| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 102/2024/05184/И |
| Дугаар | 210/МА2025/01362 |
| Огноо | 2025-08-18 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 210/МА2025/01362
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Золзаяа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 192/ШШ2025/03934 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч: *******
Нэхэмжлэлийн шаардлага: Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 6,330,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1 Миний бие 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 08 цагийн орчим Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хүрээ дээд сургуулийн урд талын замд өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхад ******* улсын дугаартай ******* маркийн тээврийн урдуур шахаж зогсохоор нь би бууж очсон нөгөө машины жолооч бас бууж ирсэн. Би ...машинаа сэвтсэн эсэхийг хараад явж байна гэж хэлтэл намайг заамдаж аваад татаж чангааж нүүр рүү цохисон. Улмаар миний дээд талын үүдэн 1-р шүд болон хажуу талын шүд хөдөлсөн. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 13625 дугаар шинжээчийн дүгнэлтээр биед дээд зүүн 1-р шүдний булгарал, буйланд цус хуралт, шарх, дээд баруун 1-р шүдний сулрал, эрүүнд зулгаралт, цус хуралт гэмтлүүд тогтоогдсон.
1.2 Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн шийтгэх тогтоолын дагуу ******* эмчилгээний зардал болох 540,550 төгрөгийг төлсөн.
Иймд хариуцагчаас эмчилгээ хийлгэсэн зардалд 6,330,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1 Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь, эмнэлэгт хэргийн улмаас гэмтсэн гэх шүдэнд эмчилгээ хийлгэсэн талаарх төлбөр тооцооны баримт хэрэгт авагдаагүй тул гэм хорын хохирол үүссэн гэж тодорхойлохгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулга:
3.1 Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******ын эрүүл мэндэд хохирол учруулсан гэм буруутай байх тул хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
4.1 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч *******аас 6,330,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 116,230 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэсэн.
5. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:
5.1 ******* нь 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцуулах талаар шүүхэд хүсэлт гарган, өмгөөлөгчийг хэргийн материалтай танилцах боломжоор хангаж өгөхийг хүссэн. Гэтэл шүүх хариуцагч болон түүний өмгөөлөгчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчиж, шүүх хуралдааныг үргэлжлүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн байна.
5.2 Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЦ/126 дугаар шийтгэх тогтоолд Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 13265 дугаартай шинжээчийн дүгнэлтэд 1-р шүдний булгарал, дээд баруун 1-р шүдний сулрал үүссэн гэж дүгнэсэн. Urban smile dental clinic эмнэлгийн тодорхойлолтод нэхэмжлэгчийн 11-р шүд, 21-р шүдэнд тус тус имплант яс нөхөлт хийлгэжээ.
Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар гаргасан баримт дахь 11-р шүд, 21-р шүд нь шинжээчийн дүгнэлтэд заасан хариуцагчийн гэм буруутай үйлдлээс гэмтсэн шүд мөн эсэх, хэрэв мөн бол зайлшгүй имплант суулгах шаардлагатай зэрэг хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
6. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:
6.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсгийн дагуу хариуцагчийн эзгүйд уг хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Учир нь, хариуцагч нь удаа дараа өмгөөлөгч авах асуудлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж, шүүх хуралдааныг хойшлуулж байсан. Тухайн өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгч авах хүсэлт гаргасан боловч өөрөө шүүх хуралдаанд ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсгийн дагуу хэргийг шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан.
6.2 Нэхэмжлэгчийн булгарал болон сулралтай байсан хоёр шүдийг авхуулж, буйл бүрэн эдгэрсний дараа буюу 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Urban Smile Dental Clinic эмнэлэгт хоёр шүдэнд имплант суулгуулж, яс нөхөх эмчилгээ хийлгэсэн нь тогтоогдсон. Үүний зардал нь 6,330,000 төгрөг байсан бөгөөд уг төлбөрийг ******* бүрэн төлсөн нь эмнэлгийн тодорхойлолт болон баримтаар нотлогддог. Мөн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн шүүхийн шийтгэх тогтоолоор ******* нь нэхэмжлэгчид дээрх гэмтлийг учруулсан нь тогтоогдсон.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ад холбогдуулан эмчилгээ хийлгэсэн зардалд 6,330,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
4. Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ ...Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлтээр ...дээд зүүн 1-р шүдний булгарал, буйланд цус хуралт, шарх, дээд баруун 1-р шүдний сулрал, эрүүнд зулгаралт, цус хуралт гэмтлүүд учирсан болохыг тогтоосон. Иймд 2 шүдэнд имплант суулгасны төлбөр гаргуулна гэж тодорхойлсон.
4.1 Хариуцагч шаардлагын үндэслэлийг ...гэмтсэн гэх шүдэнд эмчилгээ хийлгэсэн талаарх төлбөр тооцооны баримт хэрэгт авагдаагүй тул гэм хорын хохирол үүссэн гэж тодорхойлох боломжгүй гэх агуулгаар үгүйсгэн маргасан.
5. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/126 дугаар шийтгэх тогтоолд Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 13625 дугаартай шинжээчийн ...*******ын биед дээд зүүн 1-р шүдний булгарал, буйланд цус хуралт, шарх, дээд баруун 1-р шүдний сулрал, эрүүнд зулгаралт, цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэсэн дүгнэлт гэжээ. /хх 5-9/
5.1 *******-ийн баримтаар 11 болон 21 дүгээр шүдэнд 6,330,000 төгрөгөөр имплант хийлгэсэн гэсэн байна. /хх 3-4/
5.2 Дээрх баримтуудаас үзэхэд Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын дүгнэлтэд ...*******ын биед дээд зүүн 1-р шүдний булгарал, ...дээд баруун 1-р шүдний сулрал гэсэн байхад нэхэмжлэгчийн гаргаж өгсөн *******-ийн баримтад ...11 болон 21 дүгээр шүд гэж бичигдсэн байна. Шинжээчийн дүгнэлтэд заагдсан дээд зүүн 1-р шүд болон дээд баруун 1-р шүд нь нэхэмжлэгчийн эмчлүүлсэн гэх 11 болон 21 дүгээр шүд мөн эсэх нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, дээрх эргэлзээтэй нөхцөл байдлыг тодруулах нь маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.
6. Харин хариуцагчийн гаргасан ...өмгөөлөгч оролцуулах хүсэлт гаргасныг хангаагүй хуулиар олгогдсон эрх зөрчсөн гэх давж заалдах гомдлыг хангахгүй. Учир нь, хариуцагч 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр өмгөөлөгч авах хүсэлт гаргасныг тус шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШТ2024/00489 дугаар тогтоолоор хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг жич товлон хойшлуулсан.
6.1 Улмаар, 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр талуудад 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдааны товыг мэдэгдсэн. /хх 43/ 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хариуцагч нь дахин өмгөөлөгч авсан боловч өмгөөлөгч хэргийн материалтай танилцах цаг хугацаа хэрэгтэй, ...ажил явдал гарсан тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлснийг тус шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 192/ШТ2025/00452 дугаар тогтоолоор хариуцагчийн өмгөөлөгч хэргийн материалтай танилцаагүй нь хариуцагчийг шүүх хуралдаанд ирэхгүй байх үндэслэл болохгүй, хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдаанд ирээгүй болохоо баримтаар нотлоогүй гэх үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэснийг буруутгахгүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэлийг гардаж авсан байх бөгөөд 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хууль зүйн туслалцаа авах эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан гэж үзнэ.
7. Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн залруулах, нөхөн гүйцэтгэх, хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааныг хянан шийдвэрлэх боломжгүй байх тул хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 192/ШШ2025/03934 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч *******ын төлсөн 116,230 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
М.БАЯСГАЛАН