| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/05561/И |
| Дугаар | 2204 |
| Огноо | 2016-03-16 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 2204
| 2016 оны 3 сарын 16 өдөр | Дугаар 102/ШШ2016/02204 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 2-р хороо, 19-р хороололд байрлах “Эвсэг” сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 2-р хороо, 19-р хороолол, 31-р байрны 67 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр ШБ55042705, Буурал овогт Натавын Цэндээ,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 2-р хороо, 19-р хороолол, 21-р байрны 47 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр ШБ39052010, Сартуул овогт Мягмаржавын Ядам нарт холбогдох сууц өмчлөгчдийн холбоонд учруулсан хохирол 3 558 142 төгрөг гаргуулах, 27-р байрны 3-р орцны хонгилын 4 өрөөг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүссэн, хариуцагч М.Ядамын сөрөг нэхэмжлэлтэй засварын зардал 3 920 000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Болд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Золзаяа /үнэмлэх 0648/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Оюуномин, хариуцагч М.Ядам, хариуцагчийн өмгөөлөгч Н.Одонтуяа /үнэмлэх 0165/, Т.Баярцэнгэл /үнэмлэх 0295/, гэрч А.Каянулдай, У.Батжаргал, Г.Батмөнх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дарханбаатар нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Эвсэг” сууц өмчлөгчдийн холбооны захирал С.Болд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Цэндээ нь 2011 оны 5-р сарын 28-ны өдрөөс 2014 оны 04-р сарын 27-ныг хүртэл “Эвсэг” сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлаар ажиллахдаа хохирол учруулсан байдаг. Тус байрны 41 тоотын оршин суугч Лувсанцэдэн овогтой Чимэгээ 2006-2011 онд нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний төлбөрийг сар бүр төлүүлээгүй, түүнийг чөлөөлж 340 820 төгрөгөөр хохироосон. Юнивишн ХХК-ийн кабелийн телевизийн тоног төхөөрөмж, шугамыг тус холбооны байрны дээврээр татаж, салаа үзүүрүүдийг орцны 5 давхарын гэгээвчийн хүрээг цоолон хүлээн авах 6 аппаратыг орцны 4 дүгээр давхарын хананд бэхлэж, дамжуулах сүлжээг давхар хоорондыг шалыг өрөмдөн 50мм-ийн янданд сүвлэж орцны хананд тогтоон манай 100 өрхийн хаалга хүртэл суурилуулсан нь байшингийн бат бөх, өнгө үзэмж, бороо усны хамгаалалтанд зохисгүй нөлөөлсөн байхад Н.Цэндээ оршин суугчдаас санал авалгүй ганцаараа бие даан гэрээ байгуулжээ. Гэтэл зэргэлдээх СӨХ-д байрандаа кабелийн телевизийн төхөөрөмж байрлуулахдаа байшингийн тооноос хамааран дундын өмчлөлийн засвар үйлчилгээний сандаа түрээсийн төлбөрт сард 35 000-40 000 төгрөг авч байна. Харин гүйцэтгэх захирал асан Н.Цэндээ түрээсийн төлбөрийг холбоондоо авалгүй урамшуулал нэрээр энэ хорооллын 29 дүгээр байрны 2 тоотод оршин суугч өөрийн хүү Эрэндаваа овогтой Оюун-Эрдэнийн гэрт Юнивишн телевизийн төхөөрөмж байрлуулан З6 сарын хугацаанд төлбөрөөс чөлөөлөхөөр гэрээ хийжээ. Юнивишн ХХК-ийн кабелийн телевизийн тоног төхөөрөмж, шугамыг тус холбооны байшинд суурилуулсан хугацааг 2015 оны 06 дугаар сарын 18 буюу бүгд 32 сараар сард түрээсийн төлбөрийг 30 000 төгрөгөөр тооцвол 960 000 төгрөгөөр хохирсон байна. ОСНАА-н “Дунд гол өргөө" ТӨУҮГазар тус байрны 3 дугаар орцны 0 давхарын 48м2 талбайтай 3 өрөөг 2000 онд засварлаж, ажилчдын цайны газар ажиллуулан түрээсийн төлбөрт сард 60 000 төгрөг төлж байсан. Гэтэл Н.Цэндээ ажил авснаасаа эхлэн конторын удирдлага, тогооч нарт удаа дараа шаардлага тавьж 2012 оны 02 сарын 01-нд энэ байрыг чөлөөлүүлсэн боловч хүлээж аваагүй. Харин тус орцны 47 тоотын оршин суугч, тухайн үед удирдах зөвлөлийн гишүүн байсан М.Ядмаа нь цайны газар байсан 4 өрөөг 2013 оны 2 дугаар сараас хууль бусаар ашиглаж байна. 2015 оны 6 дугаар сарын 18-ныг хүртэл нийт 29 сарыг 60 000 төгрөгөөр тоооцож 1 740 000 төгрөгийн орлого олох байсан. Иймд Н.Цэндээс Чимгээгийн төлөх төлбөр 340 820 төгрөг, Юнивишн кабелийн шугам сүлжээг түрээслүүлэх түрээсийн төлбөр 960 000 төгрөг, М.Ядамаас Хан-Уул дүүргийн 2-р хороо, 19-р хорооллын 21-р байрны 3-р орцны хонгилийн 4 өрөөг чөлөөлүүлж, олох байсан ашиг 1 740 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Н.Цэндээ, М.Ядам нараас 3 040 820 төгрөгийн хохирлыг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Оюуномин шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч Н.Цэндээ нь 2011 оны 06-р сард Эвсэг СӨХ-ны гүйцэтгэх захирлын албанд томилогдож, 2014 оны 05-р сарын 01-ний өдөр С.Болдод ажил хүлээлгэж өгсөн. Тус байрны 31 тоотод оршин суух Чимгээгийн 2005 оноос хойш төлөгдөөгүй байсан сууц өмчлөгчийн холбооны төлбөрийг шаардсан байсан. Чимгээг төлөөгүй төлбөрөө төлөхийг шаардаж гэрийн хаягаар нь очсон, сууц өмчлөгчийн холбооны төлбөрөө төлөхгүй байгаа учраас ус, цахилгааны хасч өгөхийг хүссэн боловч ус, цахилгааны төлбөрийг төлж байгаа учраас ус, цахилгааныг хязгаарлах боломжгүй гэдэг хариу өгсөн. Хариуцагч Н.Цэндээ нь хуульчаас зөвлөгөө авахад 2006-2011 оны хүртэл хугацааны төлбөрийг нэхэмжлэх шаардлагагүй, учир нь хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон, харин тус хугацаанаас хойших төлбөрийг шаардаж авах эрхтэй гэж хэлсэн. Ингээд Чимгээтэй тохиролцож сүүлийн жилүүдийн төлбөрийг төлөхийг хэлсэн. Н.Цэндээ нь 2014 оны 05 дугаар сард С.Болдод ажлаа хүлээлгэж өгсөн. Өмнөх захирлаас хүлээж авсан ажлыг өөрөө хариуцан ажиллах ёстой юм. Миний бие Юнивишн ХХК-ийн хуулийн зөвлөхтэй уулзахад оршин суугчдын хүсэлтээр төхөөрөмжийг суурилуулсан ба байгууллагын журмын дагуу сууц өмчлөгчийн холбоонд нэг төхөөрөмжийг үнэ төлбөргүй ашиглуулдаг, хуулийн дагуу гэрээ байгуулсан гэж хэлсэн. Манай гэр бүл 6-н сарын хугацаанд хөнгөлөлт эдэлсэн ба хавтаст хэрэгт баримтаар өгсөн. Мөн сар бүр ашиглалтын төлбөр авдаг гэж хэлсэн. Сууц өмчлөгчдийн холбооны журамд нийтийн зориулалтай орон сууцны хэсэгт 10 нэр төрлийн үйл ажиллагаа явуулахыг хориглосон. Оршин суугчдын хүсэлтийн дагуу цайны газрыг гаргасан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анх цайны газар нь сар бүр 60 000 төгрөг төлдөг байсан. Түрээсийн төлбөр 2 160 000 төгрөгтэй холбоотой асуудлыг М.Ядам хариуцна гэв.
Хариуцагч М.Ядам шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байрны 3-р орцны 0 давхарыг ахмадын өрөө болгохоор 2005 оноос хүсэлт гаргаж хөөцөлдсөн. Мэргэжлийн хяналтын улсын байцаагч цайны газар ажиллуулах нь оршин суугчдын эрүүл ахуй, ариун цэвэрт тохирохгүй гэдгийг хэлсэн. Гэтэл дахин ажиллуулаад байсан тул мэдэгдсэн, улсын ариун цэврийн 6 байцаагч ирж шалгаад оршин суугчдын ариун цэвэр тохижолтод нийцэхгүй, тогооч Ариунцэцэг нь бүх зүйлийг өөрөө гүйцэтгэдэг, ариун цэврийн бодис хэрэглэх заавар зөвлөгөө мэдэхгүй, тухайн үед эрүүл мэндийн дэвтэргүй байсан. Тус газраас хоолны шинжилгээ авахад гэдэсний халдварт өвчин илэрсэн. Ингээд 2006 онд хаах шийдвэр гаргасан боловч 2013 он хүртэл ажиллуулсан. Би сууц өмчлөгч өмчлөгч өөрөө өмчөө хариуцаж, хөрөнгөө хамгаалсан. Оршин суугчдын 80 хувь нь ахмадын өрөө болгох санал гаргасан. Ахмадуудын өрөөг бэлэн болгоход Н.Цэндээ, С.Болд нар нь оршин суугчидтайгаа уулздаггүй, өргөдөл өгөөд хариу өгдөггүй байсан. Миний бие Н.Цэндээтэй амаар тохиролцсон, намайг өөрийн хөрөнгөөр тохижуулчих, дараа нь төлбөрийг нь өгнө гэж хэлсэн. Ингээд би өөрөө хөрөнгө мөнгөө гаргаж хөргөгч, плитка, дрож, ширээ, сандал, угаалтуур, тоглоом бүгдийг авч тавьсан. Би С.Болдтой ярилцаж ажил гүйцэтгэхэд зарцуулсан материал, ажилчдын хөлсийг өгчих гэсэн боловч Н.Цэндээгээс мөнгөө ав, манай сууц өмчлөгчийн холбоонд хамаагүй гэж хэлсэн. Дараа нь ахмадын өрөө хийж тохижуулсан нь нэхэмжлэгчид төлбөр төлөх үндэслэл болохгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Хариуцагч М.Ядам шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Оршин суугчдын эрүүл ахуйд нийцэхгүй цайны газар ажиллуулж байсан подвалийг ахмадын өрөө болгон тохижуулах зардлыг би өөрөөсөө гаргасан. СӨХ-ны захирал Н.Цэндээтэй тохиролцож засвар хийсэн бөгөөд материалын зардал 1 955 000 төгрөг, ажлын хөлс 1 520 000 төгрөг болсон. Банкнаас 3 000 000 төгрөгийг зээл авсан ба үүнийг 3 жилд тооцож үзвэл 2 700 000 төгрөг болж байгаа юм. Миний бие зээл авсан 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 20 хүртэл хугацааны алданги 1 995 000 төгрөг, нийт 3 992 446 төгрөгийг Эвсэг СӨХ-ноос нэхэмжилж байна гэв.
Нэхэмжлэгч С.Болд сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: М.Ядамын нэхэмжлэлтэй танилцсан. М.Ядам нь 2014 оны 05-р сарын 29-ний өдөр Хаан банкны тоот хадгаламжийн данс барьцаалан 3 000 000 төгрөг зээлж, 2014 оны 11-р сарын 05-ны өдөр 3 277 479 төгрөгийг төлсөн гэжээ. Эвсэг СӨХ нь сардаа 877 000 төгрөгийн орлоготой, манайд 55 наснаас дээш эмэгтэй, 60 наснаас дээш настай эрэгтэй нийт 39 хүн байдаг. Тусдаа ахмадын өрөө гаргах шаардлага байхгүй. Сууц өмчлөгчийн холбооны хуралд суудаггүй хүмүүс ахмадын өрөөнд амарч тухлахгүй байх. Зээл авч эд зүйл тохижуулсан гэдэг нь тодорхой бус, хавтаст хэрэгт тодорхой нотлох баримт байхгүй байна. М.Ядам нь дураараа байрны түлхүүрийг авч үйл ажиллагаа явуулсан нь Эвсэг СӨХ-д хамааралгүй. Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, харин сууц өмчлөгчийн холбооны эзэмшлийн байрыг чөлөөлж өгөхийг шаардаж байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтууд, гэрчүүдийн мэдүүлгийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Эвсэг” сууц өмчлөгчдийн холбоон нь Н.Цэндээ, М.Ядам нарт холбогдох сууц өмчлөгчдийн холбоонд учруулсан хохирол 3 558 142 төгрөг гаргуулах, 27-р байрны 3-р орцны хонгилыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүссэн, хариуцагч М.Ядам нь засварын зардал 3 920 000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд 3 040 820 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байх ба шүүх нэхэмжлэлийн шаардлагаас М.Ядамын хуувь бус эзэмшлээс 27-р байрны 3-р орцны хонгилыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийг хангаж, бусад нэхэмжлэлийн шаардлага болон М.Ядамын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэлээ.
“Эвсэг” сууц өмчлөгчдийн холбоо нь 1999 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Н.Цэндээ нь 2011 оны 06-р сарын 30-ны өдрийн тус холбооны удирдах зөвлөл, гүйцэтгэх захиралтай байгуулсан гэрээгээр 2014 оны 05-р сарын 01-нийг хүртэл гүйцэтгэх захирлаар ажиллаж байжээ. Холбооны удирдах зөвлөлийн 2014 оны 04-р сарын 27-ны өдрийн 03 тоот тогтоолоор С.Болдыг 2014 оны 5-р сарын 1-ний өдрөөс гүйцэтгэх захирлаар ажилуулахаар томилж, Н.Цэндээ, С.Болд нарын ажлыг 2014 оны 5-р сарын 02-ны өдөр хүлээлцүүлж акт үйлдсэн байна. /хх-5-6, 91-93/
Сууц өмчлөгчдийн холбоо нь “захирлаар ажиллаж байсан Н.Цэндээс Чимгээгийн төлөх төлбөр 340 820 төгрөг, Юнивишн кабелийн шугам сүлжээг түрээслүүлэх түрээсийн төлбөр 960 000 төгрөг, М.Ядамаас Хан-Уул дүүргийн 2-р хороо, 19-р хорооллын 21-р байрны 3-р орцны хонгилийн 4 өрөөг чөлөөлүүлж, олох байсан ашиг 1 740 000 төгрөг гаргуулах” аар шаардсан бол хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Нэхэмжлэгч нь Н.Цэндээс 340 820 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Л.Чимгээгийн 2006-2011 оны засвар, үйлчилгээний зардал 340 820 төгрөгийг төлөхөөс чөлөөлж, хохирол учруулсан” гэж тайлбарлан Хадгаламж банкны 2013 оны 02-р сарын 06-ны өдрийн баримтыг гаргасан байна.
Хэргийн 19, 56-64 дэх талд авагдсан Хан-Уул дүүргийн 2-р хороо, 19-р хорооллын 21-р байрны 41 тоот сууцны 2006-2011 оны “Эвсэг” СӨХ-нд төлөх засвар үйлчилгээний зардлын талаарх Хадгаламж банкны баримтаас үзвэл тухайн сууц эзэмшигч нь Н.Лувсанцэдэн нэрээр бичигдсэн, 340 820 төгрөгийг Хадгаламж банкинд төлсөн төлбөрийн баримт байх ба энэ төлбөрийг төлөөгүй, хасалт хийлгэсэн, Чимгээг төлбөр төлөхөөс чөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байна.
“Эвсэг” сууц өмчлөгчдийн холбоо, “Юнивишн” ХХК-ний хооронд 2012 оны 10-р сарын 18-ны өдөр “Хамтран ажиллах гэрээ” /хх 12-16/ байгуулж, Хан-уул дүүргийн 2-р хороо, 21-р байранд шилэн кабелиар дамжуулан дэвшилтэт технологийн кабелийн телевиз, суурин утас, интернет үйлчилгээг хүргэхэд чиглэсэн сувагчлал гаргах, суурилуулалт хийх, үйлчилгээг нэвтрүүлэх, маркетингийн арга хэмжээ явуулахаар тохирчээ.
“Юнивишн” ХХК-ийн үйлчилгээг авахад тоног төхөөрөмж, босоо болон хэвтээ шугам, шилэн кабель суурилуулахаар /гэрээний хавсралт-1 хэрэгт авагдаагүй/ тохирсон, суурилагдсан тоног төхөөрөмж одоо ашиглагдаж, хэрэглэгч төлбөрөө Юнивишн ХХК-д төлж байгаа нь зохигчийн тайлбараар тогтоогдсон байна.
Харин гэрээний 3-р зүйлийн 3.1.5, 8-р зүйлийн 8.1-д зааснаар урамшуулалд 29-р байрны 1-р орцны 3 тоот сууцны өмчлөгч Э.Оюун-Эрдэнийг хамруулж, Glassic эрх -1 олгож, гэрээний хугацаанд суурь хураамжаас чөлөөлөх, урамшуулалд олгож байгаа HD box, Smart box төхөөрөмж нь Юнивишн ХХК-ний өмч байхаар шилжүүлжээ.
Нэхэмжлэгч “...хариуцагч Цэндээ нь хүүхдийнхээ гэрт төхөөрөмж тавиулсан, зарим сууц өмчлөгчдийн холбоо 30 000-40 000 төгрөгийн түрээс сар бүр авдаг, түрээсийн төлбөрт 960 000 төгрөгийн орлого орох байсан, үүнээс болж хохирсон” гэж маргадаг боловч гэрээний талууд тухайн кабелийн телевизийн тоног төхөөрөмжийг байшинд суурилуулснаас түрээсийн төлбөр тооцож авах, эсхүл урамшуулал авах эсэхээ харилцан тохиролцож, хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн гэрээ гэж үзнэ. Түрээсийн төлбөрт сар бүр 30 000 төгрөгөөр тооцож орлого олох байсан нь баримтаар нотлогдоогүй байна.
Нөгөө талаар, нэхэмжлэгч 960 000 төгрөгийн нэхэмжлэлээ “480 000 төгрөг нь Юнивишн ХХК-д төлөх төлбөрөөр хохирсон, 480 000 төгрөг нь тоног төхөөрөмж суурилуулсан хэсэгт засвар хийх засварийн мөнгө” гэж өөр өөрөөр тайлбарласан бөгөөд хэрэглэгч Э.Оюун-Эрдэнэ төлбөр төлөөгүй тохиолдолд Юнивишн ХХК-д хамааралтай, засварын зардалын талаарх баримт хэрэгт авагдаагүй болно.
“Эвсэг” сууц өмчлөгчдийн холбоо нь 21-р байрны 3-р орцны хонгилын 3 өрөөг ОСНАА-н “Дунд гол өргөө" ТӨУҮГазарт цайны газрын зориулалтаар түрээслүүлж, түрээсийн төлбөрт сард 60 000 төгрөг төлүүлж /хх 81/ байжээ.
Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газар нь иргэн Ядмаа нарын өргөдлөөр “Эвсэг” сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаа, орон сууцны барилгын ашиглалт, үйлдвэр үйлчилгээний талаар шалгалтыг хийж, улсын байцаагчийн 2006 оны 10-р сарын 01-ний өдрийн 07/173/99 тоот дүгнэлт /хх 202-207/ гаргажээ.
Дүгнэлтийн Б.ХУД-ийн 2 дугаар хороо, 21-р байрны зоорийн давхарт үйл ажиллагаа явуулж байгаа худалдаа, үйлчилгээний газруудын талаар хийсэн хэсгийн 2-т “...суурийн давхарт цайны газар ажиллуулж байгаа нь “Хоолны газрын ангилал, зэрэглэл, үндсэн шаардлага МNS 4946:2005 стандартын хоолны газарт тавих нийтлэг шаардлагын 5.1.1, Хоолны газрын барилга байгууламжид тавих шаардлагын 5.2.1, 5.2.2, 5.2.3, Хоолны газрын инженерийн байгууламж, техникийн байдалд тавих шаардлагын 5.5.1, 5.5.3, 5.5.4, 5.5.8-д заасан нийтийн зориулалтын орон сууцны байранд хоолны газрын төлөвлөлт, эрүүл ахуй, аюулгүй байдал, стандартын норм зөрчсөн, оршин суугчдын ая тух /чийг, уур, хиншүү хярвас, утаа тортог/-тай байдлыг алдагдуулсан хоолны газар ажиллуулахыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн, Хүнсний тухай хуулийн 9.1.1-д заасныг тус тус зөрчсөн нь тогтоогдож, хоолны газрын үйл ажиллагаа, бүрмөсөн зогсоохоор шийдвэрлэсэн, энэ дүгнэлтийг үндэслэн “Эвсэг” СӨХ нь хоолны газрын үйл ажиллагааг зогсоож, зоорийн давхарыг 2012 оны 02 сарын 01-нд чөлөөлүүлсэн байна.
Иргэний хуулийн 147-р зүйлийн 147.2 дахь хэсэг, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15-р зүйлийн 15.1.1 дэх хэсэг зааснаар орон сууцны байшингийн доод хонгил нь дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарах бөгөөд оршин суугч М.Ядмаа нь цайны газар ажиллаж байсан 3 өрөөг 2013 оны 2-р сараас ашиглаж байгаа нь зохигчийн тайлбараар тогтоогдсон, сууц өмчлөгчдийн холбоотой гэрээ хэлцэл байгуулаагүй нь хууль бус эзэмшил болно.
Хариуцагч М.Ядам нь хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ “...2005 оноос ахмадын өрөө болгохоор хөөцөлдсөн, тохижуулсан, оршин суугчдын 80-90 хувь нь ахмадын өрөө болгох хүсэлт гаргасан, одоо 3 өрөө цоожтой байгаа” гэж тайлбарладаг боловч тайлбар, татгалзлаа нотлоогүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12-р зүйлийн 12.4.5 дахь хэсэгт заасан эрх бүхий этгээдтэй гэрээ байгуулаагүй, өөрийн эд зүйлээ хадгалж байгаа нь хууль бус байна.
Харин нэхэмжлэгч нь М.Ядамаас ололх байсан орлого 2 100 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдааны шатанд 1 740 000 төгрөг болгож багасгасан тул энэ хэмжээнд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь түүнийг “2014 оны 2-р сарын 1-нээс 2015 оны 6-р сарын 18-ныг хүртэл 29 сарын хугацаанд сард 60 000 төгрөгөөр тооцож 1 740 000 төгрөгийн орлого олох байсан, энэ орлогоороо хохирсон” гэж шаарджээ.
Нэхэмжлэлийн шаардлагаа “өмнөх цайны газрын ажиллуулж байх үеийн түрээсийн төлбөрийн хэмжээгээр тооцож орлого олох байсан” гэж шаардсан нь буруу, өөрөөр хэлбэл, сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал дундын өмчлөлийн эд хөрөнгийг түрээслүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах талаарх гэрээг холбооны нэрийн өмнөөс байгуулах эрхтэй боловч ийм орлого олох байсан, орлогоороо хохирсон нь тогтоогдохгүй байна.
Сөрөг нэхэмжлэлийн талаар:
Хариуцагч М.Ядам болон зарим оршин суугчид “Эвсэг” сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаа, орон сууцны барилгын ашиглалт, үйлдвэр үйлчилгээний талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газарт өргөдөл гаргаж, улсын байцаагчийн 2005 оны 8-р сарын 15-ны өдрийн 04-110/10027 тоот, 2006 оны 10-р сарын 01-ний өдрийн 07/173/99 тоот дүгнэлт дүгнэлт гарч, улмаар 21-р байрны 3-р орцонд үйл ажиллагаа явуулж байсан цайны газрын үйл ажиллагааг зогсоосон нь зохигчийн тайлбар, акт дүгнэлтээр /хх 191, 202-207/ тогтоогдсон байна.
“Эвсэг” сууц өмчлөгчдийн холбоо нь дундын өмчлөлийн эд хөрөнгө болох хонгилын хэсгийг ахмадын өрөөний зориулалтаар ажиллуулах, бусдад түрээслүүлэх гэрээ байгуулаагүй байхад хариуцагч М.Ядам нь өөрөөсөө 3 920 000 төгрөгийн зардал гаргасан гэж маргаж, СӨХ-ноос гаргуулахаар шаарджээ.
Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “СӨХ-ны захирал Н.Цэндээтэй тохиролцож засвар хийсэн” гэж тайлбарладаг боловч баримтаар нотлогдоогүй байна.
Харин материалын зардал 1 955 000 төгрөг гаргасан /хх 193-201/ талаарх баримтаар тооцоход 1 097 100 төгрөгийн баримт, ажлын хөлс 1 520 000 төгрөг гарсан гэх боловч гэрч А.Каянулдай “подвалын хог зөөвөрлөж ажлын хөлс 110 000 төгрөг авсан”, гэрч У.Батжаргал “подвалын хана, тааз засварлаж 1 000 000 төгрөг авсан”, гэрч Г.Батмөнх “3 хаалга суулгаж 175 000 төгрөг авсан” гэж мэдүүлжээ.
Хариуцагч М.Ядам өөрөөсөө зардал гаргасан нь “Эвсэг” СӨХ-ны буруугаас болоогүй, харин дундын өмчлөлийн эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж зардал гаргасан байх тул сууц өмчлөгчдийн холбооноос шаардах эрх үүсэхгүй.
Түүнчлэн ХААН банкнаас 2014 оны 5-р сарын 29-ний өдөр 3 000 000 төгрөгийн зээл авсан, зээлийг хүүгийн хамт 3 277 479 төгрөг төлж дуусгасан нь /хх 208, 220/ Эвсэг СӨХ-той хамааралгүй, зээлийн гэрээний үүргээ биелүүлэх нь зээлдэгчийн үүрэг байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага 3 920 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй, нэхэмжлэгчийн татгалзал үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12-р зүйлийн 12.6, 13-р зүйлийн 13.2.5 дахь хэсэг, Иргэний хуулийн 106-р зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Мягмаржавын Ядамын хууль бус эзэмшлээс Хан-Уул дүүргийн 2-р хороо, 19-р хорооллын 21-р байрны 3-р орцны хонгилын 3 өрөөг чөлөөлүүлж, нэхэмжлэлийн шаардлагын бусад хэсэг болох Н.Цэндээ, М.Ядам нараас 3 040 820 /гурван сая дөчин мянга найман зуун хорь/ төгрөг гаргуулахыг хүүсэн “Эвсэг” сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэл, “Эвсэг” сууц өмчлөгчдийн холбооноос 3 920 000 /гурван сая есөн зуун хорин мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн М.Ядамын сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Эвсэг” сууц өмчлөгчдийн холбооноос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120 430 төгрөг, хариуцагч М.Ядамаас төлсөн 77 670 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч М.Ядамаас 70 200 төгрөг гаргуулж “Эвсэг” сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.
Шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА