Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2025/01486

 

 

     

******* ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч М.Баясгалан, Ж.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 19-ний өдрийн 192/ШШ2025/04255 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******, *******, ******* ХХК-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 46,537,402 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэрээний дагуу хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгчид шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ж.Лхагвасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч нарын өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

 

1.1. ******* ХХК-тай 2018 оны 12 сарын 13-ны өдөр ЗГ00180233 дугаар зээлийн гэрээ байгуулж, 20,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 2.9 хувийн хүүтэй зээлдүүлж, гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцсон. Зээлийн гэрээний хугацаа 2019 оны 12 сарын 14-ний өдөр дуусгавар болсон. Өнгөрсөн хугацаанд үндсэн төлбөрөөс 4,440,000 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 3,224,800 төгрөг нийт 7,664,800 төгрөг төлсөн. Түүнээс хойш олон удаа зээлээ төлнө гэсэн амлалт өгсөн боловч төлөлт хийхгүй байгууллагын үйл ажиллагаанд хүндрэл учруулж байна. Иймд хариуцагч нараас үндсэн зээлийн үлдэгдэл 15,560,000 төгрөг, үндсэн хүү 26,201,577 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,744,325 төгрөг, нотариатын зардал 31,500 төгрөг нийт 46,537,402 төгрөг гаргуулж өгнө үү. Зээлдэгч нь зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар №ФГ00180233 дугаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулж 2011 онд үйлдвэрлэгдсэн ******* улсын дугаартай ******* маркийн *******арлын дугаартай ачааны автомашин, 2011 онд үйлдвэрлэгдсэн ******* улсын дугаартай ******* маркийн ******* арлын дугаартай чиргүүлийг нэхэмжлэгч компанийн өмчлөлд шилжүүлсэн тул хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд дээрх хөрөнгийг нэхэмжлэгчийн өмчлөлд бодитоор шилжүүлэн өгөхийг хариуцагч нарт даалгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч *******ийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. ******* ХХК-тай зээлийн гэрээ байгуулаагүй, зээлийн гэрээнд ******* ХХК-ийн нягтлан бодогчийн хувиар гарын үсэг зурсан учир нэхэмжлэлийн шаардлагад дурдсан мөнгөн хөрөнгийг төлөх үндэслэлгүй. Тайлан тооцооны асуудал, зээлийн асуудлыг мэдэхээс захирлынх нь гаргасан шийдвэр, түүний өмнөөс хариуцлага хүлээхгүй. Манай компанийн үйл ажиллагаа доголдсоныг мэдсээр байж бүтэн 6 жил хүүг зогсоож өөрсдийн эрхийг хэрэгжүүлээгүй аль эрт барьцаа хөрөнгөөр хангах эрх нь байсаар байтал барьцаа хөрөнгөөр үүргийн биелэлтийг хангуулаагүй атлаа 6 жилийн дараа барьцаа хөрөнгүүдийг авна гэсэн шаардлага нь шударга бус гэжээ.

 

3. Хариуцагч *******ийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

3.1. Энэ зээлийг хувьдаа ашиглаагүй, бизнесийн зорилгоор авсан бөгөөд ******* ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулсан. 2021 оны 06 сарын 02-нд тус компаниа *******д борлуулсан. Энэ зээлийн гэрээний хугацаа 2019 оны 12 сарын 13-ны өдөр дуусгавар болсон. Хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул нэхэмжилсэн 46,537,402 төгрөгийг төлөхөөс хариуцагчийн хувьд би татгалзах эрхтэй гэжээ.

 

4. Хариуцагч ******* ХХК-ийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

4.1. ******* ХХК-аас хэд хэдэн зээл авсан. Зээлийн гэрээ байгуулсан үйл баримт, зээл мөнгийг хүлээн авсан үйл баримтад маргахгүй. Үндсэн зээлийн тооцоололд маргаж байгаа. 2019 онд уул уурхайн компанид үйл ажиллагаа явуулж байсан. Үүнтэй холбоотой банк бус санхүүгийн байгууллагаас 400,000,000 гаруй төгрөг зээлсэн. Уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа компанийг ******* гэх хүн рүү шилжүүлсэн. ******* гэх хүн ...Бид нарын төлбөрийг төлж чадахгүй. ******* ХХК шүүхэд маргаан үүсгэж 170,000,000 төгрөг авахаар болсон тул өгч чадахгүй ... гэж хэлдэг. Нийт зээлийн үлдэгдэлд 4-5 орон сууц, 10 гаруй тээврийн хэрэгсэл тавьсан. 2019 онд зээл аваад, 2020 онд төлөх гэж байхад ковид цар тахал гараад 08 сарын 18-ны өдөр өөрийнхөө 3 өрөө орон сууцыг шилжүүлж өгсөн. Зээлийн гэрээ 2018 оны 12 сарын 13-ны өдөр байгуулагдсан. Жилийн хугацаатай байгуулагдаж, 2019 оны 12 сарын 13-ны өдөр гэрээний хугацаа дууссан. Хөөн хэлэлцэх хугацаа 2022 оны 12 сарын 13-ны өдөр дууссан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

5.1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ХХК-аас 46,537,402 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, хариуцагч *******, ******* нарт холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл, 2011 онд үйлдвэрлэгдсэн ******* улсын дугаартай ******* маркийн *******арлын дугаартай ачааны автомашин, 2011 онд үйлдвэрлэгдсэн ******* улсын дугаартай ******* маркийн ******* арлын дугаартай чиргүүлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 460,837 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас 460,837 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагч ******* ХХК-ийн төлөөлөгч *******ийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: 

6.1. Нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.

Хариуцагч нь ******* ХХК-аас 2018-2019 оны хугацаанд нийтдээ 437,900,000 төгрөгийн 12 зээл авсан бөгөөд зээлийг бэлэн мөнгөөр төлөх, 4 үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх, хэд хэдэн автомашин шилжүүлэх зэргээр төлж барагдуулсан учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан.

*******ийн өөрийнх нь амьдарч байсан ******* дүүргийн ******* тоот 76.3 м.кв орон сууц нь 200,000,000 төгрөгийн үнэтэй, үүнээс гадна бэлэн мөнгө, 3 үл хөдлөх хөрөнгө хэд хэдэн автомашин нэхэмжлэгчид шилжүүлсэн бөгөөд үлдсэн 237,900,000 төгрөгийн өр барагдсан гэж ойлгож явсан.

Нэхэмжлэгч нь төлөгдсөн төлбөр аль гэрээний ямар үүрэгт хамаарахыг тодорхой болгоогүй аль үүргийн гүйцэтгэл биелэгдээгүй үлдсэнийг нотлоогүй байтал энэ гэрээний үүргийн дагуу бэлэн мөнгө төлөгдөөгүй учир зээл төлөгдөөгүй байна гэж анхан шатны шүүхээс дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй.

Зээлийн гэрээг талууд 2018 оны 12 сарын 13-ны өдөр нэг жилийн хугацаатай байгуулсан тул 2019 оны 12 сарын 13-ны өдөр гэрээний хугацаа, 2022 оны 12 сарын 13-ны өдөр хөөн хэлэлцэх хугацааг дуусгавар болсон.

Нэхэмжлэгч 2024 оны 03 сарын 01-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн зүгээс зээлийн үлдэгдэл төлбөр 15,500,000 төгрөг төлөхөөс татгалзах үндэслэлийг бүрдүүлсэн атал анхан шатны шүүх 46,537,402 төгрөгөөр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

7.1 Хариуцагч тал үл хөдлөх эд хөрөнгө өгсөн, авсан 12 зээлээ буцааж төлсөн гэх мэтээр тайлбарлаж байна. Гэвч бодит байдал дээр ******* болон ******* нар 2017, 2018, 2019, 2021, 2022 онуудад зээлийн гэрээтэй холбоотой асуудлууд гаргасан бөгөөд ******* болон ******* нартай холбогдох гэж оролдох үедээ утсаа авахгүй, гэрийн хаяг дээрээ байхгүй, тогтмол оршин суудаггүй зэрэг хүндрэл үүсдэг. Өнөөдрийн уг маргаанд мөн адил шүүхэд ирүүлэхийн тулд тэднийг эрэн сурвалжлуулж байж байршлыг нь тогтоон шүүх хуралдаанд оролцуулсан нь баримтаар нотлогдож байна. 3ээлийн маргаантай холбоотой шүүхийн шийдвэр гарах үед шүүхийн байранд *******той таараад нэхэмжлэлийн шаардлага гардуулах гэтэл авна гэж хэлчхээд эргээд ор сураггүй алга болдог. Дараагийн удаа буюу хойшлогдсон хурал дээр өмгөөлөгч болон ******* хамт ирсэн байхад нь туслах руу нь утасдаж нэхэмжлэлийг гардуулсан. Хэрэв үнэхээр зээлээ бүрэн төлсөн бол тэр тухайгаа тайлбарлах боломж байсан бөгөөд шүүхийн шатнаас өмнө, шүүхийн шатанд ч энэ тайлбарыг өгөх бүрэн боломжтой. Бид удаа дараа нэхэмжлэгч талын захиралтай уулзаж, тооцоогоо нийлүүлье гэж санал тавьсан. Гэвч өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч талын захиралтай нэг ч удаа уулзах, холбоо барихыг хүсээгүй.

