| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2015/00266/И |
| Дугаар | 4796 |
| Огноо | 2016-08-03 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 4796
| 2016 оны 08 сарын 03 өдөр | Дугаар 102/ШШ2016/04796
| Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 8-р хороо, Хилчиний 7-р байр, 33 тоотод оршин суух, БНСУ-д сурдаг, регистр ТЕ92021620, Чонод овогтой Чүлтэмжамцын Уранчимэгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 17-р хороо, 38-р байрны 5 тоотод оршин суух, Монголын цахилгаан холбоо ХК-д сүлжээний инженер ажилтай, регистр ЛЮ90122173, Сартуул овогтой Батсайханы Батзоригт холбогдох хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Батсүх, хариуцагч Б.Батзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Тамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Батсүх шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Уранчимэг нь 2006 онд Б.Батзоригтой танилцаж, улмаар 2011 оноос хамт амьдарсан. Ингээд 2012 оны 5-р сарын 14-ний өдөр хүү Б.Маргад нь төрсөн. Ч.Уранчимэг, Б.Батзориг нар нь хоорондоо таарч тохирохгүй байсаар 2013 оны 5-р сард салж, тусдаа амьдрах болсон ба Ч.Уранчимэг нь хүүхдийн хамт эцэг, эхтэйгээ амьдарсан. Нэхэмжлэгч нь 2014 оны 3-р сарын 11-нд БНСУ-д сурахаар явсан бөгөөд ээж, аав нь хүүхдийг харсан, энд Баянзүрх дүүргийн 32-р цэцэрлэгт хүмүүжсэн байдаг. Аав Чүлтэмжамц нь 2016 оны 4-р сарын 5-наас 2016 оны 5-р сарын 18-ныг хүртэл хүүхэдтэй нь Солонгос улсад хамт байсан. Мөн энэ хоёр нь хамт амьдарч байхдаа нэг байр авсан байдаг. Гэтэл Б.Батзоригийн аав нь байрны мөнгийг өгөхгүй бол хүүхдийг өгөхгүй гэсэн асуудал гарсан. Тийм учраас хүүхдээ өөрийн асрамжинд авч, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргаж байна гэв.
Хариуцагч Б.Батзориг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Уранчимэг нь 2013 оны 5-р сард найзынхаа төрсөн өдөрт явна гээд хэл сураггүй 2-3 хоносон. Тэрнээс хойш манай эцэг, эх жаахан уурлаж янз бүрийн зүйл хэлсэн. Тэгээд, чиний эцэг эхэд загнуулж чадахгүй гээд гэрлүүгээ явсан. Тэгээд гэртээ ч очоогүй сар болоод “чи хүүхдээ аваач” гээд би хүүхдээ авсан. Дараа нь 2014 оны 3-р сард “Солонгос явахаар боллоо, Монголд байж чадахгүй” гээд явсан. Гэхдээ би чамд хүүхдээ үлдээхгүй гэсэн. 2015 оны 6 дугаар сард хоолойны мах авахуулах гэж ирсэн, тэр хугацаанд манай хүү Б.Маргад нь хадмууд болон манай аав, ээж хоёртой ч байсан. Би хүүхдээ цэцэрлэгт өгөх гэхээр төрсний гэрчилгээг нь өгөөгүй. 2015 оны 12-р сараас хойш Б.Маргадийг надтай уулзуулаагүй, гэрт нь очихоор цоожтой байдаг. 2015 оны 4-р сард Ч.Уранчимэгийн өөрийнхөн цахим хуудаснаас Солонгост хүүтэйгээ хамт байгааг нь мэдсэн. Тэнд сураад хажуугаар нь ажил хйидэг, гэтэл хүүхэд харах цаг хугацаа байгаа юм уу, цэцэрлэгт өгнө гээд байгаа миний хувьд гомдолтой байна. Тийм учраас би нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Уранчимэг нь Б.Батзоригт холбогдох хүүхдээ асрамжиндаа авах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж дүгнэлээ.
Ч.Уранчимэг, Б.Батзориг нар нь гэр бүл болох зорилгоор 2011 оннос хамт амьдарч байгаад 2012 оны 5-р сарын 13-ны өдөр хүү Б.Маргадыг төрүүлж өсгөжээ.
Талууд гэр бүл болох зорилгоор хамт амьдарч байсан боловч зан харьцааны хувьд таарамжгүй байдлаас 2013 оноос тусдаа амьдарсан, харин хэн аль нь цаашид хамт амьдрах боломжгүй нь зохигчийн тайлбараар тогтоогджээ.
Хэдийгээр зохигч гэрлэлтээ бүртгүүлээгүй, тусдаа амьдарч байгаа боловч тэдний дундаас хүү Б.Маргад төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүссэн, улмаар хүүхдээ тэжээн тэтгэх үүргээс эцэг, эх нь чөлөөлөгдөхгүй, эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүргийг хүлээхээс гадна өвөө, эмээ нь ач, зээгээ өсгөн хүмүүжүүлэхэд нь туслах, тэжээн тэтгэх нь Монгол улсын Үндсэн хуулийн 17-р зүйлд заасан иргэний журамт үүрэг байна.
Талууд тусдаа амьдрах хугацаанд хүү Б.Маргад нь эхийн асрамжинд БНСУ-д амьдарч байсан, эцэг, эхийн хэн нь ч хүүхдийнхээ эрх ашгийг хохироосон, цаашид хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх, асран хамгаалж, тэжээн тэтгэж чадахгүй гэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Нөгөө талаас, эцэг, эх нь тусдаа амьдарч байгаа ч хүүхдээ хүмүүжүүлэх, тэжээн тэтгэх, өсгөж хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, үүргийг хүлээхээс гадна өвөө, эмээ нь ач, зээгээ өсгөн хүмүүжүүлэхэд нь туслах, тэжээн тэтгэх нь Монгол улсын Үндсэн хуулийн 17-р зүйлд заасан иргэний журамт үүрэг байна. Энэ нь хүүхдийн хувьд илүү анхаарал халамж тавьсан гэх үндэслэл болохгүй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хүү Б.Маргад нь эхийн хамт БНСУ явсан нь хүүхдийн асрамжийг шийдвэрлэхэд саад болохгүй, улмаар бага насны хүүхдийн одоо байгаа амьдрах, өсч хүмүүжих орчин нөхцөлийг өөрчлөхгүйгээр эхийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хариуцагч Б.Батзоригт нь ажил хөдөлмөр эрхэлдэг, хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх, тэжээн тэтгэх, асран хамгаалж чадахгүй гэх үндэслэл тогтоогдоогүй байна. Нөгөөтэйгүүр, Ч.Уранчимэгийн эцэг, эх нь өөрийн гэсэн орлоготой, орон байртай нь хүүхдийг эхийн асрамжид үлдээх үндэслэл болоогүй байна.
Нөгөө талаас, хүүхдийг эхийнх нь асрамжинд үлдээснээр эцгийг нь хүүхэдтэй уулзуулахгүй байх, хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь аливаа хэлбэрээр саад учруулахгүй байхыг Ч.Уранчимэгт даалгах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 40-р зүйлийн 401.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2012 оны 05-р сарын 13-ны өдөр төрсөн Батзоригийн Маргадыг эх Ч.Уранчимэгийн асрамжинд үлдээж, түүнийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа тохиолдолд 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг Б.Батзоригоор тэжээн тэтгүүлсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн ураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Батзоригоос 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Уранчимэгт олгосугай.
Шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА