| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжид Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 191/2025/00568/И |
| Дугаар | 210/МА2025/01522 |
| Огноо | 2025-09-08 |
| Маргааны төрөл | Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө, компаний хувьцаа, бусад үнэт цаасны маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 210/МА2025/01522
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 21-ний өдрийн 191/ШШ2025/04583 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч *******-д холбогдох
*******-ийн 2024 оны 10 сарын 16-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хуралд бичгээр ирүүлсэн саналыг тоолж баталгаажуулахгүй байгаа хууль бус үйлдлийг тогтоох, *******-ийн 2024 оны 10 сарын 16-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр, тэмдэглэлийг үйлдэж, баталгаажуулахыг даалгах, хувьцаа эзэмшигчийн өөрчлөлтийг бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгүүдийг бүрдүүлэн хуулийн этгээдийн улсын бүртгэлд хүргүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ж.Лхагвасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ******* /цахимаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******ийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
1.1. *******-ийн 51 хувийн хувьцааг ******* ХК, 34.3 хувийн хувьцааг *******, 14.7 хувийн хувьцааг ******* эзэмшдэг. ******* өөрийн эзэмшлийн хувьцаагаа бүхэлд нь гуравдагч этгээдэд худалдахаар болж уг саналаа Компанийн тухай хуулийн 5.4 заалт болон Компанийн дүрмийн 6.11-д заасны дагуу *******-д 2023 оны 12 сарын 29-ний өдөр бичгээр мэдэгдсэн. Мэдэгдэлд заасан хугацаанд бусад хувьцаа эзэмшигч нар хувьцааг тэргүүн ээлжинд худалдан авах эрхээ хэрэгжүүлэхээс татгалзсан тухай мэдэгдлээ ирүүлсэн тул 2024 оны 05 сарын 15-ны өдөр *******тэй хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулж, өөрийн эзэмшлийн 14.7 хувийн хувьцаагаа шилжүүлэхээр болсон.
******* дээрх гэрээний дагуу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхэд буюу гэрээний зүйл болох хувьцааг шилжүүлэн өгөхөд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3.2-т заасны дагуу эрх шилжүүлж байгаа тухай үүсгэн байгуулагчийн шийдвэр /тогтоол/, хурлын тэмдэглэл шаардлагатай болсон тул *******-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хийх санал, шаардлагыг гүйцэтгэх захиралд хүргүүлсэн.
Уг саналыг гүйцэтгэх захирал хүлээн авч, 2024 оны 10 сарын 16-ны өдөр Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг *******-ийн Хувьцаа эзэмшигчдийн гэрээний 10.5 дугаар зүйлд заасны дагуу бичгээр хийхээр тогтоосон ба дараах асуудлыг хэлэлцэхээр болсон.
Улмаар 2024 оны 10 сарын 16-ны өдөр компанийн бүх хувьцаа эзэмшигчид буюу 100 хувийн ирцтэйгээр бичгээр өөрсдийн саналаа хүргүүлсэн ба 34.3 хувийн хувьцаа эзэмшигч ******* татгалзсан, 51 хувийн хувьцаа эзэмшигч ******* ХК, 14.7 хувийн хувьцаа эзэмшигч ******* нар зөвшөөрсөн саналыг тус тус өгсөн байдаг.
Хувьцаа эзэмшигчдийн хурлыг бичгээр хийсэн нөхцөлд ирүүлсэн саналыг Компанийн тухай хуулийн 73 дугаар зүйлийг баримтлан шийдвэр гаргахаар Хувьцаа эзэмшигчдийн гэрээний 10.5 дугаар зүйлд заасан, Компанийн дүрмийн 5.6-д Нийт хувьцаа эзэмшигчдийн олонх оролцсоноор тухайн хурал хүчин төгөлдөр болно.
Хэлэлцэх асуудалд бичгээр ирүүлсэн саналыг ирцэд оруулан тооцно гэж заасан. Компанийн хуулийн 73 дугаар зүйлд заасны дагуу хувьцаа эзэмшигчдээс ирүүлсэн бичгийн саналыг тооллогын комисс тоолж, Компанийн дүрмийн 5.10-т Хувьцаа эзэмшигчдийн хурлаас дэлгэрэнгүй тэмдэглэл, тогтоол зэрэг баримт бичиг үйлдэгдэнэ гэсний дагуу *******-аас уг хурлын шийдвэрийг баталгаажуулах үүргийг хүлээсэн байдаг.
Гэтэл компани нь 2024 оны 10 сарын 16-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг тоолж, баталгаажуулах үүргээ гүйцэтгэхээс үндэслэлгүйгээр татгалзаж, өнөөдрийг хүртэл 2024 оны 10 сарын 16-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хуралд ирүүлсэн хувьцаа эзэмшигч нарын саналыг тоолж, шийдвэрийг баталгаажуулаагүй байна.
*******-ийн уг хууль бус эс үйлдэхүйгээс болж *******ийн Компанийн тухай хуулийн 64 дүгээр зүйлд заасан хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох, санал өгөх болон өөрийн эзэмшлийн хувьцааг бусдад шилжүүлэх захиран зарцуулах, эрх шилжүүлэх өөрчлөлтийг Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт заасан баримт бичгүүдийг бүрдүүлэн бүртгүүлэх, Компанийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасан хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр, тэмдэглэлтэй танилцах, уг шийдвэрт Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлд заасан журмаар гомдол гаргах зэрэг эрхийг хэрэгжүүлэх боломжгүй болж хуульд заасан хувьцаа эзэмшигчийн эрх нь зөрчигдөж байна.
Иймд *******-ийн 2024 оны 10 сарын 16-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хуралд бичгээр ирүүлсэн саналыг тоолж баталгаажуулахгүй байгаа хариуцагчийн хууль бус үйлдлийг тогтоож, хувьцаа эзэмшигчдийн ирүүлсэн саналыг тоолж, тус хурлын тогтоол, тэмдэглэлийг баталгаажуулахыг хариуцагчид даалгаж өгнө үү.
1.2. *******-д үүсээд байгаа бодит нөхцөл байдал бол хувьцаа эзэмшигч ******* өөрийн эзэмшлийн 14.7 хувийн хувьцааг Компанийн тухай хуульд заасны дагуу гуравдагч этгээдэд худалдсантай холбоотойгоор Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу хувьцаа эзэмшигчийн өөрчлөлтийг бүртгүүлэх тухай асуудал болохоос компанийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах тухай биш юм. Компанийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.4 дэх хэсэгт зааснаар *******-ийн 2024 оны 10 сарын 16-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын санал хураалтын дүн буюу хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэх асуудлаар хуралд оролцсон хувьцаа эзэмшигчдийн 65,7 хувийн саналаар дэмжигдэж, 34.3 хувийн саналаар татгалзсан талаарх шийдвэр, хурлын тэмдэглэлийг хариуцагч гаргаж баталгаажуулах үүрэгтэй байна.
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт заасанчлан баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл, эрх шилжүүлж байгаа тухай үүсгэн байгуулагчийн шийдвэр /тогтоол/, хурлын тэмдэглэл, дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлт, Иргэний хуульд заасан холбогдох гэрээ, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримт бичгүүдийг бүрдүүлэхээр байна. Иймд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт зааснаар хувьцаа эзэмшигчийн өөрчлөлтийг бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгүүдийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт хүргүүлэхийг *******-д даалгах тухай гэж нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж байна.
1.3. Компанийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 болон компанийн дүрмийн 5.10-т заасан үүргээ биелүүлж, 2024 оны 10 сарын 16-ны өдөр Хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр, тэмдэглэлийг үйлдэж баталгаажуулахыг *******-д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна.
*******-ийн 2024 оны 10 сарын 16-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хуралд бичгээр ирүүлсэн саналыг тоолж баталгаажуулахгүй байгаа хариуцагчийн хууль бус үйлдлийг тогтоох, *******-ийн 2024 оны 10 сарын 16-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр, тэмдэглэлийг үйлдэж, баталгаажуулахыг хариуцагчид даалгах, Хувьцаа эзэмшигчийн өөрчлөлтийг бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгүүд болох Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт заасан баримт бичгүүдийг бүрдүүлэн Хуулийн этгээдийн улсын бүртгэлд хүргүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:
2.1. *******-ийн 2024 оны 10 сарын 16-ны өдөр зарлагдсан Хувьцаа эзэмшигчдийн хурал (цаашид ХЭХ гэх)-ын хэлэлцэх асуудал нь Хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөнтэй холбоотойгоор компанийн дүрэмд өөрчлөлт оруулах талаарх шийдвэр хэлэлцэх тухай байсан. Мөн тус хуулийн 63 дугаар зүйлийн 63.5 болон 63.7-д заасны дагуу компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах буюу компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг батлах асуудлаар гаргах шийдвэр нь хуралд оролцож байгаа саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн саналын дийлэнх олонхын саналаар хүчин төгөлдөр болох нөхцөлийг хангах ёстой.
Уг ХЭХ-д хувьцаа эзэмшигчид 100 хувийн ирцтэйгээр санал хураалт явагдсан бөгөөд 34.3 хувийн хувьцаа эзэмшигч ******* дэмжээгүй, 51 хувийн хувьцаа эзэмшигч ******* буюу ******* ХК болон 14.7 хувийн хувьцаа эзэмшигч ******* дэмжсэн саналыг тус тус өгсөн. Ингэснээр нийт 34.3 хувь нь дэмжээгүй, 64.7 хувь нь дэмжсэн байна. Монгол Улсын Дээд шүүхийн 2007 оны 27 дугаар Компанийн тухай Монгол Улсын хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай тогтоолд дийлэнх олонхын санал гэдэг нь хуралд оролцсон үүсгэн байгуулагчдын гуравны хоёр буюу 66.6-иас дээш хувийн санал хураагдсан тохиолдолд хүчин төгөлдөр болохыг тайлбарласан.
*******-ийн 2024 оны 10 сарын 16-ны өдөр зарлагдсан ХЭХ-ын хэлэлцэх асуудал Хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөнтэй холбоотойгоор компанийн дүрэмд өөрчлөлт оруулах талаарх шийдвэр хэлэлцэх нь дийлэнх олонхын санал аваагүй тул ХЭХ-аас шийдвэр гарах хууль зүйн үндэслэл хангагдаагүй, өөрөөр хэлбэл уг шийдвэр хүчин төгөлдөр бус байна.
*******-д ХЭХ-ын тогтоол багалгаажуулахыг даалгахыг шаардаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Хувьцаа эзэмшигчдийн хурал нь компанийн дотоод засаглал, хуулийн хүрээнд бие даасан, хараат бус шийдвэр гаргах бүрэн эрхтэй бөгөөд компани тухайн хурлын шийдвэрийг өмнөөс нь гаргах, баталгаажуулах эрхгүй.
2.2. Үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр нь компани, компанийн гүйцэтгэх захирлын эрх мэдлийн асуудал биш бөгөөд Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлд зааснаар компанийн дүрэм, түүний нэмэлт өөрчлөлт, шинэчилсэн найруулгыг хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж батална гэж заасан. Компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар батлаагүй шийдвэр, дүрмийн өөрчлөлтийг компани, компанийн гүйцэтгэх захирал нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт хүргүүлэх боломжгүй.
Хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигчийн өөрчлөлт бүртгүүлэхэд хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр шаардлагатай байна. Гэвч *******-ийн 2024 оны 10 сарын 16-ны өдөр зарлагдсан хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөнтэй холбоотойгоор компанийн дүрэмд өөрчлөлт оруулах талаарх шийдвэр хэлэлцэх хувьцаа эзэмшигчдийн хурал хувьцаа эзэмшигчдийн дийлэнх олонхын саналд хүрээгүй тул хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөнтэй холбоотойгоор компанийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах тухай шийдвэр гаргах үндэслэлгүй буюу энэ нь бодит нөхцөл байдалд нийцэхгүй байна.
Мөн компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар батлагдаагүй шийдвэр /тогтоол/, дүрмийн өөрчлөлтийг компаниас буюу компанийн гүйцэтгэх удирдлагаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шаардах нь бодит нөхцөл байдалтай нийцэхгүй, хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй, бодит нөхцөл байдалтай нийцэхгүй тул уг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарын агуулга:
3.1. ******* нь *******аас түүний эзэмшлийн *******-ийн нийт энгийн хувьцааны 14.70 хувийн, 1911 ширхэг хувьцааг худалдан авахаар харилцан тохиролцож, 2024 оны 05 сарын 15-ны өдөр хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус байгуулан, нотариатаар баталгаажуулсан. Эдгээр гэрээг байгуулахдаа хувьцаа эзэмшигч *******ийн 14.70 хувийн хувьцааг *******-ийн бусад хувьцаа эзэмшигчид болон компани тэргүүн ээлжинд худалдан авах эрхээсээ татгалзсан үйл баримтыг үндэслэл болгосон болно.
Хувьцаа эзэмшигч нь өөрийн хувьцаагаа гуравдагч этгээдэд худалдах бол бусад хувьцаа эзэмшигчид болон компанид хувьцааг тэргүүн ээлжид худалдах авах эрхээ эдлэх боломжийг олгох, тэдгээр нь тогтоосон хугацаанд эрхээ хэрэгжүүлээгүй тохиолдолд ийнхүү хувьцаагаа гуравдагч этгээдэд худалдах эрхийг Компанийн тухай хуулиар баталгаажуулж өгсөн. Хувьцаа эзэмшигчдийн хувьд тэргүүн ээлжид худалдан авах эрхээ хэрэгжүүлэх эсэх нь өөрийн бие даан хэрэгжүүлэх эрх байх тул үүнтэй холбоотойгоор хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулж шийдвэр гаргах гэсэн ойлголт байхгүй. Харин компани тухайн эрхийг хэрэгжүүлэх эсэх шийдвэрийг хуульд заасан хугацаанд гаргах бөгөөд холбогдох шийдвэрт бүх хувьцаа эзэмшигчид гарын үсэг зурж дэмжсэн үйл баримттай.
Тэргүүн ээлжид худалдан авах эрхийг аливаа нэг хувьцаа эзэмшигч эсхүл компани хэрэгжүүлсэн эсхүл хэрэгжүүлээгүй эсэхээс үл хамааран хувьцааны шилжилт хөдөлгөөнтэй холбоотойгоор компанийн дүрэмд холбогдох өөрчлөлт орох нь энгийн ухамсрын түвшинд ойлгомжтой. Өөрөөр хэлбэл *******-ийн хувьцаа эзэмшигчид буюу тус компани ******* хувьцаа эзэмшигчийн хувьцааг тэргүүн ээлжид худалдан авах эрхээ хэрэгжүүлээгүй буюу үүнээс татгалзсан нь компанийн дүрэмд холбогдох өөрчлөлтийг оруулахыг дэмжсэн байдаг.
Гэтэл ******* нь 2024 оны 10 сарын 16-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хуралд хувьцаа эзэмшигчдээс ирүүлсэн саналыг тоолж, баталгаажуулахгүй байгаа үндэслэлээ Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасан дийлэнх олонхын санал хүрээгүй гэж тайлбарлаж байгаа нь компанийн хувьцааг тэргүүн ээлжид худалдан авах эрхээ хэрэгжүүлэх эсэх буюу хувьцаагаа бусад гуравдагч этгээдэд шилжүүлэх эрхтэй холбоотой асуудлыг хувьцаа эзэмшигчдийн хурлын дийлэнх олонхын саналаар шийдвэрлэх мэтээр үндэслэлгүй тайлбар хэлж, эс үйлдэхүй гаргаж буй нь хууль бус болно.
Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, Компанийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ийн гаргасан *******-д холбогдох *******-ийн 2024 оны 10 сарын 16-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр, тэмдэглэлийг үйлдэж, баталгаажуулахыг хариуцагчид даалгаж, хувьцаа эзэмшигчийн өөрчлөлтийг бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгүүд болох хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт заасан баримт бичгүүдийг бүрдүүлэн хуулийн этгээдийн улсын бүртгэлд хүргүүлэхийг хариуцагчид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
5.1. Компанийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг буруугаар тайлбарлан хэрэглэсэн.
*******-ийн 2024 оны 10 сарын 16-ны өдөр зарлагдсан Хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөнтэй холбоотойгоор компанийн дүрэмд өөрчлөлт оруулах талаарх шийдвэр хэлэлцэх хувьцаа эзэмшигчдийн хурал 100 хувийн ирцтэйгээр хуралдсан. Хувьцаа эзэмшигчдийн хуралд хэлэлцэх асуудлыг i. 34.3 хувийн хувьцаа эзэмшигч ******* дэмжээгүй, ii. 51 хувийн хувьцаа эзэмшигч ******* буюу ******* XK болон iii. 14.7 хувийн хувьцаа эзэмшигч ******* нар дэмжсэн саналыг өгсөн. Ийнхүү хувьцаа эзэмшигчдийн 34.3 хувь нь дэмжээгүй, 64.7 хувь нь дэмжсэн бөгөөд Компанийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.7 дахь хэсэгт заасан саналын дийлэнх олонход хүрээгүй тул хувьцаа эзэмшигчдийн хурлаас компанийн хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөнтэй холбоотойгоор компанийн дүрэмд өөрчлөлт оруулах талаарх шийдвэр гаргах хууль зүйн үндэслэл бүрдээгүй болно.
Гэтэл 2024 оны 10 сарын 16-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар дүрмийн өөрчлөлтийн асуудал дэмжигдэлгүй, дийлэнх олонхын саналаар батлагдаагүй байхад анхан шатны шүүх тухайн хуралд суурилсан шийдвэр гарсан мэт үзэж, нэхэмжлэгчийн шаардсан хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр, тэмдэглэлийг үйлдэн, баримт бичгүүдийг бүрдүүлж бүртгэлд хүргүүлэхээр шийдвэрлэсэн нь хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхийн суурь зохицуулалтыг шууд зөрчсөн үйлдэл гэж үзэх үндэслэлтэй байна.
5.2. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийг зөрчилтэй, буруу хэрэглэсэн.
Анхан шатны шүүхийн шийдвэр нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсгийг зөрчсөн, буруу хэрэглэсэн нь дараах үндэслэлтэй байна.
Хувьцаа эзэмшигч өөрчлөгдөх бүртгэл хийхийн өмнө түүнийг тусгасан компанийн дүрмийн өөрчлөлт хүчин төгөлдөр батлагдаж, бүртгүүлсэн байх хууль зүйн шаардлагатай. Компанийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.2, 62.1.1, 63.7 дахь хэсэгт зааснаар компанийн дүрэмд заавал тусгах зүйлсэд хувьцаа эзэмшигчийн бүтэц, эзэмшлийн хэмжээ хамаарах тул үүнтэй холбоотойгоор заавал дүрмийн нэмэлт, өөрчлөлт оруулах шийдвэрийг хувьцаа эзэмшигчдийн хурлаас гаргасан байх шаардлагатай юм.
2024 оны 10 сарын 16-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар дээрх асуудлыг хэлэлцэж, нийт 64.7 хувь нь дэмжсэн боловч Компанийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.7 дахь хэсэгт зааснаар саналын дийлэнх олонх-д хүрээгүй учраас компанийн дүрмийн өөрчлөлтийн тухай шийдвэр гараагүй. Үүнтэй уялдан дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт гэсэн баримт бичиг үүсээгүй, бүрдүүлэх боломжгүй нөхцөл бүрдсэн болно.
Анхан шатны шүүхээс нэг талаас, хувьцаа эзэмшигч өөрчлөгдөх нь компанийн дүрэмд орох өөрчлөлт биш хэмээн үндэслэх хэсэгт дурдсан боловч нөгөө талаас, нэхэмжлэгчээс дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн баримт бичгийг бүрдүүлж улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг үүрэг болгосон нь логик зөрчилтэй, өөр хоорондоо нийцэхгүй шийдвэр юм.
Энэ нь нэг талаас хувьцаа эзэмшигчийн өөрчлөлт нь компанийн дүрмийн өөрчлөлт биш гэж үзсэн атлаа нөгөө талаас дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэх үүрэг хүлээлгэсэн нь тухайн шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Мөн *******-ийн 2024 оны 10 сарын 16-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар компанийн дүрэмд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцсэн боловч Компанийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.7 дахь хэсэгт заасан саналын дийлэнх олонхын шаардлага хангагдаагүй тул дүрмийн өөрчлөлтийн шийдвэр хүчин төгөлдөр гараагүй болно. Иймд хувьцаа эзэмшигчийн өөрчлөлтийг бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичиг болох Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт заасан дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт-ийг хуулийн этгээдийн улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг *******-д даалгасан нь хууль зөрчсөн үйлдэл юм.
Дээрх нөхцөл байдлыг үл харгалзан анхан шатны шүүх Компанийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.5 дахь хэсэгт зааснаар хувьцаа эзэмшигч өөрчлөгдөх нь хувьцаа эзэмшигчдийн хурлын олонхын саналаар шийдвэрлэх боломжтой гэж үзэн дүрмийн өөрчлөлт биш гэж дүгнээд, дүрмийн өөрчлөлтийг бүртгүүл хэмээн *******-д даалгаж буй нь хуулийг буруу тайлбарласан, зөрүүтэй хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүх хуулийн этгээдийн хууль бус бүртгэлийг албадан хийхийг даалгасан нь Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 34.1.1, 59.1 болон 63.7, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3.3-т заасан заалтуудын уялдаа холбоог үл харгалзсан, хууль хэрэглээний ноцтой алдаатай шийдвэр болсон байна. Улмаар анхан шатны шүүхийн дээрх шийдвэр нь хэрэгжих боломжгүй, эрх зүйн үр дагаваргүй, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болсон гэж дүгнэх бүрэн үндэслэлтэй.
5.3. Шүүх нотлох баримтыг бодитоор, тал бүрээс нь хангалттай үнэлээгүй.
Хэргийн 18 дахь талд авагдсан *******-ийн 2024 оны 01 сарын 25-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолд хувьцаа эзэмшигч ******* өөрийн биеэр гарын үсэг зураагүй, тухайн хуралд оролцоогүй буюу нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримт болох энэхүү хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол нь Компанийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсгийг тус тус зөрчсөн.
Тодруулбал, Хувьцаа эзэмшигчдийн хурлын санал хураалтад өгсөн саналаар нь компанийн хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөнтэй холбоотойгоор дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хууль ёсоор шийдвэрлэнэ. Гэтэл саналаа баталгаажуулан зурсан гарын үсэг нь хуурамч байсан тохиолдолд хувьцаа эзэмшигчдийн хурлын уг санал хүчин төгөлдөр байх боломжгүй төдийгүй, тухайн хувьцаа эзэмшигчийн эрх зөрчигдсөн болно.
Хуурамч гарын үсэг зурагдсан *******-ийн 2024 оны 01 сарын 25-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол /хх-18/ нь компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулан батлахыг хариуцагчид даалгасан анхан шатны шүүхийн шийдвэрийн гол үндэслэл болсон байна. Гэтэл энэхүү баримт бичиг нь хувьцаа эзэмшигч *******ийн оролцоогүйгээр, гарын үсгийг нь хуурамчаар үйлдэн бүрдүүлсэн байх үндэслэлтэй тул түүнийг үнэн зөв, хуульд нийцсэн гэж үзэх боломжгүй.
Шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, үнэлэх үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй. Шүүхийн энэхүү үүргээ биелүүлээгүй нь тухайн шийдвэрийг хууль ёсны, үндэслэл бүхий болгох боломжгүй болгож, улмаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.6-д заасны дагуу анхан шатны шийдвэрийг хүчингүй болгох хангалттай үндэслэл болж байна.
Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
6. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
6.1. 2024 оны 10 сарын 16-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар Компанийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.2-т заасан зарласан, гаргасан хувьцааны тоо, төрөл, нэрлэсэн үнэ, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт ороогүй гэж үзэхгүй. Компанийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулсан гэх байдлаар тухайн хувьцаа эзэмшигчдийн хурлыг мушгиж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.
Хувьцаа эзэмшигчдийн хурлын гол зорилго нь хувьцаа эзэмшигч ******* нь өөрийн эзэмшлийн 14.7 хувийн хувьцааг *******д худалдсантай холбоотойгоор хувьцаа эзэмшигчийн өөрчлөлтийг бүртгүүлэх байсан. Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт зааснаар компанийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах, шинэчилсэн найруулга батлахтай холбоотойгоор тухайн хуралд оролцож байгаа саналын эрхтэй хувьцаа эзэмшигчийн дийлэнх олонхын саналаар батална гэх тайлбарыг гаргасан нь үндэслэлгүй. Хариуцагч талаас шүүх хуралдааны явцад гаргасан хариу тайлбар, давж заалдах гомдолдоо хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийн тоог алдаатай хэлдэг. Хувьцаа эзэмшигчийн өөрчлөлтийг бүртгүүлэхтэй холбоотойгоор 51 хувийн эзэмшигч ******* XK болон 14.7 хувийн хувьцаа эзэмшигч ******* нар тэнцсэн санал өгсөн. 51 хувийн хувьцаанд 14.7 хувийн хувьцааг нэмэхэд нийт 65.7 хувиар дэмжигдсэн. Гэтэл хариуцагч тал 64.7 гэж тайлбарладаг.
Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуульд хуулийн этгээдийн мэдээлэлд хэрхэн өөрчлөлт оруулах, бүртгүүлэх талаар тусгайлан заасан. Тухайн хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт зааснаар хуулийн этгээдийн мэдээлэлд орж байгаа өөрчлөлтийг хуулийн этгээд ажлын 15 хоногийн дотор холбогдох баримтын хамт бүртгүүлнэ. Гэтэл уг хуулийн зүйл, заалтыг мушгин Компанийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.2, 62 дугаар зүйлийн 62.1.1, 63 дугаар зүйлийн 63.7 дахь хэсэгт зааснаар компанийн дүрэмд заавал тусгах зүйлд хувьцаа эзэмшигчийн бүтэц, эзэмшлийн хэмжээ хамаарна гэх агуулгаар хуульд заагаагүй тайлбарыг давж заалдах гомдолд тусгасан. Компанийн тухай хууль болон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд тус тус зааснаар хувьцаа эзэмшигчийн бүтэц, эзэмшлийн хэмжээ гэх нэр томъёо байхгүй. Тухайн хурлаар хувьцаа эзэмшигчдийн тоо, хэмжээ өөрчлөгдөөгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Шүүх Компанийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.5 дахь хэсэгт заасныг хэрэглэх нь зүйтэй гэжээ.
7. Давж заалдах гомдолд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
7.1. Хариуцагчийн татгалзлын үндэслэл болж буй дийлэнх олонхын саналаар дүрэмд өөрчлөлт оруулж байгаа хэлбэр нь компанийн хувьцаа эзэмшигчийн өөрчлөлтийг бүртгүүлж байгаатай холбоотой бус, зөвхөн бүртгэлийн асуудал байсан. Хариуцагч нь компанийн дүрэмд зааснаар заавал хувьцаа эзэмшигчийн нэр бичигдэж байгаа учраас энэ нь дүрмийн өөрчлөлт гэж тайлбарлан дийлэнх, олонхын саналын дагуу шийдвэр гарах ёстой гэх агуулгаар маргадаг. Компанийн тухай хуульд заасан дийлэнх, олонхоор шийдвэрлэсэн хэсэгт хувь эзэмшигчийн нэр буюу бүртгэл байхгүй. Зөвхөн гаргасан хувьцааны тоо хэмжээ, зарласан, зарлаагүй, хувь эзэмшигчийн хэмжээг заадаг. Хэн эзэмшиж байгаа нь хуулийн этгээд бүргэлтэй холбоотой. Компанийн тухай хуульд заасан дийлэнх, олонхын санал нь нээлттэй хязгаарлагдмал, хариуцлагатай компанийн хувьд ижил шийдвэрлэгдэнэ.
Нээлттэй компани нь компанийн дүрэмд нэрийг тусгадаггүй, тусгай бүртгэлийн байгууллагаар баталгаажуулна. Бүртгэлийг тусад нь хийвэл энэ нь дүрмийн өөрчлөлт биш болно гэх агуулгаар татгалзлаа тайлбарладаг. Компанийн тухай хуульд зааснаар хязгаарлагдмал хариуцлагатай компани эсхүл хувьцаат компаниас хамааран дүрмийн өөрчлөлтийг ижил байдлаар тогтоосон. Зөвхөн бүртгэгдэж байгаа хэлбэр буюу баталгаажуулж, эзэмшиж байгаа бүртгэлийг дүрмийн өөрчлөлттэй шууд холбох зохицуулалт байхгүй. Анхан шатны шүүх Компанийн тухай хуулийг зөрүүтэй буюу буруугаар тайлбарлан хэрэглээгүй. Бүртгэлд шаардлагатай бичиг баримтуудыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгасан. Дүрмийн өөрчлөлт биш гэж шүүх дүгнэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан *******-ийн 2024 оны 10 сарын 16-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хуралд бичгээр ирүүлсэн саналыг тоолж баталгаажуулахгүй байгаа хууль бус үйлдлийг тогтоох, тус компанийн 2024 оны 10 сарын 16-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр, тэмдэглэлийг үйлдэж, баталгаажуулахыг даалгах, хувьцаа эзэмшигчийн өөрчлөлтийг бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгүүдийг бүрдүүлэн хуулийн этгээдийн улсын бүртгэлд хүргүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан,
Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч ...2024 оны 10 сарын 16-ны өдрийн хуралд хувьцаа эзэмшигч ******* татгалзсан санал өгсөн учир дийлэнх олонх болох 66.6 хувьд хүрээгүй, хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр нь хүчин төгөлдөр болоогүй, гүйцэтгэх удирдлага нь хувьцаа эзэмшигчдийн хурлаас гарах тогтоолын төслийг батлах буюу компанийн дүрмийг шинэчлэн батлах эрхийг болон түүнийг зохих журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийг олгоогүй... гэж эс зөвшөөрч, маргажээ.
3. Анхан шатны шүүх маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.
4. Учир нь талууд 2024 оны 10 сарын 16-ны өдрийн *******-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой маргаж байгаа тохиолдолд тухайн үйл баримттай холбоотой асуудал буюу хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал ямар хэлбэрээр явагдсан, хуралд компанийн 51 хувийн хувьцаа эзэмшигч БНСУ-ын хуулийн этгээд болох ******* ХК, 34.3 хувийн хувьцаа эзэмшигч *******, 14.7 хувийн хувьцаа эзэмшигч ******* нар оролцсон эсэх, хувьцаа эзэмшигч нараас ямар санал өгсөн зэрэг нь уг маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой болохыг анхаараагүй байна.
5. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч ******* 2024 оны 09 сарын 30-ны өдөр өөрийн эзэмшлийн хувьцааг *******д худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр шилжүүлж байгаа тул хувьцаа эзэмшигчийн өөрчлөлтийг Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлэхтэй холбоотой асуудлаар хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлах тухай хүсэлт гаргаснаар *******-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 10 сарын 02-ны өдрийн КН-24-10-01 дугаар шийдвэр гарч хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2024 оны 10 сарын 16-ны өдрийн 15 цагт товлон зарлаж, ээлжит бус хувьцаа эзэмшигчдийн нэгдсэн хурал нь бичгээр хуралдахаар шийдвэрлэжээ. /хх-17/
6. Хавтаст хэрэгт ээлжит бус хувьцаа эзэмшигчдийн хуралд хувьцаа эзэмшигч ******* 2024 оны 10 сарын 15-ны өдөр саналаа цахим шуудангаар ирүүлж, харин бусад хувьцаа эзэмшигч болох ******* ХК болон ******* нар ямар санал өгсөн, саналын хуудас ирүүлсэн эсэх үйл баримтыг тодруулаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.
7. Түүнчлэн анхан шатны шүүх *******-ийн *******ийн эзэмшлийн 14.7 хувийн хувьцааг ******* худалдан авсан боловч *******-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар хувьцаа эзэмшигч *******ийн эзэмшлийн нэг бүр нь 10,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 1911 ширхэг буюу нийт энгийн хувьцааны 14.7 хувийн хувьцааг худалдан авагч *******д шилжүүлэх, түүнийг компанийн хувьцаа эзэмшигчээр хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлэх талаар хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөнтэй холбоотойгоор компанийн дүрэмд өөрчлөлт оруулах талаарх асуудлыг хэлэлцэж хурлын үр дүнд нийт 13,000 ширхэг, 1, 2 дугаар асуудал: ******* ХК 6630 ширхэг (Зөвшөөрч байна), 1, 2 дугаар асуудал: ******* 4459 ширхэг (Татгалзаж байна), 1, 2 дугаар асуудал: ******* 1911 ширхэг (Зөвшөөрч байна). Иймд 8541 ширхэг дэмжиж, 4459 ширхэг татгалзсанаар Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасны дагуу хэлэлцэх асуудал 1, 2 дугаар асуудлыг татгалзсанаар шийдвэрлэсэн гэх дүгнэлтийг хэргийн 87-88 дахь талд авагдсан баримтуудыг үндэслэн хийсэн.
8. Хэргийн 87-88 дахь талд *******-ийн 2024 оны 09 сарын 24-ний өдрийн КН-24-09-03 дугаартай 2024 оны хувьцаа эзэмшигчдийн анхдугаар ээлжит бус хурлын шийдвэр, 2024 оны 09 сарын 23-ны өдрийн 01 дугаартай 2024 оны хувьцаа эзэмшигчдийн анхдугаар ээлжит бус хурлын тэмдэглэл авагдсан ба уг баримт маргааны зүйлд хамааралтай эсэхэд талууд ямар байр суурьтай байгаа нь тодорхойгүй байхад тухайн баримтуудыг үндэслэн шүүх хэргийг шийдвэрлэжээ.
9. Шүүхээс гарах шийдвэр *******-ийн 51 хувийн хувьцаа эзэмшигч ******* ХК, 34.3 хувийн хувьцаа эзэмшигч ******* нарын эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөх эсэхийг шүүх тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.
Учир нь, 2024 оны 10 сарын 16-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын хүчин төгөлдөр байдал, хурлын шийдвэрийн агуулга, хүчин төгөлдөр байдлын талаарх зохигчийн маргааны улмаас эрх, ашиг сонирхол нь хөндөгдөнө гэж үзвэл хувьцаа эзэмшигч ******* ХК, ******* нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болох ба уг ажиллагааг шүүх тухайн этгээдийн эсхүл зохигчийн хүсэлтээр хийх зохицуулалттай.
10. Иймд давж заалдах шатны шүүх дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэж, хэргийн болон маргааны үйл баримтын талаар хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 21-ний өдрийн 191/ШШ2025/04583 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 144,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
Ж.ЛХАГВАСҮРЭН