төгрөгийг улсын төсвийн орлогот хэвээр үлдээж, хариуцагч Л.Оюунцэцэгээс 36 103 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Энх-Амарт олгосугай.
Шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА