Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2025/01484

 

 

     

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Ж.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 сарын 04-ний өдрийн 191/ШШ2025/05910 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 15,632,280 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Гэрээнээс учирсан хохирол 11,401,900 төгрөг гаргуулах тухай хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ж.Лхагвасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

 

1.1. ******* нь 2024 оны 07 сарын 31-ний өдөр ******* дугаарын утаснаас өөрийн Хандгайтад байрлалтай 2 давхар амины орон сууцандаа гадна хөөс шүрших захиалга өгсөн. *******гийн утсаар өгсөн захиалга нь нийт 384.8 м.кв талбайд хөөс шүршихээр, нэг м.кв талбайг 30,000 төгрөгийн хөлстэйгөөр ажлын хоног 3 өдөр байхаар ярилцсан. Ингээд бид хөөс шүрших ажлын хөлс нь 11,544,000 төгрөг байхаар, ажил гүйцэтгэх үед шаардагдах тоног, төхөөрөмжийн зардал болон ажилчдын хөлс зэргийг захиалагч талаас хариуцахаар тохирч, бидний зүгээс ажлаа хурдан дуусгахаар тохиролцсон. Компанийн ажилчид 2024 оны 07 сарын 31-ний өдөртөө *******гийн амины сууц руу явж байхад автомашинаа шаварт суулгаж, тоормосны дээд аппаратаа эвдлээд буцаад явсан. Тохиролцсон хугацаандаа ажлаа гүйцэтгэхийн тулд нэмэлтээр тоног төхөөрөмж болон бригад хөлслөөд 2 хоногийн хугацаандаа *******гийн амины сууцыг шүршиж дуусгасан.

 

Ажлаа эхлэхэд ажлын хөлсний урьдчилгаа 60 хувийг авах ёстой байсан боловч ******* нь санаа зоволтгүй шилжүүлчихнэ гэхэд нь итгэж ажлаа үргэлжлүүлсэн. Ажлаа хурдан шуурхай чанартай хийж дуусгасан. Тухайн үед бидний ажиллах явцыг хариуцагч талын инженер байнга шалгаж, захиалагчтайгаа холбоотой ажлын явцыг мэдээлж байсан. Ажил дуусаад инженерээр нь гарын үсэг зуруулж ажлын гүйцэтгэлийг хүлээлгэж өгөхөд сэтгэл ханамжтай сайхан боллоо хэмээн хэлж байсан.

*******д төлбөрөө төлөөрэй гэхэд орой болсон байна маргааш мөнгөө шилжүүлчихнэ гэж хэлсэн. Харин маргааш нь төлбөрөө хийх тухай сануулахад ажлын хөлсөө 10 хувь хямдруулчих гэх зүйл ярихад нь боломжгүй гэж хэлсэн.

Иймд *******гаас хөөс шүршсэн ажлын хөлс 11,544,000 төгрөг, туслан гүйцэтгэгч ажилчдын хөлс 1,924,000 төгрөг, портерын түрээс 450,000 төгрөг, портерын засварт 470,000 төгрөг, генераторын түрээс 600,000 төгрөг, ажилчдын хоолны мөнгө ба түлшинд 644,280 төгрөг нийт 15,632,280 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. 2024 оны 08 сарын 01-ний өдөр ******* дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт шинээр баригдаж буй 70 м.кв /сууриараа/ 2 давхар амины орон сууцны 4 талын босоо хана, дээврийн хөндий хэсэгт нягтаршил сайтай, -50 С /градус/ хэмийн хүйтэнд дулаан алдагдалгүй, галд тэсвэртэй хөөсийг 3 цагийн дотор хийж гүйцэтгүүлэхээр аман тохиролцоо хийсэн. Харин ******* нь амласан ажил, сурталчилгаа, хөөсний чанар нь бүгд худал байсан.

