Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 625

 

 

 

 

 

 

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэжаргал,  

Улсын яллагч: Г.Билгүүжин,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Ч.Г ,

Шүүгдэгч: Б.Т  өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Т-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905004480478 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Т-, урьд ял шийтгэлгүй,

Шүүгдэгч Б.Т  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .....тоотод хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж 12 настай төрсөн охин Т.М-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Т-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би охиныхоо утсыг өмнө нь үзэж байхад манай охины чат руу нэг эрэгтэй хүн бэлэг эрхтэний зургаа явуулсан байсан. Тэр асуудлаас болж би ууралсан. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Г ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би тухайн өдөр ажилтай байсан. 16 цагийн үед манай охин над руу залгаад аав зодоод байна гээд уйлаад ярьсан. Би тэгээд 17 цаг өнгөрөөгөөд ажлаасаа буугаад очиход манай 3 хүүхэд гэртээ байхгүй, хажуу талын байранд байдаг дүүгийнд байсан. Би юу болсон талаар асуухад манай охин намайг банины өрөө рүү дагуулж ороод хөлөө үзүүлсэн. Тэгээд би тэр өдрөө 3 хүүхдээ аваад аавынх руугаа явсан. Маргааш нь очиход уучлалт гуйсан. Манай гэр бүлийнхэн хамт амьдарч байгаа. Гэр бүлийн харилцаа хэвийн байгаа. Гомдол, санал байхгүй” гэв.

Насанд хүрээгүй хохирогч Т.М-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...би гэртээ байж байсан чинь аав 15 цагийн үед ажлаасаа орж ирэхдээ согтуу байсан. Орж ирээд гутлаа тайлах гэж шидээд байсан. Тэгээд буйдан дээр суугаад намайг “хүрээд ир” гэсэн. Тэгэхээр нь би явж очоод хажууд нь суутал миний толгой хэсэг рүү олон удаа алгаараа цохиод “чи надад пиво аваад ир” гээд байсан бас асаагуур олоод ир гээд байсан. Тэгээд асаагуур олох гээд хайсан. Хайж байсан чинь намайг дуудаад урдаа номхон зогсоож байгаад миний 2 гуя руу алгаараа цохиод байсан. Нилээд олон удаа цохьсон. Тэгээд бие өвдөөд байхаар нь гараараа хаасан чинь “наад гараа ав, битгий хаагаад бай” гэсэн. Тэгээд хөргөгчний хажууд зогсож байхад миний толгой руу гараараа цохьсон. Тэр үед би цонхны тавцан мөргөсөн. Тэгээд буйдан дээр сууж байгаад унтаад өгөхөөр нь би сэрчих байх гэж айгаад гэрээсээ гараад хэсэг гадуур явж байгаад буцаад байрны үүдэнд ирсэн чинь манай дүү Б  /6настай/ орцны гадаа зогсож байсан. Тэгэхээр нь би яагаад энд байгаа юм гэж асуухад аав намайг айлгаад намайг гэрээс гаргасан гэж байсан. Тэгээд бид хоёр гэртээ орохоос айгаад Г ахын гэр рүү явсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 10-12/,

Гэрчээр Ч.Г ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...тэгээд юу болсон талаар асуухад манай охин аав гаднаас согтуу орж ирээд миний өөдөөс орилж загнаж байгаад 2 гараараа гуя руу алгадаад бас хөргөгч мөргүүлж бас бөөрөн хэсэг рүү өшиглөхөд нь манай охин цонхны тавцан мөргөсөн гэж байсан. Тэгэхээр нь би шууд цагдаад өргөдөл өгье гэж бодоод маргааш нь хороо хариуцсан цагдаад хандаж өрхийн эмчид үзлэг хийлгэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 6-9/,

Гэрч Ч.Г-ний мөрдөн байцаалтад өгсөн: “...охин болон манай дүү М-гийн яриагаар нилээн авир гаргадаг гэж дуулддаг байсан. Архи уухаараа агсам тавьсан гэж асуудал гаргаж байсан гэсэн. Тэр болгонд нь тэсдэг байсан гэсэн, харин би нүдээр харсан зүйл байхгүй, харин сүүлд охин буруу хүнтэй харьцаж байхаар нь охиноо алгадсан гэж байсан. Тэгээд эгч охиноо өмөөрөөд байхаар нь би айлгах гэж хутга барьж айлгасан чинь эгч чинь гараад зугтчихсан гэж байсан. ...Харин түрүү жил манай эгчид агсам тавьж орилж чарлаад манай эгчийг гадаа хонуулсан сураг байсан би нүдээр хараагүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 40-41/,

Гэрч П.О-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...хааяа агсам тавьсан гэж хүнээс сонсож байсан болохоос биш өөрийн нүдээр харж байгаагүй. Харин сүүлд болсон асуудлын талаар би мэдээд маргааш нь Т-ынд очиж уулзахад миний буруу гээд уучлал гуйгаад эхнэр, охиноосоо ч уучлалт гуйгаад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 42-43/,

Шинжээчийн 1470 тоот дүгнэлтэд: “...Т.М-гийн биед баруун, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой...” гэсэн дүгнэлт /хх-н 17/,

Сэжигтэн, яллагдагчаар Б.Т-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би ажлаасаа буугаад харьж байгаад замдаа 2 лааз пиво уусан. Тэгээд гэртээ 14 цагийн үед орсон. Гэрт ороход манай 2 хүүхэд байсан. Гэртээ ороод манай охины фэйсбүүк хаягаар үл таних залуутай харьцаад бэлэг эрхтэнийхээ зургийг явуулсан байсан. Тэгэхээр нь би охиноо хашраах гэж хөл рүү нь 5-6 удаа гараараа цохьсон. ...урьд нь үгэнд орохгүй болохоор гар хүрч байсан. ...Би надад сонсгож байгаа ...хуулийн заалтыг хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, миний буруу...” гэсэн мэдүүлэг /хх-н 20, 61-64/,

Хохирогчийн өргөдөл /хх-н 3/, Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-н 4-5/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 21-36, 48, 87-90/, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хүсэлт /хх-н 92, 94/ зэрэг болно.

 Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Б.Т  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .....тоотод хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж 12 настай төрсөн охин Т.М-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, насанд хүрээгүй хохирогч Т.М-гийн: “...би гэртээ байж байсан чинь аав 15 цагийн үед ажлаасаа орж ирэхдээ согтуу байсан. Орж ирээд гутлаа тайлах гэж шидээд байсан. Тэгээд буйдан дээр суугаад намайг хүрээд ир гэсэн. Тэгэхээр нь би явж очоод хажууд нь суутал миний толгой хэсэг рүү олон удаа алгаараа цохиод “чи надад пиво аваад ир” гээд байсан бас асаагуур олоод ир гээд байсан. Тэгээд асаагуур олох гээд хайсан. Хайж байсан чинь намайг дуудаад урдаа номхон зогсоож байгаад миний 2 гуя руу алгаар цохиод байсан. Нилээд олон удаа цохьсон. Тэгээд бие өвдөөд байхаар нь гараараа хаасан чинь “наад гараа ав, битгий хаагаад бай” гэсэн. Тэгээд хөргөгчний хажууд зогсож байхад миний толгой руу гараараа цохьсон. Тэр үед би цонхны тавцан мөргөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 10-12/, гэрчээр Ч.Г ийн: “...тэгээд юу болсон талаар асуухад манай охин аав гаднаас согтуу орж ирээд миний өөдөөс орилж загнаж байгаад 2 гараараа гуя руу алгадаад бас хөргөгч мөргүүлж бас бөөрөн хэсэг рүү өшиглөхөд нь манай охин цонхны тавцан мөргөсөн гэж байсан. Тэгэхээр нь би шууд цагдаад өргөдөл өгье гэж бодоод маргааш нь хороо хариуцсан цагдаад хандаж өрхийн эмчид үзлэг хийлгэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 6-9/, гэрч П.О-ийн: “...Харин сүүлд болсон асуудлын талаар би мэдээд маргааш нь Т-ынд очиж уулзахад миний буруу гээд уучлал гуйгаад эхнэр, охиноосоо ч уучлалт гуйгаад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 42-43/, шинжээчийн 1470 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч нь насанд хүрээгүй хохирогч Т.М-г бага насны буюу 12 настай, бие хамгаалах чадваргүй болохыг мэдэж байсан буюу хамт амьдарч байсан төрсөн эцэг нь тул дээрх гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Мөн өөрийн гэр бүлийн гишүүний буюу Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”-ийг хамааруулахаар заасан тул гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Т-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Т  нь өөрийн төрсөн охин насанд хүрээгүй хохирогч Т.М-г цохиж, зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч Т.М-гийн биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүхийн хэлэлцүүлэгт гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, бичгээр хүсэлт /хх-н 92, 94/ гаргасан тул шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Б.Т-ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь Б.Т  нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсоныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүх шүүгдэгч Б.Т-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн саналыг хүлээн авах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Т  нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Б.Т-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хохирогчийг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-ыг 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нь торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР