Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 01

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       Ц.Төмөрбаатард холбогдох эрүүгийн

    хэргийн тухай

       

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Т.Даваасүрэн даргалж, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Гачмаа, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

                        Прокурор                                Б.Батсайхан

                        Ялтны өмгөөлөгч                   Г.Энхбаяр

                        Ялтан                                      Ц.Төмөрбаатар

                        Нарийн бичгийн дарга           Б.Мөнх-Өлзий нарыг оролцуулан;

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж, шүүгч П.Гандолгор, шүүгч Э.Одхүү нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 41 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Ц.Төмөрбаатар, түүний өмгөөлөгч Г.Энхбаяр нарын  гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн, Ц.Төмөрбаатард холбогдох 20901410 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Даваасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Монгол улсын иргэн, 1972 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Равдан овогт Цэдэндоржийн Төмөрбаатар РД:/АО72030715/

 

Ц.Төмөрбаатар нь 2009 оны 10 дугаар сарын 28-ны орой Архангай аймгийн Цэнхэр сумын төвд хохирогч Д.Цэнд-Аюушийг “урьд өмнө хүмүүстэй нийлж зодож байсан” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүний толгойн тус газар нь модоор цохиж биед нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Архангай аймгийн Прокурорын газраас Ц.Төмөрбаатард холбогдох хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 41 дүгээр шийтгэх тогтоолоор:

Равдан овогт Цэдэндоржийн Төмөрбаатарыг бусдын бие мах бодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож;

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар шүүгдэгч Ц.Төмөрбаатарыг 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар  шийтгэн;

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар шүүгдэгч Ц.Төмөрбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар оногдуулсан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаас 2 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хасч үлдсэн 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоож;

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ц.Төмөрбаатарын эдлэх 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх;

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар шүүгдэгч Ц.Төмөрбаатарын цагдан хоригдсон 16 хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох;

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй  болохыг тус тус дурдан;

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Төмөрбаатарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

 

Ялтан Ц.Төмөрбаатарын гаргасан давж заалдах гомдолд:

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 41 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргах учир нь Цэрэндорж овогтой Төмөрбаатар миний биед 2009 оны 10 дугаар сарын 28-ны орой Д.Цэнд-Аюуш толгой руугаа цохиулж хүнд гэмтэл авсан гэх боловч 2009 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Амгаланбаатар, Түвшинжаргал, Ганболд нартай нийлж Цэнхэр суманд архи уусан байна. Ингэж архи уучихаад гэртээ харихдаа хэдийд харьсан, хариад хэдийд нь татаж унасан, архи уучихаад мотоцикль унаж явсан зэрэг нь хүндрэл өгөхөд нөлөөлсөн эсэхийг тодруулж өгнө үү. Мөн хэрэг болсон орой буюу 2009 оны 10 дугаар сарын 28-ны 23 цагийн үед харьсан гэдэг, харьсан цаг хугацаандаа Цэнхэр суманд ойн байцаагч Эрдэнэдалай гэдэг хүнтэй 23 цагийн үед хамт байдаг. Мөн 28-ны орой буюу шөнө гэртээ харьж хоносон гэж ярьдаг. Гэртээ хариад оёо тавиулаад үүрээр таталт өгч Төвшрүүлэх сумын эмч Сувдгэрэл эмчийг авчирч дуудлагаар үзүүлсэн байдаг. Гэрч болох эмч Сувдгэрэл нь 2009 оны 10 дугаар сарын 30-ны өглөө 8 цагийн үед дуудлагаар очиж үзэхэд Д.Цэнд-Аюуш орондоо хэвтэж байсан зэрэг нь цаг хугацааны хувьд зөрүүтэй байна. Хэрвээ гэртээ 28-нд оёо тавиулж хоноод эмч дуудаж үзүүлсэн бол 10 дугаар сарын 29-нд сумын эмч Сувдгэрэл дуудлагаар ирж үзнэ. Гэтэл Сувдгэрэл эмч 10 дугаар сарын 30-ны өдөр ирж үзсэн байна. Иймд надаас өөр хүнд зодуулсан эсэхийг шалгуулах хүсэлтэй байна. Мөн цуг нийлж архи уусан Ганболд, Амгаланбаатар, Түвшинжаргал нарын архи уусан хүмүүс биед нь ямар нэгэн гэмтэл бэртэлгүйг сайн мэдэх дээрх нэр бүхий хүмүүсийг асууж тодруулж өгнө үү гэжээ.

 

Ялтны өмгөөлөгч Г.Энхбаярын гаргасан давж заалдах гомдолд:

            Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 41 тоот шийтгэх тогтоолоор Архангай аймгийн Цэнхэр сумын иргэн Ц.Төмөрбаатарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэж буруутайд тооцож 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хасч үлдсэн 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Учир нь хэргийн бүрдэл хангагдаагүй, өөрөөр хэлбэл хохирогч Д.Цэнд-Аюуш нь 2009 оны 10 дугаар сарын 28-ны орой Ц.Төмөрбаатард толгой руугаа цохиулж хүнд гэмтэл авсан гэх боловч 2009 оны 10 дугаар сарын 29-нд Амгаланбаатар, Түвшинжаргал, Ганболд нартай нийлж архи уусан байна. Ингэж архи уугаад гэртээ харихдаа хэдийд харьсан, хариад хэдийд нь татаж унасан, архи уусан, мотоцикль унаж явсан зэрэг нь хүндрэл өгөхөд нөлөөлсөн эсэхийг нь тодруулах шаардлагатай ба дээрхи нөхцөл байдал нь өмнө нь хэрэгт яригдаж байгаагүй, шүүх хурал дээр яригдсан бөгөөд энэ нь хохирогч Д.Цэнд-Аюуш, гэрч Ганболд нарын мэдүүлгээр үнэн болох нь нотлогдсон. Иймээс дээрхи нэр заагдсан гэрчүүдээс мэдүүлэг авахуулах шаардлагатай гэж үзэж буй учир хэргийг дахин шалгуулахаар, мөн мэргэжлийн эмч нарыг дахин асуулгаж нарийвчилсан дүгнэлт гаргуулахаар хэргийг мөрдөн байцаалтанд буцаалгах хүсэлттэй байна. Иймд 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 41 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. Давж заалдах шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч миний бие биечлэн оролцож дэлгэрэнгүй тайлбар хийнэ гэжээ.

 

            Ялтан Ц.Төмөрбаатар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Энэ хэрэг шийдэгдэхгүй олон жил сунжирч байна. Хожим хойно би Ганболд гэдэг хүнтэй таарахад Цэнд-Аюуш нь 29-ний орой гэртээ хариагүй, Амгаланбаатар, Түвшинжаргал, Ганболд нартай нийлж Цэнхэр суманд архи уусан гэдгийг мэдсэн. Энэ талаар би мөрдөн байцаагчид мэдүүлж Амгаланбаатар, Түвшинжаргал нарыг гэрчээр асууж өгнө үү гэсэн хүсэлтийг амаар хэлж байсан. Гэтэл мөрдөн байцаагч миний хүсэлтийг хангаж өгөөгүй. Түүний дараа би өмгөөлөгчөөрөө дамжуулж бичгээр хүсэлтээ гаргасан. Надад Амгаланбаатар, Түвшинжаргал нарыг гэрчээр асуулгах хүсэлт байна. Энэ 2 хүн одоо гадуур архи уугаад чөлөөтэй явж байна. Би давж заалдах шатны шүүхэд гаргасан өргөдлөө дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

