| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | 186/2019/0561/Э |
| Дугаар | 682 |
| Огноо | 2019-09-06 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.3.1., |
| Улсын яллагч | Э.Бадрал |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 682
2019 9 06 2019/ШЦТ/682
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл,
улсын яллагч Э.Бадрал,
шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Д.Пүрэвдорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Бадамхандын Нямдоржид холбогдох эрүүгийн 1911011130571 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1993 оны 09 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, тодорхой оршин суух хаяггүй,
-урьд Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 12 дүгээр сарын 10-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 03 cap 1 хоногийн хугацаагаар баривчлах ял шийтгэгдсэн Б.овогт Б. Н. /РД:.
ллагдагч Б.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Н нь 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Пийс молл” худалдааны төвийн урд байрлах хөшөөний голд тавьсан байсан иргэн Н.Дэлгэрцогийн “Cannondale” маркийн унадаг дугуйг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 800,000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг,
мөн 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 18 цагийн үед Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Алтжин бөмбөгөр худалдааны төвийн гадна иргэн Б.Хулангаас “утсаар чинь яриад өгье” гэж хуурч Ml загварын гар утсыг авч 400,000 төгрөгийн хохирол учруулж залилах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь
Шүүгдэгч Б.Нийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй ” гэв.
Нэг: Шүүгдэгч Б.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Надад сонсгож байгаа зүйл ангийг би хүлээн зөвшөөрч байна. Би 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр “Пийс молл” худалдааны төвийн үүдэнд байдаг хөшөөний доогуур нэг унадаг дугуй хийсэн байхаар нь дугуйны хажууд очиход хөшөөтэй бэхлээгүй сул байсан. Тэгээд эзэн нь ойр хавьд байхгүй юм шиг болохоор нь хөшөөний доор байсан унадаг дугуйг хулгайлаад авсан. Уг унадаг дугуйг би ганцаараа авч яваад Нарантуул худалдааны төв дээр авч очоод явуулын хүнд 25,000 төгрөгөөр зарсан. Уг мөнгөөр нь би архи аваад уучихсан” гэх /хх-н 26х/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл “...цэнхэр өнгийн малгайтай хантаазтай, дотуураа улбар шар өнгийн цамцтай, доогуураа цэнхэр өнгийн жинс өмссөн эрэгтэй нь худалдааны төвийн шатаар дээш гарч ирээд дугуйг хэсэг тойрч хараад хөшөөний хоёр хөлийн хооронд байсан унадаг дугуйг урагш нь гаргах гэж үзэх боловч дугуйны суудал тулаад байсан учраас хэсэг гаргах гэж үзээд болохгүй болохоор нь арагшаа түрээд хэвтүүлж байгаад гаргаж байгаа нь бичигдсэн байв. “...Ингээд 21:34:56 секунтэнд дугйг гаргаад зүүн тийшээ түрж явснаа эргээд худалдааны төвийн баруун тал руу дугуйгаа түрээд явж байгаа нь бичигдсэн байна...” гэх /хх-ийн 13-18х/
Хавтаст хэрэгт авагдсан эд зүйлийн үнэлгээ “...2018 оны 04 дүгээр сард 1,500,000 төгрөгөөр худалдан авсан “Cannondale" маркийн хар хөх өнгийн унадаг дугуй” /хх-ийн 19х/
Хохирогч Н.Дэлгэрцог мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр өөрийн ажлын байр болох “Пийс молл” худалдааны төвийн үүдэнд байрлах хөшөөний доогуур өөрийн “Cannondale” маркийн хөх өнгийн унадаг дугуйг байрлуулж хөшөөнөөс бэхэлсэн байсан. Тэгээд орой ажил тараад 21 цаг 20 минутын орчим гарч ирээд унадаг дугуйны бэхэлгээг салгаад байж байхад гар утас дуугараад утсаар ярьсан чинь найз ажил дээрээ түр байж бай гэхээр нь дугуйгаа буцааж хөшөөнөөс бэхлэлгүй орчихсон байсан. Ингээд 20-40 орчим минут болоод эргээд гараад ирэхэд миний унадаг дугуй алга болсон байсан. Би 2018 оны 04 дугэзр сарын 01-ний өдөр уг унадаг дугуйг “Оддын” хотхонд байрлах “Cannondale” нэрийн дэлгүүрээс нь 1,500,000 төгрөгөөр худалдан авсан. “...Надад гомдолтой байна, би өөрийн хулгайд алдагдсан унадаг дугуйны үнэ болох 800,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх /хх-н 23х/
Гэрч Б.Золбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...хяналтын камерийн бичлэгийг харлаа. Уг унадаг дугуйг авч явж байгаа хүн “Бөмбөгөр” худалдааны төв дээр хааяа ирж бид нартай архи уудаг Нямдорж гэж хүн байна. Хочийг нь Зараа гэдэг юм. Нямдоржийн өмсөж байсан улбар шар куртикээр нь таньж байна. Мөн биеийн ерөнхий байдал нь угаасаа Нямдорж байна. ..” гэх /хх-н 24х/
Хоёр: Шүүгдэгч Б.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Надад сонсгож байгаа зүйл ангийг би хүлээч зөвшөөрч байна. Бөмбөгөр худалдааны төвийн ойролцоо тэргэнцэртэй эмэгтэй болон 2 залуугийн хамт “Нутаг” нэртэй 0,75 граммын архи хувааж уусан. Тэгээд нилээн согтсон байсан болохоор Хулан гээд тэргэнцэртэй эмэгтэйгийн “гар утсаар чинь яриад өгье” гэж хэлээд гар утсыг нь аваад шууд явсан. Тэгээд тэр өдөртөө автобусанд суугаад Сансар ороод нэг ломбарданд Хулангийн гар утсыг тавих гэсэн чинь бичиг баримт байхгүй болохоор авахгүй гэсэн. Тэгэхээр нь гудамжаар явж байсан хүн гуйгаад ломбарданд уг гар утсыг 70,000 төгрөгийн барьцаанд тавьсан. “...гар утас ломбарданд тавьсан баримтыг би өөрөө тухайн үед нь авсан боловч архи ууж явж байгаад хаячихсан байсан. “...Намайг Нямдорж гэж бараг дууддаггүй, Нямка, Улаака, Зараа гэж хочилж дууддаг юм...” гэх мэдүүлэг /хх-н 43-44х/,
Хохирогч Б.Хулан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний бие 80 хувийн хөгжлийн бэрхшээлтэй, тэргэнцэртэй юм. 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдер 18 цагийн үед Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Алтжин бөмбөгөр худалдааны төвийн хажууд Буянаа, Баганаа гэдэг 2 эрэгтэй найзтайгаа таараад юм яриад архи уугаад сууж байтал 30 гаруй насны залуу ирээд “Хулан эгчээ утсаа өгөөч, яриад өгье” гэж хэлээд миний “Ми” маркийн хар өнгийн гар утсыг авсан. Тэгээд утсаар залгаж оролдож байгаад гэнэт урагшаа гүйчихсэн. Тэгээд ардаас нь Буянаа, Баянаа нар гүйцээгүй, Буянаа хэлэхдээ Зараа хочтой Нямдорж гэх залуу байна, Бөмбөгөр дээр байнга байдаг гэж хэлсэн. Би утсаа 500,000 төгрөгөөр үнэлж байна, ...гомдолтой байна.” гэх /хх-н 39х-40х/,
Хавтаст хэрэгт авагдсан эд зүйлийн үнэлгээний тайлан /хх-ийн 49х/,
Шүүгдэгч Б.Нийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51х/,
Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын тодорхойлолт /хх-ийн 62х/,
Төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 64х/,
2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн №87 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 88х/ болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Б.Нийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан, мөн хуурч, бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дох хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн нийт биечлэн эдлэх ялыг тогтоож, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол болон түүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Н нь энэ хэрэгт 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийг хүртэл 106 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд оруулан тооцохыг дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б. овогт Б. Н.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч, бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг баримтлан шүүгдэгч Б.Нид оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногийн хорих ялд тооцож, нийт 30 хоног хорих ялд шилжүүлэн 6 /зургаан/ сарын хорих ял дээр нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг 6 сар 30 хоногоор тогтоосугай.
4. Шүүгдэгч Б.Нид оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ноос Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 52-57 тоотод оршин суух, Их Монгол овогт Найдангийн Дэлгэрцогт /ЧЖ:88032311/-д 800,000 /найман зуун мянга/ төгрөгийг, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 17 б 608 тоотод оршин суух, Хан хэрээ овогт Болдын Хулан /ЦА:79033067/-д 400,000 /дөрвөн зуун мянга/ төгрөг гаргуулж тус тус олгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Нийн энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 106 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг дискийг хэрэгт хавсаргаж, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.АРИУНБОЛД