Мөн хариуцагч тал иргэнээ хохироож байна, Үндсэн хууль зөрчиж байна, шударга ёсыг алдагдуулж байна гэх мэтээр ярьдаг боловч бодит байдалд иргэн хуулийн этгээдээс тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхэлж байгаа үйл ажиллагааны хүрээнд мөнгө зээлж авчхаад олон жил ор сураггүй зугтаж, холбоо барихгүй явсан атлаа эргэж иргээд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр зээл төлөхөөс зайлсхийж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй. Хөөн хэлэлцэх хугацаа тооцогдож байсан уг хугацаанд хариуцагч бусад зээлийн гэрээтэй холбоотойгоор төлбөр төлөх, хөрөнгө шилжүүлэх зэрэг харилцаанд оролцож байсан. Өөрөөр хэлбэл, хүнд мөнгө өгчхөөд тав, зургаан жил огт холбоо барилгүй алга болж, одоо гэнэт гарч ирээд өндөр хүүтэй болсон учраас мөнгөө нэхсэн харилцаа биш бөгөөд үүнийг нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Иймд хариуцагчийн гаргасан гомдол үндэслэлгүй байгаа учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******, *******, ******* ХХК-нд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 46,537,402 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэрээний дагуу хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгчид шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

3. Хэргийн баримтаар, 2018 оны 12 сарын 13-ны өдөр нэхэмжлэгч ******* ХХК, хариуцагч ******* ХХК нарын хооронд ЗГ00180233 дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь 20,000,000 төгрөгийг сарын 2.9 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай хариуцагчид шилжүүлэх, зээлдэгч нь зээлийг тохирсон хугацаанд хүүгийн хамт буцаан төлөх, төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх-6-8/

Зээлийн гэрээний нэг тал болох хариуцагч ******* ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал *******, нягтлан бодогч ******* нар гарын үсэг зурсан байх ба анхан шатны шүүх нэхэмжлэгч компани, хариуцагч *******, ******* нарын хооронд үүргийн харилцаа үүсээгүй гэж үзэж холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцжээ.

4. Талууд зээлийн гэрээ байгуулагдсан болон зээлийн мөнгөн хөрөнгө 20,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн үйл баримтын талаар маргаагүй.

5. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдал, шаардах эрхийн үндэслэлийн талаар зөв дүгнэжээ.

6. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд зээлээ төлөөгүй бол үндсэн зээл болон хүүгээс гадна хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байна.

7. Хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт 2019 оны 01 сарын 14-ний өдөр 618,670 төгрөг, мөн оны 02 сарын 15-ны өдөр 514,404 төгрөг, мөн оны 03 сарын 14-ний өдөр 700,000 төгрөг, мөн оны 05 сарын 14-ний өдөр 3,028,259 төгрөг, мөн оны 06 сарын 14-ний өдөр 2,803,467 төгрөг, нийт 7,664,800 төгрөг төлсөн, уг хугацаанаас хойш зээлийн гэрээний үүрэгт төлбөр төлөөгүй болох нь хэргийн 21-22 дахь талд авагдсан зээл, зээлийн хүү төлөлтийн тооцоо баримтаар тогтоогдсон ба хариуцагч энэ тооцооллыг үгүйсгэж маргаагүй.

8. Хариуцагчийн гаргасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэх гомдлыг хангах үндэслэлгүй. Зохигчийн хооронд 2018 оны 12 сарын 13-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээ нь 12 сарын хугацаатай буюу 2029 оны 12 сарын 13-ны өдөр дуусгавар болжээ. Нэхэмжлэгчийн хариуцагч зээлээ төлөх тухай түүний шаардлагыг эсэргүүцэж байгаагүй, удаа дараа зээлээ төлөх талаар амлалт өгч байсан гэх тайлбарыг хариуцагчийн төлөөлөгч үгүйсгээгүй. Түүнчлэн ******* нь хариуцагч ******* ХХК-ийн цор ганц 100 хувийн хувьцаа эзэмшигч бөгөөд гүйцэтгэх удирдлагыг өөрөө хэрэгжүүлдэг бөгөөд тэрээр анхан шатны шүүх хуралдаанд 2022 онд энэ зээлийн асуудлаар ярилцаж байсан, Алтай хотхоны В1 давхрын компанийн үл хөдлөх эд хөрөнгө санал болгосон гэсэн тайлбар гаргаснаас үзэхэд нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө, 2022 онд хариуцагч зээлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж байсан гэж үзэхээр байна.

9. Тиймээс Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар 2022 онд хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх тул зээлийн гэрээний үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэх хариуцагч талын татгалзал үндэслэлгүй. Энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

10. Анхан шатны шүүх хариуцагчийн төлсөн төлбөрийг хасаж тооцон үндсэн зээлийн үлдэгдэл 15,560,000 төгрөг, зээлийн хүү 26,201,577 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,744,325 төгрөг нийт 46,505,902 төгрөгийг хариуцагч ******* ХХК-аас гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

11. Талууд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2018 оны 12 сарын 13-ны өдөр Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуцийн гэрээ/ байгуулж, 2011 онд үйлдвэрлэгдсэн ******* улсын дугаартай ******* маркийн *******арлын дугаартай ачааны автомашин, 2011 онд үйлдвэрлэгдсэн ******* улсын дугаартай ******* маркийн ******* арлын дугаартай чиргүүлийг ******* ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон. /хх-9-10/

Гэрээний 3.1, 3.4, 3.5 дахь заалтын агуулга, нэхэмжлэгч хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлсэн /хх11-12 дугаар тал/ байдлаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-ний харилцаа үүссэн байна.

12. Нэхэмжлэгч нь нэмэлт үүрэг болох фидуцитэй холбоотой шаардлагын үндэслэлээ хэрхэн тодорхойлсныг анхан шатны шүүх анхаараагүй, мөн фидуцийн агуулга, үүргийн гүйцэтгэлийг хангуулах нөхцөл, журмыг хуульд нийцүүлэн дүгнээгүйг зөвтгөх шаардлагатай гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

13. Нэхэмжлэгчийн тодорхойлсон нэхэмжлэлийн үндэслэлээс үзвэл, тэрээр зээлийн мөнгөн хөрөнгийг мөнгөн хэлбэрээр хариуцагчаар буцаан төлүүлэхээр шаардсан байна. Үүний зэрэгцээ нэхэмжлэлд фидуцийн гэрээний дагуу хөдлөх хөрөнгийг шилжүүлэхийг даалгуулах агуулгаар шаардлагаа томъёолсон байх боловч үндэслэл тодорхой бус буюу Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсгийн агуулгаар шаардаагүй байх ба хариуцагч уг асуудлаар тайлбар гаргаж мэтгэлцээгүй байна. Үүнээс үзэхэд, нэхэмжлэгч нь фидуцийн зүйлийг эзэмшилдээ шилжүүлэх замаар зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлэхээр шаардлагаа тодорхойлоогүй байна.

Иймээс шүүхийн шийдвэрт заасан мөнгийг хариуцагч сайн дураар төлөөгүй нөхцөлд нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлд шилжсэн фидуцийн зүйлийг эзэмшилдээ шилжүүлэхээр шаардах боломжтой болох бөгөөд фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасан нь шүүхийн шийдвэр хэрхэн биелэгдэх нь тодорхой бус болжээ.

14. Тиймээс хариуцагчаас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах агуулгаар гаргасан давж заалдах гомдлын хүрээнд 2011 онд үйлдвэрлэгдсэн ******* улсын дугаартай ******* маркийн *******арлын дугаартай ачааны автомашин, 2011 онд үйлдвэрлэгдсэн ******* улсын дугаартай ******* маркийн ******* арлын дугаартай чиргүүлийг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэгчид шилжүүлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

15. Мөн Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар нотариатын зардал 31,500 төгрөгийг шаардах эрхтэй гэж дүгнэж, хариуцагч ******* ХХК-аас нотариатын зардал 31,500 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь зөв байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч талын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 19-ний өдрийн 192/ШШ2025/04255 дугаар шийдвэрийн

Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул 2011 онд үйлдвэрлэгдсэн ******* улсын дугаартай ******* маркийн *******арлын дугаартай ачааны автомашин, 2011 онд үйлдвэрлэгдсэн ******* улсын дугаартай, ******* маркийн ******* арлын дугаартай чиргүүлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэгчид шилжүүлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

Тогтоох хэсгийн 3 дахь заалтын 460,837.01 гэснийг 390,637 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч *******оос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

 

Ж.ЛХАГВАСҮРЭН