Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 00964

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 1 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2016/00964

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Төв аймгийн Зуунмод сум, 1-р баг, Номт сэрүүн дэнж, 1-р байрны 1 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр ЖЯ46051691, Боржигон овогт Шаравын Амарсайханы нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 19-р хороо, 8-р байр, 2-р орцны 00 тоот, “Титэм гранд” ХХК,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 19-р хороо, 8-р байр, 2-р орцны 00 тоотод оршин суух, “Титэм гранд” ХХК-ний менежер ажилтай, регистр ТЕ82121961, Харнууд  овогт Батцэндийн Сайнзаяа нарт холбогдох ажил гүйцэтгэх гэрээ цуцалсны улмаас учирсан хохирол 22 668 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг тус тус хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Дуламжав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Лхагвасүрэн нар оролцов.

                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Дуламжав шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2012 оны 07-р сард зурагтаар гарсан “барилга барина” гэсэн зарын дагуу бид Б.Сайнзаяатай уулзсан. Ш.Амарсайхан нь Титэм гранд ХХК-тай барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Төв аймгийн Зуун мод сумын Номт 1-р баг, Хуульчдын хотхонд 0.07 га газарт амины орон сууц бариулахаар тохирсон. 2012 оны 07-р сарын 25-ны өдөр Сайнзаяа, Хурцбаатар нар ирж уулзсан бөгөөд бид хүүхдийнхээ 2 өрөө байрыг барьцаалж 2012 оны 07-р сарын 27-ны өдөр Төв аймгийн Хас банкнаас 20 000 000 төгрөгийн зээл авсан. Анх 9 000 000 төгрөгийг урьдчилгаа төлбөрт өгөхөөр тохиролцсон байсан боловч “материалаа сайн татъя, мөнгө хэрэгтэй” гээд  Хурцбаатар, Сайнзаяа нар нь 15 000 000 төгрөгийг бэлнээр авч, барилга барих газарт хэмжилт хийсэн. Ажлыг 2012 оны 07-р сарын 30-наас 2012 оны 11-р сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд барьж хүлээлгэж өгөхөөр тохиролцсон. Гэвч 7-р сарын 28-нд 1 портер элс, хэдэн шуудай цемент, 4 ажилтан ирсэн, өөрсдөө ирээгүй. Барилгыг хариуцаж бариулах хүн байхгүй байсан учраас манай нөхөр “фундамент битгий цутгаарай” гэтэл шөнө нь цутгасан байсан. Гэтэл хазгай муруй болсон байсан учраас тэд нарт хэлэхэд өөрсдийн зардлаар засчихна гээд өрлөг эхлүүлсэн. 1-р давхрын цонх хүртэл өрлөг хийгээд ажилчид нь хаяад явсан. Ингээд Хурцбаатар, Сайнзаяа нарт цааш нь хийлгэхгүй гэдгээ хэлээд гэрээнд өөрчлөлт оруулъя гэж хэлсэн. Хариуцагч нар нэг ч удаа ирээгүй, ингээд 2012 оны 08-р сарын 10-ны өдөр “барилгыг өөрийн хөрөнгөөр барьж өгнө” гэж гэрээнд өөрчлөлт оруулсан. Үүнээс хойш ирэхгүй байсан учраас хайсаар байгаад олж уулзахад Нүхтэд барилга барьсан, барилгаас хүүхэд унаад асуудал гарсан гээд дахин 2 600 000 төгрөг авсан. Бид 2012 оны 9-р сарын 18-нд гэрээнд өөрчлөлт оруулсан. Ийм байдлаар хэд хэдэн удаа өөрчлөлт оруулсан боловч гүйцэтгэгч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, гэрээ цуцалсан нь биднээс шалтгаалаагүй. Иймд гэрээний үүргээ биелүүлээгүй тул Иргэний хуулийн 343-р зүйлийн 343.1, 343.2, 343.3, 355-р зүйлийн 355.1, 355.2, 358-р зүйлийн 358.1, Барилгын ажил гүйцэтгэх гэрээний 4.2.2 дахь хэсэгт заасны дагуу Титэм гранд ХХК-иас урьдчилгаа 15 000 000 төгрөг, алданги 7 500 000 төгрөг, нотариатын зардал 4 500 төгрөг, унааны зардал 164 000 төгрөг нийт 22 668 000 төгрөгийн хохирлоо гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч Д.Хурцбаатар шүүхэд гаргасан тайлбартаа: Титэм гранд ХХК нь 2012 оны 7-р сард иргэн Ш.Амарсайхантай барилга бариулах гэрээ хийж гэрээний дагуу захиалагч талаас 15 000 000 төгрөгийг манай төлж барилгын ажлыг эхлүүлсэн. Барилгын суурийн ажил дуусч, өрлөгийн ажил 1 давхарын 1 м орчим өндөртэй өрлөг өрөгдөж байх үед захиалагч талаас бидний ажилд оролцож ажилчдыг шалтгаангүй үндэслэлээр хөөж явуулах зэрэг зохисгүй байдал байнга гаргаж байсан тул арга буюу ажлыг зогсоосон. Манай талаас уг барилгад нийт 7 255 000 /зөвхөн материал, ажлын хөлс, тээврийн зардал, ажилчдын хоол/ төгрөгийн зардлыг оруулж тооцсон тул нийт төлсөн 15 000 000 төгрөгөөс хасуулж төлөх хүсэлттэй байна гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                                                            ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.Амарсайхан нь “Титэм гранд” холбогдох ажил гүйцэтгэх гэрээ цуцалсны улмаас учирсан хохирол 22 668 000 төгрөг гаргуулахыг нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 21 005 000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 1 663 000 төгрөгийн нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж дүгнэлээ.

 

Ш.Амарсайхан нь “Титэм гранд” ХХК-тай 2012 оны 07-р сарын 30-ны өдөр  12/03 тоот “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж Төв аймгийн Зуун мод сум, 1-р багийн нутаг Хуульчдын хотхонд 136 м.кв талбай бүхий амины орон сууц барих ажлыг 2012 оны 11-р сарын 1-ний дотор гүйцэтгүүлэх, захиалагч ажлын хөлс 61 000 000 төгрөг төлөхөөр /хх 13-19/ тохирчээ. Талуудын хооронд  Иргэний хуулийн 343-р зүйлд заасан “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байна.

 

Захиалагч нь гүйцэтгэгч “Титэм гранд ХХК-д урьдчилан 15 000 000 төгрөгийг төлж,  гүйцэтгэгч нь хэмжилтээ хийж, суурь цутгах, өрлөг хийх ажлыг эхлүүлсэн боловч барилгын зураг төсөлгүй, гүйцэтгэгч талаас мэргэжлийн инженер, удирдах хүн ажиллаагүй, хяналтаа тавиагүйгээс суурийн цутгалт, өрлөгийн ажил нь чанарын шаардлага хангаагүй,  үүний улмаас талуудын хооронд маргаан гарч 2012 оны 8-р сарын 10-ны өдөр, 2012 оны 09-р сарын 18-ны өдөр /хх 23/ , 2012 оны 10-р сарын 01-ний өдөр /хх 24-25/, 2012 оны 10-р сарын 08-ны өдөр /хх 30/ тус тус гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулжээ.

 

Эдгээрээс дүгнэвэл, захиалагч Иргэний хуулийн 225-р зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гүйцэтгэгч Титэм гранд ХХК-д үүргээ гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоож өгсөн, харин гүйцэтгэсэн ажлын доголдлыг өөрийн хөрөнгөөр арилгаж дахин гүйцэтгэх, хохирол арилгахаар тохирсон хэдий ч үр дүн гаргаагүй байна. Улмаар 2012 оны 10-р сарын 24-ний өдөр талууд “Төлбөр барагдуулах хэлцэл” /хх 33/ хийснээр Иргэний Хуулийн 355-р зүйлийн 355.1, 355.2-т зааснаар захиалагч гэрээгээ цуцалсан, гэрээ цуцалснаас учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй  байна.

 

Нэхэмжлэгч нь гүйцэтгэгчид шилжүүлсэн 15 000 000 төгрөг, алданги 7 500 000  төгрөг, нотариатын зардал 4 500 төгрөг, замын зардал 164 000 төгрөг нийт 22 668 500 төгрөгөөр хохирсон гэж шаардсан байх ба хариуцагч нь гэрээ цуцалсан талаар маргаагүй боловч  материал, ажлын хөлс, тээврийн зардал, ажилчдын хоолны зардалд 7 255 000 төгрөгийн зардал гарсныг хасч тооцуулахыг хүсчээ.

 

Эдгээр зардлын баримтуудаас 2012 оны 11-р сарын 06-ны өдөр ХААН банкаар нэхэмжлэгчид шилжүүлсэн 226 000 төгрөг /хх 120/, газарт цэг тавих зардалд 200 000 төгрөг /хх 121/, цутгалтын ажил гүйцэтгэсэн М.Цогтбаатарт шилжүүлсэн 480 000 төгрөг /хх 128-129/, суурийн ажлын зардалд 200 000 төгрөг /хх 136/ зарцуулсан нийт 1 106 000 төгрөгийг 15 000 000 төгрөгөөс хасч тооцох үндэслэлтэй байна.

 

Харин барилгын ажил гүйцэтгэх шатанд хариуцагч нь 2012 оны 7-р сарын 30-наас хойш ямар ч барилгын материал татаагүй нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрээний нэмэлт өөрчлөлт зэрэг баримтуудаар тогтоогдсон байх тул 2012 оны 7-р сарын 30-наас хойшх хугацааны зардлын баримтуудад тусгагдсан зардал /хх 123-124, 126, 127/, хэргийн 122 дахь хуудсанд авагдсан баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй, барилга дээр Бахыткал, Ням, Пүрэвжав гэдэг хүмүүс ажиллаагүй гэх тул тэдгээрт шилжүүлсэн мөнгийг /хх 125, 130-135/    зардлаас хасч тооцох үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас Улаанбаатар, Төв аймгийн хооронд явсан замын зардал 164 000 төгрөгийн /хх 65-102/ талаар тайлбар өгөөгүй тул хүлээн зөвшөөрсөнд тооцож, харин нотариатын зардал 4 500 төгрөг нь нэхэмжлэлийн бүрдүүлбэрийн шаардлагатай холбоотой тул хариуцагчаас гаргуулах шаардлагагүй.

 

Иймд Ш.Амарсайханы 22 668 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас Титэм гранд ХХК-ний гүйцэтгэсэн ажлын хөлс 13 894 000 төгрөг, алданги 6 947 000 төгрөг,  унааны зардал 164 000 төгрөг нийт 21 005 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Титэм гранд ХХК-ний захирал Д.Хурцбаатар, Б.Сайнзаяа нарын эрүүгийн хэрэгт шалгагдаж байсан талаарх баримтууд /хх 35-40/, Ш.Дуламжавын Хас банктай байгуулсан 2012 оны 7-р сарын 27-ны өдрийн барьцаат зээлийн гэрээ /хх 41-64/, Осмо ХХК-ний хашаа байшингийн зуучлалын гэрээ /34, 104105/ зэрэг баримтууд нь нэхэмжлэлийн шаардлага, татгалзалтай хамааралгүй байна.

 

Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байх тул төлбөл зохих 271 290 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлого болгох, хариуцагч шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэх хүсэлт гаргасан тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

               

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                          ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 343-р зүйлийн 343.1, 355-р зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Титэм гранд” ХХК-иас 21 005 000 /хорин нэгэн сая таван мянга/ төгрөг гаргуулж Шаравын Амарсайханд олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 1 663 000 /нэг сая зургаан зуун жаран гурван мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58-р зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.Амарсайханаас 271 290 /хоёр зуун далан нэгэн мянга хоёр зуун ер/ төгрөг гаргуулан улсын орлого болгож, энэ хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Титэм гранд ХХК-иас 271 290 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

Шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

             

 

 

                        ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                  Р.АЛТАНТУЯА