Онон селл нэртэй манайд хэрэглэсэн хөөс нь нягтаршил сийрэг, гараар түлхэхэд цөмөрчихдөг, -25 С хэмд шүршдэг хөөс болох нь бодит байдал дээр бүрэн тогтоогдсон. Уг хөөсний нэлээн хэсгийг хуулж аваад 200 метрийн пошконд шатааж үзэхэд шууд гал авалцаж байсан. Дээрх хөөс нь хулгана болон мэрэгч амьтад үүрлэдгээс гадна ар гүнтийн нэгэн айлын дулаалгын хөөсөнд одоо ч зөгий үүрлэсэн байдаг. Түүнчлэн дээврийн хэсэгт уг сийрэг хөөсийг хэзээ ч хэрэглэж болохгүй. Учир нь дээврийн хадаас, шруп дагасан нүхээр ус нэвтрэх нөхцөлд нягтаршил сийрэг хөөс нь өөртөө ус чийг шингээж явсаар ялзрал үүсэж, дээврийн даацын хэсэгт ачаалал өгснөөр 2-3 жилийн дараа нурж унадаг болохыг сүүлд нь мэдсэн. Мөн хананы хэсэг дэх хөөс нь сайдингийн хөхрөх байдалтай урвалд орсноор мөн л ялзарч бутрах аюултай болохыг мэдсэн.

Иймээс ******* миний бие 2024 оны 08 сарын 05-ны өдөр Нийслэлийн Захирагчийн ажлын албаны газрын Хяналт шалгалтын хэлтэст уг хөөсний зориулалт, чанарыг шалгуулахаар өргөдөл гомдол гаргасан боловч *******, ялангуяа Мастер хөөсний үйл ажиллагааг хариуцан явуулдаг *******, ******* тоот утасны эзэд Хяналт, шалгалтын газрын байцаагч нарыг дуудсаар байтал очоогүй атал шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. ******* нь хүний нөөцийн бодлого алдагдсан, туршлагатай ажилчидгүй байсан. Манай амины орон сууцанд хөөс шүршихдээ баримжаа багцаагүй бага хөөс авчирч эргэж буцаж явах, хөөсөө шүршиж чадахгүй байх зэргээс уялдан 3 цаг хийх ажлаа 3 өдөрт хийж, дээрх 3 хоногт ажилчид нь хоол хүнс, татах тамхи, уух ус ундаа, унтах газаргүйн улмаас манай барилгачдын хоолноос идэж, дутуу барьсан байшинд хоноглож байсан.

******* болон бидний хооронд албан ёсны гэрээ байхгүй ч хөөс нь чанарын шаардлага хангахгүй, зориулалтын бус байсан тул уг хөөсийг хуулж хаяхыг *******-ийн захирлаас шаардсан боловч зугтааж, алга болж бодит байдлыг газар дээр нь очиж үзэхээс айж байсан нь 3 удаагийн уулзалтын цагаа цуцалсантай холбоотой. Иймээс бид эхний шатанд Хяналт шалгалтын газрын ажилтан, томилогдсон байцаагч *******ийг амины орон сууцандаа ирсний дараа дээрх хөөсний хананы хэсгийг бүтэн 7 хоног 4,500,000 төгрөгийн хөлс өгч хуулуулаад 2024 оны 08 сарын 12-ны өдөр ******* ХХК-тай гэрээлэн, 198 м.кв хананы гадаргууг 5,940,000 төгрөг төлж хийлгэсэн. Харин дээврийн хөндийн хөөсийг хуулаагүй үлдээсэн нь маргаан болж болзошгүй гэж үзээд үлдээсэн. Сийрэг хөөс шүршсэн гэдгээ мэдсэн тэдний ажилчид шүршээд тэлж байх зориулалт бүхий хөөсийг хар паниараар нь дарж түлхэж, шахаж хатаасан нь биднийг хуурч мэхлэх санаа анхнаасаа агуулагдаж байсан гэж үзэж байна.

