Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 616

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Т.Сарантуяа,

Улсын яллагч: Г.Билгүүжин,

            Шүүгдэгч: А.А , түүний өмгөөлөгч Ж.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт А.А-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1818006020532 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, урьд Баянгол дүүргийн шүүхийн 2003 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 24 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг 01 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,

- Ховд аймгийн сум дундын шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 100 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан, ЧО-85012471 тоот регистртэй,

Шүүгдэгч А.А  нь 2018 оны 7 дугаар сарын 25-ны орой 23 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт Дархан сумын засаг даргын тамгын газар орчим иргэн А.Ж-гийн эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэн довтолж Самсунг Дуос /Samsung Duos/ маркийн гар утсыг дээрэмдэж авсан,

- 2018 оны 12 дугаар сарын 30-наас 12 дугаар сарын 31-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн Ард Аюушийн ..........тоотод байх иргэн Х.Г-ын монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтрэн орж Самсунг маркийн 19 инчийн зурагт болон хөгжмийг хулгайлж, 147.940 төгрөгийн хохирол учруулсан,

- Мөн 2019 оны 01 дүгээр сарын 10-наас 01 дүгээр сарын 11-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 13А байрны 907 тоотод иргэн Г.Э-гийн гэрээс Айфоне-8 маркийн гар утас 1 ширхэг, хар өнгийн эрэгтэй куртик 1 ширхэг, эрэгтэй ноосон цамц 1 ширхэг, шар өнгийн Тимберланд гутал 1 ширхэг, эрэгтэй жинсэн өмд 1 ширхэг, Желцин нэртэй архи 1 ширхэг, вино 1 ширхэг, мөнгөн бугуйвч 1 ширхэг, мөнгөн бөгж 1 ширхэг, мөнгөн ээмэг 1 хос, чулуун зүүлт, бугуйвч 1 хос, 1 ширхэг компот, 1 ширхэг тараг, 1 ширхэг хайрцагтай чихэр, Нокио 3310 маркийн 1 ширхэг гар утас, жүүс 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлан нийт 1.884.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

         Шүүгдэгч А.А ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Хийсэн хэргээ бүгдийг нь хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч А.Ж-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Сумын буудал дээр байдаг сандалнууд дээр 3 хүн сууж байсан. 2 нь тусдаа 1 нь ганцаараа байсан. Би өнгөрөөд явж байсан чинь ганцаараа сууж байсан эрэгтэй “чи намайг Дарханд авч ирчихээд инэгээд хаячихаж болж байгаа юм уу” гэх мэтчилэн юм яриад байсан. Тэгсэнээ намайг “хөөе цуг явъя” гэхээр нь би “юу яриад байгаа юм” гэж хэлээд явсан. Тухайн үед би бас утсаар яриад явж байсан. Шунхлай клонкийн хажууд явж байтал нэг хүн амьсгаадах шиг болохоор нь эргээд харах гэтэл миний араас нэг хүн боогоод доош нь харуулж унагаад дээр гарч хэвтсэн, “хөөе яагаад байгаа юм бэ” гэсэн чинь дуугараагүй. Тэгсэн миний утсыг булааж авахаар нь би утсаа эргүүлээд булаагаад авсан. Тэгээд би утсаа атгачихаад тавихгүй байсан чинь миний гарыг тавиулж утас авах гээд зууралдаад байсан. Манай найз Бумбарай тэр Шунхлай колонкод ажилладаг юм. Тэгээд би Бумбарай гээд орилсон чинь манай найз эхнэр хүүхэдтэйгээ гарч гүйж ирсэн. Тэгсэн нөгөө залуу миний утсыг аваад зугтачихсан. Тэгсэн манай найз араас нь хөөсөн чинь миний утсыг зам дээр шидчихээд цаашаа зугтсан...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 2-3/,

Хохирогч Г.Э-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 10-ны орой 19 цагийн орчимд манай гэрт манай ажлын хүмүүс ирсэн. Тэгээд гэрт ирсэн хүмүүсдээ хоол хийж өгч архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэгээд 2019 оны 01 дүгээр сарын 11-ний шөнө 01 цагийн орчимд ажлын газрынхаа хүмүүстэй хамт гадагшаа бааранд орохоор гарсан. Гадагшаа гараад модны хоёрын Алмааз нэртэй бааранд орж бүжиглэж байгаад 03 цагийн орчимд тус баарнаас гарч бүгд гэр, гэр рүүгээ харьцгаасан. Би гэртээ ороод эд зүйлсээ шалгаж үзэхэд 1 шил желзин нэртэй цагаан архи, 1 шил вино, айфоне 8 маркийн гар утас, манай нөхрийн өмсөж байсан хар өнгийн куртик, хар жинсэн өмд, гутал, саарал өнгийн ноосон цамц, улаан хүрэн өнгийн ноосон цамц, мөнгөн бугуйвч, мөнгөн бөгж, мөнгөн ээмэг, анар чулуун бугуйвч, анар чулуун зүүлт зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандаж байна. ...надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 241-243/,