            Ялтны өмгөөлөгч Г.Энхбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Энэ хэрэг 2009 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гарсан, 7 жил орчим шалгагдаж байгаа, ээдрээ төвөгтэй хэрэг байсан. Эцсийн дүнд Ц.Төмөрбаатар ял шийтгэл аваад хоригдож байна. Хэргийн нөхцөл байдал хүнд, анхнаасаа эд мөрийн баримт нь олдохгүй болсон. Ц.Төмөрбаатарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн  96.1-т заасан бүрдэл байна уу, олон дахин гаргасан шинжээчийн дүгнэлтүүдэд зөрүүтэй, эргэлзээтэй зүйлүүд харагддаг. Хэрэг гарах үед хүндрэх нөхцөл үүсээгүй байж байгаад дараа нь 10 дугаар сарын 29-ний өдөр эсвэл 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө хүндрэл үүссэн гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр харагддаг. Анхан шатны шүүх хурал дээр Ц.Төмөрбаатарт ашигтай байдлаар нь шийдээд хэрэгсэхгүй болгуулах, хоёрдугаарт сүүлд илэрсэн нөхцөл байдал болох хохирогч Цэнд-Аюуш нь Амгаланбаатар, Түвшинжаргал, Ганболд нартай нийлж архи уусан. Үүнээс тухайн гэмтэл үүссэн байж болзошгүй учраас мөрдөн байцаалтанд буцаалгах саналуудыг гаргаж байсан. Миний эдгээр саналуудын аль аль нь дэмжигдээгүй. Дэмжигдээгүй шалтгаан нь хохирогч Цэнд-Аюуш анхан шатны шүүх хурал дээр 10 дугаар сарын 28-ны орой зодоон болсон, маргааш нь 29-ний өдөр эхнэрээ мотоцикльтэй хүргэж өгөх гээд явахад миний нүдэнд гэрэл шиг зүйл ойсон гэдэг зүйл ярьдаг. Гэтэл гэрэл шиг ойгоод байгаа зүйлийг хохирогч Цэнд-Аюушт учирсан гэх хүнд гэмтлийн илрэх шинж тэмдэг нь мөн үү, биш үү гэдгийг хуульч бид нар мэдэх боломжгүй. Үүнийг шүүх эмнэлэгийн эмч нар л тогтооно. Энэ олон жил энэ хэргийг шалгачихаад хамгийн сайн шалгах ёстой энэ асуудлыг шалгаагүй шийдвэрлэсэнд бидний зүгээс гомдолтой байна. Нүдэнд нь гэрэл шиг зүйл ойгоод байгаа нь хүнд гэмтлийн шинж тэмдэг мөн үү, биш үү гэдгийг тогтоогоогүй шийдвэрлэсэн. Хохирогч Цэнд-Аюуш нь архи маш их уудаг, олон удаа шүүх хуралдааныг хойшлуулж байсан. Архи их уудаг, архины хамааралтай хүн болчихсон. Архи маш ихээр уудаг хүнд яг тийм шинж тэмдэг илэрдэг. Нүдэнд гэрэл шиг зүйл ойгоод байгаа нь хүнд гэмтэлд илрэх шинж тэмдэг биш гэж үзэж байгаа. Мөн хохирогч Цэнд-Аюуш нь мэдүүлэг өгөхдөө нотлох баримтынхаа эх сурвалжийг зааж өгч чаддаггүй. Намайг сүхээр цохьсон гэдэг, эсхүл чулуутай гараар Батсайхан цохьсон гэдэг. Мэдүүлэг өгөх болгондоо өөр өөр мэдүүлэг өгдөг. Мөн гэрч Ганболд мэдүүлэг өгөх болгондоо зөрүүтэй, өөр өөр мэдүүлэг өгдөг. Тийм ч учраас энэ хэрэг олон дахин мөрдөн байцаалтанд буцаж шалгагдаж байсан. Ийм их эргэлзээтэй байдлууд байхад 7 жилийн дараа Ц.Төмөрбаатарт ял халдааж байгаатай эвлэрэхгүй байна. Хангалттай нотлох баримтын хүрээнд шүүх хэргийг шийдвэрлэх ёстой. Ц.Төмөрбаатарт холбогдох хэргийн эргэлзээтэй байдлыг харгалзан түүнд ашигтай байдлаар шийдвэрлэх, эсвэл мөрдөн байцаалтанд буцааж гэрч Түвшинжаргал, Ганболд нарыг асууж, архи уусан өдөр Цэнд-Аюушаас хэдэн цагт салсан, тухайн үед Цэнд-Аюушийн биеийн байдал ямархуу байсан, хэр их архи уусан байсан гэдгийг тогтоох ёстой гэж бодож байна. Хохирогч Цэнд-Аюуш мэдүүлэхдээ 10 дугаар сарын 28-ны орой хүнд зодуулаад өглөө нь эмч дуудаад Улаанбаатар хот руу эмчилгээ хийлгэхээр явсан гэдэг. Гэтэл анхан шатны шүүх хуралдаанд гэрчүүдийг байлцуулаад асуухад Цэнд-Аюуш нь гэрч Ганболд, Түвшинжаргал нартай маргааш нь хамт архи уусан гэж мэдүүлдэг. Шинжээчийн дүгнэлтийн 10 дугаар сарын 28-нд үүссэн гэмтэл 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл шинж тэмдэг илрэхгүй гэснээс харахад 28-ны өдөр Төмөрбаатар нь Цэнд-Аюушийн биед гэмтэл учруулаагүй байдал харагдаж байна. Тийм учраас шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах, эсвэл олон жил шалгаад тогтоогдохгүй байгаа байдлыг харгалзан Төмөрбаатарт ашигтай байдлаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломж байгааг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Ц.Төмөрбаатар нь батлан даалтанд байх хугацаандаа дуудсан цагт байнга бэлэн байдаг байсан. Ууланд мод бэлдэх, самарт явахдаа хажуу айлынхаа хүмүүст намайг цагдаа нар сурж ирэх юм бол хэлээрэй гээд захиж хэлчихээд явдаг байсан. Гэтэл оргодлын зүйл анги нэмж байсан. Үнэхээр оргох байсан юм бол энэ 7 жилийн хугацаанд оргочих байсан байх. Хэргээ үнэн зөвөөр нь шийдвэрлүүлчих гээд явж байгаа. Хохирогч Д.Цэнд-Аюуш, гэрч Ганболд нарын мэдүүлгээр Ц.Төмөрбаатарыг яллах нөхцөл байдал муу байна. Энэ хэрэгт эргэлзээ төрөх нөхцөл байдал их байдаг. Шүүх бүрэлдэхүүнээс 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 186 тоот шинжээчийн дүгнэлтийг анхаарч үзнэ үү гэж хүсч байна. Түүнд гавал тархины гэмтлийг авсны дараа тархинд шинж тэмдэг шууд илрэхгүй, тархи толгойнд хүндрэл гараагүй бол амь насанд аюултай шинж илрэхгүй гэдэг энэ нөхцөл байдлаар гэмтлийн зэргийг хүндэвтэр болгочих боломжтой гэв.

 

            Прокурор Б.Батсайхан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

            Ц.Төмөрбаатарт холбогдох хэрэг 2009 оноос хойш олон жил шалгагдаж байсан. Хэргийн нөхцөл байдлаас харахад Ц.Төмөрбаатар нь хохирогчийн толгойд модоор цохиж хүнд гэмтэл учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог. Хохирогч Д.Цэнд-Аюуш нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж өгдөг. Заасан эх сурвалжийг нь гэрчүүд нотолж мэдүүлэг өгдөг. Хохирогч гэрээсээ гарахдаа эрүүл, саруул гэрч Ганболдын хүсэлтээр гарч ирсэн байдаг. Аймгийн төвд орж ирээд буцаад Цэнхэр сумын колонк дээр Ц.Төмөрбаатар, Батсайхан нартай тааралдаад хамт архи уух талаар ярилцаж тохиролцоод дэлгүүр хайж яваад хоорондоо маргалдаад Ц.Төмөрбаатар нь хохирогч Цэнд-Аюушийн толгой руу модоор цохисон талаар мөрдөн байцаалтын шатанд удаа дараа мэдүүлж байсан. Энэ хэрэгтээ өмгөөлөгч авсныхаа дараа өмнө өгсөн мэдүүлгээсээ буцдаг. Харин Ц.Төмөрбаатар нь хохирогч Цэнд-Аюушийг цохисон талаар гэрч Ганболд, хохирогч өөрөө давхар мэдүүлдэг. Энэ хэрэгт шинжээчийн дүгнэлтийг удаа дараа гаргасан. Дүгнэлтээр гавал тархины гэмтлийн шинж тэмдэг нь аажмаар үүсдэг, мөн хүндрэл гарах 2 нөхцөл байдлыг дүгнэлтэндээ тусгасан. Хохирогч Цэнд-Аюушийн 10 дугаар сарын 28-ны орой авсан гэмтэл 10 дугаар сарын 29-нд үүссэн. Үүнийг хохирогч анхан шатны шүүх хурал дээр мэдүүлдэг. Хохирогчийн биед гэмтлээс үүссэн нөхцөл байдал яаж илэрч байгааг хохирогч өөрөө л мэднэ, өөр хөндлөнгийн бид нар мэдэх боломжгүй. Мөн Ганболд, Түвшинжаргал нартай архи уусан байдаг. Энэ талаар нь мэдүүлэг авахдаа хуульд заасан эрх, үүргийг нь тайлбарлан өгсний дараа мэдүүлэг авсан. Шүүгдэгчээс гаргасан хүсэлт болох Амгаланбаатар, Түвшинжаргал нарыг гэрчээр асуулгах шаардлагагүй, хэргийн бүрдэл хангагдсан гэж үзсэн. Мөн хохирогчийн эхнэрийн мэдүүлэгт Цэнд-Аюуш нь 10 дугаар сарын 28-ны орой хүнд гэмтэл аваад 10 дугаар сарын 30-ны өдөр таталт өгсөн талаар мэдүүлдэг. Иймд энэ хэргийн бүрдэл хангадсан, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хүчинтэй байна гэв.

 

Ялтан Ц.Төмөрбаатар нь 2009 оны 10 дугаар сарын 28-ны орой Архангай аймгийн Цэнхэр сумын төвд хохирогч Д.Цэнд-Аюушийг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар түүний толгойн тус газар нь модоор цохиж биед нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь  хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

           

Хэргийн зүйлчлэл зөв бөгөөд анхан шатны шүүхийн дүгнэлт, хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, хууль ёсны ба үндэслэлтэй, оногдуулсан ял шийтгэл нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, шинж чанар, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруутай этгээдийн хувийн байдал зэрэгт тохирчээ.

           

            Ялтан Ц.Төмөрбаатар, түүний өмгөөлөгч Г.Энхбаяр нар гаргасан давж заалдах гомдолдоо хэргийг дахин шалгуулах, мөн мэргэжлийн эмч нарыг дахин асуулгаж нарийвчилсан дүгнэлт гаргуулах, Ганболд, Амгаланбаатар, Түвшинжаргал нарыг гэрчээр асуулгах, хэргийг мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү гэжээ.

 

            Энэ хэргийг урьд нь анхан шатны шүүхээс 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр, 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр тус тус нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцааж, нэмэлт мөрдөн байцаалтаар хохирогч, гэрч, шинжээч нарыг дахин байцаан, шаардлагатай ажиллагааг гүйцэтгэж, хэргийг шүүхэд шилжүүлж байсан байх ба 2016 оны 05 сарын 18-ны өдөр шүүх хэргийг цугларсан нотлох баримтанд тулгуурлан эцэслэн шийдвэрлэсэн нь зөв байх тул ялтан, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангах боломжгүй гэж үзэв.

 

            Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаалгахыг хүссэн ялтан болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

           

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1-т заасныг удирдлага болгон;

                       

ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 41 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Ц.Төмөрбаатар, түүний өмгөөлөгч Г.Энхбаярын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1-т зааснаар эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор, анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүхээр дамжуулж, хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Т.ДАВААСҮРЭН

 

                                 ШҮҮГЧИД                                Н.ГАЧМАА

                             

                                                                                   М.МӨНХДАВАА