| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | 186/2019/0661/Э |
| Дугаар | 697 |
| Огноо | 2019-09-11 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Г.Ууганбаатар |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 697
2019 09 11 2019/ШЦТ/697
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл,
улсын яллагч Г.Ууганбаатар,
шүүгдэгч С.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жагарынхан овогт Сэлэнгэсүрэнгийн Алтансүх-д холбогдох эрүүгийн 1911014410784 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1970 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой, найруулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол 11-67 тоотод амьдардаг, ял шийтгэлгүй, Жагарынхан овогт Сэлэнгэсүрэнгийн А./РД:.........../,
Шүүгдэгч С.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.А нь 2019 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны “АТМ”- / бэлэн мөнгөний автомат машин/-ээс хохирогч Д.Гүрсэдийн Хаан банкны картнаас нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар 3 удаагийн үйлдлээр 2,150,000 төгрөгийг хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
Шүүгдэгч С.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй ...” гэх
Шүүгдэгч С.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гүрсэд ахын хохирлыг бүрэн төлж барагдуулсан байгаа учраас надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү ...” гэх /хх-ийн 20- 21х/,
Хохирогч Д.Гүрсэд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2019 оны 5 дугаар сарын 3-ны өдөр би “Баянгол” дүүргийн нутаг дэвсгэр бичил хороололд байрлах Ханьсагийн кино студи дээр очиж уулзсан. Намайг очиход хуучны танил С.А тэнд байж байсан. Тэгээд Ханьсан бид 2 ганц юм уух гээд Алтансүхэд би өөрийн Хаан банкны 5032733988 дугаартай данстай виза картыг өгөөд 1 шил архи, тамхи, ундаа аваад ир гээд пин кодыг нь хэлж өгөөд явуулсан юм. Нэг их удалгүй Алтансүх 1 шил “Соёрхол” архи, 1 хайрцаг тамхи, 1 том ундаа, талх, хиам зэрэг зүйлийг дэлгүүрээс авч ирсэн. Ингээд би Алтансүхээс банкны картаа авахаа мартсан байсан. Алтансүх ч надад өгөөгүй явчихсан юм билээ. Тэгээд би картаа олохгүй болоод гайхаад Хаан банкны лавлах руу залгаж асуухад миний картын данснаас 3 удаагийн гүйлгээгээр 2,150,000 төгрөг гарсан байна гэхээр нь гайхаад би картаа бензин авахдаа картаа үлдээсэн юм байх гэж бодож дансны хуулгаа авахад 2019 оны 5 дугаар сарын 4-ний өдөр 300,000 төгрөг, 1,500,000 төгрөг, 350,000 төгрөг тус тус миний данснаас гарсан байсан. Хаан банкны ажилтан бичил хорооллын ATM, Бөмбөгөр худалдааны төвийн АТМ зэрэг газруудаас таны мөнгө гарсан байна гэж хэлсэн. Би анх Алтансухэд картаа өгснөө мартаад колонк дээр бензин авахдаа үлдээсэн байна л гэж бодсон. “...Хүний итгэл алдаж хулгай хийсэнд гомдолтой байна. Би Алтансүхээс 2,150,000 төгрөг нэхэмжилж байна Алтансүх камерийн бичлэг дээр байхаар нь би яг картаа өгч явуулж байснаа санаад мөрдөгчид хэлсэн юм” гэх /xx-13-р хуудас/...” “...С.А миний картнаас авсан 2,150,5000 төгрөгийг миний дансанд шилжүүлж өгч намайг хохиролгүй болгосон
болохоор надад гомдол санал байхгүй. Өөрийн биеэр ирж уучлалт гуйсан байгаа....”
гэх /xx-ийн 15-р хуудас/,
Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 29-30х/,
Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 9х, 16х, 26х/
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 33х/,
Оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 34х/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчилгүй, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч С.Аийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч С.А нь хохирогч Д.Гүрсэдийн хохирлыг барагдуулсан байх ба хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Үүнийг шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүхээс шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж уг ялыг тэнсэж шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг дискийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж.овогт С. А. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С.Аэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тогтоохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг дискийг хэргийн хугацаа дуусах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
4. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.АРИУНБОЛД