Иргэний нэхэмжлэгч Л.И-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2019 оны 01 дүгээр сарын 10-ны үеэр байхаа сар өдрийг нь сайн санахгүй байна, ямарч байсан өглөөгүүр гэрээсээ гараад дэлгүүр орох гээд алхаж байтал нэг танихгүй залуу над дээр ирээд “би танай урд гудамжны айлын хүн байгаа юм, та намайг танихгүй байна уу” гээд байсан. Тэгээд “энэ миний утас байгаа юм, манай эгч надад өгсөн” гэж хэлээд надад Айфоне маркийн хар өнгийн гар утас үзүүлсэн. Би 100.000 төгрөгөөр зарна гэхээр нь би үзэж байгаад авахаар тохиролцоод би утсыг нь 100.000 төгрөгөөр худалдаж авсан. ...Тэгээд их удаагүй байж байтал хэд хоногийн дараа гэрт очоод нөгөө утсыг авсан байсан. ...надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 2-н 84-85/,

Хохирогч Х.Г-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2018 оны 12 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө 03 цагийн үед гэр рүүгээ ороход хаалганы цоож эвдэрчихсэн, хаалганы хажуу талд газар уначихсан байсан бөгөөд гэр рүүгээ ороход шүүгээн доторх хувцаснууд газар уначихсан, доторх зүйлсийг нураачихсан, үүдний хэсгийн унь, хана хугарчихсан, зурагт хөгжим байхгүй болсон байхаар би цагдаад дуудлага өгсөн юм. Манай хашаанд манай гэр хойд талд хоёр ширхэг өвлийн байшин байдаг бөгөөд тэр хоёр байшинд хүн байдаггүй, манай нөхөр урд том тэрэг барьдаг, би гэртээ ганцаараа байдаг юм. Тухайн үед би Сонгинохайрхан дүүргийн оюутан залуучуудын шинэ жилд орчихоод шөнө гэртээ орсон юм. Би 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 14 цагийн орчим гэрээсээ гарсан... Манай гэрээс 19 инчийн
Самсунг маркийн зурагт, хөгжим хоёр алдагдсан байсан.. надад одоо гомдол санал байхгүй. Би хохирлын 150.000 төгрөгийг гаргуулж авсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 1-н 148-150, 2-н 87/,

Сэжигтэнээр А.А ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэгээд хаалгыг нь онгойлгож харахад тус айл эзэнгүй байсан. Тэгээд би айгаад тэр айл руу оролгүй гарч явж байгаад буцаж тэр айл руу хулгай хийхээр орсон. Тус айлд ороод хамгийн түрүүнд үүдний шкафийг онгойлгож эрэгтэй хүний хар өнгийн куртик 1 ширхэг, саарал болон улаан хүрэн өнгийн ноосон цамц тус тус 2 ширхэг, хар өнгийн жинсэн өмд 1 ширхэг, бор өнгийн гутал 1 ширхгийг авч гаргаж тавиад цааш явж хөргөгчийг нь онгойлгоод цэнхэр өнгийн гялгар уут 1 ширхэгийг, шилтэй компот 1 ширхэг, 1 уут чихэр зэргийг бэлдэж тавьсан. Тэгээд том өрөөний сервант руу очиж дотор байсан баадан боодолтой шашны гэмээр эрх, бугуйвч гэх мэт эд зүйлс, 1 шил гадаад бичигтэй архи, 1 шил вино авч торондоо хийсэн. Тэгээд унталгын өрөө рүү орж орон дээрээс хар өнгийн Айфоне маркийн гадна талдаа хар өнгийн гэртэй гар утас халааслаад тэр айлаас гарч ганьтын байрны орцонд орж хулгайлсан хувцсаа сольж өмсөөд, цагаан архи задалж бага зэрэг уугаад гарсан. ...Би 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 19-20 цагийн орчим гадуур явж байгаад гэртээ очиж куртик авах гээд очиход манай хажуу талын 262 тоот айлын монгол гэр гэрэлгүй байхаар нь хашаа руу нь ороход гэрийнх нь хаалга цоожтой байхаар нь жорлонгийнх нь орчмоос хаалганы цоож хөшчмөөр хэрэггүй төмөр олоод цоожийг нь хөшиж онгойлгоод гэр рүү нь орж 14 инчийн хавтгай дэлгэцтэй Асер гэсэн бичигтэй байсан байхаа компьютерийн дэлгэц аваад гарч яван доод талын явган хүний гүүртэй далангийн зам дээр очоод дэлгэцээ зарах гэсэн боловч хүмүүс тоохгүй болохоор нь далан руу хаячихаад буцаж дахин хулгай хийсэн айл руугаа ороод өсгөгчийг нь аваад доошоо явж байгаад үл таних машинтай 2 эрэгтэй хүнд 13.000 төгрөгөөр зараад, зарсан мөнгөөрөө идэх зүйл авч идээд, ганцаараа архи авч уусан...” гэсэн мэдүүлэг /хх-н 1-н 163-164, 2-н 1, 2/,

Яллагдагчаар А.А ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...иргэн А.Ж-гийн Samsung duos маркийн гэр утсыг хүч хэрэглэж авахаар довтолсон үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Би хохирогч Жавхлангийн хохирол төлбөрийг төлж барагдуулсан байгаа. ...Би яллагдагчаар татсан тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулсан тогтоолтой уншиж танилцлаа. Надад уг тогтоолоос асууж тодруулах зүйл байхгүй. Би уг тогтоолтой санал нийлж байна...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 94-95, 2-н 94/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 1-н 121, 194/, Хохирогчийн өргөдөл /хх 1-н 122, 195/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 1-н 123-126, 196-198/, Эд зүйл бичиг баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 15-17/, Эд зүйлийн үнэлгээ /хх 1-н 19-21, 141-142, 237, 2-н 80-81/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 1-н 6-7, 44-46, 48-58, 62, 64-77, 110-119, 171-177, 2-н 18-26/, хохирогч нарын хүсэлт /хх 1-н 133/, Эрүүгийн хэргийг нэгтгэх прокурорын тогтоол /хх 1-н 190/, Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх 1-н 205-209, 211-213/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 1-н 210, 214/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч А.А  нь 2018 оны 7 дугаар сарын 25-ны орой 23 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт Дархан сумын засаг даргын тамгын газар орчим иргэн А.Ж-гийн эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэн довтолж Самсунг Дуос /Samsung Duos/ маркийн гар утсыг дээрэмдэж авсан,

- 2018 оны 12 дугаар сарын 30-наас 12 дугаар сарын 31-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн Ард Аюушийн ..........тоотод байх иргэн Х.Г-ын монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтрэн орж Самсунг маркийн 19 инчийн зурагт болон хөгжмийг хулгайлж, 147.940 төгрөгийн хохирол учруулсан,

- Мөн 2019 оны 01 дүгээр сарын 10-наас 01 дүгээр сарын 11-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 13А байрны 907 тоотод иргэн Г.Э-гийн гэрээс Айфоне-8 маркийн гар утас 1 ширхэг, хар өнгийн эрэгтэй куртик 1 ширхэг, эрэгтэй ноосон цамц 1 ширхэг, шар өнгийн Тимберланд гутал 1 ширхэг, эрэгтэй жинсэн өмд 1 ширхэг, Желцин нэртэй архи 1 ширхэг, вино 1 ширхэг, мөнгөн бугуйвч 1 ширхэг, мөнгөн бөгж 1 ширхэг, мөнгөн ээмэг 1 хос, чулуун зүүлт бугуйвч 1 хос, 1 ширхэг компот, 1 ширхэг тараг, 1 ширхэг хайрцагтай чихэр, Нокио 3310 маркийн 1 ширхэг гар утас, жүүс 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлан нийт 1.884.200 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч А.Ж-гийн: “...Шунхлай клонкийн хажууд явж байтал нэг хүн амьсгаадах шиг болохоор нь эргээд харах гэтэл миний араас нэг хүн боогоод доош нь харуулж унагаад дээр гарч хэвтсэн, “хөөе яагаад байгаа юм бэ” гэсэн чинь дугараагүй. Тэгсэн миний утсыг булааж авахаар нь би утсаа эргүүлээд булаагаад авсан. Тэгээд би утсаа атгачихаад тавихгүй байсан чинь миний гарыг тавиулж утас авах гээд зууралдаад байсан. Манай найз Бумбарай тэр Шунхлай колонкод ажилладаг юм. Тэгээд би Бумбарай гээд орилсон чинь манай найз эхнэр хүүхэдтэйгээ гарч гүйж ирсэн. Тэгсэн нөгөө залуу миний утсыг аваад зугтачихсан. Тэгсэн манай найз араас нь хөөсөн чинь миний утсыг зам дээр шидчихээд цаашаа зугтсан...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 2-3/, хохирогч Г.Э-гийн: “...2019 оны 01 дүгээр сарын 11-ний шөнө 01 цагийн орчимд ажлын газрынхаа хүмүүстэй хамт гадагшаа бааранд орохоор гарсан. ....гэртээ ороод эд зүйлсээ шалгаж үзэхэд 1 шил желзин нэртэй цагаан архи, 1 шил вино, айфоне 8 маркийн гар утас, манай нөхрийн өмсөж байсан хар өнгийн куртик, хар жинсэн өмд, гутал, саарал өнгийн ноосон цамц, улаан хүрэн өнгийн ноосон цамц, мөнгөн бугуйвч, мөнгөн бөгж, мөнгөн ээмэг, анар чулуун бугуйвч, анар чулуун зүүлт зэрэг эд зүйлс алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 241-243/, иргэний нэхэмжлэгч Л.И-ийн: “...Би 2019 оны 01 дүгээр сарын 10-ны үеэр байхаа сар өдрийг нь сайн санахгүй байна, ямарч байсан өглөөгүүр гэрээсээ гараад дэлгүүр орох гээд алхаж байтал нэг танихгүй залуу над дээр ирээд “би танай урд гудамжны айлын хүн байгаа юм, та намайг танихгүй байна уу” гээд байсан. Тэгээд энэ миний утас байгаа юм, манай эгч надад өгсөн гэж хэлээд надад Айфоне маркийн хар өнгийн гар утас үзүүлсэн. Би 100.000 төгрөгөөр зарна гэхээр нь би үзэж байгаад авахаар тохиролцоод би утсыг нь 100.000 төгрөгөөр худалдаж авсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 2-н 84-85/, хохирогч Х.Г-ын: “...Би 2018 оны 12 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө 03 цагийн үед гэр рүүгээ ороход хаалганы цоож эвдэрчихсэн, хаалганы хажуу талд газар уначихсан байсан бөгөөд гэр рүүгээ ороход шүүгээн доторх хувцаснууд газар уначихсан, доторх зүйлсийг нураачихсан, үүдний хэсгийн унь, хана хугарчихсан, зурагт хөгжим байхгүй болсон байхаар би цагдаад дуудлага өгсөн юм. ...Манай гэрээс 19 инчийн Самсунг маркийн зурагт, хөгжим хоёр алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 1-н 148-150, 2-н 87/, эд зүйлийн үнэлгээ /хх 1-н 19-21, 141-142, 237, шинжээчийн дүгнэлтүүд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч А.А ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч” үйлдсэн гэмт хэргүүдийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч А.А  нь хохирогч А.Ж-гийн эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэн довтолж Самсунг Дуос /Samsung Duos/ маркийн гар утсыг дээрэмдэж авсан, хохирогч Х.Г-, Г.Э- нарын эд хөрөнгийг хулгайлж хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Хохирогч А.Ж-, Х.Г-, Г.Э-, иргэний нэхэмжлэгч Л.И- мөрдөн байцаалтын шатанд эд зүйлээ буцааж авсан, гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, бичгээр хүсэлт /хх-н 133/ гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч А.А ийг гэм буруутай гэж үзсэн бөгөөд энэ талаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь маргаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчид ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3 жил 1 сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сар хорих ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар нэмж нэгтгэн нийт 5 жил 2 сарын хорих ялыг, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчийн өмгөөлөгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хөнгөрүүлж ял оногдуулж өгнө үү гэсэн санал тус тус гаргасан болохыг дурдах нь зүйтэй.

Шүүх шүүгдэгч А.А ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, хохирогч нарын хохирлыг төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт тус тус заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн саналыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Шүүгдэгч А.А ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байх үедээ дахин гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдлыг харгалзаж ялыг хөнгөрүүлж оногдуулах боломжгүй гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар А.А эд оногдуулах хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А эд шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгч А.А ийн 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан 4 хоног, 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 159 хоног, нийт 163 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, 1905002790076 тоот хэргийг нэгтгэсэн, тусгаарласан хэрэггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч А.А ийг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

      -“хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч” үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

        2. Шүүгдэгч А.А ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 жил хорих ялаар,

             - “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 02 жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

        3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 02 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 02 жил хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 04 жилийн хугацаагаар тогтоосугай.

        4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар А.А эд оногдуулсан 04 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар А.А ийн урьд цагдан хоригдсон 163 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй1905002790076 тоот хэргийг нэгтгэсэн, тусгаарласан хэрэггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.А-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР