Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 00023

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Энхтайван даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Урагшлах” ХХК,

Хаяг: Хөвсгөл аймаг, Мөрөн сум, “Мөнгөн үсэг” ХХК-ний байр, 2 тоот өрөө

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газрын худалдан авах ажиллагааны газар, хэлтэс,

Хаяг: Хөвсгөл аймаг, Мөрөн сум, 8 дугаар баг, Аймгийн ЗДТГ-ын А корпус, 112 тоот албан өрөө

Хамтран хариуцагч:  Хөвсгөл аймгийн Засаг дарга

Хаяг: Хөвсгөл аймаг, Мөрөн сум, 8 дугаар баг, Аймгийн ЗДТГ-ын А корпус

Гуравдагч этгээд: “Сант-Өндөр” ХХК,

Хаяг: Хөвсгөл аймаг, Мөрөн сум, 5 дугаар баг

            Нэхэмжлэлийн шаардлага: Хөвсгөл аймгийн Галт сумын сургуулийн спорт заалны барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр “Сант-Өндөр” ХХК-ийг сонгон шалгаруулсан “2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн ХӨ-2017/1.2.4 дугаартай тендерийн сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнгөнхуяг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Ууганбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч      А.Цэрэндулам, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржханд, гэрч С.Алтан-Очир, О.Баяраа, У.Хүчитбаатар, нарийн бичгийн дарга Э.Сумъяажав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны хэлтсээс зарласан Хөвсгөл аймгийн Галт сумын сургуулийн спорт заалны барилга угсралтын ажлын гүйцэтгэгч сонгон шалгаруулах ХӨ-2017/1.2.4 дугаартай тендерт оролцож 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр тендер шалгаруулалтын нээлтэд нягтлан бодогч Л.Намчин оролцсон. ... 2017 оны 06 дугаар сарын 19-нд гарсан тендер шалгаруулалтын хариу мэдэгдэх албан бичиг нь эх хувиараа манай компанид тухайн үед ирэхгүй байсан тул сүүлд 2017 оны 06 дугаар сарын 25-нд нягтлан бодогч Л.Намчин очиж авсан. Энэ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн ... 54 дүгээр зүйл 54.1 тендер шалгаруулалттай холбогдуулан хүлээсэн үүргээ захиалагч зөрчсөн гэж үзвэл тендерт оролцогч энэ тухай мэдсэнээс хойш ажлын 5 хоногийн дотор захиалагчид бичгээр гомдол гаргаж болох бөгөөд гомдолд зөрчлийг нотлох баримтыг хавсаргана. ... гэж заасан заалтыг захиалагч тал ноцтой зөрчиж зөвхөн тендерт шалгарсан гэх Сант-Өндөр ХХК-д ашигтай хэлбэрээр тендер шалгаруулалтын хариу мэдэгдэх албан бичгийг манай компанид мэдэгдэлгүй нуун дарагдуулсан. Иймд эрхэлсэн ажилдаа эзэн болж чадаагүй уг тендерийн нарийн бичгийн дарга З.Гал-Эрдэнэ гэгчид эргэлзэж уг тендерт шалгарсан гэх Сант-Өндөр ХХК-ийн тендерийн бичиг баримтанд дахин шалгалт хийж шалгаж өгнө үү гэсэн албан бичгийг Сангийн яамны Хууль эрх зүйн газрын Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтэст 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 2017/0151 тоот албан бичгээр хүргүүлсэн болно. ... Сангийн яамны Хууль эрх зүйн газрын Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсээс 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 6-1/4203 тоот албан бичгээр ... тендер шалгаруулалтад оролцсон Урагшлах ХХК-ийн ирүүлсэн саналаас хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4-т заасны дагуу үнэлж татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна ... гэсэн хариу явуулсан байна.

Уг тендерт шалгарсан гэх Сант-Өндөр ХХК нь Хөвсгөл аймгийн Галт сумын сургуулийн спорт заалны барилга угсралтын ажлын гүйцэтгэгч сонгон шалгаруулах ХӨ-2017/1.2.4 дугаартай тендерт оролцож байхдаа уг тендерийн материалын ТОӨЗ-4.4.(в), ТОӨЗ-5.2.(в)-1, ТОӨЗ-5.2.(в)-2, ТОӨЗ-5.3.(в), ТОӨЗ-5.2.(е), ТОӨЗ-5.3.(г), гэсэн заалтуудад нийцүүлэн хуурамчаар материал бүрдүүлж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, Тендерийн шалгаруулалтын материалын заалтуудыг зөрчсөн байх магадлалтай байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.4.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаатай холбоотой маргааныг хянан шийдвэрлэхтэй холбогдуулан хянан шийдвэрлэж 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Хөвсгөл аймгийн Галт сумын сургуулийн спорт заалны барилга угсралтын ажлын гүйцэтгэгч сонгон шалгаруулах ХӨ-2017/1.2.4 дугаартай тендерийн сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнгөнхуяг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай Компани Хөвсгөл аймгийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан Галт сумын сургуулийн спорт заалны барилгын ажлын  тендерийн сонгон шалгаруулалтад оролцсон. Тавигдсан шаардлагын дагуу материалаа үнэн зөв бүрдүүлж өгсөн. Гэтэл тендерт оролцож байх явцад хэд хэдэн будлиантай зүйл болсон. 2017 оны 06 дугаар сарын 19-нд гарсан Засаг даргын захирамжид тухайг бичгийг 3 компанид нэгэн зэрэг өгөх ёстой гэж заасан байдаг. Гэтэл манай компанид мэдэгдэлгүйгээр маргаан гаргах 5 хоногийг өнгөрөөж санаатайгаар өгөхгүй үлдээсэн нь ашиг сонирхлын зөрчилтэй байна гэж үзэж байгаа. Энэ талаар Сангийн яаманд гомдол гаргасан. Сангийн яамны гомдлын бичиг манай компанид ирээгүй байхад 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Сангийн яамны бичгийн хариутай давхцуулан Сант-Өндөр ХХК-тай гэрээ хийсэн гэх мэт олон зүйлийг төрийн давуу байдлыг нөгөө компанид ашигтайгаар шийдвэрлэж ажилласанд гомдол гаргаж шүүхэд хандсан. Уг тендерийн материалд тавигдсан шаардлагад тухайн компанийн инженер техникийн ажилчид нь өөрийн инженер техникийн ажилчид байна. Ерөнхий инженер нь  мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байна мөн дагалдах  6 инженер нь 5-аас дээш сар тухайн компанидаа ажилласан байх ба энэ нь нийгмийн даатгалын дэвтрээр баталгаажиж байх ёстой гэж заасан боловч Сант-Өндөр ХХК нь уг заалтыг зөрчсөн. Хөдөлмөр хамгааллын инженер нь аюулгүй байдал хангадаг инженер болохоос барилгын инженер биш. Мөн машин техникийн хувьд өөр компанийн машин түрээсэлсэн байгаа нь тендерийн шаардлагад тавигдсан бүх машин техник тухай компанийн эзэмшил байна гэж заасан журмыг зөрчсөн байхад үнэлгээний хороо нь тухайн компанийн тендерийн материалыг үнэлж байгаад эргэлзэж байна. Үнэлгээний хороонд орж ажилласан хүмүүс ямар ёс бус үйлдэл хийдэг юм гэж хараад гайхаж байна. Шүүхэд гаргасан гомдлыг минь шүүх үнэн зөвөөр шийдэж өгнө үү? Мөн тендер авсан тухайн компани нь өөрийн гэсэн  инженер техникийн ажилчидгүй, машин механизм байхгүй байхад нь тендерийн ажлыг өгч байгаад гомдолтой байна. Улсын төсвийг үр ашиггүй зарцуулж чанаргүй барилга баригдах тал дээр санаа зовж байна. Манай компанийн хувьд тендерийн материалын нэг ч өгөгдлийн хүснэгт буруу, худал бөглөөгүй тендерийн өгөгдлийн хүснэгтийг 100% хангасан компани юмаа. Тендерийг цуцалж өгнө үү? Манай компаний хувьд Төрийн өмчийн байгууллагад ажиллаж байгаа хүн давхар тухайн компани нэр дээр нийгмийн даатгалын шимтгэл төлөөд амралтын хугацаагаар инженерээр ажиллаж болно. Ер нь бол Сант-Өндөр ХХК-ний гаргаж өгсөн инженер техникийн ажилчдыг жагсаалтыг харахаар сан техникийн мэргэжилтэй  ажилтны гэрчилгээ хийсэн байхад хараагүй байж яахаараа манай компанийн төрийн өмчит компанид давхар ажиллаж байгаа хүний бичиг баримтыг олоод харчихдаг нь ямар учиртай юм бэ?. Шүүхийн өмнө худлаа ярьж байгаа хүн төрийн ажлыг худал хуурмаг хийдэг гэдэг нь харагдаж байна. Би Урагшлах ХХК-д өмнө ажиллаж байсан. Ажиллахгүй байж байгаад өнгөрсөн оноос ажиллаад явж байна. Би аймгийн иргэдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа. Өмнө энэ хүмүүс тендерийг яаж явуулаад байсан юм бэ яагаад маргаан гарахгүй яваад байсан бэ гэдэг талаар өөрийн эрх ашиг зөрчигдсөнөөс хойш нэлээн сонирхлоо. Тэгэхэд нэг компани үнийн санал татаад орчихдог юм байна. Дараа жилийн намар нь мөнгийг нэмээд батлуулчихдаг юм байна гэсэн зүйлийг олж харлаа. Үүнийг цаашдаа иргэдийн төлөөлөгчийн хувиар нэлээн баримтжуулж холбогдох газар нь өгч ажиллая гэж бодож байна. Хөвсгөл аймагт Худалдан авах ажиллагаан дээр шүүхэд анх удаа гомдол гаргаж  явж байгаа хүний хувьд Сант-Өндөр ХХК-тай холбогдсон нэлээн олон булхаа дэлгэнэ. Та бүхэн үнэн зөв шийдвэрийг гаргаж өгөөрэй,  бид бүхэн та бүхний шийдвэрийг дагаж мөрдөнө гэв.

Нэхэмжлэгийн өмгөөлөгч А.Ууганбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тендерт оролцогчдод өгөх зааврын 38.1-т заасан байгаа. Захиалагчийн гэрээ байгуулж олгож мэдэгдсэн тухай мэдэгдлийг бусад шалгарсан тендерт оролцогчдод нэгэн зэрэг бичгээр  хүргүүлнэ гэж  заасан байгаа. Тэгэхээр тендерийн үр дүнгийн талаар болон шийдвэрийн талаар Захиргааны акт болон Захиргааны  ерөнхий хуульд зохицуулж өгсөн байдаг. Захиргааны хуулийн 34.4-т заасан мэдэгдэх зарчмыг зөрчсөн. Хариуцагч талаас  цахимаар хариу мэдэгдсэн гэх боловч хуульд заасан үндэслэлийг зөрчиж байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28.7.4-т заасныг үндэслэл болгохоос өмнө энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасан ерөнхий нөхцөлийг нягталж үзэх шаардлагатай. Дээрх хуулийн заалтад үндэслэн ерөнхий нөхцөл нь хангагдаж байна  гэж үзэх юм бол мөн хуулийн 27.1.1-д зааснаар бол энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасан захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага, 27.1.3-д тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл шаардлага зэргийг  тендерийг үнэлэхээс өмнө харгалзан үзэх ёстой. Энэ нөхцөл хангагдаж байна гэж үзэх юм бол 27.1.4-д зааснаар энэ хуулийн 27.1.3 –д зааснаас бусад тендер шаардлага хангаагүй гэж үзэж  захиалагч бусдаас нь татгалзаад мөн хуулийн 27.1.4 хангагдаж байна гэж үзвэл тендерийг үнэлэх үйл  ажиллагааг үргэлжлүүлэн явуулах ийм нөхцөл байдал үүсэх ёстой. Хуулийн системчлэлийн хувьд дээрх хуулийн нөхцөлүүдийг харгалзан үзэлгүй мөн хуулийн 28.1.4-д заасныг баримтлан хамгийн бага үнийн санал оруулж ирсэн компанийн тендерийн материалыг үнэлж дүгнэсэн нь хууль бус байна. Дээрх хуулийн 27.1.3-д тендерийн бичиг баримтад заасан бусад нөхцөл шаардлага гэдэгт ажлын  шаардлага болон техникийн нөхцөлүүдийг тендерт оролцогчид өгөх зааварт тодорхой зааж өгсөн байдаг. Уг зааврын 5.3в-д зааснаар Экскаватор авто машин компанийн өөрийн хөрөнгө мөн болохыг улсын бүртгэлийн гэрчилгээгээр компани нэг бүсчилсэн тэмдэглэгээгээр нотолно гэх мэтээр заасан байгаа. Жишээ нь авто кран 15тн даацтай байна гэх мэт техникийн нөхцөлийг заасан байдаг. Үүнийг мөн харгалзан үзэх ёстой байсан. Тендерт оролцогч компанийн ерөнхий инженер нь тус байгууллагад 5- аас доошгүй жил ажилласан байна ажиллах хугацаандаа барилга угсралтыг ажилдаа төрөл үнийн дүнгээр дүйцэх гэрээг 5- аас доошгүй жил удирдан ажилласан байна гэх мэт  баримтыг тендерт оролцогчдод хүргүүлэх байсан. Гэтэл өнөөдрийн байдлаар Сант-Өндөр ХХК-ний ерөнхий инженер нь тухайн компанид 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр томилогдсон байх дээрх  заалтыг хангахгүй байгаа нь харагдаж байна. Төрийн орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16.1-д зааснаар тендерт оролцогчоо удирдах хяналт тавих, тодорхой ажил үйлчилгээг гүйцэтгэх ажилтан ажилтны боловсрол мэргэжлийн ур чадварын зохицуулалт, мөн хуулийн 16.1.4-д тендерт оролцогчийн багаж техник тоног төхөөрөмжийн тодорхойлолт, үйлдвэрлэлийн байр тоног төхөөрөмжийн жагсаалт энэ нөхцөл байдлыг хангахгүй байна гэж үзэж байна. Тийм учраас уг тендерийг үнэлэхдээ тендерт оролцогчдод хүргүүлэх шаардлага болон үнэлгээг зааврын дагуу хянаагүй нь уг тендерийг хүчин төгөлдөр бусад тооцож хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Би түрүүн хэлсэн. Захиргааны хууль болон тендерт оролцогчийн зааврын 38.1-д заасан тендерт оролцогчдод татгалзсан тухайгаа бичгээр мэдэгдэх ёстой гэсэн зохицуулалтыг зөрчсөн байна.  Захиргааны Ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлд заасан нөхцөлийг зөрчсөн тул уг тендерийг хүчингүй болгож өгнө үү Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн  хүрээнд бол тендерт оролцогчдод өгөх зааварчлагаагаа гаргаад хуулийн дагуу худалдан ажиллагааг зохион байгуулаад үнэлгээний хороогоо байгуулаад явах журам тогтсон. Энэ хуулийн 27.1-д заасан, шаардлагыг хангаж байна уу гэдгийг авч үзье. 27.1.3-д бусад нөхцөл шаардлагыг хангаж байна уу гэдгийг авч үзээд хангахгүй байгаа бол 27.1.4-д зааснаар тендерт оролцогч нь татгалзах боломжтой. Гэтэл 27 дугаар зүйлийг авч үзээгүй байж шууд бүгдийг нь алгасаад энэ компанийг үнэлээд явсан байгаа. Мөн мэдэгдэл хүргүүлэх процесс зөрчигдсөн байгаа. Мэдэгдлийг оролцогчдод нэгэн зэрэг бичгээр хүргүүлсний дараа 5 хоногийн дараа гэрээг байгуулна гэж заасан заалтыг зөрчиж гэрээ байгуулсан. Төрийн нарийн бичгийн даргын мэдэгдлийг хүлээж аваагүй байж гэрээ байгуулсан. Мөн хуулийн 38.2-д заасныг зөрчиж гэрээ байгуулсан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна гэв.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газрын худалдан авах ажиллагааны  газраас  шүүхэд гаргасан тайлбарт: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2017 оны А/140 тушаалаар ...Хөвсгөл аймгийн Галт сумын сургуулийн спорт заалны барилга, төсөл аргах хэмжээг батлагдсан ажлын зураг, төсвийг үндэслэн зохион байгуулах, хэрэгжүүлэх, тайлагнах эрхийг аймгийн Засаг даргад шийлжүүлсэн.

Хөвсгөл аймгийн Засаг даргын 2017 оны А/248 дугаар захирамжаар барилгын угсралтын ажлын санхүүжилтийг шийдвэрлэж, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгох үнэлгээний хороо байгуулагдаж, ажлын гүйцэтгэгч сонгох худалдан авах ажиллагааг хуулийн дагуу зохион байгуулагдсан. Шалгарсан компани өөрийн хөрөнгөөр барьж дуусган 2017 онд багтаан  ашиглалтанд оруулна.

“Голомт констракшин”, “Урагшлах” ХХК, “Сант-Өндөр” ХХК-иудын ирүүлсэн тендер нь Төрийн болон Орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь заалтын дагуу шаардлагад нийцсэн тендер гэж үзсэн. “Голомт констракшин” ХХК-ний тендерийн  үнийн  санал  751,914,633 төгрөг байх бөгөөд саналыг эрэмбэлэхэд хамгийн бага үнийн саналтай тендерээс 56,662,000 төгрөгөөр, “Урагшлах” ХХК-ний тендерийн  үнийн санал  890,055,863.0 төгрөг байх бөгөөд хамгийн бага үнийн саналтай тендерээс 191,101,164.0 төгрөгөөр тус тус өндөр тул хамгийн бага үнийн санал буюу 698,964,699.0 төгрөгийн санал ирүүлсэн “Сант-Өндөр” ХХК-ний тендер Төрийн болон Орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4 дэх заалтыг хангаж байгаа тул  хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үнэлэн, шалгаруулж  “Голомт констракшин” ХХК, “Урагшлах” ХХК-ний тендерүүд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4 дэх заалтыг хангаагүй тул татгалзсан шийдвэрийн үнэлгээний хорооны гишүүдийн 100 хувийн саналаар гарсан.

Аймгийн Засаг даргад  Орон нутгийн өмчийн газрын 2017 оны 06 сарын 19-ны өдрийн 1/597 дугаартай албан бичгээр зөвлөмж хүргүүлсэн. Аймгийн Засаг даргын мэдэгдлүүдийг ... компаниудын мэйль хаягаар 2017,06.22-ны 17 цаг 1718  минутад илгээсэн, бичгээр “Сант-Өндөр” ХХК-Д 23-ны өдөр, “Урагшлах” ХХК 25-ны өдөр авсан.

Сангийн яамны Хууль, эрх зүйн газрын даргын 6 сарын 27-ны өдрийн 6-1/3993 дугаартай гүйцэргэгч сонгох ажиллагааг түр хугацаагаар түдгэлзүүлэх тухай  албан бичгээр мэдэгдсэн. Сангийн Яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 07 сарын 06-ны өдрийн 6-1/4203 дугаартай албан бичгээр гомдол хянасан тухай мэдэгдлийг ирүүлсэн. Уг албан бичигт ... Тендер шалгаруулалтанд оролцсон “Урагшлах” ХХК-ний ирүүүлсэн саналаас хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4-д заасны дагуу үнэлж татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна”, үнэлгээний хороо хууль, журмын дагуу шийдвэрээ баталгаажуулахыг үүгээр мэдэгдье” гэсэн.

 Энэ мэдэгдлийн дагуу ХӨ-2017/1.2.4-А/02 дугаартай Хөвсгөл аймгийн Галт сумын сургуулийн спорт заалны барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг 2017 оны 07 сарын 06-ны өдөр “Сант-Өндөр” ХХК-тай 2017 оны 07 сарын 17-ны өдрөөс 2017 оны 10 сарын 01-ний өдөр дуусахаар байгуулсан.

... тендер шалгаруулалтын хариу мэдэгдэх албан бичгийг нуун дарагдуулсан зүйл байхгүй, Сант-Өндөр ХХК нь тусгай зөвшөөрөлтэй, инженер техникийн ажилчид нь компаний үндсэн ажилчид болох шаардлагыг хангасан болох нь  тендерийн материалын 10-14 хуудсанд байгаа, тендерт оролцогч нь гэрээг гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай үндсэн тоног, төхөөрөмж, машин механизмуудыг хүснэгтийн дагуу гаргаж ирүүлнэ гэсэн шаардлагыг хангасан нотлох баримт ирүүлсэн. /тендерийн материалын 583-612 хуудаст байна/, ...ажлын гүйцэтгэгч сонгох тендерийн баримт бичгийн ТОӨЗ 5.2/е/-д “гэрээт ажилд ашиглах машин механизм, тоног төхөөрөмжийг гэрчилгээ, түрээсэлдэг бол түрээсийн гэрээ ирүүлнэ” гэсэн шаардлагыг хангасан нотлох баримтуудыг ирүүлсэн. /тендерийн материалын 583-612 хуудаст байна/, ...ажлын гүйцэтгэгч сонгох тендерийн баримт бичгийн ТОӨЗ 5.3/г/-д заасан ...ерөнхий инженерийн заасан шаардлагыг хангасан нотлох баримтыг ирүүлсэн. /тендерийн материалын 323-329 хуудаст байна/.

Хөвсгөл аймгийн Галт сумын сургуулийн спорт заалны барилга угсралтын ажлын гүйцэтгэгч сонгох ХӨ-2017/1.2.4 дугаартай тендерийн сонгон шалгаруулалт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зохион байгуулагдсан. Сангийн яамны 2017оны 6-1/4203 дугаартай гомдол хянасан тухай албан бичгээр захиалагчийн шийдвэр үндэслэлтэй гэсэн шийдвэр өгсөн.

Иймд Хөвсгөл аймгийн Галт сумын сургуулийн спорт заалны барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр “ Сант-Өндөр” ХХК-ийг  сонгон шалгаруулсан “2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн ХӨ-2017/1.2.4 дугаартай тендерийн сонгон шалгаруулалтыг хүчингүй болгох үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хамтран хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2017 оны А/140 тушаалаар ...Хөвсгөл аймгийн Галт сумын сургуулийн спорт заалны барилга, төсөл аргах хэмжээг батлагдсан ажлын зураг, төсвийг үндэслэн зохион байгуулах, хэрэгжүүлэх, тайлагнах эрхийг аймгийн Засаг дарга миний биед  шилжүүлсэн.

Энэ эрхийн дагуу Хөвсгөл аймгийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/248 дугаар захирамжаар барилгын ажлын санхүүжилтийг шийдвэрлэж, барилга угсралтын ажлын санхүүжилтийг шийдвэрлэж, ажлын гүйцэтгэгчийг сонгох үнэлгээний хороо байгуулан худалдан авах ажиллагааг зохион байгуулж ажилласан.

Уг төсөл, арга хэмжээний гүйцэтгэгч сонгох тендер шалгаруулалтад “Сант-Өндөр ХХК 698,954,699 төгрөгийн үнийн саналтай тендер, “Голомт констракшн” 751,914,633 төгрөгийн үнийн саналтай тендер, “Урагшлах” ХХК 890,055,863 төгрөгийн үнийн саналтай тендер ирүүлсэн байна.

Улсын төсвийн хөрөнгө оруулалт, Дэлхийн зөн олон улсын байгууллагын тусламжийн хөрөнгөөр хэрэгжих спорт заалны барилга угсралтын ажлын гүйцэтгэгч сонгох тендерт “Сант-Өндөр” ХХК-ний 698,954,699 төгрөгийн үнийн саналтай тендер Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4 дэх заалтыг хангасан тул гүйцэтгэгчээр шалгаруулж, Засаг дарга миний бие ажил гүйцэтгэх гэрээг 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр байгуулж ажилласан болно. Гэрээнд тусгагдсанаар ... ажлыг 2017 оны 07 дугаарын 17-ний өдрөөс эхэлж, 10 дугаар сарын 01-ны өдөр дуусгаж ашиглалтанд оруулна, ... ажлын материал татан авалт хийгдсэн, хэвийн явагдаж байна.

Энэхүү спорт заалны барилга угсралтын ажлын гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендерийн үйл ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж үзэж байна.

Иймд “Урагшлах” ХХК-ний нэхэмжлэлтэй Хөвсгөл аймгийн Галт сумын сургуулийн спорт заалны барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр “Сант-Өндөр” ХХК-ийг сонгон шалгаруулсан “2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн ХӨ-2017/1.2.4 дугаартай тендерийн сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Цэрэндулам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөвсгөл аймгийн Галт сумын сургуулийн спорт заалны барилгын  ажлын тендерийг Боловсролын яамнаас эрх шилжүүлсний үндсэн дээр  хууль дүрмийн дагуу зохион байгуулж явуулсан. Аймгийн Засаг даргын захирамжийн дагуу үнэлгээний хороо байгуулагдсан. Үнэлгээний хороо байгуулагдсаны дагуу анхны хурлаараа тендерийн бичиг баримтыг баталсан. Ямар журмаар баталсан бэ гэвэл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг баримтлан мөн ажлын тендерийг хэрхэн зохион байгуулах жишиг бичиг баримтын дагуу тендерийн бичиг баримтыг батлаад явсан. Тендерийн бичиг баримтыг батлах үнэлгээний хорооны гишүүдэд: Даргаар Д.Болд, Е. Аззаяа, Д.Отгонбаяр, Н.Шинэбаяр, С.Цэрэнсүрэн, Хөвсгөл зам ХХК-ний захирал Ариунаа, нарийн бичгийн даргаар Ус суваг ХХК-ний инженер З.Гал-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй худалдан авах ажиллагааны албаны үнэлгээний хороо ажилласан. Үнэлгээний хороо тендерийн баримт бичгийг боловсруулаад урилгыг Монголын үнэн сонин, www.tender.mn цахим сайтад тавьсан байгаа. Тендерийг нээхээс өмнөх үнэлгээний хорооны нарийн бичгийн ар гэрт ажил явдал гараад Засаг даргын захирамжаар намайг нарийн бичгийн даргаар томилсон. Тэгээд тендерийг нээгээд үнэлэх явцад нарийн бичгийн даргаар ажилласан. Тендерийг нээхэд 3 компани оролцсон. “Сант-Өндөр” ХХК  698.954.699 төгрөгөөр, “Голомт Констракшин” компани 751.914.633 төгрөгөөр, “Урагшлах” ХХК  890.055.863 төгрөгөөр тус тус үнэлгээг ирүүлж оролцсон байдаг. Мөн тендерт оролцогч нь Батжаргал, Даваахүү, Түмэн-Өлзий, Нямдорж, Алтан-Очир, Манчин-Иш гэх дээрх 6 төлөөлөгч гаднаас оролцсон.

Үнэлгээний хороо 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр тендерийг үнэлсэн байдаг. Үнэлэхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг дагуу хянан үзэх шатанд хянан үзсэн.

Мөн хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг баримтлан тендерийн баримт бичгийг хянан үзэж  шийдвэрлэсэн. Үнэлгээний дагуу зөвлөмж гаргадаг. 2017 оны 06 дугаар сарын  19-ний өдөр зөвлөмжөө гаргаад аймгийн Засаг даргад мэдэгдэж гарын үсэг зуруулах гэтэл дарга хөдөө явсан байсан.  2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр бичиг хэргээс дугаар, код  аваад мэдэгдлээ гаргаад 3 компанид мэдэгдэх болтол даргын гарын үсэг дутуу байсан. Дарга 3 хоногийн хугацаатай хөдөө ажлаар явсан байсан. Ингээд 2017 оны 06 дугаар сарын 19-нд гарах бичиг 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 15 цагт 30 минутад баталгаажсан. Тендерийн бүх бичиг баримтыг компани болгоны мэйл хаягаар явуулсан.

Компаниуд тендерийн бичиг баримтаа  06 дугаар сарын 23-аас эхэлж авсан. Сайтад мэдэгдлүүд байгаа учраас сайтаас хуулж аваад хуулбар үнэн тэмдэг дараад компаниудад өгсөн. Компаниудын тендерийн бичиг баримтыг хүлээж авсан гарын үсэг зурсан баримт байна. Тендерийн бичиг баримтыг 2017 оны 06  дугаар сарын 22-ны өдөр файлаар өгч, 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр эх хувиар нь өгсөн байгаа. Тендерийн бичиг баримтыг авсны дагуу “Урагшлах” ХХК-ний захирал Ч.Батбаяр над руу  утсаар ярихдаа мэйлээр 06 дугаар сарын 19-ны өдрөөр тендерийн  бичиг авлаа. Бид гомдлоо гаргана гэж хэлсэн. Тэгэхээр наад албан бичиг тань 2017 оны 06  дугаар сарын 19 өдрөөр баталгаажаагүй. 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр баталгаажсан, баталгаажингуут танай мэйл хаяг руу хийсэн гэдгийг хэлсэн. Энэ нь хуулийн дагуу явагдсан гэж үзэж байгаа. Тус компани нь 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр гомдлоо гаргасан байдаг. Гомдол гаргасан учраас гэрээг байгуулаагүй хүлээлтийн байдалтай байсан. “Урагшлах” ХХК нь Сангийн яаманд гомдол гаргасан тухай 2017 оны 06 дугаар сарын  29-ний  өдөр манайд мэдэгдсэн. Гомдол гарсан учир гэрээг  байгуулах асуудлыг сунгах  талаар манай байгууллага Сангийн яаманд хандсан. Сангийн яамнаас гомдол хянасан тухай тоот явуулсан. Уг бичиг нь 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр манай мэйл хаягаар ирсэн. Захиалагчийн шийдвэр үндэслэлтэй зөв байна гэж үзэж хариу өгсөн байсан учраас гэрээ байгуулаад явсан. Хугацаа бол алдаагүй. Тухайн компанийн тендерийн материалыг үнэлэх асуудал яригдаж байна.

Манай байгууллагын зүгээс тендерийн бичиг баримтын бүрдүүлэлт өгөгдлийн хүснэгтийн зааврын дагуу ажилласан.

Гомдол гаргаад явж байгаа “Урагшлах” ХХКомпаний инженерийн  ажилтнуудын хувьд  төрийн өмчид компанийн  дарга Г.Энхбаяр нь энэ компанид инженерээр,  мөн аймгийн нисэх буудалд ажилладаг Ц.Нямдорж гэдэг хүн бол энэ компанийн цахилгааны инженерээр  ажиллахаар баримт ирүүлсэн. Хөвсгөл Ус суваг ХХК-ны захирал Б.Энхбаяр нь одоо болтол тус компанийн инженерийн ажилтан нийгмийн даатгалын шимтгэл төлөөд явсан байдаг. Хянан үзэх шатандаа энэ бүхнийг нь шалгаад, бүх компаниудыг шаардлагад нийцсэн үнэлгээ өгч  дараагийн шатанд оруулахаар шийдвэрлэсэн.

 “Сант-Өндөр” ХХК-ний хувьд машин механизм, инженер техникийн ажилчдын хувьд бүгд тухайн компанийнх байна  гэж үзээд шийдвэрлэсэн байна. Төрийн орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр  зүйлийн зөрчсөн асуудалгүй. Төрийн орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар ил тод өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална гэж заасан. Бид энэ хуулийн заалтаа баримтлан төрийн мөнгөнд хэмнэлттэй үр ашигтай байлгахын тулд 191,000,000 төгрөгийг хэмнэж, сонгон шалгаруулалтыг  энэ ажлыг хуулийн дагуу гүйцэтгэсэн гэж үзэж байна. Хэн нэгэн хувь хүнд тэр мөнгийг олгох гэсэнгүй. Төрийн мөнгийг хэмнэх бодлогыг л баримталсан юм. Тендерийн үйл ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж үзэж байна.  Хэрэв гомдол гараагүй байсан бол 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр гэрээ байгуулагдах байсан. Мөн Сангийн яамнаас гарсан гомдол хянан шийдвэрлэсэн 2017 оны 07 дугаар сарын  06-ны  өдрийн 6/4263  дугаартай Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргын гарын үсэгтэй тоот албан бичиг ирсний үндсэн дээр бид бүхэн энэ гэрээг байгуулаад явсан. Энэ гэрээг үнэлсэн байдал мэдэгдлийг хүргүүлсэн байдал гэрээ байгуулсан зэрэг нь хуульд нийцсэн гэж үзэж байна гэв.

Гуравдагч этгээд “Сант-Өндөр” ХХК-нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Манай компани нь Хөвсгөл аймгийн Орон Нутгийн Өмчийн газрын Худалдан Авах ажиллагааны зарласан "Хөвсгөл аймгийн Галт сумын сургуулийн спорт заалны барилга угсралтын ажлын” гүйцэтгэгч сонгон шалгаруулалтанд ХӨ-2017/1.2.4/ дугаартай тендерт шалгаруулалтанд оролцож 2017- оны 06-р сарын 12-ний өдөр тендерийн нээлтэнд инженер С.Алтан-Очир очсон. Үүнд:

1. “САНТ-ӨНДӨР” ХХК 698 954 699

2. “ГОЛОМТ КОНСТРАКШН” ХХК 751 914 633

3. “УРАГШЛАХ” ХХК 890 055 863 Эдгээр үнийн саналтайгаар оролцож манай компани нь хамгийн бага үнийн санал өгсөн байсан. Ер нь барилгын ажил гүйцэтгэх, тендер шалгаруулалтанд оролцохдоо хуульд заагдсан бичиг баримтыг бүрдүүлэн тендерт оролцдог.

Тухайлбал: Нэхэмжлэлийн 1- дэх шаардлага болох ТОӨЗ 4.4/в/ заалтанд уг ажлыг гүйцэтгэхэд тусгай зөвшөөрөл зайлшгүй шаардлагатай эсэх /тийм/

2.Барилгын угсралтын ажил үйлчилгээнд тавигдах нөхцөл шаардлага

Барилга засвар, засал чимэглэл, орчны тохижилт

  1. Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилга угсралт, өргөтгөл шинэчлэлиин ажил
  1. Барилгын доторх халаалт, салхивч , ус хангамж, ариутгал татуургын шугам сүлжээ тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна самбар, шутам сүлжээний угсралт
  2. Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, холбоо дохиолол, интернэт сүлжээ, гал унтраах болон, галын аюулын дохиоллын системийн угсралт тэдгээрийн тоног төхөөрөмж тухайн барилгын гадна самбар, шугам сүлжээний угсралт гэх мэт заагдсан 4-н ажилбар манай компаний тусгай зөвшөөрөлд байна.

Нэхэмжлэлийн 2- дах шаардлага болох:

ТОӨЗ 5.2/в/-1 заалтын дагуу ИТАжилчдын нэрсийн дагуу 2017-оны 1-5р саруудын нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн баримт бичиг/ НД-7, НД-8/ маягт лавлагааг НДХэлтсээр баталгаажуулан наториотоор батлуулж нотлох баримтаар хавсаргав.

            Нэхэмжлэлийн 3- дах шаардлага болох:

ТОӨЗ 5.2/в/-2 заалтын дагуу ИТАжилтан, мэргэжилтэй ажилчдын мэргэжлийн диплом, үнэмлэх, цахим иргэний унэмлэхийг хуулбарлан наториатоор баталгаажуулан нотлох баримтаар хавсаргав.

Нэхэмжлэлийн 4- дэх шаардлага болох

ТОӨЗ 5.3/в/ Гэрээг гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай үндсэн тоног төхөөрөмж, машин механизмын гэрчилгээг хуулбарлан наториатаар баталгаажуулан нотлох баримтыг хавсаргав.

Түрээсийн машин механизм: Автогредер “АЗЗА” ХХК

“Эксковатор” “Хөвсгөл Зам” ХХК гэрээг хавсаргав.

Бусад машин механизм тоног төхөөрөмж “САНТ-ӨНДӨР” ХХК-ний өмч.  Нэхэмжлэлийн 5- дах шаардлага болох

ТОӨЗ 5.2/е/ заалтанд холбогдох машин механизмын тээврийн хэрэгслийн гэрчилгээг наториотаар батлуулан хавсаргав,

Нэхэмжлэлийн 6- дах шаардлага болох

ТОӨЗ 5.3/г/ заалтанд холбогдох Ерөнхий инженерийн мэргэжлийн диплом, иргэний цахим үнэмлэх, мэргэшсэн инженерийн сертификат, мэргэшсэн төсөвчний материалыг наториатаар батлуулан хавсаргав.

Манай компани нь ХӨ-2017/1.2.4/ дугаартай Хөвсгөл аймгийн Галт сумын сургуулийн спорт заалны тендер шалгаруулалтанд оролцож 2017- оны 06-р сарын 19- ний өдрийн тендерт шалгарсан албан тоотыг 2017- оны 06-р сарын 23-ны өдөр очиж авсан хуулийн хугацаа дуусаж гэрээ байгуулах мэдэгдлийн дагуу очтол “УРАГШЛАХ” ХХК-нь Сангийн яамны Хууль, эрх зүйн газарт гомдол гаргасан байгаа учир яамнаас хариу иртэл түр хүлээнэ гэж хэлсэн. Ингээд хүлээж байтал 2017- оны 07- р сарын 06-ний өдөр ХАА-ны хэлтэс дуудаж яамнаас албан ёсны хариу ирсэн учир ирж гэрээгээ хий гэсэн. Ийм учир Хөвсгөл аймгийн Галт сумын сургуулийн спорт заалны барилгын ажлын гэрээг 2017 оны 07-р сарын 06-ны өдөр аймгийн засаг дарга Л.Ганболдтой гэрээ хийж баталгаажуулсан. Ажил гүйцэтгэх зөвшөөрлийн гэрчилгээ болон барилга угсралтын шаардлагатай бичиг баримтыг бүрдуүлж 2017-оны 07-р сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Галт сумын сургуулийн спорт заалны барилгын О тэнхлэгийн ажлыг гүйцэтгэж байна.

Барилга угсралтын ажлыг хэн нэгний эрх ашигт нийцүүлэн хийдэг ажил биш, улирлын нөхцөл байдлаас ихээхэн хамаардаг бөгөөд дулааны улиралд барилгын ажлыг хийж гүйцэтгэдэг.

            Манай компани нь улсын төсвийн болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар санхжүүжигдсэн барилга угсралтын гэрээт ажлуудыг хуулийн хугацаанд нь чанарын өндөр түвшинд шаардлага ханган хугацаанд нь хүлгээлгэн өгдөг.

“Урагшлах” ХХК-ний хувьд бид адилхан барилга угсралтын ажил гүйцэтгэдэг нэг нутгийн хүмүүс хууль дүрмийн дагуу явагдаж эцсийн шийдвэр нь гарч гэрээ хийгдэж баталгаажаад барилгын ажил эхэлсэн байхад зориуд асуудал үүсгэн хугацаа алдуулж, компани болон хувь хүний нэр хүндэд халдан хэний ямар шаардлагаар ийм асуудал үүсгэж байгааг ойлгохгүй байна. Иймд манай компаний эрх ашиг хөндөгдөж хохироход хүрч байгаа учир "Урагшлах” ХХК-ийн хүсэлтийг  хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржханд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд зааснаар Хөвсгөл аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд буюу Сант- Өндөр ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна.

“Урагшлах” ХХК-ний нэхэмжлэлийн шаардлага болох Хөвсгөл аймгийн Галт сумын сургуулийн спорт заалны барилга угсралтын ажлын гүйцэтгэлд сонгон шалгаруулах тендерийн сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож өгнө үү гэсэн шаардлагын хариу тайлбараа хэлье. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6-д заасан ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтлан тухайн орон нутгийн тендерийг хуулийн дагуу явуулсан гэж үзэж байна. “Урагшлах” ХХК-ний гаргасан гомдлыг тухайн дээд шатны байгууллага нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52.7-д зааснаар төрийн өмчийн бодлого зохицуулалтын  асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болох  Сангийн яам шалгаад 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 6/4203 гэсэн албан бичгээр “Урагшлах” ХХК-ийг татгалзсан нь  үндэслэлтэй гэсэн хариуг ирүүлсэн байдаг.

Мөн аймгийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 19-ны 1/1398 дугаартай албан бичгээр хариу өгсөн байдаг. Энэ хоёр албан бичгээр тендерийн шалгаруулалт үнэн зөв  шударга явсан байна гэж үнэлсэн. ... хуулийн 28.7.3-д зааснаар бүх тендерийг бага үнэтэйгээс их үнэтэйд харьцуулан эрэмбэлж хамгийн бага үнэтэй харьцуулах тендерийг сонгоно. Хамгийн бага үнийн дүнтэй тендерийг хамгийн сайн үнийн дүнтэй тендер гэж авч үзнэ гэж заасан байна.

“Сант-Өндөр” ХХК нь нийгмийн хариуцлагаа ухамсарлаж нийтийн эрх ашгийг нэгд тавьж тухайн тендерээс ашиг олох зорилгоор биш ажилчдаа цалинтай ажилтай байлгах үүднээс барилгын төсөвт өртгөөс 191.000.000 төгрөгөөр  доогуур үнийн санал өгч уг тендерт шалгарсан байгаа. Ганцхан үүнээс л харахад үнэлгээний хороо хуулийн дагуу шударга үйл ажиллагаа явуулсан байгаа нь харагдаж байна. Тухайлбал 191.000.000 төгрөгийг улсын төсвөөс илүү мөнгө авах зорилгоор хандаж байгаа компанид өгсөн бол жинхэнэ хууль бус шалгаруулалт болох  байсан.  “Урагшлах” ХХК нь өөрсдийн нөхцөл байдалд тааруулж хийсэн гэдгийг нотлох баримт ч байгаа.

“Урагшлах” ХХК-ний хувьд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар  Иргэний нисэхийн инженер төрийн албан хаагч хүн Ц.Нямдорж өөр нэг компанийн зөвлөх инженер хийдэг байж энэ компанид инженер гээд нийгмийн даатгалын шимтгэл төлүүлээд энэ компанид бүртгэлтэй байгаа нь шаардлагад нийцэхгүй. “Ус суваг” ХХК-ний захирал ажилтай Г.Энхбаяр нь тухайн байгууллагаа гадна ч төлөөлнө, дотор нь төлөөлнө, ийм эрх мэдэлтэй байж энэ “Урагшлах” компанид ажилладаг гээд  тендерийн өргөдөлд байх юм.  Энэ үйл ажиллагаанаас үзэхэд тендерт “Урагшлах” ХХК-нийг оролцуулаад өрсөлдүүлсэн буруу ч юм уу. Үүнийг Худалдан авах ажиллагааны газарт хянуулах шаардлагатай гэж үзэж байна. Бүх юм хууль дүрмийн дагуу явагдах ёстой. Миний хувьд тендерийг арай ч будлиантуулаад хуурамч бичиг баримтаар шалгаруулдаг байх гэж бодохгүй байна. “Урагшлах” ХХК-ний хувьд  тендерт орж байх хугацаанд одоо ч гэсэн Улаанбаатар хотын 48 дугаар сургуулийн барилгыг барьж байгаа ингээд бүх машин механизмууд тэнд зогсож байгаа ажилчид нь бас тэр барилга дээр ажиллаж байгаа. Ийм нөхцөлд давхардлыг гаргаад хоосон бичиг баримтыг “Урагшлах” ХХК бүрдүүлээд  Хөвсгөлд тендерт оролцсоныг нь тендер шалгаруулж байгаа хүмүүс хүлээж аваад тендерт оролцуулсан юм шиг нэг талаасаа харагдаж байгаа. Үүнийг ч гэсэн хууль дүрмийн дагуу шалгуулах бодолтой байгаа. Тендерт оролцогчдын зөвлөмжийн 5.3в-д  зааснаар тендерт оролцогч олон багц ажлын тендерт оролцох болон хэрэгжүүлж байгаа болон хэрэгжүүлэх эрх авсан гэрээний талаарх мэдээлэл тус гэрээнд ажиллаж байгаа ажиллуулах голлох инженер техникийн  ажилчид машин механизм багаж хэрэгслийг танилцуулах бөгөөд тэдгээрт инженер техникийн  ажилчид машин механизм нь санал болгож буй тендерийн саналтай давхардсан тохиолдолд уг ирүүлсэн тендерээс татгалзах үндэслэл болно гээд заасан байгаа. Гэтэл 48 дугаар сургуулиас үүнтэй холбоотой бичиг баримтыг авсан эсэх нь тодорхойгүй байна. Жишээ нь тэнд ажил явуулж байгаа Краныг Галт суманд авчирч ажил үүрэг гүйцэтгэх үү. Ер нь аливаа зүйл бодитой амьдрал дээр хэрэгждэг байх нь зүйтэй. Өөрсдөө ийм будлиантай зүйл хийчхээд адилхан ажил үйлчилгээ явуулдаг компанитайгаа заргалдаад байгааг нь ойлгохгүй байна. “Сант- Өндөр” ХХК  нь сургуулийн заалыг барих талаараа Хөвсгөл аймагт мэргэшсэн компани гэж үздэг юм байна лээ. Тэгж ч үнэлэгдсэн. Тендерийг цуцалснаар нэг компанийн эрх ашиг хөндөгдөхгүй, нийтийн эрх ашиг хөндөгдөх  болно гэв.

    ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Урагшлах” ХХК-иас тус шүүхэд Хөвсгөл аймгийн Галт сумын сургуулийн спорт заалны барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр “Сант-Өндөр” ХХК-ийг сонгон шалгаруулсан 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн ХӨ-2017/1.2.4 дугаартай тендерийн сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

            Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2017 оны А/140 тушаалаар ...Хөвсгөл аймгийн Галт сумын сургуулийн спорт заалны барилга, төсөл арга хэмжээг батлагдсан ажлын зураг, төсвийг үндэслэн зохион байгуулах, хэрэгжүүлэх, тайлагнах эрхийг аймгийн Засаг даргад шилжүүлснээр, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/248 дугаар захирамжаар “Галт сумын сургуулийн спорт заалны барилга угсралтын ажил”-ын гүйцэтгэгчийг сонгох шалгаруулах Үнэлгээний хороог байгуулсан байна.

Үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т ”...Тендерийн баримт бичигт тендерт оролцогч зохих шаардлага хангасан тендер бэлтгэж ирүүлэхэд шаардлагатай бүх мэдээлэл, тендерт оролцогчдод тавих шаардлага, тэдэнд өгөх заавар, хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг шалгаруулах шалгуур үзүүлэлт, өгөгдлийн хүснэгт, аргачлал, захиалагчийн санал болгож байгаа гэрээний нөхцөлүүд, техникийн тодорхойлолт, зураг, тендерийн жишиг маягтууд.../-д зааснаар тендерийн бичиг баримтыг боловсруулж, нийтэд зарлажээ.

Хөвсгөл аймгийн худалдан авах ажиллагааны газраас ХӨ-2017/1.2.4 дугаартай “Хөвсгөл аймгийн Галт сумын сургуулийн спорт заалны барилгын угсралтын ажил”-ын гүйцэтгэгчийг сонгох шалгаруулах тендерт нийт нэр бүхий 3 компани оролцохоор тендерын баримт бичгийг  ирүүлжээ.

Үнэлгээний хороо 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 11.20 минутанд  тендерийг нээж, уг нээлтэд “Урагшлах” ХХК-ний ня-бо Л.Намчин, “Сант-Өндөр” ХХК-ний инженер С.Алтан-Очир нар оролцсон нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар  зүйлд нийцсэн байна.

Үнэлгээний хороо 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр тендерт оролцогч тус бүрийн тендерийн материалуудыг тус бүр хянан үзэж, “Голомт констракшн” ХХК , “Урагшлах” ХХК , “Сант-Өндөр” ХХКомпани тус бүрийн тендер нь “... захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага, техникийн тодорхойлолт, тендерийн баримт бичигт заасан бусад бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан, шаардлагад  нийцсэн   тендер гэж үзсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д заасантай нийцэж байна.

Мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “нэг үе шаттай тендер шалгаруулалтын үед 27 дугаар зүйлд заасны дагуу хянаж, шаардлагад нийцсэн гэж үзсэн бүх тендерт үнэлгээ хийнэ” гэж заасны дагуу “Сант-Өндөр” ХХК-ний  698,954,699 төгрөгийн үнийн саналтай тендер, “Голомт констракшн”ХХК-ний  751.914.633 төгрөгийн үнийн саналтай тендер, “Урагшлах” ХХК-ний 890.055.863 төгрөгийн үнийн саналтай ирүүлсэн тендерийг эрэмбэлэн харьцуулж, Улсын төсвийн хөрөнгө оруулалт, Дэлхийн зөн олон улсын байгууллагын тусламжийн хөрөнгөөр хэрэгжих Хөвсгөл аймгийн Галт сумын сургуулийн спорт заалны барилга угсралтын ажлын гүйцэтгэгч сонгох тендерт 698,954,699 төгрөгийн буюу хамгийн бага үнийн саналтай тендерийг  хамгийн сайн тендер гэж үзэж “Сант-Өндөр” ХХК-нийг барилгын угсралтын ажил гүйцэтгэгчээр сонгон шалгаруулжээ.

Ийнхүү  хариуцагчийн дээрхи үйл ажиллагаа нь  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-д “Шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна” гэсэн,

Мөн хуулийн 28.7.3-д “бүх тендерийг бага харьцуулах үнэтэйгээс их харьцуулах үнэтэй рүү нь эрэмбэлж хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг сонгоно” гэсэн, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4-д” хамгийн бага үнэтэй харьцуулах үнэтэй тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж үзнэ” гэсэн заалтуудад нийцүүлж сонгон шалгаруулалт явуулсан хариуцагчийг буруутгах үндэслэлгүй байна.

Дээрх сонгон шалгаруулалтыг эс зөвшөөрч нэхэмжлэгч “Урагшлах” ХХК -аас гаргасан гомдлыг Сангийн яам хянан үзээд “...тендер шалгаруулалтад оролцсон “Урагшлах” ХХК-ийн ирүүлсэн саналаас хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4-т заасны дагуу үнэлж татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна ...” гэсэн хариуг  2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 6-1/4203 тоот албан бичгийг Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газарт болон гомдол гаргагчид  хүргүүлсэн байна.

Дээрх хариуцагч байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс “...Уг тендерт шалгарсан гэх Сант-Өндөр ХХК нь тендерийн материалыг ТОӨЗ-4.4.(в), ТОӨЗ-5.2.(в)-1, ТОӨЗ-5.2.(в)-2, ТОӨЗ-5.2.(е), ТОӨЗ-5.3.(в), ТОӨЗ-5.3.(г), гэсэн заалтуудад нийцүүлэн хуурамчаар материал бүрдүүлж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, Тендерийн шалгаруулалтын материалын заалтуудыг зөрчсөн тул сонгон шалгаруулалтыг хүчингүй болгоно. ” хэмээн маргажээ.

Шүүх, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох  үндэслэлтэй гэж үзлээ. Үүнд:  

Нэг. 1/.Тендерийн баримт бичгийн Тендерт оролцогчид өгөх зааварчилгааны /ТОӨЗ-4.4/.(в)-д Уг ажлыг гүйцэтгэхэд тусгай зөвшөөрөл зайлшгүй шаардлагатай... гэсэн заалтын шаардлагыг зөрчсөн эсэх тухайд:

2110008 регистрийн дугаартай “Сант-Өндөр” ХХК-д барилга угсралтын ажлыг эрхлэх үйл ажиллагааны чиглэлээр улсын бүртгэлийн 1711002013 дугаарт бүртгэгдэж, улсын бүртгэлийн хүчин төгөлдөр гэрчилгээ болон Барилга, хот байгуулалтын Яамны  2015 онд олгосон тусгай зөвшөөрлөөр Барилга угсралт 2.1.1, - 2.2.2 заалтын дагуу, мөн нэмэлт 2.2.4-2.3.2. заалтын дагуу ажил эрхлэх тусгай зөвшөөрлийг  олгосон нь уг ажлыг гүйцэтгэхэд тусгай зөвшөөрөлтэй байх болон   Барилгын угсралтын ажил, үйлчилгээнд тавигдах нөхцөл, шаардлагыг хангасан гэж үзсэн нь үндэслэл бүхий байна.   

2/.Тендерийн баримт бичгийн Тендерт оролцогчид өгөх зааварчилгааны ТОӨЗ-5.2.(в)-1, ТОӨЗ-5.2.(в)-2 “гэрээг хэрэгжүүлэх, удирдах болон техникийн голлох боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл”-ийн  тухайд:

а/. “Сант-Өндөр” ХХК-ийн Ерөнхий инженер О.Баяраа нь Иргэний үйлдвэрийн барилгын мэргэжлээр бакалаврын зэрэгтэй /2008/, Барилга байгууламжийн угсралт, засварын ажлын хүрээнд “Мэргэшсэн инженер”-ийн зэрэгтэй, Барилга, байгууламжийн угсралт, засварын ажлын “Мэргэшсэн төсөвчин” /2016/ зэрэг мэргэжлээрээ нийт 17 жил ажилласан, ...НТГазрын албан конторын барилга угсралтын ажилаас эхлэн Хөвсгөл аймаг, Эрдмийн далай цогцолбор сургуулийн Спорт заалны барилга угсралт хүртэл нийт 21  барилгын  ажлуудад ажилласан гэж,  төсөлтэй холбоотой ажлын туршлагыг 11 жил гэж тодорхойлон ирүүлсэн, тухайн компаний үндсэн ажилтан болох нь тендерийн баримт бичигт хавсаргасан баримтуудаар нотлогдсон барилгын инженер мэргэжлээр 5 жил байх ажилласан  шаардлагыг хангасан гэж,

б/. “Сант-Өндөр” ХХК-ийн Талбайн инженер У.Хүчитбаатар нь Иргэний ба үйлдвэрийн барилгын мэргэжлээр инженерийн бакалаврын зэрэгтэй /2013 он/, УБ, Монхангай группын Мини маркет барилга угсралтын ажлаас эхлэн Хөвсгөл аймаг, Энх-Үйлс ӨЭМТөвийн өргөтгөл, барилгын засварын ажил зэрэг нийт 9  барилгын ажлуудад  мэргэжлээрээ  5 жил ажилласан  гэж тодорхойлон ирүүлсэн, тухайн компаний үндсэн ажилтан болох нь тендерийн баримт бичигт хавсаргасан баримтуудаар нотлогдсон, барилгын инженер мэргэжлээр 3 жил ажилласан  байх шаардлагыг хангасан гэж,

            в/. “Сант-Өндөр” ХХК-ийн Цахилгааны  инженер Б.Бат-Эрдэнэ  Цахилгааны иинженерийн мэргэжлээр цахилгааны инженерээр бакалаврын зэрэгтэй /2014/, Хөвсгөл аймаг, Ханх сум Гаалийн Хорооны уурын зуухны их засварын ажлаас эхлэн Хөвсгөл аймаг, Энх-Үйлс ӨЭМТөвийн өргөтгөл, барилгын засварын ажил зэрэг нийт 4 барилгын  засвар, угсралтын  ажиллуудад  мэргэжлээрээ  2 жил ажилласан  гэж тодорхойлон ирүүлсэн, тухайн компаний үндсэн ажилтан болох нь тендерийн баримт бичигт хавсаргасан баримтуудаар нотлогдсон, цахилгааны инженер мэргэжлээр 2 жил ажилласан  байх шаардлагыг хангасан гэж,

г/. “Сант-Өндөр” ХХК-ийн Холбоо дохиоллын инженер Б.Пүрэвжав нь   цахилгаан холбооны  мэргэжлээр холбооны инженерийн  бакалаврын зэрэгтэй /2009 он/, Хөвсгөл аймаг, Ханх сум,  Гаалийн Хорооны уурын зуухны их засварын барилга угсралтын ажлаас эхлэн Хөвсгөл аймаг, Энх-Үйлс ӨЭМТөвийн өргөтгөл, барилгын засварын ажил зэрэг нийт 4 барилга засвар, угсралтын  ажиллуудад  мэргэжлээрээ  2 жил ажилласан  гэж тодорхойлон ирүүлсэн, тухайн компаний үндсэн ажилтан болох нь  тендерийн баримт бичигт хавсаргасан баримтуудаар нотлогдсон, холбооны  инженер мэргэжлээр 2 жил ажилласан байх шаардлагыг хангасан гэж,

д/. “Сант-Өндөр” ХХК-ийн Ус хангамж, ариутгах татуургын инженер Г.Далхаанямбуу нь Усан хангамж, ус цэвэрлэгээ мэргэжлээр сантехникийн инженерийн бакалаврын зэрэгтэй /2010 он/,  Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн барилаг барих ажилаас эхлэн Хөвсгөл аймаг, Ханх сум Гаалийн Хорооны уурын зуухны их засварын барилга угсралтын ажил,  Хөвсгөл аймаг, Энх-Үйлс ӨЭМТөвийн өргөтгөл, барилгын засварын ажил зэрэг нийт 6 барилга засвар, угсралтын  ажиллуудад  мэргэжлээрээ  4 жил ажилласан  гэж тодорхойлон ирүүлсэн, тухайн компаний үндсэн ажилтан болох нь тендерийн баримт бичигт хавсаргасан баримтуудаар нотлогдсон, сан техникийн инженер мэргэжлээр 2 жил ажилласан  байх шаардлагыг хангасан гэж,

е/. “Сант-Өндөр” ХХК-ийн Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан С.Алтан-Очир автомашин ашиглалт, авто аж ахуй мэргэжлээр механик инженерийн бакалаврын зэрэгтэй /2008 он/, Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан-ы гэрчилгээтэй /2015 он/  Хөвсгөл аймаг, Нэг үе клубийн цэцэрлэгт хүрээлэн барих барилгын ажлаас эхлэн Хөвсгөл аймаг, Ханх сум Гаалийн Хорооны уурын зуухны их засварын барилга угсралтын ажил, Хөвсгөл аймаг, Энх-Үйлс ӨЭМТөвийн өргөтгөл, барилгын засварын ажил зэрэг нийт 15 барилга засвар, угсралтын  ажиллуудад 10 жил ажилласан  гэж тодорхойлон ирүүлсэн, тухайн компаний үндсэн ажилтан болох нь тендерийн баримт бичигт хавсаргасан баримтуудаар нотлогдсон, Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнаар 1 жил ажилласан байх шаардлагыг хангасан гэж,

ё/. “Сант-Өндөр” ХХК-ийн сантехникийн ажилтан Г.Гантулга нь  сантехникч мэргэжлийг эзэмшсэн /2010 он/, бетон арматурчин барилгын мэргэжилтэй /2011/,  Хөвсгөл аймаг, Ханх сум” Гаалийн Хорооны уурын зуухны их засварын барилга угсралтын ажил, Хөвсгөл аймаг, ”Энх-Үйлс” ӨЭМТөвийн өргөтгөл, барилгын засварын ажил зэрэг нийт 6 барилга засвар, угсралтын  ажиллуудад  мэргэжлээрээ  6 жил ажилласан  гэж тодорхойлон ирүүлсэн, тухайн компаний үндсэн ажилтан болох нь  тендерийн баримт бичигт хавсаргасан баримтуудаар нотлогдсон, сан техникч инженер мэргэжлээр 1 жил ажилласан  байх шаардлагыг хангасан байна гэж  үзэх үндэслэлтэй байх бөгөөд эдгээр нь нийгмийн даатгалын дэвтэр болон захирлын тушаал, нийгмийн даатгалийн дэвтрийн өөрчлөлтийн тэмдэглэл зэргээр  нотлогдож байна. 

3/.Тендерийн баримт бичгийн Тендерт оролцогчид өгөх зааварчилгааны ТОӨЗ-5.2.(е) –д ”гэрээг гүйцэтгэхэд ашиглагдах санал болгож буй үндсэн машин механизм, тоног төхөөрөмжийн нэр, төрөл, /зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмж машин механизмыг жагсаах/ ”,

Мөн ТОӨЗ-5.3(в)-д... 10,0 тонноос дээш даацтай ачааны авто машины тээврийн хэрэгслийн техникийн гэрчилгээний хуулбарыг нотариатаар баталгаажуулах,. Эксковаторын техникийн гэрчилгээний хуулбарыг ирүүлэх, Автокран 15 тн, гэрчилгээний хуулбар, мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгаж аюулгүй ажиллахыг баталгаажуулан олгосон         гэрчилгээг ирүүлэх... зэрэг зөрчилгүй байна, тендерт оролцогчийн өмчлөлийнх байна” гэж”  гэсэн заалтын дагуу:

-Хөвсгөл зам”ХХК –ийн САТ ХӨ99-21 дугаартай Эксковатор, Rolex 2900lv 2017.05.22-ний өдрийн Түрээсийн 1 жилийн хугацаатай гэрээтэй,

- Авто кран 25 тн, ачааны машин 15 тн, рейкин доргиулагч 380, гагнуурын аппарат, зуурмагын хөнөг 80 л, цахилгаан харуул 2, автогрейдер Д3122Б, өөрөө буулгагч 2 зэрэг өөрийн компанийх гэсэн жагаалтыг маягтын дагуу гаргаж, тэдгээрийн гэрчилгээг хуулбарлан баталгаажуулж ирүүлсэн нь  “Гэрээт ажилд ашиглах машин механизм, тоног төхөөрөмжийн гэрчилгээний эхээс хийсэн хуулбарыг нотариатаар батагаажуулж ирүүлнэ. /түрээсэлдэг бол түрээсийн гэрээний эх хувь болон түрээсэлсэн авто тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбарийн хамт ирүүлнэ” гэсэн шаардлагад нийцжээ.

Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “Сант-Өндөр” ХХК-ийн өмчлөлийн 5998 УБӨ улсын дугаар бүхий HYUNDAI QY25 бүхий автокранд даацын туршилт хийж 25 тн даацтайгаар ашиглах боломжтойг дүгнэсэн дүгнэлт болон гэрчилгээний хуулбар зэргийг тендерийн баримтаар ирүүлсэн байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т “үнэлгээний хороо байнгын бус ажиллагаатай байх бөгөөд дор дурдсан чиг үүрэгтэй байна”, 47.2.2-т “тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх...” гэж тус тус заасны дагуу Үнэлгээний хороо нь хуулиар өөрт олгогдсон чиг үүргийнхээ дагуу олонхоороо дээрх шийдвэр гаргасныг  шүүх  буруутгах боломжгүй юм.

 Тиймээс нэгэнт захиалагчаас ирүүлсэн шаардлагын дагуу боловсруулсан тендерийн баримт бичгийн дагуу тендерийг үнэлж, сонгон шалгаруулалтыг Үнэлгээний хороо хуулийн дагуу явуулсан нь  тогтоогдсон явдал нь   нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй, мөн түүнчлэн:

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараах шаардлага хангасан эсэхийг хянан үзнэ”, 27.3-д “...27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ” гэж заасны дагуу Үнэлгээний хороо тухайн тендерийн үнэлгээг хийж дээрх хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4-д “хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж үзнэ” гэж зааснаар гуравдагч этгээд “Сант-Өндөр” ХХК-ийг тус тендерт сонгон шалгаруулсныг нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч компанийн тухайд, хамгийн их үнийн саналтай тендер ирүүлсэн нь тогтоогдсон бөгөөд Тендерийн үнэлгээний хороо уг үндэслэлээр ирүүлсэн тендерээс нь татгалзсан, энэ тохиолдолд гуравдагч этгээд “Сант-өндөр” ХХК-ийг шалгаруулсны улмаас нэхэмжлэгч “Урагшлах” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл “Сант-Өндөр” ХХК  698,954,699 төгрөгийн үнийн саналтай тендер, “Голомт констракшн” ХХК 751.914.633 төгрөгийн үнийн саналтай тендер, “Урагшлах” ХХК 890.055.863 төгрөгийн үнийн саналтай ирүүлсэн тендерийг  эрэмбэлэн харьцуулснаас үзэхэд хамгийн их үнийн саналтай тендерийг нэхэмжлэгч “Урагшлах” ХХК-иас  ирүүлсэн, одоо уг барилгын ажлын гүйцэтгэл хэвийн шатандаа явагдаж байгаа гэх захиалагчийн тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэгчийн энэ талаарх  шаардлага үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэв.

Хамтран хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг дарга нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “Захиалагч бараа, ажил, үйлчилгээг худалдан авах талаар дараах эрх, үүрэгтэй байна”, 46.1.2-т “үнэлгээний хорооны үйл ажиллагаа, үнэлгээний дүгнэлт холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавьж, гарсан зөрчлийг арилгуулах”, 46.1.3-д “үнэлгээний хорооноос гаргасан дүгнэлтэд үндэслэн гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах” гэж заасны дагуу тус тендерт шалгарсан “Сант-Өндөр” ХХК-тай гэрээ байгуулах эсэх асуудлаар шийдвэр гаргах эрхтэй байх тул түүнийг буруутгах боломжгүй юм.

Нэхэмжлэгч талаас: “... ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан нь хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус гэрээ” гэж тайлбарлах боловч энэхүү гомдол нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй учир шүүхээс зөвхөн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нотлох баримт болон хэргийн оролцогч нарын тайлбарт  үнэлэлт  дүгнэлт эрхтэй.  

-Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: ...“Тендер шалгаруулалттай холбогдуулан хүлээсэн үүргээ захиалагч тал зөрчсөн гэж үзвэл тендерт оролцогч энэ тухай мэдсэнээс хойш ажлын 5 хоногийн дотор  захиалагчид бичгээр гомдол гаргаж болох бөгөөд...” гэсэн заалтыг захиалагч тал ноцтой зөрчиж зөвхөн тендерт шалгарсан гэх компанид ашигтай хэлбэрээр хариу мэдэгдэж, манай компанид мэдэгдэлгүй нуун дарагдуулсан...” хэмээжээ. 

Хэдийгээр энэхүү гомдол нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй боловч дээрх хуулийн заалтыг ноцтой зөрчсөн эсэх тухайд хянан үзвэл:

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д” ... захиалагч ... “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчдод гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ” гэжээ, 

Хөвсгөл аймгийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөр огноологдсон 1/1398тоот албан бичгээр “Урагшлах” ХХК-д хаяглан “ ... компаний ирүүлсэн тендер шаардлагад нийцсэн боловч тендерийн үнийн санал нь шалгарсан оролцогчийн тендерийн үнийн саналаас 191 101 164 төгрөгөөр өндөр байгаа нь ... хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4-дах заалтыг хангаагүй тул танай компаний тендерээс татгалзаж байгааг мэдэгдсэн” тухай мэдэгдлийг үйлдэж, TENDER.GOV.MN сайт руу тендерт оролцсон нэр бүхий компаний цахим хаягаар илгээснийг нэхэмжлэгч 2017 оны 06 сарын 23-ны өдөр мэдэж, тухайн өдрийн 2017/0151 тоот албан бичгээр  Сангийн яаманд  хүсэлт  гаргаж, энэ тухайгаа Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны хэлтэст мөн өдрийн 2017/0158 тоот албан бичгээр  хүргүүлсэн байна.

Түүнчлэн хариуцагчаас энэ талаар тайлбарлахдаа:... “ 2017 оны 06 дугаар сарын  19-ний өдөр зөвлөмжөө гаргаад аймгийн Засаг даргад мэдэгдэж гарын үсэг зуруулах гэтэл дарга хөдөө явсан байсан.  2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр бичиг хэргээс дугаар, код  аваад мэдэгдлээ гаргаад 3 компанид мэдэгдэх болтол даргын гарын үсэг дутуу байсан. Дарга 3 хоногийн хугацаатай хөдөө ажлаар явсан байсан. Ингээд 2017 оны 06 дугаар сарын 19-нд гарах бичиг 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 15 цагт 30 минутад баталгаажсан. Тендерийн бүх бичиг баримтыг компани болгоны мэйл хаягаар явуулсан.

Компаниуд тендерийн бичиг баримтаа  06 дугаар сарын 23-аас эхэлж авсан. Сайтад мэдэгдлүүд байгаа учраас сайтаас хуулж аваад хуулбар үнэн тэмдэг дараад компаниудад өгсөн” гэх тайлбараас үзэхэд ... татгалзсан тухай мэдэгдлийг нуун дарагдуулсан, ноцтой зөрчил гаргасан нь нотлогдохгүй байх бөгөөд нэхэмжлэгч нь мэдэгдлийг зохих хугацаанд хүлээн авч, гомдлоо хуульд заасан хугацаанд гаргаснаар Сангийн яамнаас уг гомдлыг зохих хууль журмын дагуу хянан шийдвэрлэж хариу өгснөөр, шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нээгдсэн, түүний гомдол гаргах эрхийг ноцтойгоор зөрчөөгүй  болохыг   дурьдах нь зүйтэй. 

-Гэрч С.Алтан-Очир мэдүүлэхдээ: “...автокран нь 5998 гэсэн улсын дугаартайгаа  Сант-Өндөр ХХК-д шилжсэн байсан. Энэ гэрчилгээ нь хаягдаад дахин авахад 7844 гэсэн улсын дугаартай гарч ирсэн. Энэ нь систем техникийн алдаа юу хувь хүний алдаа юу гэдгийг сайн мэдэхгүй байна. 2 сарын  дараа авто тээврийн газраас над руу утасдаад номероо солиорой бид алдаа  гаргажээ гэж хэлсэн” гэж тайлбарлаж байгаа нь  дээрх  “Сант-Өндөр” ХХК-ийн өмчлөлийн 5998 УБӨ улсын дугаар бүхий HYUNDAI QY25 бүхий автокран 7844 ХӨҮ улсын дугаараар өөрчлөн бүртгэгдсэн болох нь техникийн хяналтын үзлэгийн 2017.07.25-ны өдрийн тэмдэглэлээр нотлогдож байгааг дурьдаж байна.

Шүүх нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийнгчүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дээрхи хэргийн нөхцөл байдал болон хуулийн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 113 дугаар зүйлийн 113.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1,  28 дугаар зүйлийн 28.1, 28.7, 28.7.3, 28.7.4, 29 дүгээр зүйлийн 29.1, 46 дугаар зүйлийн , 46.1.3 -д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Урагшлах” ХХК-ний нэхэмжлэлтэй Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны хэлтэст холбогдох “Хөвсгөл аймгийн Галт сумын сургуулийн спорт заалны барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр “Сант-Өндөр” ХХК-ийг  сонгон шалгаруулсан “2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн ХӨ-2017/1.2.4 дугаартай тендерийн сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Б.ЭНХТАЙВАН