Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2025/01485

 

 

     

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч О.Одгэрэл, Ж.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 сарын 04-ний өдрийн 192/ШШ2025/04821 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: гэрээний үүрэгт 103,218,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ж.Лхагвасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ******* нь *******тай 2024 оны 07 сарын 09-ний өдөр 0646 дугаартай ******* дүүргийн ******* тоот хаягт байршилтай *******дугаар бүхий 297.97 м.кв орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг 1 м.кв талбайн үнэ 2,450,000 төгрөг нийт үнэ 730,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Тус гэрээний 3.4 дэх хэсэгт заасны дагуу худалдан авагч нь гэрээний нийт төлбөр болох 730,000,000 төгрөгийг бүрэн төлж дууссан тул 297.97 м.кв орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийн *******дугаар бүхий гэрчилгээг 2024 оны 07 сарын 24-ний өдөр олгосон. Худалдагч тал нь тус гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасны дагуу ашиглалтын шаардлага хангасан, биет байдлын болон эрхийн доголдолгүй 297.97 м.кв талбай бүхий орон сууцыг худалдан авагч талын өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцож гэрээ байгуулсан.

Гэвч ******* ХХК нь 2024 оны 08 сарын 04-ний өдөр гэрээний зүйл болох ******* дүүргийн ******* тоот хаягт байрших 297.97 м.кв орон сууцны талбайд Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал MNS6058:2009 Монгол улсын стандартын дагуу хэмжилт хийж хэмжилтийн зургийн дагуу сууцны нийт талбай 255.84 м.кв болохыг дүгнэсэн. Дээрх дүгнэлтээс үзвэл талуудын хооронд байгуулсан 2024 оны 07 сарын 09-ний өдрийн гэрээний дагуу худалдагч тал 297.97 м.кв талбай бүхий орон сууцыг хүлээлгэж өгөх үүрэг хүлээсэн боловч *******" ХХК-ийн 2024 оны 08 сарын 04-ний өдрийн дүгнэлтээр орон сууцны бодит талбай нь 255.84 м.кв байх тул зөрүү 42.13 м.кв буюу гэрээний 2 дугаар зүйлийн 2.1, 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу 1 м.кв талбайн үнэ 2,450,000 төгрөг бөгөөд нийт 103,218,500 төгрөгийн үүргийн үүргийг худалдан авагч тал хүлээн аваагүй.

Хариуцагчид талбайн хэмжээ зөрүүтэй байгаа талаарх албан мэдэгдлийг баталгаат шуудан болон бүртгэлтэй хаягаар хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл зөрүү талбайн төлбөрийг төлөөгүй.

Иймд *******аас 2024 оны 07 сарын 09-ний өдрийн 0646 дугаар худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 103,218,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Үл хөдлөх эд хөрөнгө худалдах гэрээнд зааснаар 297.97 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг талууд 730,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Түүнээс биш 1 м.кв нэхэмжлэлийн дурдаж байгаа шиг 2,400,000 төгрөгөөр худалдаж авах тохиролцоо хийгээгүй тул м.кв-ын зөрүү нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Тухайн маргаан бүхий *******дугаартай үл хөдлөх хөрөнгө нь ашиглалтад ороод *******ы эзэмшил өмчлөлд эрхтэй одоо өөр өмчлөгчөөс шилжиж ирсэн. ******* энэ барилгыг бариад орон сууц захиалгын гэрээ хийгээд тухайн гэрээнд 297.97 м.кв гэж тохирсон атлаа ашиглалтад хүлээлгэж өгөхдөө түүнээс бага өгсөн байвал энэ тохиолдолд нэхэмжлэгч м.кв зөрүү нэхэмжлэх нь үндэслэлтэй гэж үзнэ. Нэхэмжлэгч ******* нь орон сууцыг захиалан бариулж, анхны өмчлөгч нь болоогүй, ******* нь тухайн орон сууцны өмчлөх эрхийг олж авахад улсын бүртгэлийн *******дугаартай үл хөдлөх эд хөрөнгө нь гэрчилгээнд 297.97 м.кв талбайтай гэж бичигдсэн тул талбайн хэмжээ дутуу гэдгийг хариуцагч мэдээгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******аас 103,218,500 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч *******-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 674,042 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 674,042 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгохоор шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүхийн шийдвэрийн 4 дэх тал, үндэслэх хэсгийн 3.6 дахь заалт, үндэслэх хэсгийн 6 дахь заалтын үндэслэлүүдийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхийн шийдвэрийн гол үндэслэл маргаан бүхий орон сууцны талбайн хэмжээг хэмжсэн хэмжилтыг үндэслэсэн гэх боловч тус хэмжилтийг хийсэн гэх компани нь хэмжилт хийх эрхтэй эсэх, тусгай зөвшөөрөлтэй эсэх нь тодорхойгүй бөгөөд хавтаст хэрэгт энэ талаар нотлох баримт огт авагдаагүй, шүүх энэ талаар дүгнээгүй атлаа тус баримтыг үндэслэж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна.

