Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2025/01504

 

 

2

   

 

 

 

 

 

 

 

       2025          09            05                                           210/МА2025/01504                     

 

 

*******ын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Т.Гандиймаа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 16-ны өдрийн 192/ШШ2025/04187 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******, ******* нарт холбогдох

 

Устгагдсан эд хөрөнгийн үнэд 1,896,000,000 төгрөг, бодитоор олох байсан орлого 173,500,000 төгрөг, нийт 2,069,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

 

1.1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг даалгахаар шаардсаныг өөрчилж, хамтран хариуцагчаар *******-ийг оролцуулж, устгагдсан эд хөрөнгийн үнэд 1,896,000,000 төгрөг, ******* эмийн сантай байгуулсан гэрээнээс бодитоор олох байсан орлого 95,500,000 төгрөг, “Эйрвент сервис” ХХК-ийн ******* хоолны газарт талбай түрээслүүлэн бодитоор олох байсан орлого 78,000,000 төгрөг, нийт 2,069,500,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

 

1.2. 2018 оны 02 сарын 02-ны өдөр тус шүүхэд хариуцагч *******-д холбогдуулан өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн *******, *******, *******ны ******* 288 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн ******* дугаар бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхэд саад болж байгаа үйлдлийг таслан зогсоолгох, тодруулбал хариуцагч компани нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцны орц гарцыг хааж барьсан хашааг нураалгахыг даалгах буюу Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан шаардах эрхээ хэрэгжүүлэн нэхэмжлэл гаргасан. Хариуцагч ******* нь 2018 оны 03 сарын 12-ны нэхэмжлэлд дурдсан 3 давхар бүхий барилгыг нурааж тухайн газарт барилгын ажил эхлүүлсэн.

Нэгэнт өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж буй нөлөөллийг арилгуулах шаардлага биелэгдэх боломжгүй болж, ийнхүү дээрх үл хөдлөх эд хөрөнгө устаж үгүй болсон тул нэр бүхий компанийг энэ хэрэгт хамтран хариуцагчаар татан оролцуулах хүсэлтийг шүүх хангаж шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч зөрчлийн улмаас буюу гэм хор учруулснаас үүсэх үүргийг шаардаагүй, харин өөрийн эд хөрөнгийг үндэслэлгүйгээр өөртөө авч, эзэмшиж ашиглан, барилгыг нураан газар дээр нь ашиг олох зорилгоор үйл ажиллагаа явуулж байгаа хариуцагчаас эд хөрөнгийнхөө үнийг шаардаж байна.

Хариуцагч нар нь миний эд хөрөнгийг өөртөө авч, эзэмшиж байгаа үйлдлээ “хот суурин газрыг дахин төлөвлөх ажлын хүрээнд эд хөрөнгийн өмчлөгч, дахин төлөвлөлт хэрэгжүүлэгч болон Нийслэлийн Засаг даргын гэх талуудын оролцсон гурван талт гэрээний хүрээнд” гэж тайлбарладаг. Тухайн хөрөнгөтэй холбоотойгоор өмчлөгч дээрх харилцааг зохицуулсан холбогдох хуулийн дагуу хариуцагч нарын хэн алинтай нь ямар нэг гэрээ байгуулсан, өмчлөх эрхээ хууль болон гэрээний үүргийн дагуу хариуцагч нарт шилжүүлсэн зүйл байхгүй.

Иймд нураасан эд хөрөнгийн үнэд 1,896,000,000 төгрөг, бодитоор олох байсан орлого 173,500,000 төгрөг, нийт 2,069,500,000 төгрөг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч *******-ийн гаргасан хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Манай компани Хот байгуулалт хөгжлийн газраас зарласан ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулгаж, дахин барилгажуулах төсөл сонгон шалгаруулалтад оролцсоноор үнэлгээний хорооны шийдвэрээр хамгийн сайн үнэлэгдэн тендерт шалгарч, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 04 сарын 21-ний өдрийн А/547 дугаартай Хан-Уул дүүрэг, ны нутаг дэвсгэрт байрлах ******* гэгдэх ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны *******ыг дахин барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчтэй гэрээ байгуулах эрхийн авсан.

            Нэхэмжлэгч нь 2018 оны 03 сарын 12-ны өдөр 3 давхар барилгыг хүч хэрэглэн нурааснаар миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө устаж үгүй болсон ... эд хөрөнгийн хохиролд 1,896,000,000 төгрөг гаргуулах гэж байгаа нь манай компанитай хэрхэн холбогдож байгаа нь тодорхойгүй байна.

2.2. Мөн нэхэмжлэгч ******* нь хэд хэдэн удаа буюу 2018 оны 02 сарын 02-ны өдөр өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг *******-д даалгах, устгагдсан эд үнэ болон олох ёстой орлого гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд зааснаар хэнээс, юу шаардаж байгаа нь тодорхой байх ёстой. Нэхэмжлэлийн шаардлагаас үзэхэд хэнээс хэдэн төгрөг шаардаж байгаа, хоёр хариуцагчийн хэнээс хэдэн төгрөгийг шаардаж байгаа нь тодорхойгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******-ийн гаргасан тайлбарын агуулга:

3.1. Манай байгууллагаас нэхэмжлэгч талын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна.

Учир нь нэхэмжлэгч 2016 оны 06 сарын 30-ны өдөр ЗГ160409 тоот зээлийн гэрээ, 160409 тоот барьцааны гэрээ байгуулж, *******-аас 250,000,000 төгрөгийг зээлж, үүргийн гүйцэтгэлд тухайн маргаан бүхий хөрөнгийг барьцаалсан.

2023 оноос хойш зээлдэгч ******* нь зээлийн төлбөрөө бүрэн зогсоосон. Нэхэмжлэгч уг орлогын эх үүсвэр болох барьцаанд тавьсан хөрөнгөө хууль бусаар нураалгаснаас болж, зээл төлөх чадваргүй болсон гэж тайлбарладаг. Зээл олгодог байгууллагын хувьд барьцаа хөрөнгө байхгүй учраас зээлийн гэрээний үүрэг хангагдах баталгаагүй болсон.

Иймд манай байгууллагын зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.

 

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаас хариу тайлбар гаргаагүй болно.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-аас 1,896,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 173,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******, хариуцагч *******-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 863,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 9,641,850 төгрөгийг нөхөн гаргуулж, улсын орлогод оруулж, хариуцагч *******-аас улсын тэмдэгтийн хураамжид 9,502,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

6.1. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бодит байдал, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дутуу үнэлж, хэрэглэвэл зохих хууль тогтоомжийг зөв хэрэглээгүй. Хариуцагч хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг илт дордуулж хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчтэй ямар гэрээний эрх зүйн харилцаа үүссэнийг шүүх тогтоож чадаагүй. Түүнчлэн нэхэмжлэгчийн барилга орон сууцыг хэн буулгасан гэх асуудлыг бичгийн нотлох баримтуудаар нотолж байхад анхан шатны шүүхээс буруу дүгнэлт хийсэн.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардлага, эрх ашгийг хэн зөрчсөн гэх агуулгыг буруу дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа зөв тодорхойлж, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байхад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь өөрөө хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн.

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хэн зөрчсөн бэ гэдгийг нотлох баримтуудыг гаргаж өгснийг анхан шатны шүүхээс зөв дүгнэлт хийгээгүй.

            6.2. Хэрэгт гуравдагч этгээдээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас холбогдох этгээдүүд оролцох байсан боловч тэдгээрийн байр суурийг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах журмаар гаргасан гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

           

7.1. Хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлын үндэслэл нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлд заасан хуулийн зүйл заалтад холбогдох үндэс агуулга бүхий үг, өгүүлбэр, үндэслэл, заалт байхгүй. Учир нь хариуцагч талын гаргасан уг хүсэлтийг хангаж шийдвэрлэх боломжгүй байна. Шүүх буруутай этгээдийг зөв тодорхойлох асуудал нь хуулиар мөн тухайн шүүх хуралдааны явцад шүүхийн оролцоо байгаагүй. ******* нь дахин төлөвлөлтийн эрх авч, уг эрхээр 2017 онд байгуулагдсан *******-д 2018 онд байгуулсан хамтран ажиллах гэрээгээ шилжүүлсэн. Хариуцагч ******* нь тухайн үйл ажиллагааг дуусгаж, газар ухаж дараагийн барилгыг барьж, цаашид үйл ажиллагааг явуулж байгааг хариуцагчийн өмгөөлөгч мэдэж байх ёстой. 2018 оноос хойш 7, 8 жилийн хугацаа өнгөрөхөд хэд хэдэн удаа мэтгэлцэхэд энэ асуудал тодорхой болсон бөгөөд уг асуудлыг 2 удаа Захиргааны хэргийн 3 шатны шүүхээр явж шийдвэрлүүлсэн. Захиргааны хэргийн 3 шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон үйл баримтыг үндэслэж, *******-ийг хариуцагчаар тодорхойлсон. Өөрөөр хэлбэл ******* нь огт тухайн төслийг хэрэгжүүлэгч биш. 2017 оноос хойш анхнаасаа бид нар хариуцаж үйл ажиллагааг нь явуулж, буулгаж хөрөнгө мөнгөө зарцуулж байгаа гэх асуудлыг үүсгэсэн. 2020 онд Нийслэлийн Засаг даргаас төсөл хэрэгжүүлэгчээр *******-ийг өөрчилсөнтэй холбоотой захиргааны хэргийн шүүх дээр асуудал үүсэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ******* нь гуравдагч этгээдээр оролцсон шүүхийн үйл баримт байдаг 2017 оноос хойш өнөөдрийг хүртэл *******-ийн зүгээс тухайн барилгыг нураах үйл ажиллагааг явуулж байна. Анхан шатны шүүхээс тухайн хэргийг түдгэлзүүлж байгаад Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн хүрээнд хариуцагчийг тодорхойлсон.

Нэхэмжлэгчийн зүгээс 2 удаа нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд үл хөдлөх эд хөрөнгөд нэвтрэх орох, өөрийн үзэмжээр ашиглах боломжийг хязгаарласан учир нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Барилга нэгэнт нурсан учраас 2018 оны 10 сарын 09-ний өдөр хавтаст хэргийн 185 дугаар талд авагдсан нэхэмжлэлийг гаргасан. Тухайн нэхэмжлэлийн шаардлагад барилга нэгэнт нурж үгүй болсон учир Иргэний хуулийн 495 дугаар зүйлд зааснаар эд хөрөнгийн үнэд 1,186,000,000 төгрөгийг нэхэмжилж байна гэж тодорхой нэхэмжлэлийн шаардлага гаргаж, тухайн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд асуудал шийдвэрлэгдсэн.

Уг нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлээгүй. Нэхэмжлэлийн шаардлагын үнийг тодорхойлох асуудал нь зөвхөн “Дамно” ХХК үнэлгээний газрын дүгнэлт болон хариуцагч талын гаргасан тайлбараар шийдвэрлэгдсэн асуудал биш бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрт тодорхой тусгагдсан.

Хариуцагч талын ярьж буй хүчингүй болсон хуулиар томилсон шинжээчийн дүгнэлт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл огт болоогүй. Тухайн дүгнэлтийг талуудын хэн аль нь хүлээн зөвшөөрөөгүй. Анх *******, ******* нар нь төсөл хэрэгжүүлэхдээ хэнээс ч үл хамаарч, тухайн компаниар үнэлгээ хийлгэж байсан. Мөн өргөтгөлтэй холбоотой захиргааны шүүхээр талууд маргаж байсан бөгөөд Захиргааны хэргийн 3 шатны шүүхийн шийдвэр зэргийг үндэслэсэн. 2017 онд *******, ******* нар хамтран ажиллахдаа 1 м.кв-ын үнийг 5,000,000-6,000,000 төгрөг байхаар үнэ зааж байгуулсан хамтран ажиллах хөрөнгө оруулалтын гэрээний агуулга заалтыг мөн үндэслэсэн. Мөн бусад дахин төлөвлөлтийн хүрээнд төсөлд хамрагдаж байгаа иргэдтэй байгуулж байгаа гэрээндээ 2017, 2018 онд 1 м.кв-ын үнийг 6,000,000 төгрөгөөр үнэлж байсан гэрээний агуулга заалт зэргийг үндэслэж байсан.

Нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хэн зөрчсөн бэ гэдгийг маш тодорхой нотлох баримтаар нотолсон гэж хариуцагч талаас тайлбарладаг.

 Энэ талаар хариуцагч тал нь маш сайн нотолж өгсөн. Өөрөөр хэлбэл хариуцагчийн оролцсон хариуцагчийн нэхэмжлэлтэй захиргааны хэргүүд, тухайн хэрэгт авагдсан баримтуудаар энэ асуудал эргэлзээгүй нотлогдсон.

Анх гэрээгээр төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг авч, 2017, 2018 оноос эхэлж тухайн барилгыг буулгаж, төслөө хэрэгжүүлж байсан. 2020 онд Засаг даргын захирамжаар баталгаажуулан шилжүүлэн авч, 2022 онд шүүхийн шийдвэрээр баталгаажуулсан гэж ямар нэгэн эргэлзээгүйгээр *******-ийн уг үйл ажиллагаанаас үүссэн хохирол, үр дагавар байгаа нь нотлогдсон учраас энэ хүрээнд асуудал шийдвэрлэгдсэн.

Нийслэлийн Засаг даргын тамгын газрыг оролцуулаагүй гэх асуудлын тухайд шүүх хуралдааны товыг хангалттай хүргүүлсэн, шүүх хуралдаанд өөрсдөө ирж оролцоогүй.

Нэгэнт оролцоогүйгээр асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж талууд өөрсдөө анхан шатны шүүх хуралдаан эхлэхээс өмнө хэлсэн учраас уг хүрээнд асуудал шийдвэрлэгдсэн.

Нийслэлийн Засаг даргын тамгын газраас ямар нэгэн оролцоогүйгээр баримт дутуу эсвэл нотлох баримттай холбоотой болон шүүхийн шийдвэр гарахтай холбоотой ямар нэгэн асуудал гараагүй.

Иймд хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч нь ******* нь хариуцагч *******-д холбогдуулан өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг даалгах, нэхэмжлэлийн шаардлагаа устгагдсан эд хөрөнгийн үнэд 1,896,000,000 төгрөг, бодитоор олох байсан орлого 173,500,000 төгрөг, нийт 2,069,500,000 төгрөгийг гаргуулахаар өөрчилсөн байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар *******-ийг татан оролцуулж, тус компани 2,069,500,000 төгрөг гаргуулахаар шаардаж, хариуцагч *******-аас татгалзсан байна.

 

3. Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... ******* нь Хан-Уул дүүргийн , *******, *******ны ******* 316 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч байна. Тухайн үед төсөл хэрэгжүүлэх эрхийг авсан ******* нь хууль ёсны өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр уг эд хөрөнгийг нурааж устгасан, уг газарт барилга барьж хууль бусаар захиран зарцуулснаас өмчлөгчийн эд хөрөнгөд хохирол учруулсан. Уг төсөл хэрэгжүүлэх эрхийг хариуцагч ******* нь 2020 оны 04 сарын 21-ний өдрийн А/547 дугаар Нийслэлийн Засаг даргын захирамжаар батламжилж авсан бөгөөд өнөөдрийг хүртэл уг төслийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа тул хохирлыг гаргуулна” гэх агуулгаар тайлбарласан байна. Хариуцагч тал татгалзлын үндэслэлээ “... манай компани анхнаасаа төсөл хэрэгжүүлэгчээр ажиллагаагүй ... бид тухайн хөрөнгийг нураагаагүй тул хариуцагч биш” гэж тайлбарлан, талууд мэтгэлцсэн.

 

4. Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтыг үндэслэн дараах үйл баримтыг зөв тогтоосон байна.

4.1. Нэхэмжлэгч ******* нь Хан-Уул дүүргийн , *******, *******ны ******* орон сууцны зориулалттай 36 м.кв талбайтай, гурван өрөө, 280 м.кв талбайтай өргөтгөлийн хамт үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр 2011 оны 06 сарын 30-ны өдөр улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн. /1хх183, 196-197/

 

4.2. Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2014 оны 07 сарын 10-ны өдрийн 01-01/05 дугаар Орон сууцны байшингийн ашиглалтыг хориглох тухай шийдвэрээр ... Газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөх барилгын норм ба дүрэм БНбД 22.01.01*/2006 -ын холбогдох заалтуудыг хангахгүй болсон, улсын байцаагчийн дүгнэлтээр ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдсон Баянзүрх, Баянгол, Налайх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргүүдийн нутаг дэвсгэрт байрладаг нийтийн орон сууцны зориулалттай, хавсралт жагсаалтад дурдсан 150 байшингийн ашиглалтыг 2014 оны 07 сарын 20-ны өдрөөс хориглосон. /1хх89/

 

4.3. Нийслэлийн Засаг даргын 2014 оны 12 сарын 03-ны өдрийн А/1008 дугаар захирамжаар ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр *******-ийг батламжилж, Хан-Уул дүүрэг *******ны сууц өмчлөгчидтэй гурван талт гэрээ байгуулах эрх олгосныг батламжилж, батламж олгосон. /1хх83/

 

4.4. Дээрх төсөл хэрэгжүүлэхтэй холбогдуулан Хан-Уул дүүргийн Засаг даргын 2018 оны 01 сарын 08-ны өдрийн А/02 дугаар захирамжаар Ажлын хэсэг байгуулагдаж, мөн даргын 2018 оны 02 сарын 21-ний өдрийн А/07 дугаар захирамжаар Хяналтын хороо байгуулагдсан.

 

4.5. Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2018.05.03-ны өдрийн 08/1629 дугаартай албан бичгээр *******-д “... төсөл хэрэгжүүлэгч нь гурван талт гэрээ байгуулаагүй үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчтэй төслийн аль ч үе шатанд тохиролцох, ойлголцолд хүрэх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ гэж заасан байдаг тул гэрээ байгуулаагүй иргэдтэй тохиролцоход анхаарч санаачилга гарган ажиллах” тухай шаардлага хүргүүлж байсан./1хх75/

 

4.6. Төсөл хэрэгжүүлэгч ******* нь *******-тай 2019 оны 03 сарын 05-ны өдрийн 19/02 дугаар Хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, уг гэрээгээр Хан-Уул дүүрэг ны нутаг дэвсгэрт орших ашиглалтын шаардлага хангахгүй болсон *******ын *******ыг нурааж, 2021 оны 4-р улиралд багтаан орчин үеийн дэвшилтэт технологиор, чанар стандартад нийцсэн, 16, 21 давхар орон сууц, үйлчилгээний төв бүхий цогцолбор хотхоныг шинээр барьж байгуулахаар харилцан тохиролцсон. /2хх161-166/

 

4.7. Нийслэлийн Засаг даргын 2020 оны 04 сарын 21-ний А/547 дугаар захирамжаар ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр *******-ийг батламжилж, Хан-Уул дүүрэг *******ны сууц өмчлөгчидтэй гурван талт гэрээ байгуулах эрх олгосныг батламжилж, батламж олгосон. /2хх236/

 

5. Анхан шатны шүүх нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-аас хохирол шаардах эрхтэй гэж зөв дүгнэжээ.

 

5.1. Учир нь, ******* болон ******* нарын хооронд байгуулагдсан 2019 оны 03 сарын 05-ны өдөр 19/02 дугаартай Хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын гэрээний 2.1-д “Б тал нь ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган, шинээр барих үйл ажиллагааны журмын дагуу *******-ийн сууц өмчлөгч иргэд болон Нийслэлийн Засаг даргатай байгуулсан 2 болон 3 талт гэрээнд заасны дагуу барилга баригдах хугацаанд түр суурьшуулах байрны түрээсийн зардлыг барилга ашиглалтад өгөх хүртэлх хугацаанд гурав, гурван сараар олгож, орон сууцны барилгыг буулгаж, шинээр орон сууцны барилга барьж байгуулан, сууц өмчлөгчдөд шинэ орон сууцыг үнэ төлбөргүйгээр талбайн хэмжээг нэмэгдүүлэн олгох ажлыг 100 хувь санхүүжүүлж, барилгыг барьж дуусгаж, улсын комисст хүлээлгэн өгнө.” гэж харилцан тохиролцсон байна. Иймд гэрээний Б тал буюу ******* нь орон сууцыг буулгах, ашиглалтад оруулахтай холбоотой бүх эрх, үүрэг хариуцлага хэрэгжүүлэхээр талууд тохиролцсон гэж үзнэ.

 

5.2. Нийслэлийн Засаг даргын 2020 оны 04 сарын 21-ний өдрийн А/547 дугаартай захирамжаар Хан-Уул дүүрэг ны нутаг дэвсгэрт орших ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны *******уудыг буулган дахин барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр ******* шалгарсныг батламжилж, газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчтэй гэрээ байгуулах эрхийг олгосон байна./2хх78/

 

5.3. Хариуцагч ******* уг төслийг одоог хүртэл хэрэгжүүлж байгаа талаар тайлбарласан байна.

 

5.4. Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасны дагуу төсөл хэрэгжүүлэгч нь төсөл хэрэгжүүлэхээр сонгосон газрын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчтэй гэрээ байгуулах, нөхөн олговор олгох асуудлыг зөвшилцөх үүрэгтэй.

 

5.5. Хэргийн баримтаас үзвэл, хариуцагч байгууллага нь дээрх хуульд заасан үүргээ хэрэгжүүлсэн болох нь тогтоогдохгүй байх тул “...******* нь төслийг хэрэгжүүлэхдээ өмчлөгч *******тай гурван талт гэрээ байгуулалгүйгээр түүний өмчлөлийн 316 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг нураасан гэм буруутай талаар анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт нийцжээ.

 

Тодруулбал, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* нь төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой гэрээ байгуулах, хэлэлцээр хийх үүрэгтэй. Зохигч талууд хуульд заасны дагуу гэрээ байгуулаагүй байх бөгөөд төсөл хэрэгжүүлэгч нь төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбай дахь үл хөдлөх эд хөрөнгийг нураасан нь хууль зөрчсөн буюу гэм буруутай гэж үзнэ.

 

6. Анхан шатны шүүх талуудын маргаанд хэрэглэвэл зохих хуулийг оновчтой хэрэглээгүй байх тул давж заалдах шатны шүүхээс дээрх үндэслэлээр залруулан дүгнэв.

 

6.1. Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан “Дамно” ХХК-ийн хийсэн үнэлгээг үндэслэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцэхгүй байна.

 

“Дамно” ХХК нь нэхэмжлэгч *******ын хүсэлтээр түүний үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ хийсэн байх тул энэ нэг талын нотлох баримт гэж үзэх тул уг баримтыг шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй.

 

6.2. Анхан шатны шүүх, нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилсон байна. /2хх199-200/

Шинжээч нь Хан-Уул дүүргийн , *******, *******ны ******* хаягт байршилтай 36 м.кв талбайтай 3 өрөө, 280 м.кв талбайтай өргөтгөлийн хамт орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ хийж, зах зээлийн үнэ цэнийг 856,287,100 төгрөгөөр тогтоожээ. /2хх212-227/

Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт зааснаар гэм хорын хохирлын хэмжээг бодит хохирлоор тооцох тул “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийн үнэлгээ нь хохирлын хэмжээг бодитоор тогтоосон баримт гэж үзэх ба зохигч талууд уг үнэлгээний тайланг эс зөвшөөрч дахин шинжээч томилуулах шаардлага гаргаагүй тул шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрсөн гэж үзнэ.

 

6.3. Давж заалдах шатны шүүх дээрх нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэгч *******т 856,287,100 төгрөгийн бодит хохирол учирсан гэж үзэн, энэ хэмжээгээр нэхэмжлэлийг хангасан өөрчлөлт шүүхийн шийдвэрт оруулах нь Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт нийцнэ.

 

7. Нэхэмжлэгч ******* нь “...олох ёстой орлогоороо хохирсон гэх үндэслэлээр 173,500,000 төгрөг хариуцагчаас гаргуулна” гэсэн үндэслэлээр хохирол шаардсаныг анхан шатны шүүх уг нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, энэ шийдэлд нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүх дэлгэрэнгүй дүгнэлт өгөх байх нь талуудын зарчимд нийцнэ гэж үзлээ.

Түүнчлэн, анхан шатны шүүх нэхэмжлэгч *******, хариуцагч *******-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

 

8. Хариуцагч талын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдон гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

8.1. Анхан шатны шүүх хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарыг шийдвэрийн тодорхойлох хэсэгт тусгаагүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасантай нийцэхгүй боловч уг алдаа нь мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарахгүй. Давж заалдах шатны шүүх уг алдааг залруулан, магадлалын тодорхойлох хэсэгт хариуцагчийн тайлбарыг тусгах нь боломжтой гэж үзлээ.

 

8.2. Гуравдагч этгээд Нийслэлийн Засаг Даргын Тамгын газарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн байх тул хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй юм. Иймд гуравдагч этгээдийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулж, мэтгэлцэх зарчим зөрчсөн гэх гомдол үндэслэлгүй.

 

9. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 16-ны өдрийн 191/ШШ2025/04187 дугаар шийдвэрийн

 

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******-аас 856,287,100 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,213,212,900 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, тогтоох хэсгийн 3 дахь заалтын “9,502,950” гэснийг “4,439,385” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9,637,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     С.ЭНХБАЯР

 

                                         ШҮҮГЧИД                                     Т.ГАНДИЙМАА

 

                                                                                              Ч.ЦЭНД