Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2025/01519

 

 

*******-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 192/ШШ2025/04353 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Бүгд Найрамдах *******

Хариуцагч: *******, *******, *******

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: 394,440,000 төгрөг, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 20,000,000 төгрөг, орон сууцнаас ногдох хэсэг 73,708,000 төгрөг, автомашин тус тус гаргуулах,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч ******* нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг тус тус үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 ******* нь 2017 онд надад *******-д хөрөнгө оруулан, хувьцаа эзэмшигчээр нэр оруулах санал тавьсны дагуу тус компанид 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 8,000 ам.доллар, 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 40,000 ам.доллар, 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 20,000 ам.доллар, 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 8,000 ам.доллар, 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 30,000 ам.доллар, 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 30,000 ам.доллар, 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 1,200 ам.доллар, 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 1,200 ам.доллар, нийт 138,400 ам.долларыг дахь хариуцагч *******гийн дансанд шилжүүлсэн. Хариуцагч дээрх мөнгөн хөрөнгийг *******-ийн үйл ажиллагаанд хэрхэн зарцуулсан талаарх тайлан, санхүүгийн баримтуудыг надад ирүүлж байгаагүй, компанийн ногдол ашгаас шилжүүлж байгаагүй тул уг мөнгөн хөрөнгийг *******-ийн үйл ажиллагаанд зарцуулсан гэж үзэхгүй.

Иймд намайг хуурч мэхлэн дээрх мөнгөн хөрөнгийг хариуцагч ******* нь өөртөө авч үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзнэ. Хэрвээ ******* нь нийтдээ 138,400 ам.долларыг нэхэмжлэгчид төлсөн тохиолдолд *******-ийн 24 хувийн хувьцаа эзэмшигчээс татгалзах боломжтой.

1.2 2018 оны 08 дугаар сард Улаанбаатар хотод албаны болон хувийн хэрэгцээнд унах автомашин хэрэгтэй гэж үзсэний үндсэн дээр Сингапур улсад унаж байсан, 2013 онд үйлдвэрлэгдсэн, ******* маркийн автомашинаа Монгол улс руу ачуулсан. ******* нь автомашиныг гааль дээр хүлээж аваад, татвар болон бусад зардалд төлөх мөнгө гэж 2,400 ам.доллар авсан. Улмаар, гаалиас авсан автомашиныг гадаад хүний нэр дээр бүртгэлтэй байж болохгүй, Монгол хүний нэр дээр автомашиныг бүртгүүлэн, паспорт авах хэрэгтэй гэж хэлээд өөрийн нэр дээр уг автомашиныг шилжүүлэн авсан.

*******гаас шилжүүлсэн гэх 5,000 ам.долларыг урьд нь надаас зээл хэлбэрээр авсан 30,000 ам.долларын зарим хэсгийг буцаан шилжүүлсэн гэж ойлгосон. ******* гүйлгээний утга дээр нь машины мөнгө гэсэн ба энэ талаар тодруулахад өөрийн нэр дээр байсан маркийн автомашинаа зараад 5,000 ам.долларыг шилжүүлснийг буцааж өг гэдэг бөгөөд ******* маркийн автомашины зардалд гаальд төлнө гэж авсан 2,400 ам.долларыг хэрхэн зарцуулснаа нотлохгүй байгаа.

1.3 Нэхэмжлэгч нь *******, , , гудамж, хотхоны байр, хаягт байрлах, 120 м.кв талбайтай орон сууцыг 2019 оны 07 сард 550,000,000 төгрөгөөр худалдан авч, өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлсэн. Мөн 20,000,000 орчим төгрөгийн тавилга худалдан авч тохижуулсан.

2020 оны 01 сард нэхэмжлэгч нь Сингапур яваад ковид-19 цар тахлын улмаас орон сууцыг зарахаар болсон. Нэхэмжлэгч нь уг орон сууцыг 550,000,000 төгрөгөөр худалдахыг хариуцагчид зөвшөөрсөн боловч ******* нь нэхэмжлэгчийн Монгол хэл мэдэхгүй, ирж чадахгүйг далимдуулан хууран мэхэлж, итгэмжлэлийг үндэслэн *******, нарт 540,000,000 төгрөгөөр зарсан болохыг сүүлд мэдсэн. Хариуцагч нь нэхэмжлэгчид 520,000,000 төгрөгийг шилжүүлж, үлдэх 20,000,000 төгрөгийг өөрийн дансанд шилжүүлж, үндэслэлгүй хөрөнгөжсөн.

1.4 Нэхэмжлэгч болон хариуцагч нар 2015 оноос найз нөхөд, ажил хэргийн харилцаатай байсан. 2017 онд улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, , , лол, гудамж, байр, хаягт байршилтай 62,73 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг хамтран худалдан авч, хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн. Нэхэмжлэгч нь цаашид уг орон сууцыг хариуцагчтай хамтран өмчлөх боломжгүй тул орон сууцны өөрт ногдох хэсэг 73,708,000 төгрөгийг гаргуулна.

Иймд улсын дугаартай ******* маркийн автомашиныг хариуцагчийн хууль бус эзэмшлээс гаргуулж, хариуцагчийн үндэслэлгүй хөрөнгөжсөн, хөрөнгө оруулалт гэж авсан 394,440,000 төгрөг, мөн орон сууцны үнээс үндэслэлгүй хөрөнгөжсөн 20,000,000 төгрөг, , , лол, гудамж, байр, хаягт байршилтай, 62,73 м.кв талбайтай орон сууцнаас өөрт ногдох хэсэг 73,708,000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч *******гийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Нэхэмжлэгч нь *******-ийн 24 хувийн хувьцаа эзэмшигч тул компанид дээрх хэмжээгээр хөрөнгө оруулсан. Тэрээр уг мөнгөн хөрөнгийг надад өгсөн юм биш, уг мөнгөн хөрөнгийг компанийн үйл ажиллагаанд зарцуулсан. Тухайлбал, БНХАУ болон Тайланд улс руу явах гадаад томилолтоор явахад 4 хүний онгоцны тийз, зочид буудал, хоол, тээврийн зардлуудад зарцуулагдсан. Нэхэмжлэгч нь өөрийн танилцсан хүүхнийг дагуулж явсан. Компанид 40,000 ам.доллароор БНСУ-аас 3 ширхэг өрөм, дагалдах хэрэгслийг хамт 20,000 ам.доллароор, маркийн өрмийн машин, 30,000 ам.доллароор компрессор авсан, тухай бүрт нь кемпийн бэлтгэл хангахад, мөн компанид компьютер, тавилга, шүүгээ хийлгэсэн.

2.2 Нэхэмжлэгчийн Сингапур улсад 5 гаруй жил ашигласан, мөргөлдөж сэвтсэн хуучин машиныг миний бие 5,000 ам.доллароор худалдаж авахаар харилцан тохиролцож, худалдаж авсан.

2.3 Нэхэмжлэгчээс надад олгосон итгэмжлэлийн дагуу үл хөдлөх хөрөнгө зуучлалын байгууллага, компаниудад хандаж гэрээ байгуулан үүний дагуу тухайн орон сууцыг худалдсан. Нэхэмжлэгч нь ...орон сууцанд байсан цахилгаан хэрэгслүүдийг зарахгүй, чи нөхөөд аваад тавьчих гэсэн бөгөөд түүний бүхий л тавилга, эд зүйлсийг хүмүүсийг хөлслөн 4 удаа ачуулж нүүлгэн тээвэр, ачилтын хөлс төлж, компанийн агуулгад хураалгаж, орон сууцанд их цэвэрлэгээ хийлгэж, шинээр авсан цахилгаан зуух, аяга таваг угаагч, хиншүү сорогч гэх мэт барааг захиалан авчруулж суурилуулж энэ бүхэнд хөлс төлсөн.

Түүнчлэн, үл хөдлөх хөрөнгийн татвар, зуучлалын байгууллагад мөнгө төлсөн. Нэхэмжлэгч нь 2019 оны сүүлээр ...орон сууцыг 520,000,000 төгрөгт зарахад болно, илүү гарсныг нь надад хамаагүй чи зохицуулаарай, чамд маш их ажил удчихлаа баярлалаа гэж хэлсэн. Улмаар, нэхэмжлэгч нь итгэмжлэл явуулж, үүний үндсэн дээр бусдад худалдсан.

2.4 Миний бие 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр , , лол, гудамж, байр, хаягт байршилтай 62,73 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг аас 75,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Нэхэмжлэгчээс нэг ч төгрөг аваагүй. Харин нэхэмжлэгч нь ...Монгол улсад байнга оршин суух эрх авмаар байна гэсний дагуу 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр уг орон сууцнаас өөрт ногдох 50 хувь буюу 37,500,000 төгрөгийн өмчлөх эрхийг бэлэглэлийн гэрээний дагуу нэхэмжлэгчид бэлэглэсэн.

Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

3. Хариуцагчийн сөрөг шаардлага, үндэслэлийн агуулга:

3.1 Миний бие 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр , , лол, гудамж, байр, хаягт байршилтай 62,73 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг аас 75,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Нэхэмжлэгчээс нэг ч төгрөг аваагүй. Харин нэхэмжлэгч нь ...Монгол улсад байнга оршин суух эрх авмаар байна гэсний дагуу 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн.

3.2 Нэхэмжлэгч нь дээрх маргаантай асуудлаар намайг гутаан доромжилсон, гүтгэсэн шинжтэй тайлбар гаргаж гомдоосон тул 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээс бусдад бэлэглэх гэрээ-г хүчингүй болгож өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:

4.1 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээс бусдад бэлэглэх гэрээ-г хүчингүй болгох Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал үүсээгүй. Улсын бүртгэлд өөрчлөлт ороогүй хүчин төгөлдөр байгаа тул сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.

4.2 Нэхэмжлэгч нь хариуцагчийг гомдоосон гэх үйлдлийг тодорхойлох баримт байхгүй. Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.3 дахь хэсэгт заасан хугацааны дотор бэлэглэлийг хүчингүй болгуулахаар сөрөг нэхэмжлэлээ гаргаагүй тул сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

5.1 Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 399 дүгээр зүйлийн 399.1, 400 дүгээр зүйлийн 400.3-т заасны дагуу хариуцагч *******гаас 20,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч /-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 468,148,000 төгрөг гаргуулах, улсын дугаартай, ******* маркийн 2013 онд үйлдвэрлэгдсэн автомашиныг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч /-д холбогдох хариуцагч *******гийн сөрөг нэхэмжлэлийг хангаж 2017 оны 01 сарын 23-ны өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээс бусдад бэлэглэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч /-ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,425,200 төгрөг, хариуцагч *******гаас сөрөг нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245,001 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагчаас 257,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 245,001 төгрөг гаргуулан хариуцагчид тус тус олгож шийдвэрлэсэн.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

6.1 Хариуцагч тал шүүх хурлын явцад ******* болон түүний өмгөөлөгч нар нь хөрөнгө оруулалт 394,410,936 төгрөг нь *******-д огт хамааралгүй, *******-ийг татан оролцуулах шаардлагагүй зөвхөн ******* надтай болон түүнтэй хамааралтай мөнгө тийм болохоор наад мөнгийг чинь төлчих нь гэж мэдэгдэж тайлбарлаж байсан. Учир нь энэ мөнгийг ******* нь -ээс хөрөнгө оруулалт, хамтран ажиллах нэрийдлээр зээлж авахдаа зөвхөн өөрийнхөө ны долларын дансаар шилжүүлэн авсан байдаг бөгөөд авсан мөнгөө өнөөдрийг болтол буцаан өгөөгүй. Хариуцагч ******* нь хамтран ажиллах нэрийдлээр зөвхөн өөртөө ашиглаж, ашиг орлогыг нь зөвхөн өөртөө авч байсан нь хавтаст хэрэгт авагдсан тус *******-ийн дансны дансны хуулгаар нотлогддог. Иймд хариуцагч *******тай хамтран ажилласан гэх баримт нотолгоо алга байх учраас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

6.2 Автомашиныг хариуцагч ******* нь хууран мэхэлж дүр үзүүлэн хийсэн хэлцлийн үндсэн дээр автомашиныг өөрийн нэр дээрээ шилжүүлсэн нь хэргийн 226-237 дугаар талд байгаа мессежний харилцан ярианаас уг автомашиныг худалдах хүсэл зорилгогүй гагцхүү *******гийн зөвлөсний дагуу гаалийн бүрдүүлэлт хийх үүднээс дүр эсгэж хууран мэхлэх үүднээс худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулсан хуурамч, дүр эсгэсэн хэлцлийг хийн 5,000 ам доллар шилжүүлсэн болох нь нотлогдож байна.

Гэтэл шүүх үүнийг нэхэмжлэгчийн зүгээс гаргасан шаардлага болох маргааны зүйл болох автомашин нь хариуцагчийн эзэмшилд ямар зорилгоор хэрхэн яаж ямар замаар очсон талаарх нэхэмжлэгчийн гаргасан шаардлага хүсэлтийг үл ойшоосон.

6.3 Хавтаст хэргийн 1 дэх талд Улсын бүртгэлийн ерөнхий газрын 10/5745 тоот албан бичиг авагдсан. Уг албан бичигт эрхийн улсын бүртгэлийн дугаартай , , лол, гудамж, байр, хаягт байршилтай 62,73 м.кв талбай бүхий, 3 өрөө орон сууцны өмчлөх эрх иргэн *******, Сингапур улсын иргэн нарын өмчлөлд бүртгэлтэй гэж дурджээ. Маргааны зүйл болох дээрх орон сууц нь гэрээний үндсэн дээр хариуцагч *******гийн өмчлөлд бий болсон байдаг. Харин уг орон сууцыг нэхэмжлэгч нь гэрээний үндсэн дээр дундаа хэсгээр буюу хамтран өмчлөх эрхтэй байх тул Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8 дахь хэсэгт зааснаар тухайн орон сууцнаас өөрт ногдох хэсгийг шаардах эрхтэй.

Хариуцагч нь өөрийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй бэлэглэгчийг нэхэмжлэгч гомдоосон гэх үйлдлийг нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргасан үеэс мэдэх боломжтой байна. Гэтэл хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийг 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд гаргасан. Иймд хариуцагч ******* нь бэлэглэлийг хүчингүй болгох шаардлага гаргах хугацааг хэтрүүлсэн байх тул Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******гийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Шүүхийн зүгээс хариуцагчийн зүгээс шүүхэд бэлэглэлийн гэрээг байгуулах болсон шалтгаан нөхцөлийг нэхэмжлэгч -ийг Монгол улсад оршин суух эрх олгох баримт бичиг бүрдүүлэхэд үл хөдлөх эд хөрөнгөтэй байх шаардлага үүссэнтэй холбоотой бөгөөд орон сууцнаас ногдох хэсгийг бэлэг болгон хүлээн аваагүй болохоо тайлбараараа үгүйсгээгүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.2 дахь хэсэгт заасан дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна гэж дүгнэсэн нь хууль бус үндэслэлгүй байна.

Мөн хариуцагч *******гийн сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй буруу шийдвэр болсон. Иймд нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:

7.1 Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байна. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа зээлийн гэрээ байгуулсан, хамтран ажиллах гэрээ байгуулсан гэх мэтээр өөр өөр байдлаар тайлбарладаг. Уг маргаан өмнө 2 шатны шүүхээр хянан шийдвэрлэгдсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс тухай бүр нэхэмжлэлийн шаардлагыг тодруулан асууж байсан. Нэхэмжлэгч тал хамтран ажиллах гэрээ байгуулагдсантай маргахгүй гэж хэлж байсан учир шүүхээс талуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн.

7.2 Хууран мэхэлсэн, автомашиныг залилж авсан гэж нэхэмжлэгч тал тайлбарлаж байгаа нь гэмт хэргийн шинжтэй зүйл мэт харагдаж байна. Хамтран ажиллах гэрээний дагуу худалдаж авсан тоног, төхөөрөмжүүд нь одоог хүртэл *******-д хадгалагдаж байгаа. Үйл ажиллагаа явуулахад шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг ******* нь дамжуулагчийнхаа үүргийг гүйцэтгэж, хамтран ажиллах гэрээний хүрээнд *******-д худалдаж авсан. Уг асуудлын хүрээнд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн.

7.3 Мөн шүүх орон сууцтай холбоотой асуудлыг дүр эсгэж хийсэн хэлцэл хийгдсэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.

8. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

8.1 Хариуцагч нь нэхэмжлэгчийн орон сууцыг худалдан борлуулахдаа 8,000,000 төгрөгийг зуучлалын хөлс гэж -д төлсөн. Түүний байрыг суллахын тулд хүмүүс хөлслөн 4 удаа ачуулж нүүлгэсэн, тухай бүрт нь тээврийн болон ажлын хөлс төлж байж компанийн складанд хураалгасан. Байранд их цэвэрлэгээ хөлсөлж хийлгэсэн. Байранд нөхөөд шинээр авсан цахилгаан зуух, аяга таваг угаагч, хиншүү сорогч, шарах шүүгээ /печь/ зэргийг авч өгсөн. Энэ бүхэнд 10,000,000 орчим төгрөг болсон.

Үлдсэн мөнгөөр нь *******-ийн манаач 6 хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй н.Мөнхсайханд иж бүрэн 5 ханатай гэр, ор хэрэгсэл хөлдөөгч ... бүх юмыг авч өгсөн. нь компанийн дэргэдэх -ын дүрэм, Удирдах зөвлөлийн тогтоол, үүсгэн байгуулагчдын тогтоол, тэмдэглэлээр тогтоогдоно.

8.2 Орон сууц худалдан авах гэрээний 6.1-т Орон сууц худалдах худалдан авах гэрээг нотариатаар гэрчлүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болох бөгөөд Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар өмчлөх эрх худалдан авагч талд үүсэх, худалдагч талын өмчлөх эрх дуусгавар болно гэж, мөн 6.3-т үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлогын албан татварыг худалдагч тал хариуцахаар заасны дагуу ******* нь 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 4,000,000 төгрөгийг үл хөдлөх хөрөнгө борлуулсны албан татварт төлсөн байдаг. Мөн гэрээний 6.4-т зааснаар гэрээг нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх холбогдсон зардлыг худалдан авагч тал хариуцахаар заасан тул *******, нар төлсөн.

Шүүх хуралдаанд уг үл хөдлөх хөрөнгийг худалдан авахад худалдагч *******, нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байсан, мөн уг үл хөдлөх хөрөнгийг худалдах худалдан авах гэрээний дагуу хүлээн авсан иргэн /худалдан авагчийн дүү/ нь гэрчээр оролцон тухайн орон сууцыг зарах үеийн процесс, цахилгаан хэрэгсэл хүлээн авсан, орон сууцыг чөлөөлж өгсөн талаар гэрчийн мэдүүлгийг хууль сануулсны үндсэн дээр өгсөн. Гэвч шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг огт үнэлээгүйд гомдолтой байна.

8.3 итгэмжлэл өгөхөөсөө өмнө, итгэмжлэл өгснийхөө дараа өдөр тутам холбогдож ажил хэрэг болон байр орон сууцаа зарж борлуулах талаар ярьж, өөрөө тухай бүр нь зөвшөөрч надад ч итгэл үзүүлж , харуул ганц бие эмэгтэйд гэр авч өгөх, нүүлгэлтийн болон цэвэрлэгээний хөлс, үл хөдлөх хөрөнгийн зуучлалын хөлс, цахилгаан барааг нөхөж авч суурилуулж өгөхийг хэлж, би түүний хэлсэн болон зөвшөөрсний дагуу хийж гүйцэтгэсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3, 1.4-т зааснаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

9. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

9.1 Нэхэмжлэгч орон сууцаа худалдан борлуулах хүсэлгүй байхад нь хариуцагч орон сууцны ханш унаж байгаа тул яаралтай зарах шаардлагатай гэж ятгаж, хариуцагчийн орон сууцыг нь худалдан борлуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, ковид цар тахал гарч хөл хорио тавигдсан цаг үеийг хариуцагч далимдуулан нэхэмжлэгчийн орон сууцыг худалдан борлуулсан.

9.2 Мөн орон сууцыг 540,000,000 төгрөгөөр худалдаж авсан бөгөөд үүнээс 20,000,000 төгрөгийг нь өөр данс руу шилжүүлсэн болохоо мэдүүлсэн. Зуучлалын байгууллагын төлбөр болон татвар, нүүлгэлттэй холбоотой гарсан бүх зардлыг нэхэмжлэгч өөрөө төлсөн гэж надад хэлсэн. Орон сууцыг нэхэмжлэгч нь группээс 570,000,000 төгрөгөөр худалдаж авсан ба 550,000,000 төгрөгөөр худалдан борлуулахыг хариуцагчид даалгасан. Үүнтэй маргаан байхгүй гэж бодож байна гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч нь хариуцагч *******д холбогдуулан, улсын дугаартай ******* маркийн автомашиныг түүний хууль бус эзэмшлээс гаргуулах, хөрөнгө оруулалт нэрээр үндэслэлгүй хөрөнгөжсөн 394,440,000 төгрөг, орон сууц худалдсан үнээс үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 20,000,000 төгрөг, , , лол, гудамж, байр, хаягт байршилтай, 62,73 м.кв талбайтай орон сууцнаас ногдох хэсэг 73,708,000 төгрөг тус тус гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг гаргасан.

2.1 Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээс бусдад бэлэглэх гэрээ-г хүчингүй болгуулах тухай сөрөг шаардлага гарган маргажээ.

2.2 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч *******, *******, ******* нарт холбогдох, 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэхийг даалгах, *******д холбогдох 5,000 ам.доллар буюу 14,246,300 төгрөг гаргуулах, , , лол, гудамж, байр, хаягт байршилтай, 62,73 м.кв талбайтай орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсан.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн дээрх татгалзлыг шийдвэрийн үндэслэх хэсэгтээ дурдсан боловч тогтоох хэсэгт шийдвэрлээгүй орхигдуулсан байх тул тогтоох хэсэгт 3 дахь заалт нэмж, уг заалтад нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулна.

3. 138,400 ам.доллар буюу 394,440,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

3.1 Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбарыг үндэслэн дээрх шаардлагатай холбоотой дараах үйл баримтыг зөв тогтоосон байна.

3.1.1 Нэхэмжлэгч нь 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 6,990 ам.доллар, 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 7,966.28 ам.доллар, 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 40,000 ам.доллар, 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 20,000 ам.доллар, 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 8,000 ам.доллар, 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 30,000 ам.доллар, 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 5,000 ам.доллар, 2018 оны 10 дугаар сарын 02-ны 1,200 ам.доллар, нийт 119,156.28 ам.долларыг хариуцагч *******д шилжүүлсэн. /1хх 19-30, 4хх 122-123/

3.1.2 *******-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 24 хувийн хувьцаа эзэмшигчээр, ******* 36 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн. 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ******* 50 хувийн хувьцаа эзэмшигчээр, 26 хувийн хувьцаа эзэмшигчээр, 24 хувийн хувьцаа эзэмшигчээр тус тус бүртгэгдсэн байна. /2хх 125/

3.1.3 -ийн 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Саналын захидал болон ажлын гэрээ-ээр Бид таныг өөрсдийн компанид Бизнесийн хөгжлийн гүйцэтгэх албан тушаалд 3,000 ам.долларын цалинтай ажиллах санал дэвшүүлж байгаа бөгөөд энэхүү гэрээ нь 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ гэжээ. /2хх 166/

3.2 Хэрэгт авагдсан дээрх баримтууд болон зохигчийн тайлбаруудаас талууд хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажиллах явцад нэхэмжлэгч нь хөрөнгө оруулалт хийж мөнгө шилжүүлж байсан, хамтын ажиллагаа хэрэгжсэн талаарх шүүхийн дүгнэлт зөв.

3.2.1 Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.3 дахь хэсэгт зааснаар хамтран ажиллах гэрээ дуусгавар болсноор биелүүлээгүй хэлцлийг дуусгавар болгож, үлдэх хөрөнгийн жагсаалтыг үйлдэж, талуудад хуваарилахаар заасан. Анхан шатны шүүх талуудыг хамтран ажиллах үйл ажиллагааг дүгнэж, хөрөнгийн жагсаалт, тайлан, тооцоо гаргаагүй гэж дүгнэн нэхэмжлэгчийн 138,400 ам.доллар буюу 394,440,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь дээрх хуульд нийцжээ. Түүнчлэн, мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлд талуудын хооронд гэрээний үүрэг үүсээгүй байхыг шаардана. Талуудын хамтран ажиллаж байсан дээрх үйл баримтаар тэдний хооронд гэрээний үүргийн харилцаа үүссэн байх бөгөөд уг үүргийн хүрээнд нэхэмжлэгчээс шилжүүлсэн мөнгөн хөрөнгөөр хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт нийцэхгүй. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хамтран ажилласан гэх баримт нотолгоо алга байх учраас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

4. улсын дугаартай, ******* маркийн автомашиныг хариуцагчийн хууль бус эзэмшлээс гаргуулах шаардлагын тухайд:

4.1 Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбарыг үндэслэн дээрх шаардлагатай холбоотой дараах үйл баримтыг зөв тогтоосон байна.

4.1.1 Хариуцагч ******* нь 5,000 ам.долларыг нэхэмжлэгчид шилжүүлсэн. /2хх 89/

4.1.2 Нэхэмжлэгчийн 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Тодорхойлолт-оор ... миний бие нь өөрийн эзэмшлийн машиныг Монгол улсын иргэн овогтой д 5,000 сингапур доллароор борлуулсан болохыг тодорхойлов. ...Энэхүү машиныг миний бие нь сүүлийн 5 жил /Сингапур улсад 5 жил унасан ашигласан бөгөөд хөдөлгүүрийн экспортын зардал 2,000 сингапур доллар/ ашигласан болно гэжээ. /2хх 92-93/

4.1.3 Гаалийн хилээр нэвтрүүлэн барааны мэдүүлгээр 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 5,000 ам.доллароор ******* маркийн автомашиныг Монгол улсын хилээр оруулж ирсэн. /1хх 124/

4.1.4 Тээврийн хэрэгслийн лавлагаагаар улсын дугаартай, ******* маркийн, 2013 онд үйлдвэрлэсэн дээрх автомашин *******гийн эзэмшилд бүртгэлтэй. /1хх 109/

4.2 Дээрх нотлох баримтуудаар хариуцагч тухайн автомашиныг хууль бусаар эзэмшиж байгаа гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна. Тодруулбал, анхан шатны шүүх ******* нь нэхэмжлэгчээс 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр дээрх автомашиныг 5,000 ам.доллароор худалдан авсан болох нь тогтоогдсон, хариуцагчийн эзэмшил хууль бус болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй үндэслэлээр уг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна. Иймд энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

5. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 20,000,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

5.1 Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбарыг үндэслэн дээрх шаардлагатай холбоотой дараах үйл баримтыг зөв тогтоосон байна.

5.1.1 *******, , // Их монгол улс гудамж, байр, хаягт байршилтай, 120 м.кв талбайтай, дөрвөн өрөө орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн. /1хх 142/

5.1.2 Нэхэмжлэгч нь хариуцагч *******д 2020 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 027 дугаартай итгэмжлэл олгосон. Итгэмжлэлд дээрх орон сууцыг бусдад худалдах, бэлэглэх, арилжих гэрээ байгуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх, лавлагаа авах, уг үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нотариатаар гэрчлүүлэхэд төлөх холбогдох баримт бичигт гарын үсэг зурах үйлдэл хийх бүрэн эрхийг 3 сарын хугацаатай олгосон. /1хх 150-154/

5.1.3 Төлөөлөгч ******* болон ******* нар нь 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж, дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 200,000,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцсон. /1хх 145/

5.1.4 Тухайн орон сууцны үнэд нь 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 200,000,000 төгрөг, 320,000,000 төгрөгийг буюу нийт 520,000,000 төгрөгийг нэхэмжлэгчийн дансанд, мөн өдөр 20,000,000 төгрөгийг *******гийн дансанд тус тус шилжүүлсэн. /1хх 84-86/

5.2 Анхан шатны шүүх талуудын хооронд даалгаврын гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт нийцсэн. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэгчээс өгсөн даалгаврын дагуу түүний нэрийн өмнөөс тухайн орон сууцыг бусдад худалдсан.

Хариуцагч ******* нь өөрийн дансаар авсан 20,000,000 төгрөгөөс зуучлалын хөлс төлсөн, орон сууц нүүлгэлтийн зардал төлсөн гэж татгалзаж байгаа боловч хэрэгт авагдсан баримтуудаар уг зардал гарсан болох нь тогтоогдохгүй байна. Тодруулбал, Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар өгөгч нь хөлс төлөх үүргийг хүлээнэ. Талууд хөлс төлөхөөр харилцан тохиролцсон гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.

Түүнчлэн, -ийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн баримтаар иргэний үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлогоос суутгасан албан татварт 4,000,000 төгрөгийг ******* төлсөн байна. /1хх 144/ Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу 20,000,000 төгрөгийг зарцуулсан болохоо нотлох баримтаар нотлоогүй үндэслэлээр хариуцагч *******гаас 20,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт нийцсэн байна. Өөрөөр хэлбэл, мөн хуулийн 400 дугаар зүйлийн 400.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь тухайн орон сууцыг нэхэмжлэгчийн даалгаврын дагуу бусдад худалдан борлуулсан мөнгөн хөрөнгө болох 540,000,000 төгрөгийг бүхэлд нь нэхэмжлэгчид шилжүүлэх үүрэгтэй. Иймд хариуцагчийн орон сууцыг худалдан борлуулахдаа 8,000,000 төгрөгийг зуучлалын хөлс гэж -д төлсөн. Нүүлгэлт, тээврийн болон ажлын хөлс, цэвэрлэгээ, тавилга зэрэгт 10,000,000 орчим төгрөг зарцуулсан. Үлдсэн мөнгөөр нь: *******-ийн манаач 6 хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэйд гэр өгсөн гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

6. , , лол, гудамж, байр, хаягт байршилтай, 62,73 м.кв талбайтай орон сууцнаас ногдох хэсэг 73,708,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэл болон 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээс бусдад бэлэглэх гэрээ-г хүчингүй болгуулах тухай сөрөг шаардлагын тухайд:

6.1 Нэхэмжлэгч нь дээрх шаардлагын үндэслэлээ уг орон сууцнаас өөрт ногдох хэсгийнхээ үнийг гаргуулна гэж тодорхойлсон бол, хариуцагч нь сөрөг шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч нь хариуцагчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн тул бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулна гэж тодорхойлсон.

6.2 Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбарыг үндэслэн дээрх шаардлагатай холбоотой дараах үйл баримтыг зөв тогтоосон байна.

6.2.1 Хариуцагч ******* нь тай 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, ******* нь , , лол, гудамж, байр, хаягт байршилтай, 62,73 м.кв талбайтай орон сууцыг 75,000,000 төгрөгөөр худалдан авсан. /5хх 151/ Улмаар мөн өдөр өмчлөгчөөр ******* улсын бүртгэлд бүртгэгдсэн. /5хх 153/

6.2.2 Улмаар, 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээс бусдад бэлэглэх гэрээ-ээр ******* нь дээрх орон сууцны өөрт ногдох хэсгийн 37,500,000 төгрөгийн хөрөнгийг нэхэмжлэгчид хариу төлбөргүйгээр шилжүүлжээ. /5хх 159/

6.2.3 Тухайн орон сууцны хууль ёсны хамтран өмчлөгчөөр нэхэмжлэгч болон хариуцагч ******* нар 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн. /1хх 182, 5хх 152/

6.3 Харин анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлээс орон сууцнаас ногдох хэсэг 75,000,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбарыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй, холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэснийг давж заалдах шатны шүүх зөвтгөж, шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзэв.

6.4 Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1 дэх хэсэгт зааснаар бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн тохиолдолд бэлэглэгч нь бэлэглэлийг хүчингүй болгохоор бэлэг хүлээн авагчаас шаардах эрхтэй.

6.4.1 Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь хариуцагчийг бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах хэмжээний ноцтой үйлдэл хийсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна. Түүнчлэн, хариуцагч нь дээрх сөрөг шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй байна.

6.5 Анхан шатны шүүх талуудын байгуулсан 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээс бусдад бэлэглэх гэрээ-г дүр үзүүлэн байгуулсан, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ. Учир нь, бэлэглэлийн гэрээ нь нэг талын гэрээ бөгөөд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан ...нэхэмжлэгч нь Монгол улсад байнгын оршин суух зөвшөөрөл авах шаардлагатай болсон тул түүнийг орон сууцны хамтран өмчлөгчөөр оруулахаар бэлэглэлийн гэрээ байгуулсан гэх үйл баримт хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.

6.6 Дээрх бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэл тогтоогдоогүй тул давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бэлэглэлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэв.

6.7 Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт зааснаар хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно. ******* нь 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээс бусдад бэлэглэх гэрээ-ээр буюу хэлцлийн үндсэн дээр тухайн орон сууцыг нэхэмжлэгчтэй дундаа хэсгээр өмчлөгч болсон байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь дээрх гэрээний дагуу тухайн орон сууцны өмчлөх эрхийн 50 хувийг, хариуцагч нь үлдэх 50 хувийг буюу талууд орон сууцыг дундаа 50, 50 хувиар, хэсгээр өмчлөх эрх үүсжээ.

6.7.1 Хариуцагч тухайн орон сууцыг өөрийн хөрөнгөөр худалдан авсан гэж тайлбарласан. Нэхэмжлэгч нь хариуцагчийг тухайн орон сууцыг худалдан авахад мөнгөн хөрөнгө оруулсан гэх үндэслэлээ баримтаар нотлоогүй боловч нэхэмжлэгч нь бэлэглэлийн гэрээний дагуу тухайн орон сууцыг хариуцагчтай дундаа хэсгээр өмчлөх болсон байна. Иймд тухайн орон сууцыг нэхэмжлэгч болон хариуцагч нарын дундын өмч гэж үзнэ.

6.7.2 Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8 дахь хэсэгт зааснаар дундаа хэсгээр өмчлөгч дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгээ салгаж авах, ийнхүү салгахад уг өмчлөлийн зүйлийн зориулалт, иж бүрдэл, бусад чанар алдагдахаар бол ногдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардах эрхтэй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь тухайн орон сууцнаас өөрт ногдох хэсгийг хариуцагчаас шаардах эрхтэй.

6.7.3 -ийн 2021 оны үнэлгээний тайлангаар дээрх орон сууцны зах зээлийн үнэлгээг 137,000,000 төгрөгөөр үнэлсэн. /1хх 185-199/ -ийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 03 дугаар Хөрөнгө үнэлсэн тухай тайлангаар дээрх орон сууцны зах зээлийн үнэлгээг 147,416,000 төгрөг болохыг тодорхойлсон байна. /3хх 204-225/ Иймд нэхэмжлэгч нь өөрт ногдох хэсгийг 73,708,000 төгрөгөөр тодорхойлсон тул хариуцагчаас 73,708,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосон өөрчлөлт оруулах нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8 дахь хэсэгт нийцнэ. Энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангана.

6.7.4 Мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.8 дахь хэсэгт зааснаар орон сууцнаас талуудын ногдох хэсгийг шийдвэрлэж байгаа тул түүний үр дагавар болох орон сууцны өмчлөгчөөс -ийг хассан бүртгэл хийхийг Улсын бүртгэлийн байгууллагад даалгасан өөрчлөлт оруулна.

7. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчаас нийт 93,708,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шийдвэрт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 192/ШШ2025/04353 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 492 дугаар зүйлийн 492.1.1, 399 дүгээр зүйлийн 399.1, 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******гаас 93,708,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч -д олгож, Улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, , , лол //, гудамж, байр, хаягт байршилтай, 62,73 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөс -ийг хассан бүртгэл хийхийг Улсын бүртгэлийн байгууллагад даалгаж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 394,440,000 төгрөг гаргуулах, улсын дугаартай, ******* маркийн 2013 онд үйлдвэрлэгдсэн автомашиныг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дахь заалтыг Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч -д холбогдох, 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээс бусдад бэлэглэх гэрээ-г хүчингүй болгуулах тухай хариуцагч *******гийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. гэж тус тус өөрчилж,

тогтоох хэсэгт 3 дахь заалт нэмж, уг заалтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******, *******, ******* нарт холбогдох, 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэхийг даалгах, хариуцагч *******д холбогдох 5,000 ам.доллар буюу 14,246,300 төгрөг гаргуулах, , , лол, гудамж, байр, хаягт байршилтай, 62,73 м.кв талбайтай орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. гэж нэмж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг 4 гэж өөрчлөн дугаарлаж, уг заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч /-ээс төлсөн 5,425,200 төгрөг, хариуцагч *******гаас төлсөн 245,001 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 626,490 төгрөг гаргуулан нэхэмжлэгч /-д олгосугай. гэж өөрчилж,

тогтоох хэсгийн 4 дэх заалтыг 5 гэж өөрчлөн дугаарлаж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 257,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 3,095,380 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

М.БАЯСГАЛАН