| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
| Хэргийн индекс | 126/2019/0015/З |
| Дугаар | 221/МА2020/0224 |
| Огноо | 2020-04-01 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 221/МА2020/0224
Б.Б-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, нэхэмжлэгч Б.Б, гуравдагч этгээд Л.С нарыг оролцуулан Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 04 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор, Б.Б-ийн нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 04 дүгээр шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 31 дугаар зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.1.2-д заасныг баримтлан Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдох “Хөвсгөл аймгийн Засаг даргын захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоолгох, шаардагдах захиргааны акт гаргахыг даалгах” шаардлага бүхий Б.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Б.Б, түүний өмгөөлөгч А.У нар давж заалдах гомдолдоо: “...Б.Б нь Газрын тухай хуульд заасан үндэслэл журмаар Хөвсгөл аймгийн Газрын албанд өргөдөл, хүсэлтээ гаргаж, улмаар тус газрын эрх бүхий албан тушаалтан болох З.Н схем зураг үйлдсэн, мөн тус Газрын дарга нь гарын үсэг зурсан, түүнчлэн инженерийн шугам сүлжээтэй газарт зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдүүд аймгийн Засаг дарга нар гарын үсэг зурж баталгаажуулсан. Ийм байдлаар миний хууль ёсны итгэл баталгаажсан. Энэ нөхцөл байдлыг шүүх алгасан дүгнэлт хийж, газрын албанд огт хандаж байгаагүй, зөвхөн албан тушаалтанд нь хандсан нь буруу гэжээ. Иргэн Б.Б-ийн хувьд газрын албанд хандах журмаараа хандан тэр бүү хэл бусад эрх бүхий албан тушаалтануудаар зохих зөвшөөрөл авсан схем зураг бол түүний итгэлийг хамгаалсан гол нотлох баримт. Гэтэл шүүх хэрэгт байгаа нотлох баримтуудад дүгнэлт өгөөгүй, Газрын албанд өргөдөл, хүсэлтээ гаргаж байсан, холбогдох схем зураг гаргуулсан байдлын талаар нотлох баримт цуглуулах үүргээ гүйцэтгээгүй. Иймд шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Газрын тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Хөвсгөл аймгийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 1/455 дугаар албан бичгээр нэхэмжлэгчийн эзэмших хүсэлт гаргасан газар нь “...2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй бөгөөд Газрын тухай хуулийн 33.1.2-т заасны дагуу эзэмшигчийг төсөл сонгон шалгаруулалтаар шалгаруулдаг тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариуг өгсөн, үүнийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Б.Б-оос уг татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, дээрх хүсэлт гаргасан газрыг өөрт нь эзэмшүүлэх шийдвэр гаргахыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.
Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгчийн эзэмших хүсэлт гаргасан 200 м.кв газар нь инженерийн шугам, сүлжээ бүхий газарт хамаарч байгаа болохыг тогтоосон, нэхэмжлэгчээс уг газарт “...өмгөөллийн үйл ажиллагаа явуулах байр барих” зориулалтаар газар эзэмших хүсэлт гаргасан байна.
Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хэрэгцээний зориулалт, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, таримал ургамал тарих зориулалтаар газар эзэмшүүлэхээс бусад зориулалтаар газар эзэмшүүлэх тохиолдолд дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын зарчмаар эзэмшүүлэх журамтай байна. Энэ тохиолдолд нэхэмжлэгчийн газар эзэмших зориулалт нь “...өмгөөллийн үйл ажиллагаа явуулах байр барих” буюу дээрх хуульд зааснаар “бусад зориулалт” гэдэгт хамаарч байх тул хариуцагчаас тухайн газрыг “төсөл сонгон шалгаруулалтын журмаар олгоно” гэж татгалзсан нь хуульд нийцсэн, газар эзэмших хүсэлт гаргаснаар шууд эзэмшүүлэх шийдвэр гаргах боломжгүй.
Нөгөөтээгүүр Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд газар эзэмших тухай хүсэлт гаргах харилцааг зохицуулсан, тухайлбал 32.1, 32.3, 32.5-д иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь газар эзэмших тухай хүсэлтийг, түүнд хавсаргах баримтын хамт тухайн шатны Засаг даргад батлагдсан маягтын дагуу гаргахыг, мөн газрын алба газар эзэмшихээр гаргасан хүсэлтийг зохих журмын дагуу хүлээн авч бүртгэн, улмаар хүсэлтийг нягтлан хянаж, шаардлага хангаагүй бол энэ талаарх үндэслэлийг хүсэлт гаргагчид мэдэгдэх үүрэгтэй болохыг зохицуулсан, нэхэмжлэгч Б.Б-ийн хувьд дээрх хуульд заасан журмын дагуу газар эзэмших тухай хүсэлтээ гаргасан гэж үзэхээргүй байх тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
Иймд нэхэмжлэгчийн эзэмших хүсэлт гаргасан газрыг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын зарчмаар эзэмшүүлэхээр хуульд заасан, нэхэмжлэгчийн тайлбарт дурдсан “...тухайн газрын кадастрын зураг үйлдүүлж, эрх бүхий этгээдүүд, аймгийн Засаг дарга нар гарын үсэг зурж баталгаажуулсан” нь түүнд шууд газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргах эрхийг үүсгэхгүй тул энэ талаарх гомдлыг хүлээн авах боломжгүй.
Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим нь “захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд хууль ёсоор үүссэн итгэл болон мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар бий болсон” тохиолдолд үйлчлэхээр зохицуулагдсан, нэхэмжлэгчийн тухайд мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар бий болоогүй төдийгүй хууль ёсоор итгэл үүссэн гэж үзэх үндэслэлгүй байх тул “хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим үйлчилнэ” гэх түүний гомдол үндэслэлгүй.
Түүнчлэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2006 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 43 дугаар захирамжаар “Хөвсгөл Оргил” ХХК-аас 886 м.кв газрыг Л.Сольхүүд шилжүүлэн эзэмшүүлэхдээ маргаан бүхий 200 м.кв газрыг “нийтийн эдэлбэр газарт хамаарна” гэх үндэслэлээр хасаж эзэмшүүлсэн байх тул “...Засаг дарга нараас өөрт нь тус газрыг эзэмшүүлнэ гэдэг байсан, холбогдох зөвшөөрлийг нь авсан” гэх тайлбараар уг газрыг нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг үндэслэн түүнд эзэмшүүлэх шийдвэр гаргах боломжгүйгээс гадна Газрын тухайн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д зааснаар газар эзэмшүүлэх журам нь хүн бүрд адил тэгш үйлчлэх учиртай юм.
Иймд нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байх тул хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 04 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Б, түүний өмгөөлөгч А.У нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН