Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2025/01520

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 192/ШШ2025/03458 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: *******

Нэхэмжлэлийн шаардлага: 5,700 тонн төмрийн хүдрийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 ******* нь *******-аас 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн MBTGSHS19/0 дугаартай гэрээний дагуу 20,000 тонн төмрийн хүдрийг худалдан авч, гэрээний үүрэгт 380,000 ам.долларыг шилжүүлсэн.

Улмаар худалдан авсан 20,000 тонн төмрийн хүдрээ *******-аар тээвэрлүүлэхээр 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр гэрээ байгуулж, тээвэрлэлтийн хөлс 365,200 ам.долларыг бүрэн төлж, төмрийн хүдэртэй холбоотой баримтуудыг эх хувиар нь өгсөн. Гэвч 14,300 тонн төмрийн хүдрийг тээвэрлэж, үлдэгдэл 5,700 тонн төмрийн хүдрийг *******-тай маргаан үүссэн гэсэн шалтгаанаар тээвэрлэхгүй, гэрээний үүргээ зөрчсөн тул 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр тус компаниар төмрийн хүдэр тээвэрлүүлэх гэрээг цуцалж, энэ талаар албан ёсоор мэдэгдлээ хүргүүлж, 5,700 тонн төмрийн хүдрийг хүлээлгэн өгөхийг шаардсан. Гэтэл ******* нь 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 24/13 дугаар албан бичгээр манай компаниас үндэслэлгүйгээр 900,000 юанийг нэхэмжилж, өгөхгүй бол төмрийн хүдрийг шилжүүлэхгүй гэсэн.

Иймд 5,700 тонн төмрийн хүдрийг *******-д хүлээлгэн өгөхийг *******-д даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 *******-ийн буруутай үйл ажиллагааны улмаас 2020 оны 01 дүгээр сард уг төмрийн хүдэр манай компанийн эзэмшлээс гарсан. Тодруулбал, нэхэмжлэлд дурдсан 5,700 тонн төмрийн хүдрийг нэхэмжлэгч компани өөрөө *******-д худалдан борлуулсан байдаг ба манай тээвэрлэх үйл ажиллагаанд дур мэдэн оролцож, *******-аар Дархан-Уул аймгаас Замын-Үүд сум руу тээвэрлүүлэх тохиролцоо хийсэн байсан. Тухайн үед *******ын эзэмшлийн вагоны дараалал хүлээгдэж байсан бөгөөд ******* нь вагон хүлээж удахаар байсан тул манайх мөнгийг төлөөд бэлдүүлсэн вагон тавигдаж таарч, түүгээр ачилтыг хийхээр болсон. Мөн ачилтын мөнгө нь шийдэгдээгүй байсан тул манайхаас тухайн маршрутын зардал 86,314,400 төгрөгийг Улаанбаатар төмөр зам руу шилжүүлсэн.

2.2 Түүнчлэн, ачилтыг тасралтгүй явуулах үүднээс *******-аас буцаан авах нөхцөлтэйгөөр дахин 86,314,400 төгрөгийг бид *******-д шилжүүлэн байршуулж өгсөн тул тус компани 2 удаагийн ачилтаар 5,700 тонн төмрийн хүдрийг ачсан. Үүнээс цааш үргэлжлүүлэн манай компани Эрээн хот хүргэх ёстой байсан. Гэтэл нэхэмжлэгч байгууллагын тээвэрлэлтийг шилжүүлэн авсан ******* нь тээврийн зардалд урьдчилан авсан мөнгөө буцаан өгөөгүйгээс гадна нэхэмжлэгч нь тухайн компанитай хамтран манай компанийн гэрээ, нэрийг ашиглах экспорт хийх, залилан хийж тээврийн зардлыг авах оролдлого хийсэн. Тиймээс манай компани *******-аас хууль бусаар авсан мөнгөө гаргуулахаар 2021 оноос 2024 оны 06 дугаар сар хүртэл шүүхэд маргасны үндсэн дээр тээврийн зардалд шилжүүлсэн мөнгө болон БНХАУ руу тээвэрлэх төмрийг хүдрийг хүлээн авах болсон.

2.3 Хариуцагч ******* нь гэрээний үүргийг 2019 оны 09 дүгээр сард гүйцэтгэж дуусгах байсан буюу шаардах эрхийг энэ үеэс эхлэн тооцох юм. Мөн тус компанийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн төмрийн хүдрийг тээвэрлүүлэхийг шаардах нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр дууссан.

2.4 *******-ийн худалдан авсан 20,000 тонн төмрийн хүдэрт холбогдох АМНАТ-ын төлбөрийн хохирол болон өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас манай компанид учирсан зардал зэрэг хохирлыг нөхөн төлөх ёстой. Манай компани тус компанийн худалдан авсан төмрийн хүдрийг тээвэрлэх үйл ажиллагаа эрхлэх үйл ажиллагааны дагуу гаалийн бүрдүүлэлт хийсэн үйлдлээр, ашигт малтмал экспортолсон гэж Татварын Ерөнхий газрын том татвар төлөгчийн газраас шалгалтыг 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийг дуусталх хугацаанд хийж гүйцэтгэж, ******* дугаартай актаар 678,518,113.34 төгрөгийн нөхөн татвар, 213,209,023.14 төгрөгийн торгууль, 144,440,738.55 төгрөгийн алданги, нийт 1,036,167,875.03 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр тогтоосон.

Уг акттай холбоотой маргаан 2022 оны 06 дугаар сараас 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл Захиргааны хэргийн шүүхээр хянан шийдвэрлэгдэж хохирол хүлээсэн. Харин дээрх төлбөр тогтоогдсон хугацаа, үнийн дүнд нэхэмжлэгч компанийн 14,300 тонн төмрийн хүдрийг 2019, 2020 онд ачуулж, гаалийн бүрдүүлэлт нь манай компани дээр хийгдсэн бөгөөд энэ жингээр АМНАТ-ын төлбөр нь 233,701,782.03 төгрөг, торгууль 43,001,128 төгрөг, алданги 7,852,380 төгрөг, нийт 284,555,290.03 төгрөгийн төлбөр төлөх ёстой.

2.5 Мөн Захиргааны маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд зарцуулсан улсын тэмдэгтийн хураамж, өмгөөлөгчийн зардалд 80,269,631 төгрөгийн зардал гарснаас гуравны нэгийг нь буюу 26,756,543 төгрөгийг түүнчлэн өөрсдийн буруутай үйл ажиллагааны улмаас одоог хүртэл авч чадаагүй 5,700 тонн төмрийн хүдэртэй холбогдох *******-тай холбогдох шүүхийн маргаанд манай компаниас өмгөөлөгчид төлсөн 27,976,000 төгрөг нийт 54,732,543 төгрөг төлөх ёстой. Улмаар одоо нэхэмжилж байгаа 5,700 тонн төмрийн хүдэрт холбогдох АМНАТ нь 121,061,524.8 төгрөгийг манай компанид суутгуулан төлж байж гаалийн хилээр гаргах ёстой тул манай компани зохих шаардлагыг тавьсан.

Энэ нь нийт 460,349,357 төгрөг болж байгаа тул зохих ёсоор шийдвэрлэж өгөхийг хүссэн. Хэрэв манай компанид учруулсан уг хохирлыг зохих ёсоор шийдвэрлэхгүй тохиолдолд сөрөг нэхэмжлэл гаргаж, баримтаа бүрдүүлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох ба маргаан бүхий төмрийн хүдрээс хохирлыг тооцон авах юм гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар 5,700тонн төмрийн хүдрийг нэхэмжлэгч *******-д хүлээлгэн өгөхийг хариуцагч *******-д даалгаж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч д хэргийн материалыг бүрэн танилцуулаагүй, шүүх хуралдаанд оролцох эрх, үүрэг, нөлөөллийг зөвшөөрч гарын үсэг зуруулахгүйгээр шүүх хуралдааныг явуулж шийдвэр гаргасан.

4.2 Хариуцагч ******* болон нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд өөрөө оролцож байсан. Миний бие итгэмжлэл авсан хэдий ч хурал зарлагдсан өдрүүдэд хөдөө орон нутагт шүүх хурлын үйл ажиллагаа удаа дараа таарсан шалтгаантай байсан.

4.3 Шүүх хариуцагчийн маргаантай төмрийн хүдэрт АМНАТ-ын төлбөр ногдуулсан, тус төмрийн хүдрээс уг төлбөрийг суутган авч Татварын албанд төлөх тухай сөрөг нэхэмжлэл гаргана гэж тайлбарлаж, холбогдох баримтыг гаргуулах хүсэлт гаргаж, шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан нөхцөлийг дутуу үнэлж, хангахгүй орхиж шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь хариуцагчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг ноцтой хохироосон.

4.4 Хариуцагч ******* нь маргаан бүхий төмрийн хүдэртэй холбоотой АМНАТ-ын төлбөрийг суутган авч төсөвт төлөх ёстой байтал уг үүргээ биелүүлээгүй, мөн маргаан бүхий төмрийн хүдэртэй холбоотой 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн MBT/JXSH-19.01 дугаартай гэрээний дагуух 20,000 тонн төмрийн хүдрээс 5,700 тонн төмрийн хүдрийг гаалийн хилээр гаргахад, гарал үүсэл нь өөрийн компани гэдэг агуулгаар АМНАТ-ын төлбөрийг суутган авах ёстой гэх агуулгаар тайлбарын үндэслэлээ тодорхойлдог нь Ашигт малтмалын тухай хуультай нийцэж байгаа юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан, 5,700 тонн төмрийн хүдрийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоож, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцжээ.

4. ******* болон *******-ийн хооронд 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр MTB/JXSH-19-01 дугаартай Төмрийн хүдэр импортлох, тээвэрлэх гэрээ байгуулагдсан. Гэрээгээр ******* нь Монгол улсад үйлдвэрлэсэн, 20,000 тонн төмрийн хүдрийг, нэгж үнэ 18.26 ам.доллароор, нийт 365,200 ам.доллароор худалдан авах, ******* нь автомашинаар болон галт тэргээр Монгол улсын Дархан төмөр замаас БНХАУ-ын Эрээн хотын төмөр замын гаалийн хяналтын талбайд тээвэрлэн хүргэж өгөхөөр харилцан тохиролцсон байна. /хх 39-43/

4.1 Анхан шатны шүүх талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

4.2 Нэхэмжлэгч нь гэрээний үүрэгт 365,200 ам.долларыг хариуцагчид шилжүүлсэн болох нь Гадаад шилжүүлэг хийх хүсэлт гэх баримтаар тогтоогдсон, хариуцагч 14,300 тонн төмрийн хүдрийг нэхэмжлэгч талд хүлээлгэн өгч, үлдэх 5,700 тонн төмрийн хүдрийг хүлээлгэн өгөөгүй үйл баримт тогтоогдсон, талууд үүнд маргаагүй.

4.3 *******-ийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр ...манай компани танай компанитай байгуулсан 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 20,000 тонн төмрийн хүдэр импортлох, тээвэрлэх гэрээнээсээ албан ёсоор татгалзаж, гэрээг цуцалж байгаа болохоо энэхүү бичгээр мэдэгдэж байна. Цаашид 5,700 тонн төмрийн хүдрээ манай компани тээвэрлэлтийн өөр компаниар тээвэрлүүлэх бөгөөд танай компани гэрээний үүргээ зөрчсөнөөс үүдэн гарах хохирол, үр дагаврыг танай компаниас шаардах эрх хязгаарлагдахгүй болно гэх мэдэгдлийг *******-д хүргүүлсэн байна. /хх 15/

5. ******* нь -тай 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр MTB/JXSH-19.01 дугаар Худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээгээр худалдагч нь 20,000 тонн Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХХК-ийн төмрийн хүдрийг худалдан авагч *******-д гэрээний дагуу төлбөрийг төлсний дараа шилжүүлэхээр харилцан тохиролцсон гэрээ хэрэгт авагдсан.

6. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2023/04584 дугаар шийдвэрээр *******-аас 86,314,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь -ийн гаалийн талбайд байгаа 5,700 тонн төмрийн хүдрийг нэхэмжлэгч *******-д хүлээлгэн өгөхийг хариуцагч *******-д даалгаж шийдвэрлэсэн. /хх 63-71/ Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 210/МА2024/00712 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулсан. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 001/ХТ2024/00132 дугаар тогтоолоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт *******-аас 86,314,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь -ийн гаалийн талбайд байгаа 5,700 тонн төмрийн хүдрийг нэхэмжлэгч *******-д хүлээлгэн өгөхөд шаардлагатай үйлдлийг хийхийг хариуцагч *******-д даалгасан өөрчлөлтийг оруулж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байна. /хх 72-87/

6.1 Анхан шатны шүүх 5,700 тонн төмрийн хүдэр хариуцагчийн эзэмшилд бодитоор байхгүй байгаа боловч хариуцагч нь гуравдагч этгээдээс 5,700 тонн төмрийн хүдрийг шилжүүлэн авах дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа үндэслэлээр нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний зүйлийг шаардах эрхтэй гэж дүгнэж, хариуцагч *******-д 5,700 тонн төмрийн хүдрийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг даалгаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцсэн байна. Тодруулбал, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь гэрээний үүрэг төлбөрийг хариуцагчид төлөх үүргээ биелүүлсэн боловч хариуцагч нь гэрээний зүйл болох 5,700 тонн төмрийн хүдрийг нэхэмжлэгчид шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байна. Иймд нэхэмжлэгч нь гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй ба тухайн 5,700 тонн төмрийн хүдэр нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу хариуцагчид шилжихээр байна.

6.2 Түүнчлэн, хариуцагч нь нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас 2020 оны 01 дүгээр сард уг төмрийн хүдэр манай компанийн эзэмшлээс гарсан гэх тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй. Хэрэгт авагдсан баримтаар дээрх үндэслэл тогтоогдоогүй. Иймд энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул хариуцагчийн ...маргаантай төмрийн хүдэрт АМНАТ-ын төлбөр ногдуулсан, тус төмрийн хүдрээс уг төлбөрийг суутган авч Татварын албанд төлөх тухай сөрөг нэхэмжлэл гаргана гэж тайлбарлаж, холбогдох баримтыг гаргуулах хүсэлтийг хангаагүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэгч компанийн холбогдох төмрийн хүдрийн тооцоолол хамгийн сүүлийн байдлаар 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Том Татварын газраас гаргуулахаар хүсэлт гаргасныг шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 192/ШЗ2025/19441 дугаар захирамжаар ...хариуцагч өөрийн тайлбар татгалзалтай холбоотой нотлох баримт түүнтэй холбоотой хүсэлтийг урьд өмнө нь гаргах бололцоотой байсан ба шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэх үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсгийг зөрчөөгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн төлөөлөгч 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэлийг гардан авснаас хойш нотлох баримт гаргаж өгөх, хүсэлт гаргах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай байсан болохоо баримтаар нотлоогүй.

9. Хариуцагчийн төлөөлөгч 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэлийг гардан авч, мөн өдөр Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид эрх, үүрэг тайлбарласан тухай баримт болон Нөлөөллийн мэдүүлгийн талаар танилцуулсан баримт-тай танилцаж, гарын үсэг зурсан байна. /хх 22-25/ Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр А/02 дугаар итгэмжлэлээр д 1 жилийн хугацаатай итгэмжлэл олгосон. Анхан шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч биечлэн оролцсон, шүүх хуралдаан эхлэхээс өмнө шүүх хуралдаан даргалагч түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг танилцуулсан нь шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдсон. /1хх 136/ Мөн анхан шатны шүүх түүний хэргийн материалтай танилцах эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байхаас гадна тэрээр шүүх хуралдаанд хэргийн материалтай танилцах талаар хүсэлт гаргаагүй байна. Түүнчлэн, анхан шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нөлөөллийн мэдүүлэг танилцуулаагүй, баримтад гарын үсэг зуруулаагүй нь шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах үндэслэл болохгүй. Иймд энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 192/ШШ2025/03458 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гом дол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

М.БАЯСГАЛАН