4.2. Тус хэргийг хянан шийдвэрлэсэн 2025 оны 06 сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн зүгээс тус хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй ач холбогдол бүхий 27 хуудас нотлох баримтыг шүүхэд эх хувиар нь гаргаж өгсөн байхад шүүх 3 хуудас нэг гэрээг нотлох баримтаар хавтаст хэрэгт авч бусад нотлох баримтыг нотлох баримтаар авахаас татгалзаж нэхэмжлэгчид буцаан өгч шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь хэргийн оролцогчийн татгалзлаа тайлбарлах, нотлох баримт шүүхэд гарган өгөх, мэтгэлцэх эрхийг ноцтой зөрчсөн.

Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд өмнө нь байгуулсан гэрээнүүд, тус маргаантай холбоотой ирсэн, явуулсан албан тоот мэдэгдлүүд болон бусад холбогдох бичгийн нотлох баримтуудад талууд гарын үсэг зурсан эх хувиар нь гарган өгсөн байхад хуулбар гэж үзэж нотлох баримтаар хавтаст хэрэгт авахаас татгалзаж шүүх хуралдааныг шууд үргэлжлүүлэн явуулж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Нэхэмжлэгчийн зүгээс шүүх хуралдааны үед тус хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай ач холбогдол бүхий нотлох баримтуудыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан үндэслэлээр гаргуулах, мөн маргаан бүхий хөрөнгийн үнэлгээг тогтоолгох шинжээч томилуулах хүсэлт зэрэг нийт 3 хүсэлт гаргахад бүх хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шүүх хуралдааныг шууд үргэлжлүүлсэн нь хэт нэг талыг барьсан гэж үзэж байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр талуудын мэтгэлцэх эрх, хуулиар олгогдсон хэргийн оролцогчийн эрхийг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

5.1. Маргаан бүхий орон сууцны талбайн хэмжилтийг тогтоосон дүгнэлтийг хариуцагч тал хүлээн зөвшөөрдөг. Учир нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2025 оны 01 сарын 21-ний өдөр хэргийн материалтай танилцсан боловч шүүх хуралдаан товлогдох буюу 2025 оны 06 сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд дээрх дүгнэлттэй холбоотойгоор дахин шинжээч томилуулах хүсэлт болон нотлох баримтыг гаргаж өгөөгүй.

 

5.2. Мэтгэлцэх эрхээр хангаагүй гэх гомдлын тухайд хариуцагч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч хэргийн материалтай танилцсан өдрөөс хойш 4 сар гаруй хугацааны дараа буюу 2025 оны 05 сарын 08-ны өдөр анхны шүүх хуралдаан товлогдсон. Гэтэл тухайн шүүх хуралдааны явцад хариуцагч талаас өмгөөлөгч авах хүсэлт гаргасан. Шүүх хариуцагч талын гаргасан хүсэлтийг хангаж, хуралдааныг 2025 оны 05 сарын 21-ний өдөр хүртэлх хугацаагаар хойшлуулсан. Түүнчлэн 2025 оны 05 сарын 21-ний өдрийн шүүх хуралдааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дахин нотлох баримт гаргаж өгөх болон сөрөг нэхэмжлэл гаргах хүсэлт гаргасан. Шүүх мөн хариуцагч талын гаргасан тухайн хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулсан.

Түүнчлэн 2025 оны 06 сарын 04-ний өдөр шүүх хуралдаан болж, анхан шатны шүүхийн шийдвэр гарсан. Дээрх хугацаанд анхан шатны шүүхийн шүүгч хариуцагч талыг мэтгэлцэх эрхээр хангалттай хангасан. Нэхэмжлэгчийн зүгээс 2025 оны 06 сарын 04-ний өдрийн шүүх хуралдааны явцад ямар нэгэн нотлох баримтыг гаргаж өгөөгүй. Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан орон сууцны талбайн зөрүүд 103,218,500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нь ...нэхэмжлэгч орон сууцыг захиалан бариулж, анхны өмчлөгч нь болоогүй тул шаардлага гаргах боломжгүй, орон сууцыг м.кв-аар тооцож гэрээ байгуулаагүй, талбайн хэмжээ дутуу гэдгийг хариуцагч мэдээгүй тул доголдлыг хариуцахгүй гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч, маргажээ.

