| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батдолгорын Энхбаатар |
| Хэргийн индекс | 168/2019/0220/Э |
| Дугаар | 225 |
| Огноо | 2019-08-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ч.Мөнхзул |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 225
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч Ч.Мөнхзул
Шүүгдэгч А.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт А.А-д холбогдох эрүүгийн 1921дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1979 оны 02 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, операторчин мэргэжилтэй, тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл гэх, ЖЬ регистрийн дугаартай, Ш овогт А,А.
Шүүгдэгч А.А нь 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 13 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг 50 дугаар байрны гадна эхнэр Д.Оюунсайхантай маргалдан улмаар зодож биед нь зүүн дээд, доод зовхи, хацар, баруун шуунд цус хуралт, зүүн дээд, доод зовхи, хацар шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч А.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйл байхгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч Д.Оюунсайхан мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр манай нөхөр А.А гаднаас согтуу орж ирээд хүүхдүүдтэйгээ тоглож байгаад 2 настай охин Дэлгэрсайханыг уйлуулчихаар нь би нөхөртөө хандаж согтуу ирэхээрээ дандаа хүүхдээ шоглож уйлуулах юм, чамаас хүүхдүүд чинь айгаад байна гэж хэлээд гэрээс хөөхөд манай нөхөр гарахдаа миний төрсөн ээж болох 80 настай Будыг “чи үхээч хөгшин шулам” минь гэж хэлсэн. Улмаар А гадаа гараад цонх руу чулуу шийдээд хараалын үг хэлээд байхаар нь би цагдаад хандаад цагдаагийн алба хаагч иртэл байлгах санаатай гадаа гарахад надтай хэрүүл маргаан хийгээд байхаар нь би нөхөртөө хандаж “би танай аав Алтангэрэлийг доромжлоод байвал чамд ямар байх вэ?” гэж хэлэхэд манай нөхөр А уурлаад чи манай аавын нэрийг дууддаг хэн бэ? гэж хэлээд шууд миний нүүрэн тус газарт гараараа 4-5 удаа цохьсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 468 тоотын дүгнэлтийн хэсэгт: "1. Д.Оюунсайханы биед зүүн дээд, доод зовхи, хацар, баруун шуунд цус хуралт, зүүн дээд, доод зовхи, хацар шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх-ийн 19/
-Шүүгдэгч А.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 24-26/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч А.А нь 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 13 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг 50 дугаар байрны гадна эхнэр Д.Оюунсайхантай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар хохирогчийг зодож биед нь зүүн дээд, доод зовхи, хацар, баруун шуунд цус хуралт, зүүн дээд доод зовхи, хацар шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч А.Агийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлж өгсөн: “...Би 2019 оны 07 дугаар сарын 19-ний өглөө ... цэргийн ангиас 24 цагийн хугацаатай үүрэг гүйцэтгээд буугаад гэр рүүгээ явж байх хугацаандаа Хэрлэн сумын 6 дугаар багийн 54 дүгээр байранд байдаг найз Батболдын гэр рүү орж ... архи, пиво уусан. ... миний хувьд 12 цаг өнгөрч байхад тэдний гэрээс гараад шууд гэр рүүгээ явсан. ... улмаар гэртээ ирэхэд манай гэрт эхнэр, хадам ээж, хүүхдүүд байсан бөгөөд 2 хүүхэдтэйгээ тоглож байхад 2 настай охин Дэлгэрсайхан уйлсан бөгөөд үүнээс болж манай эхнэр Оюунсайхан надад уурлан ”чи дандаа согтуу ирэхээрээ хүүхэд шоглоод байдаг биз дээ, гар зайл” гээд намайг гэрээс хөөсөн. ... би уурандаа нүүрэн тус газарт нь гараараа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-26/, түүнийг давхар нотолсон хохирогч Д.Оюунсайханы өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр ... манай нөхөр А уурлаад чи манай аавын нэрийг дууддаг хэн бэ? гэж хэлээд шууд миний нүүрэн тус газарт гараараа 4-5 удаа цохьсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 468 тоот дүгнэлт /хх-ийн 19/ болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хохирогч Д.Оюунсайханы биед учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч А.А*гийн хохирогч Д.Оюунсайханы нүүрэн тус газарт нь 4-5 удаа зангидсан гараараа цохисон санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч А.А-д холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, үнэн зөв гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналыг хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана”, мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж тус тус заасан байх бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэх санал гаргасныг харгалзан түүнд ял оногдуулбал зохино.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Тогтоол хүчин төгөлдөр болмогц бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч А.А-гийн ЖЬ регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлбэл зохино.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ш овогт А,А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А,А-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-гийн цалин, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч А.Ад мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч А.А-гийн ЖЬ регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч А.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЭНХБААТАР