Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 232

 

     Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Ч.Мөнхзул

Шүүгдэгч В.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн  шүүх хуралдаанаар;

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт В.Э-т холбогдох эрүүгийн 182 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.  

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1985 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл гэх, ЖЭ регистрийн дугаартай, Б овогт В.Э.

Шүүгдэгч В.Э нь “Барилгын инженер-геологийн ажил гүйцэтгэх дүрэм”-ийн 6.1 дэх заалт /Барилга байгууламжийн суурийн төлөвлөлт, хийцийн оновчтой шийдэл гаргах, болзошгүй сөрөг нөлөөлөлд инженерийн хамгаалалт хийх, урьдчилсан сэргийлэх арга хэмжээ авах, байгаль орчныг хамгаалах болон газар шорооны ажил гүйцэтгэх зэрэгт зураг төслийн тооцоо хийх үнэн зөв хүрэлцээтэй болон тоон мэдээллийг бүрдүүлсэн байна/-ыг зөрчсөн мөн “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай” хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал, ажил олгогч шууд хариуцна/” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Халхгол сумын 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулж буй “Их Модун” ХХК-ийн  барилгын ухсан нүхэнд тус сумын 1 дүгээр багийн иргэн Б.Цэндсүрэн унаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч В.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйл байхгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч Б.Цэндсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...тухайн үед харанхуй байсан болохоор нүх байгаа эсэхийг анзаарч харалгүй уначихсан юм. Миний унасан уг нүх 3 метр орчим гүн байсан. Нүхний ойролцоо хамгаалалтын хашлага, тууз болон хүн явахыг хориглосон, газар шорооны ажил явагдаж байна гэсэн тэмдэг, тэмдэглэгээ байгаагүй... би Ялалт музейн баруун урд талын өнцөгт машины замаар малдаа явж байгаад нүхэнд ойчиж гэмтсэн. Дараа нь уг нүх нь “Шинэ сум” төслийн барилгын үүрэг гүйцэтгэгч “Их Модун” ХХК-ийн барилга барих гээд хундамны нүх ухсан байсан юм байна. Тухайн үед гадаа харанхуй байсан ба уг ухсан нүхэндээ хамгаалалтын хашлага хийгээгүй, машин явдаг зам дээр нүх ухсан байхад нь би унасан. Би тухайн өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл, саруул явж байсан. Нүхэнд унасны дараа миний нуруу хугараад хувийн зардлаараа эмчлүүлсэн мөн бүтэн жилийн тэтгэврийн зээл авч, ах дүү нараасаа нэлээдгүй мөнгө гаргаж эмчилгээ хийлгэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-23/

Гэрч Б.Болд мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...манай ах 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 18 цагийн орчим үхэр, тугалаа ойртуулж хаших гэж яваад тус сумын төвд үйл ажиллагаа явуулж байгаа “Их Модун” ХХК-ийн барилгын ухсан нүхэд унаж бэртсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/

Гэрч Х.Хүрэлчулуун мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...дүү нар орж ирээд Цэндсүрэн ах үхэр, тугалдаа яваад эргэж ирэхгүй байна, танайхаар очоогүй юу гэж асуусан. ... тухайн үед гадаа харанхуй байсан болохоор гадаа хайж байгаад наадмын талбай хавиар явж байхад тухайн газарт олон нүх ухсан байсан. Дүү Хүрэлсүх нэг нүх рүү өнгийж хараад ах энд байна гэж хэлэхэд ... ах нь босож чадахгүй байна, нуруу өвдөөд байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/

Шүүгдэгч В.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...би Дорнод аймгийн Халхгол сумын 1 дүгээр багт “Шинэ сум” төслийн хүрээнд барилгын үйл ажиллагаа явуулж байгаа “Их Модун” ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажил эрхэлдэг бөгөөд Дорнод аймгийн Халхгол сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт манай компанийн барилгын ажил хийж байсан ухсан нүхэнд 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр тус сумын иргэн Б.Цэндсүрэн унаж гэмтэл авсан талаар ... барилгын талбай хариуцсан ажилтан Нямдарь надад утсаар мэдэгдсэн. ... улмаар би иргэн Цэндсүрэнг Улаанбаатар хотод гэмтлийн эмнэлэгт ирж хэвтэхэд нь “Их Модун” ХХК-ийг төлөөлж өөрийн биеэр очиж уулзаад эргэж тойрж байсан бөгөөд түүний эмчилгээний зардал болон холбогдох баримт бичгээ цуглуулж байгаарай сүүлд таныг ямар нэгэн байдлаар хохиролгүй болгоно гэж хэлж байсан. Харин одоо иргэн Цэндсүрэнгийн эмчилгээний зардлыг манай “Их Модун” ХХК нь бүрэн төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-52/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 28 тоот дүгнэлтийн хэсэгт: "1. Б.Цэндсүрэнгийн биед сээрний Th12-р болон бүсэлхийн L1-р нугалмын их биеийн шахагдсан хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Дээрхи гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх-ийн 36/

Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын шинжээчдийн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 05-078/23 тоот дүгнэлтийн хэсэгт: “1. “Барилгын инженер-геологийн ажил гүйцэтгэх дүрэм”-ийн 6.1 дэх заалт /барилга байгууламжийн суурийн төлөвлөлт, хийцийн оновчтой шийдэл гаргах, болзошгүй сөрөг нөлөөлөлд инженерийн хамгаалалт хийх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, байгаль орчныг хамгаалах болон газар шорооны ажил гүйцэтгэх зэрэгт зураг төслийн тооцоо хийх үнэн зөв хүрэлцээтэй чанарын болон тоон мэдээллийг бүрдүүлсэн байна/-ыг зөрчсөн байна. 2. “Их Модун” ХХК-ийн ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг хариуцсан албан тушаалтнаар нярав ажилтай Ш.Нямдарийг томилсон нь “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх заалт /Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар инженер, техникийн болон эрүүл ахуйн боловсролтой, мэргэшсэн хүнийг ажиллуулна/-ыг зөрчсөн байна. 3. Хариулт 2-т хариулсан болно. 4. “Барилгын инженер-геологийн ажил гүйцэтгэх дүрэм”-ийн 6.1 дэх заалтыг зөрчин болзошгүй сөрөг нөлөөлөлд инженерийн хамгаалалт хийгээгүй, урьдчилсан сэргийлэх арга хэмжээ аваагүйн улмаас иргэн Б.Цэндсүрэн унаж биедээ гэмтэл авсан байна. 5. “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, “Барилгын инженер-геологийн ажил гүйцэтгэх дүрэм”-ийн 6.1 дэх заалтыг “Их Модун” ХХК-ийн ажил олгогч зөрчсөн байна” гэжээ /хх-ийн 44-45/

-Шүүгдэгч В.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 50-52/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч В.Э нь “Их Модун” ХХК-ийн  барилга хариуцсан гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа “Барилгын инженер-геологийн ажил гүйцэтгэх дүрэм”-ийн 6.1 дэх заалт /Барилга байгууламжийн суурийн төлөвлөлт, хийцийн оновчтой шийдэл гаргах, болзошгүй сөрөг нөлөөлөлд инженерийн хамгаалалт хийх, урьдчилсан сэргийлэх арга хэмжээ авах, байгаль орчныг хамгаалах болон газар шорооны ажил гүйцэтгэх зэрэгт зураг төслийн тооцоо хийх үнэн зөв хүрэлцээтэй болон тоон мэдээллийг бүрдүүлсэн байна/-ыг, мөн “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал, ажил олгогч шууд хариуцна” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Халхгол сумын 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулж буй “Их Модун” ХХК-ийн  барилгын ухсан нүхэнд тус сумын 1 дүгээр багийн иргэн хохирогч Б.Цэндсүрэн унаж гэмтсэний улмаас хохирогчийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч В.Эын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлж өгсөн мэдүүлэг /хх-ийн 50-52/ түүнийг давхар нотолсон хохирогч Б.Цэндсүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 19-23/, гэрч Б.Болдын мэдүүлэг /хх-ийн 28-29/, гэрч Х.Хүрэлчулууны мэдүүлэг /хх-ийн 30-31/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-14/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 28 тоот дүгнэлт /хх-ийн 36/, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын шинжээчдийн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 05-078/23 тоот дүгнэлт /хх-ийн 44-45/ болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

     Хохирогч Б.Цэндсүрэнгийн биед учирсан хүндэвтэр хохирол нь шүүгдэгч В.Э-ын “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, “Барилгын инженер-геологийн ажил гүйцэтгэх дүрэм”-ийн 6.1 дэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас хохирогч Б.Цэндсүрэнгийн биед хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж үзлээ. 

Иймд шүүгдэгч В.Э-т холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, үнэн зөв гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Прокуророос шүүгдэгч В.Э-т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналыг хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана”, мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж тус тус заасан байх бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 800,000 /найман зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэх санал гаргасныг харгалзан түүнд  ял оногдуулбал зохино.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Тогтоол хүчин төгөлдөр болмогц бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч В.Э-ын ЖЭ регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлбэл зохино.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

1.Шүүгдэгч Б овогт В.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Э-ыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.Э-ын цалин, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч В.Э-т мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч В.Э-ын ЖЭ регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар  энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч В.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.ЭНХБААТАР