Иймд *******-ийн гаргасан 15,632,280 төгрөгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

3.1. Шинжээчийн дүгнэлтээр *******-ийн гүйцэтгэсэн хөөсний ажил нь чанаргүй, хөөсний дулаан дамжуулалт үйлдвэрээс тогтоосон утгаас 30 хувь их, таазны хөөс шүршилт жигд биш, том нүх, сүвтэй тэр хэсгээрээ цан цохидог, амархан бутарч үйрдэг доголдолтой болох нь тогтоогдсон. Мөн илэрсэн доголдлыг арилгах боломжтой, доголдлыг арилгах зардлыг хүснэгтээр гаргасан. Гадна хана 198 м.кв талбайтай, дээвэр 93.4 м.кв нийт 291.4 м.кв талбайд хөөс хийлгэсэн юм. Хөөсний ажлыг доголдолтой хийсэн, чанарын шаардлага хангаагүй хөөсөөр дулаалга хийснээс дараах хохирол учирсан. Үүнд, Хөөсөн дулаалга буулгах зардал 2,331,200 төгрөг, рейк мод буулгах зардал 653,800 төгрөг, тааз рейклэх 1,868,000 төгрөг, рейк мод, угсрахад дагалдах материалын үнэ 4,116,800 төгрөг, шинжээч томилуулсан зардал 2,432,100 төгрөг, нийт 11,401,900 төгрөг болж байна. Иймд *******-аас *******д учруулсан хохирол болох 11,401,900 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

4. Сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

4.1. *******тай ярьж тохирсон ёсоороо түүнд итгэн, ямар ч урьдчилгаа аваагүй хэлсэн ярьснаараа байшинг нь 2 хоногийн хугацаанд хөөс шүршиж дуусгасан.

Ингэж дуусгахад тэдний талын инженер ажлыг хүлээн авч сайхан боллоо хэмээн *******д хэлж байсан. Шүршсэн хөөсийг хадгалах явц дээр ******* нь өөрөө алдаа гаргасан байх гэж үзэж байна. Угтаа бол барилгын хөөс шахсан ажлын чанар нь хөөсийг битүү байлгах, наранд ил байлгахгүй байх, бороонд ил байлгах ёсгүй гэх мэт аргачлал байдаг. Гэтэл ******* нь байшингаа хөөс шахаад тэр чигээр нь орхисон байгаа. Энэ бол биднээс шалтгаалах асуудал биш бөгөөд өөрийн зүгээс гаргасан алдаагаа биднээс болж хохирсон мэт болгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******д холбогдох 15,632,280 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******-ийн үндсэн нэхэмжлэл, нэхэмжлэгчид холбогдох 8,969,800 төгрөг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 236,111 төгрөг, хариуцагчаас төлсөн 197,380 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******-аас шинжээчийн ажлын хөлс 2,432,100 төгрөг гаргуулж хариуцагч *******д олгож шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй хэмээн үзэж байна.

******* нь *******гийн хэлсэн ёсоор түүний 384.8 м.кв талбай бүхий хувийн сууцанд өөрийн материалаар хөөс шүрших ажлыг бүрэн гүйцэд хийж хүлээлгэн өгсөн байдаг.

******* ХХК-ийн гаргасан дүгнэлтээр ... *******-ийн хийсэн гэх дулаалгын хөөс нь Монгол Улсын хил гаалиар орж ирэх үед хянан баталгаажуулж хэрэглэх зөвшөөрөл авсан, чанар стандартад нийцсэн материал байна. Уг хөөсийг амины орон сууцны дулаалгад ашиглах зориулалтай тул сууцны дулаалгад ашиглаж болно ... хэмээн дүгнэсэн нь чанарын шаардлага хангасан материалаар хөөс шүршсэн гэдэг нь нотлогдсон гэж үзэж байна.

******* нь *******г хэлэлцэж тохирсон ажлын хөлсөө өгөхгүй байхаар нь хариуцагчийг шүүхэд өгч, ажлын хөлсөө нэхэмжлэхээр ******* нь урьд өмнө ярьж байгаагүй ажлын чанарын шаардлагын тухай ярьж эхэлсэн байдаг. Ажил хүлээж авсан *******гийн барилгын инженер нь энэ тухай ямар ч тэмдэглэгээ хийгээгүй байдаг.

 

Хариуцагч ******* нь тухайн үедээ буюу гүйцэтгэсэн ажлыг хүлээж авсан. Энэ нь түүний барилгын ажлыг хариуцаж байсан инженер нь ажлыг хүлээн авсан хэмээн гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг. Үнэхээр хөөс шүршсэн ажил нь чанарын шаардлага хангаагүй ажил болсон бол ******* нь *******-д мэдэгдэж чанарын шаардлага хангуулах талаар мэдэгдэх боломжтой байсан. Гэтэл хөөс шүршсэн ажлаас хойш ******* нь ажлын хөлсөө нэхэмжилж утсаар ярьдаг байсан болохоос биш ******* нь ажлын чанарын талаар нэг ч удаа хэлж ярьж байгаагүй байдаг. Гэтэл энэ олон сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа чанарын шаардлага хангаагүй хэмээн маргаж байгаа нь шударга бус юм.

******* нь өөрийн унаагаар Хандгайтад очиж өөрийн материалаар *******гийн 384.8 м.кв талбай бүхий 2 давхар хувийн сууцыг хөөс шүршиж хүлээлгэж өгсөн нь үнэн. Энэ ажлыг хүлээн авсан гэдэг нь нотлогдож байгаа. Ажлын хөлсөө өгөөгүй гэдэг нь үнэн. Ажлын хөлсөө төлөх нь зүй ёсны шаардлага гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

7. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

7.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлээ 2024 оны 08 сарын 16-ны өдөр гаргасан, хариуцагч талаас шинжээч томилуулах хүсэлт гаргаж шүүхээс хангаж 2024 оны 11 сарын 06-ны өдрийн Шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамж гарч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа түдгэлзсэн. Шинжээчийн дүгнэлт ирж 2025 оны 04 сарын 09-ний өдөр Сэргээн явуулах тухай захирамж гарч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжлэн явагддаг. Шинжээчийн дүгнэлттэй танилцаад сөрөг нэхэмжлэлээ 2025 оны 06 сарын 05-ны өдөр гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн байхад сөрөг нэхэмжлэл гаргах боломжгүй, шүүхийн ажиллагаанаас болж 6 сарын хугацаа өнгөрөөд байхад бид хугацааг хэтрүүлсэн мэтээр шийдвэр гаргаж байгаа нь үндэслэлгүй. Мөн шинжээчийн дүгнэлтээр гарах зардлын талаар тодорхой зааж өгсөн байхад гарсан зардлаа баримтаар нотлоогүй гэж үндэслэлгүй дүгнэсэн.

 

Шинжээчийн дүгнэлтийн 20-р хуудас хүснэгт 5-д заасан Хөөсөн дулаалга буулгах зардал 2,331,200 төгрөг, рейк мод буулгах зардал 653,800 төгрөг, тааз рейклэх 1,868,000 төгрөг, рейк мод угсрахад дагалдах материалын үнэ болох 4,116,800 төгрөг буюу нийт хохиролд 8,969,800 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна.

Анхан шатны шүүхээс дээрх байдлаар хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нотлох баримтыг бүрэн дүүрэн үнэлээгүй шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох хохирол 8,969,800 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

8. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд нэхэмжлэгч талаас тайлбар гаргаагүй болно.

 

9. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

9.1. Нэгэнт шинжээч нэхэмжлэгч талын дулаалгын хөөс шүршсэн ажлыг доголдолтой гэж дүгнэсэн учир хариуцагч талаас ямар нэгэн байдлаар төлбөр төлөх үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянаад хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт нийт 15,632,280 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээнээс учирсан хохиролд 11,401,900 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчийн хооронд үүссэн гэрээний харилцааг зөв тодорхойлсон боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй байна.

4. Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын хооронд 2024 оны 07 сард ажил гүйцэтгэх гэрээ амаар байгуулагдаж, уг гэрээгээр ******* нь ******* дүүргийн ******* байрлах 384.8 м.кв талбай бүхий хувийн сууцанд өөрийн материалаар, хөөс шүрших ажлыг 1 м.кв талбайг 30,000 төгрөгөөр гүйцэтгэх, ******* нь ажлын хөлс 11,544,000 төгрөг төлөхөөр тохиролцсон болох нь тогтоогдож байна.

Анхан шатны шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэнийг зөв дүгнэжээ.

 

5. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...*******гийн захиалгын дагуу түүний өмчлөлийн 384.8 м.кв талбай бүхий хувийн сууцанд хөөс шүрших ажлыг бүрэн, чанартай гүйцэтгэж хүлээлгэж өгсөн боловч ******* ажлын хөлсийг төлөөгүй. Ажил гүйцэтгэхэд нэмэлтээр ажилчдын хөлс 1,924,000 төгрөг, портерын түрээс 450,000 төгрөг, портерын засвар 470,000 төгрөг, генераторын түрээс 600,000 төгрөг, ажилчдын хоол унаа, түлш 644,280 төгрөг зарцуулагдсан. Иймд нийт 15,632,280 төгрөгийг гаргуулна гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ ... гүйцэтгэсэн хөөсний ажил нь чанарын шаардлага хангахгүй, нягтрал муутай, сийрэг. Гараар түлхэхэд цөмөрдөг, галд тэсвэргүй, ус нэвтэрдэг хөөсөөр хийсэн байсан. Уг чанаргүй хийсэн хөөсийг би өөрийн зардлаар хуулж авсан. Чанаргүй ажил гүйцэтгэсэн тул ажлын хөлс төлөхгүй гэж тус тус тайлбарлажээ.

 

6. Талууд ажил гүйцэтгэх гэрээгээр нэмэлт зардлыг төлөх талаар тохиролцсон болох нь хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбараар тогтоогдоогүй тул захиалагч нэмэлт зардлыг төлөхөөс татгалзах эрхтэй. Иймд нэхэмжлэгч ******* нь нэмэлт зардал болох ажилчдын хөлс 1,924,000 төгрөг, портерын түрээс 450,000 төгрөг, портерын засварт 470,000 төгрөг, генераторын түрээс 600,000 төгрөг, ажилчдын хоолны мөнгө ба түлшинд 644,280 төгрөг нийт 4,088,280 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхгүй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

7. Харин нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******гаас 198 м.кв хананы гадаргуунд хийсэн ажлын хөлсийг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

Тодруулбал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу хариуцагчаас ...амины орон сууцны барилгад *******-ийн хийсэн гэх дулаалгын хөөс нь Монгол Улсад мөрдөгдөж байгаа чанар, стандартад нийцэж байгаа эсэх талаар шинжээч томилуулж, дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 сарын 06-ны өдрийн 101/ШЗ2024/27796 дугаартай захирамжаар хангаж, шинжээчээр ******* ХХК-ийг томилсон байна.

Шинжээч ...дулаалгын хөөс нь ... чанар стандартад нийцсэн материал байна. Уг хөөсийг амины орон сууцны дулаалгад ашиглах зориулалттай...хөөсний дулаан дамжуулалт үйлдвэрээс тогтоосон утгаас 30 хувь их, таазны хөөс шүршилт жигд биш том нүх, сүвтэй тэр хэсгээрээ цан цохидог, амархан бутарч үйрдэг доголдолтой байна ... Доголдол нь хөөс хийсэн нийт талбайг хамаарч байна... гэсэн дүгнэлт гаргажээ.

 

8. Дээрх шинжээчийн дүгнэлтийг үндэслэж анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хийсэн ажлыг доголдолтой гэж үзсэнийг буруутгах боломжгүй ч тухайн шинжээчийн дүгнэлт гарахаас өмнө буюу 2024 оны 08 сарын 12-ны өдөр хариуцагч нь 198 м.кв хананы гадаргууг хуулж, өөр этгээд болох ******* ХХК-аар шинээр гүйцэтгүүлсэн байхад шинжээч ... доголдол нийт талбайг хамаарч байна ... гэх дүгнэлт гаргахдаа ******* ХХК-аар хийж гүйцэтгүүлсэн 198 м.кв ажлыг хамруулан нийтэд нь доголдолтой гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, Шүүх шинжилгээний тухай хуулийн 14, 15 дугаар зүйлд тус тус заасанд нийцээгүй байна.

Өөрөөр хэлбэл, шинжээч бусдаар гүйцэтгүүлэн байхгүй болсон ажлыг доголдолтой байсан гэж ямар баримтад тулгуурлаж дүгнэлт гаргасан нь ойлгомжгүй, энэ талаараа тодорхой тусгаагүй байна.

 

9. Иймд хариуцагч нь өөр этгээдээр гүйцэтгүүлсэн 198 м.кв хананы гадаргууны ажлын хөлсийг талуудын тохиролцсон ажлын хөлс болох 30,000 төгрөгөөр тооцож нийт 5,940,000 төгрөгийг төлөх нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасанд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

10. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ ...гүйцэтгэсэн хөөсний ажил нь чанарын шаардлага хангахгүй, нягтрал муутай, сийрэг. Гараар түлхэхэд цөмөрдөг, галд тэсвэргүй, ус нэвтэрдэг хөөсөөр хийсэн байсан. Уг чанаргүй хийсэн хөөсийг би өөрийн зардлаар хуулж авсан. Чанаргүй ажил гүйцэтгэсэн тул ажлын хөлс төлөхгүй. Доголдолтой хийсэн хөөсний ажлаас үүдэн надад хөөсөн дулаалга буулгах зардал 2,331,200 төгрөг, рейк мод буулгах зардал 653,800 төгрөг, тааз рейклэх 1,868,000 төгрөг, рейк мод, угсрахад дагалдах материалын үнэ 4,116,800 төгрөг, шинжээч томилуулсан зардал 2,432,100 төгрөг, нийт 11,401,900 төгрөгийн хохирол учирсныг гаргуулна гэж тайлбарлажээ.

 

11. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр томилогдсон шинжээчийн ажлын хөлс нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлд заасан шүүхийн нөхөн төлүүлэх зардалд хамаарах тул уг зардлыг хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасаж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

 

12. Түүнчлэн, хариуцагчийн шүүхэд гаргасан ...08 сарын 01-ний өдөр ажил хүлээж аваад, 08 сарын 12-ны өдөр ******* ХХК-тай гэрээлэн 198 м.кв хананы гадаргууг 5,940,000 төгрөгөөр хийлгүүлсэн... гэх хариу тайлбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасан бодит үнэнд нийцсэн, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн тайлбар нотлох баримт болно. Иймд хариуцагч нь нэхэмжлэгчээс ажлыг 2024 оны 07 сарын 31-ний өдөр хүлээн авч, доголдлыг 2024 оны 08 сарын 12-ны өдөр мэдсэн гэж үзнэ.

 

13. Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт Ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана. Барилга, байшингийн ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно. гэж зааснаар шүүх хариуцагчийн ажлын доголдлын талаар гаргасан гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж дүгнэн, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

14. Мөн хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байх тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв.

 

15. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг хангагдсан тул шинжээчийн зардал болох 2,432,100 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагчид хуваарилан хариуцуулж, нэхэмжлэгчээс 1,216,050 төгрөг гаргуулж хариуцагч *******д олгоно.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасан өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 сарын 04-ний өдрийн 191/ШШ2025/05910 дугаар шийдвэрийн

Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******гаас 5,940,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9,692,280 төгрөг болон нэхэмжлэгч *******-д холбогдох гэрээнээс учирсан хохиролд 11,401,900 төгрөг гаргуулах тухай хариуцагч *******гийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай. гэж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтын ... 56.1 ... гэснийг 56.2 гэж, ... үлдээсүгэй. гэснийг үлдээж, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид 109,990 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгосугай. гэж,

Тогтоох хэсгийн 3 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******-аас шинжээчийн ажлын хөлс 1,216,050 төгрөг гаргуулж хариуцагч *******д олгосугай. гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158,466 төгрөгийг улсын орлогод үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 236,111 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ

 

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

 

Ж.ЛХАГВАСҮРЭН