| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/01213/И |
| Дугаар | 1654 |
| Огноо | 2016-02-25 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 1654
| 2016 оны 2 сарын 25 өдөр | Дугаар 102/ШШ2016/01654
| Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 4-р хороо, 15-р хороолол, Американ дэнж, 44/2 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр ХЛ56032107, Боржигон овогт Шагдаржавын Чимгээгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэгийн 17-р хороо, 4-р хорооллын 27-р байрны 8 тоотод түр оршин суух, /Чингэлтэй дүүргийн 8-р хороо, Баруун тасганы 7-61 тоотод оршин суух бүртгэлтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, регистр ЧИ79122166, Боржигон овогт Галбадрахын Саранцэцэгт холбогдох орон сууцнаас албадан чөлөөлүүлэх, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 3 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн С.Нагашыбай, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Батсүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Лхагвасүрэн нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нагашыбай шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.Чимгээ нь Г.Саранцэцэгтэй 2013 оны 09-р сарын 04-ний өдөр “Орон сууц хөлслөх” болон “Зээлийн гэрээ” байгуулж, мөнгө зээлж, зээлсэн мөнгөний хүүд Баянгол дүүргийн 17-р хороо, 4-р хорооллын 27-р байрны 8 тоот байранд хөлслүүлж төлбөрт тооцохоор тохиролцсон. Гэрээний хугацаа дуусгавар болоход Чимгээ зээлсэн мөнгөө өгч чадаагүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07-р сарын 27-ны өдрийн 5110 тоот шийдвэрээр Чимгээгээс зээлийн гэрээний дагуу мөнгийг гаргуулахаар болсон. Ш.Чимгээ нь шүүхийн шийдвэрийг биелүүлж байгаа. Гэвч хариуцагч Г.Саранцэцэг нь 2015 оны 7-р сарын 4-нөөс хойш байрыг чөлөөлж өгөхгүй 7 сар амьдарч, энэ хугацааны хөлсийг төлөөгүй. Иймд байрыг албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан боловч 2016 оны 2-р сарын 6-ны өдөр байрыг чөлөөлж өгсөн. Иймд энэ нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Харин Г.Саранцэцэгт байрнаас гарахгүй бол түрээсийн төлбөрийг төлүүлнэ гэдгийг утсаар мэдэгдэж, удаа дараа шаардсан. Зуны сараас намрын сар болж ажил хичээл эхлэх үед байр түрээслэхээр хүмүүс очихоор Г.Саранцэцэг нь муухай, бохир, элдэв байдлаар худал хэлж сонирхож байсан хүмүүст буруу сэтгэгдэл үлдээн явуулдаг. Хариуцагч Г.Саранцэцэгээс 2015 оны 07-р сарын 04-ний өдрөөс хойш байранд хөлс төлөхгүй амьдарч хөрөнгөжсөн тжл 7 сарын түрээсийн төлбөрийг сарын 500 000 төгрөгөөр тооцож нийт 3 500 000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Батсүх шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр талууд гэрээ байгуулсан. Г.Саранцэцэг нь өөрийн өмчлөлийн байртай болохоор урьдчилгаа мөнгө цуглуулсан. Гэвч орон сууцны зээл авах бололцоогүй байсан тул Ш.Чимгээтэй харилцан тохиролцож зээлийн гэрээ, орон сууц хөлслөх гэрээ байгуулсан. Хариуцагч Г.Саранцэцэг нь шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу 2015 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 5110 дугаартай Ш.Чимгээгээс 21 000 000 гаргуулж, Г.Саранцэцэгт олгох шийдвэр гарсан. Хариуцагч нь Ш.Чимгээгээс зээлсэн мөнгөнийхөө хүү төлбөрт нь тус байранд амьдарсан. Барьцааны гэрээ байгуулах гэсэн боловч байранд амьдарч байгаа учраас 1 жилийн дараа төлбөрийг өгнө гэж ярилцаж байсан. Г.Саранцэцэг нь шүүхийн шийдвэр гарсны дараа мөнгөө авмаар байна, байрыг хүлээлгэж өгөхийг шаардсан боловч зээлсэн мөнгөө өгөөгүй. 2015 оны 10 дугаар сараас хойш Г.Саранцэцэг нь Ш.Чимгээгийн өмчлөлийн байранд амьдраагүй. Нэхэмжлэгч ямар үндэслэлээр нэхэмжилж байгаа нь тодорхой бус байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.Чимгээ нь Г.Саранцэцэгт холбогдох орон сууцнаас албадан чөлөөлүүлэх, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 3 500 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгч нь орон сууц чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлээсээ татгалзсан, харин 3 500 000 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлагаас 3000 000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Ш.Чимгээ нь Г.Саранцэцэгтэй 2013 оны 09-р сарын 04-ний өдөр “Орон сууц хөлслөх” болон “Зээлийн гэрээ” байгуулж, 18 000 000 төгрөгийг 10 сарын хугацаатай зээлж, сарын хүүг 500 000 төгрөгөөр тохирч хүүнд нь Баянгол дүүргийн 17-р хороо, 4-р хорооллын 27-р байрны 08 тоот сууцанд зээлдүүлэгчийг суулгахаар харилцан /хх 12, 13/ тохирчээ.
Зээлдэгч Ш.Чимгээ зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс талууд маргаж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07-р сарын 27-ны өдрийн 5110 тоот шийдвэрээр Ш.Чимгээгээс 21 000 000 төгрөг гаргуулж Г.Саранцэцэгт олгохоор шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр /хх 10, 11/ хүчин төгөлдөр байна.
Зээлдэгч Ш.Чимгээ нь шүүхийн шийдвэрийг биелүүлж байгаа талаар талууд маргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд буюу 2016 оны 02-р сарын 06-ны өдөр хариуцагч Г.Саранцэцэг сууцыг чөлөөлж хүлээлгэн өгч баримт үйлдсэн нь зохигчийн тайлбар, байр хүлээлцсэн баримтаар /хх 23/ тус тус тогтоогдсон энэ үндэслэлээр нэхэмжлэгч энэ нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна.
Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноор, өөрөөр хэлбэл, зээлдэгчийн төлбөл зохих үүргийг шийдвэрлэснээр Г.Саранцэцэг нь түүний байранд суух үүрэг нэгэн адил дуусгавар болох бөгөөд харин тухайн сууцанд 2015 оны 7-р сарын 27-нөөс 2016 оны 2-р сарын 6-ныг хүртэл хөлс төлөхгүйгээр амьдарсан нь буруу байна.
Нэхэмжлэгч Ш.Чимгээ нь байраа хөлслүүлэх тухай зарыг “Зар мэдээ”, “Шуурхай зар” зэрэг сонинд өгч байсан /хх 27-31/ нь тогтоогдсон, хариуцагч үүрэг дуусгавар болсноос хойш түүний сууцанд 6 сар амьдарсан хугацааг сарын 500 000 төгрөгөөр тооцож 3000 000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 492-р зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Галбадрахын Саранцэцэгээс 3 000 000 /гурван сая/ төгрөг гаргуулж Шагдаржавын Чимгээд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 500 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар Г.Саранцэцэгээс Баянгол дүүргийн 17-р хороо, 4-р хорооллын 27-р байрны 08 тоот сууцыг чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч Ш.Чимгээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2, 106-р зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 141 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Г.Саранцэцэгээс 61 250 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.Чимгээд олгосугай.
Шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА