| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэндийн Цогт |
| Хэргийн индекс | 128/2025/0528/З |
| Дугаар | 001/ХТ2025/0117 |
| Огноо | 2025-12-19 |
| Маргааны төрөл | Тендер, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2025 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 001/ХТ2025/0117
“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Д.Батбаатар
Шүүгчид: Г.Банзрагч
М.Батсуурь
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Ц.Цогт
Нарийн бичгийн дарга: Б.Энхжаргал
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2025/0669 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2025/0687 дугаар магадлалтай,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 539 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Л, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Нарандаваа, Д.Содномдорж, хариуцагчийн төлөөлөгч Б.Т, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, хариуцагчийн өмгөөлөгч О.Баясгалан, гуравдагч этгээдийн төлөөлөгч М.Т нарыг оролцуулан, хариуцагч болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага:
1.Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албанд холбогдуулан 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 145, 156, 157 дугаар мэдэгдэл, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 277, 280 дугаар мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулах.
1.2.ХУД/20250103048 дугаартай Нийтийн эзэмшлийн зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ тендерийн гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн “Гүйцэтгэгчийг сонгох, гэрээ байгуулах эрх олгох тухай” 03 дугаар хурлын тэмдэглэлийн “Э” ХХК-ийг шаардлага хангаагүй, татгалзсан гэж үзсэн, “У” ХХК-ийг шаардлага хангасан гэж үзэж захиалагчид зөвлөмж хүргүүлэх хэсэг, 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн “Гүйцэтгэгч сонгох, гэрээ байгуулах эрх олгох тухай” 02 дугаар зөвлөмжийн “У” ХХК-тай гэрээ байгуулах хэсгийг хүчингүй болгуулах, Сангийн яамны 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 02/4508 дугаар албан бичгийн дагуу тендерийг дахин үнэлээгүй тендерийн Үнэлгээний хорооны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дахин үнэлж, тендерт шалгарсан компанитай гэрээ байгуулахыг даалгах. (5-р хавтаст хэргийн 120 дахь тал)
Хэргийн нөхцөл байдал:
2.Хан-Уул дүүргийн Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн А/175 дугаар захирамжаар тус дүүргийн төсвийн хөрөнгөөр 2025 онд санхүүжин хэрэгжих Хан-Уул дүүргийн нийтийн эзэмшлийн зам, талбайн цэвэрлэгээний төсөл, арга хэмжээнүүдийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий Үнэлгээний хороог байгуулсан байна.
2.1.Нийтийн эзэмшлийн зам, талбай цэвэрлэгээ, үйлчилгээ тендерийн гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хорооноос багц 8, багц 10-д “У” ХХК-тай гэрээ байгуулахыг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад зөвлөжээ.
2.2.Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас нэхэмжлэгчийн ХУДХААА/20250103048 дугаартай багц 8, 10 тендер шалгаруулалтад ирүүлсэн тендер Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан холбогдох шаардлагыг хангаагүй талаар мэдэгдсэн байна.
3.Нэхэмжлэгч хуулийн этгээдээс дээрх Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл, зөвлөмж, Худалдан авах ажиллагааны албаны мэдэгдлүүдийг эс зөвшөөрч “... манай компанийн багц 8, 10 тендер шалгаруулалтад ирүүлсэн тендерийн материал нь шаардлага хангасан. ... “У” ХХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.6.1, 22.6.3-т заасныг зөрчсөн байхад шалгаруулсан” гэж маргажээ.
Анхан шатны шүүхийн шийдвэр:
4.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2025/0669 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-аас Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албанд холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны ХУД/20250103048 дугаартай Нийтийн эзэмшлийн зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ тендерийн гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн шийдвэрийг багц 8, багц 10-т холбогдох хэсгийн талаар Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 145 дугаар шийдвэр болон Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 157 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, 2 дахь заалтаар: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5, 17 дугаар зүйлийн 17.4, 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.3, 50 дугаар зүйлийн 50.2.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-аас Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба, ХУД/20250103048 дугаартай Нийтийн эзэмшлийн зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ тендерийн гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан тендерийн Үнэлгээний хорооны “У” ХХК-ийг шалгаруулсан 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн “Гүйцэтгэгчийг сонгох, гэрээ байгуулах эрх олгох тухай” 03 дугаартай хурлын тэмдэглэлийн “Э” ХХК-ийг шаардлага хангаагүй, татгалзсан гэж үзсэн, “У” ХХК-ийг шаардлага хангасан гэж үзэж захиалагчид зөвлөмж хүргүүлэх хэсэг, 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн “Гүйцэтгэгч сонгох, гэрээ байгуулах эрх олгох тухай” 02 дугаартай зөвлөмжийн “У” ХХК-тай гэрээ байгуулах хэсгийг хүчингүй болгуулах, Сангийн яамны 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 02/4508 дугаартай албан бичгийн дагуу тендерийг дахин үнэлээгүй Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны тендерийн Үнэлгээний хорооны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дахин үнэлж, тендерт шалгарсан компанитай гэрээ байгуулахыг даалгах, Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 156, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 277, 280 дугаартай мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.
Давж заалдах шатны шүүхийн магадлал:
5.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2025/0687 дугаар магадлалаар: нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2025/0669 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
6.Хариуцагчийн төлөөлөгч Б.Т, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, өмгөөлөгч О.Баясгалан нар магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргажээ. (гомдлыг агуулгаар нь тусгав)
6.1.Нэхэмжлэгч нь хариуцагчаа тодорхойлохдоо Үнэлгээний хороо болон Хан Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба гэж зааж, нэхэмжлэл гаргасан.
6.2.Хариуцагчаар татагдсан Үнэлгээний хороо болон Хан Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь шүүхэд хариу тайлбар болон шүүх хурал дээр удаа дараа “Тухайн тендерийн захиалагч нь Хан-Уул дүүргийн Засаг дарга, захиалагчид холбогдуулан нэхэмжлэл гаргах ёстой. Бид хариуцагч биш, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Захиргааны байгууллага байнгын шинжтэй асуудлыг шийдвэрлэж зохицуулахаар байгуулагдаж болох бөгөөд татан буугдсан тохиолдолд түүнийг байгуулсан, томилсон эрх бүхий этгээд эрх зүйн үр дагаврыг хариуцна” гэж заасан тул бид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй, тийм эрх байхгүй тул Засаг дарга эсхүл Тамгын газрыг нь татаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдах ёстой” гэж удаа дараа тайлбарласан.
6.3.Анхан шатны шүүх нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үндэслэл түүнд хамаарах бүхий л нотлох баримтыг нэг бүрчлэн шинэчлэн судалж, хуульд нийцсэн шийдвэр гаргасан. Мөн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, мэтгэлцээний хүрээнд Үнэлгээний хорооноос өгсөн дүгнэлт болгоныг нэг бүрчлэн судалж, түүнд эрх зүйн дүгнэлт өгсөн.
6.4.Гэтэл магадлалаар хэргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3-т “анхан шатны шүүх энэ хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн байвал” гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхэд буцаасан. Үндэслэл болгосон заалт нь Захиргааны ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 болон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.10 дахь заалт байна.
6.5.Урьдчилсан хуралд “тендерийн Үнэлгээний хороо болон Хан Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба хариуцагч биш, хариуцагчаа солих ёстой” гэж тайлбарлах бүрд нэхэмжлэгч “Э” ХХК-ийн захирал болон өмгөөлөгчид яг зөрүүд илжиг шиг “бид Засаг даргыг хариуцагчаар татаагүй нэхэмжлэгч нь хариуцагчаа тодорхойлох эрхтэй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-д “Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн захиргааны байгууллага, албан тушаалтныг хариуцагч” гэдэг юм” хэмээн зүтгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан.
6.6.Нэгэнт нэхэмжлэгч нар хариуцагчаа буруу тодорхойлсон болохыг удаа дараа тайлбарласан байхад хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-д “Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн захиргааны байгууллага, албан тушаалтныг хариуцагч гэнэ” гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан этгээд нь нэхэмжлэгч тал болох нь тодорхой байхад давж заалдах шатны шүүх анхаарсангүй.
6.7.Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т зааснаар “Нэхэмжлэгч хариуцагчийг солихыг зөвшөөрөөгүй бол шүүх тухайн этгээдийг хамтран хариуцагчаар татан оролцуулна” гэснийг баримтлах ёстой байсан. Гэвч ийм үйл явдал болоогүй. Энэ нөхцөлд давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу мэтгэлцээн явагдсан байгааг мөн анхаарах ёстой байсан.
6.8.Давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3-т “анхан шатны шүүх энэ хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн байвал” гэснийг баримталсан нь буруу. Хууль тогтоогч давж заалдах шатны шүүхэд “анхан шатны шүүх энэ хуулийг зөрчсөн нь” гэсэн нөхцөл тавьсан байхад “энэ хуулийг” гэснийг анхааралгүй Захиргааны ерөнхий хууль болон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн зүйл, заалтыг баримталсан нь алдаа болжээ. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
7.Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 539 дүгээр тогтоолоор хариуцагчийн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.2-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
8.Магадлалыг хүчингүй болгож, хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
9.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4-т “шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах”, 121.3-т “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх дараахь үндэслэл илэрвэл энэ хуулийн 121.1.4-т заасан шийдвэрийг гаргана”, мөн хуулийн 121.3.1-121.3.7 дахь заалтад давж заалдах шатны шүүх ямар тохиолдолд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлүүдийг нэрлэн зааж хуульчилсан байна.
10.Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.10 дахь заалтыг зөрчсөн буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3-т “анхан шатны шүүх энэ хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн байвал” гэж заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаажээ.
11.Ингэхдээ давж заалдах шатны шүүх “Тендер шалгаруулалтын захиалагч Хан-Уул дүүргийн Засаг даргаас Үнэлгээний хороог хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх итгэмжлэлийг олгоогүй. Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс олгосон итгэмжлэлээр Үнэлгээний хороог төлөөлүүлэн оролцуулж хэргийг шийдвэрлэж хууль, журам зөрчсөн” гэж дүгнэсэн нь хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3-т заасан хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлд хамаарахгүй байна.
12.Энэхүү хэрэгт Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба болон тендерийн Үнэлгээний хороо хариуцагчаар татагдсан. Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Т нь албаа итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд байхаас гадна Хан-Уул дүүргийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “Захирамжийн холбогдох заалтад өөрчлөлт оруулах тухай” А/337 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн төсвийн хөрөнгөөр 2025 онд санхүүжин хэрэгжих Хан-Уул дүүргийн нийтийн эзэмшлийн зам, талбайн цэвэрлэгээний төсөл, арга хэмжээний нийлүүлэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны даргаар томилогдсон тул тус Үнэлгээний хороог төлөөлөх, төлөөлүүлэх итгэмжлэл олгох эрхтэй этгээд байна.
13.Гэтэл давж заалдах шатны шүүх Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.10, Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/254 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан Үнэлгээний хорооны үйл ажиллагаа, урамшууллын журмын 3.4, 3.5 дахь заалтыг маргааныг тохиолдолд хэрэглэн “эрхгүй этгээдээс олгосон итгэмжлэлийг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн” гэх буруу дүгнэлтээр, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь үндэслэлгүй байна.
14.Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.10 дахь зохицуулалт нь Үнэлгээний хороо болон захиалагч хоорондын харилцааг зохицуулсан бөгөөд Үнэлгээний хорооны шийдвэрийг шүүхэд хянахтай холбоотой харилцаанд уг зохицуулалт хамааралгүй бөгөөд давж заалдах шатны шүүхийн хэрэглэсэн Үнэлгээний хорооны үйл ажиллагаа, урамшууллын журам нь үнэлгээний хорооны бүрэлдэхүүн томилох, чөлөөлөх, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулахтай холбоотой харилцааг зохицуулах зорилготой журам байна. Шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогчийг төлөөлөх харилцаанд дээрх хууль, журмын заалтыг хэрэглэхгүй.
15.Үнэлгээний хороо болон захиалагч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 48 дугаар зүйл, 50 дугаар зүйлд зааснаар тендер шалгаруулах ажиллагаанд тус тусын чиг үүрэгтэй, өөр өөрийн гаргасан шийдвэрийн хувьд бие даан хариуцагч болох юм.
16.Үнэлгээний хороо өөрийн гаргасан шийдвэрийг хариуцах үүрэгтэй тул нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн захиргааны байгууллагыг хариуцагчаар татаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь буруу биш. Хариуцагчийн “... Үнэлгээний хороо Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй, тийм эрх байхгүй” гэх хяналтын гомдол үндэслэлгүй.
17.Иймд, дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийн үйл баримт, хууль хэрэглээний талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой байх тул магадлалыг хүчингүй болгож, хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2025/0687 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
М.БАТСУУРЬ
П.СОЁЛ-ЭРДЭНЭ
Ц.ЦОГТ