 

3. Хэргийн баримтаар, 2024 оны 07 сарын 09-ний өдөр нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын хооронд байгуулагдсан 0646 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр хариуцагч нь улсын бүртгэлийн *******дугаарт бүртгэлтэй, ******* дүүргийн ******* тоот хаягт байршилтай 297.97 м.кв талбайтай, орон сууцны зориулалтай үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх, нэхэмжлэгч нь хэлэлцэн тохиролцсон үнэ 730,000,000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээсэн. /хх10-11 дүгээр тал/

 

4. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

5. Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч ******* нь гэрээний төлбөрийг бүрэн төлсөн, цаашлаад орон сууц нэхэмжлэгчид шилжиж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн болох нь 2024 оны 07 сарын 24-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, Худалдаа хөгжлийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тус тус тогтоогджээ. /хх 12, 40-41 дүгээр тал/

 

6. Нэхэмжлэгч орон сууцыг өмчлөлдөө шилжүүлэн авсны дараа 2024 оны 08 сарын 04-ний өдөр ******* ХХК-аар хийлгэсэн орон сууцны талбайн хэмжилтээр орон сууцны талбай гэрээнд заасан хэмжээнд хүрээгүй 42.13 м.кв-аар дутуу үндэслэлээр төлөгдсөн төлбөрөөс талбайн зөрүүд ногдох хэсгийг буцаан гаргуулах нэхэмжлэл гаргасан.

 

7. Худалдах, худалдан авах гэрээний худалдагчийн үндсэн үүрэг нь доголдолгүй эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх бөгөөд хэрэв гэрээгээр тохирсон тоо, хэмжээнээс дутуу эд хөрөнгийг худалдан авагч хүлээн авсан бол худалдагч нь гэрээний үнэд хувь тэнцүүлэн дутуу эд хөрөнгийн үнийг буцааж төлөхөөр Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4 дэх хэсэгт заасан.

 

8. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж чадаагүй, тухайн маргаанд хамаарах Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зохицуулалтыг хэрэглэлгүй хариуцагчийг гэрээнд заасан тоо хэмжээ, шинж чанар бүхий хөрөнгийг шилжүүлж өгөөгүй, доголдлыг арилгах боломжгүй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

 

9. Учир нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.1-д Үл хөдлөх хөрөнгийг худалдагч тал худалдан авагч талд 730,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцов гэж зааснаас үзэхэд зохигчид орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахдаа талбайн хэмжээг гэрээний гол нөхцөл болгоогүй, харин хөрөнгийг байгаа байдлаар нь буюу зориулалтын дагуу ашиглахтай холбоотой бусад шинж байдлыг шалгуур болгон үнийг тохиролцсон гэж үзэхээр байна. Хэрэв талууд орон сууцны талбайн хэмжээг гэрээний гол нөхцөл болгосон тохиолдолд орон сууцны үнийг м.кв-ын үнээр тооцож, гэрээнд тусгайлан тохиролцох, цаашлаад гэрээний зүйлийг шилжүүлэн авах үедээ талбайн хэмжээ анх тохирсон хэмжээндээ хүрч байгаа эсэхийг шалгаж авах боломжтой байсан гэж үзнэ.

 

10. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд 2023 оны 10 сарын 23-ны өдөр мөн дээрх үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдан авах талаар хүсэл зоригоо илэрхийлсэн бичгийн хэлцэл хийгдэж байсан, тухайн хэлцэлд орон сууцны үнийг 730,000,000 төгрөг байхаар тохиролцож байснаас үзэхэд нэхэмжлэгч талбайн хэмжээг гэрээний гол нөхцөл болгосон тохиолдолд эд хөрөнгийг хүлээн авахаас өмнө доголдлыг илрүүлэх, мэргэжлийн эсвэл зохих байгууллагаар хэмжүүлэх боломжтой байжээ.

 

11. Тиймээс Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******-ийн худалдан авсан эд хөрөнгийн 42.13 м.кв дутуу талбайн үнэд 103,218,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

12. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2024 оны 06 сарын 04-ний өдөр хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, үл хөдлөх хөрөнгийн түүхчилсэн дэлгэрэнгүй лавлагааг нотлох баримтаар гаргуулан авах, нэхэмжлэлийн зүйл болох үл хөдлөх хөрөнгийн зах үнэлгээг тогтоолгох шинжээчийн дүгнэлт гаргуулах тухай хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хэрэг маргааныг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт биш, хэрэгт хамааралгүй гэсэн үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэснийг буруутгахгүй.

 

Мөн шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын мэтгэлцэх эрхийг ноцтой зөрчсөн, нотлох баримт гаргаж өгөх, цуглуулах эрхээр хангаагүй гэж үзэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 сарын 04-ний өдрийн 192/ШШ2025/04821 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар хариуцагч *******д холбогдуулан гаргасан орон сууцны талбайн зөрүүд 103,218,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 674,042 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

 

ШҮҮГЧИД О.ОДГЭРЭЛ

 

 

Ж.ЛХАГВАСҮРЭН