| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/06012/И |
| Дугаар | 4740 |
| Огноо | 2016-07-27 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 4740
| 2016 оны 07 сарын 27 өдөр | Дугаар 102/ШШ2016/04740 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 4-р хороо, 15-р хороолол, 42-р байрны 31 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, регистр ХД70031111, Зэлэм овогтой Өлзийдэлгэрийн Түмэндэмбэрэлийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 13-р хороо, 3 дугаар хороолол, 26-р байрны 3 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, регистр ИЮ87111872, Хөхийт овогтой Барчулууны Эрдэнэмөнхөд холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 30 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Минжүүрдорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Очбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Тамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Минжүүрдорж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ө.Түмэндэмбэрэл нь 2013 оны 11-р сарын 25-ны өдөр УНР59-34 улсын дугаартай wolks wagen автомашиныг Б.Эрдэнэмөнхөд 30 сая төгрөгөөр худалдсан. Гэрээнд зааснаар мөнгийг шилжүүлэх боломжгүй байсан болохоор Б.Эрдэнэмөнх нь өөрийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн газрыг Ө.Түмэндэмбэрэлийн эзэмшлийн мэдэлд шилжүүлж өгнө гэсэн боловч одоог хүртэл шилжүүлж өгөөгүй. Тийм учраас манайх тухайн газрыг биш тухайн зарсан автомашиныхаа үнэ 30 000 000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Очбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Эрдэнэмөнх нь 2013 оны 11-р сарын 25-ны өдөр Ө.Түмэндэмбэрэлээс УНР 59-34 дугаартай wolks wagen автомашиныг 30 сая төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, үнийн дүнд нь 0000285740 тоот өмчлөх эрхийн гэрчилгээтэй, Ү-2205039692 дугаар улсын бүртгэлийн дугаартай Баянгол дүүргийн 13-р хороо, 3-р хороолол, Хасбаатарын гудамж, 26-р байрны зоорийн давхарын 11 тоот автозогсоол, мөн БЗаянзүрх дүүргийн 20-р хороо, Гачуурт Гялалзах 2-р хэсэг, 602 м.кв кадастрын зураг бүхий газрыг эзэмшил, өмчлөл нь тогтсон үед нь шилжүүлэн өгөхөөр харилцан тохиролцсон байдаг. Бид гэрээний үүргээ бол зөрчөөгүй. Гэрээний төлбөр барагдуулах худалдах, худалдан авах гэрээнд заасны дагуу төлбөрт тооцуулсан гаражийг бол шилжүүлсэн. Мөн газрын гэрчилгээ Б.Эрдэнэмөнхийн нэр дээр шилжсэний дараа Б.Түмэндэмбэрэлд саадгүй шилжүүлнэ гэсэн гэрээ хэлцэл хийсэн, кадастрын зураг нь гарсан, зөвхөн өмчлөх эрхийн гэрчилгээ нь гараагүй байгаа. Энэ нь хариуцагч Б.Эрдэнэмөнхөөс шалтгаалаагүй, төрийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой байна. Талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд зааснаар гэрээний чөлөөт байдлыг хангаж гэрээ хийсэн. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ө.Түмэндэмбэрэл нь Б.Эрдэнэмөнхөд холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 30 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.
Ө.Түмэндэмбэрэл нь Б.Эрдэнэмөнхтэй 2013 оны 11-р сарын 25-ны өдөр “Автомашин худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, УНР59-34 дугаартай Volks wagen Touareg автомашиныг 30 000 000 төгрөгөөр худалдахаар /хх 7/ тохирчээ. Талуудын хооронд Иргэний хуулийн 243-р зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.
Тухайн өдрөө худалдан авагч нь “Баталгаа” гаргаж, талууд “Төлбөр барагдуулах хэлцэл”-ээр Б.Эрдэнэмөнх нь худалдан авсан машины үнэнд тооцож өөрийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205039692 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 13-р хороо, 3-р хороолол, Хасбаатарын гудамж, 26-р байрны зоорийн давхарын 11 тоот автозогсоол, мөн Баянзүрх дүүргийн 20-р хороо, Гачуурт Гялалзах 2-р хэсэг, 602 м.кв кадастрын зураг бүхий газрыг эзэмшил, өмчлөл нь тогтсон үед нь Ө.Түмэндэмбэрийн эзэмшилд шилжүүлэн өгөхөөр тохирсон /хх 4-6/ байна.
Дээрх хэлцлийн дагуу 2013 оны 11-р сарын 25-ны өдөр талууд “Худалдах, худалдан авах гэрээ”-гээр автозогсоолыг Ө.Түмэндэмбэрэлийн өмчлөлд шилжүүлж, 2013 оны 11-р сарын 26-ны өдөр Ө.Түмэндэмбэрэл өмчлөгчөөр бүртгэгдэж түүнд өмчлөх эрхийн 000285768 тоот гэрчилгээ олгогдсон, өмчлөгч байна.
Хэдийгээр худалдах, худалдан авах гэрээнд автозогсоолын үнийг 3 000 000 төгрөг гэж тусгагдсан боловч Иргэний хуулийн 245-р зүйлийн 245.2 дахь хэсэгт зааснаар улсын бүртгэлийн газар бүртгүүлэхтэй холбоотой зардлыг худалдан авагч буюу Ө.Түмэндэмбэрэл хариуцах байсантай холбоотойгоор харилцан тохирч бүртгүүлсэн байна. Үүнийг эрхийн доголдолтой гэж үзэх үндэслэлгүй.
Нөгөө талаас, Баянзүрх дүүргийн 20-р хороо, Гачуурт Гялалзах 2-р хэсэг, 602 м.кв кадастрын зураг бүхий газрыг эзэмшил, өмчлөл нь тогтосон үед шилжүүлэхээр тохирсон бөгөөд шүүх хуралдааны шатанд Б.Эрдэнэмөнхийн эзэмшилд газар олгогдсон, түүнийг Ө.Түмэндэмбэрэлд шилжүүлэхээр гэрээ хийсэн нь зохигчийн тайлбараар тогтоогдсон байна.
Эдгээрээс дүгнэвэл, нэхэмжлэгч худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаагүй, хариуцагч гэрээний үүргээ биелүүлсэн байхад машины үнэ 30 000 000 төгрөг шаардсан нь үндэслэлгүй гэж үзнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3, 115.2.3 дахь хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243-р зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Борчулууны Эрдэнэмөнхөөс 30 000 000 /гучин сая/ төгрөг гаргуулахыг хүссэн Өлзийдоржийн Түмэндэмбэрэлийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 308 000 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээсүгэй.
Шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА