| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2015/00266/И |
| Дугаар | 4366 |
| Огноо | 2015-06-15 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2015 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 4366
| 2016 оны 06 сарын 15 өдөр | Дугаар 102/ШШ2016/04366 | Улаанбаатар хот |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа би,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 21-р хороо, Ганц худгийн ам, Хорих 407 дугаар ангийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 3-р хороо, Дундгол -35-д байрлах, “Буян” ХХК-д холбогдох 18 400 000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хорих 407 дугаар анги шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хорих ял эдлэж буй ялтныг аж ахуйн нэгж байгууллагад харуул хамгаалалтай ажиллуулж хөдөлмөрийн дадал олгох, хөдөлмөр хөлснөөс шүүхээр тогтоосон бусдад төлөх төлбөрийг барагдуулах үүднээс тус хорих ангиас “Буян” ХХК-тай 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр “Ялтан аж ахуйн нэгж байгууллагад хөлсөөр ажиллуулах” гэрээ байгуулж ажилласан. Гэрээгээр ялтны хөдөлмөрийн хөлс 1 сард 250.000 төгрөг байхаар тохиролцож тус ангиас ялтныг харуул хамгаалалттайгаар “Буян” ХХК-ний оёдлын үйлдвэрт ажиллуулахаар тохиролцож гэрээний дагуу 80 ялтныг 2015 оны 01 дүгээр сарын 02- ны өдрөөс 2015 оны 02 дугаарын сарын 15-ны өдрийг хүртэл ажиллуулсан. Хариуцагч гэрээнд заасан ялтан тус бүрт ажлын нормыг танилцуулж, тухайн сард хийсэн ажлын дэлгэрэнгүй гүйцэтгэлийг сар бүрийн 20-ны дотор гаргаж өгөх, мөн хөлсийг байгууллагын дансанд шилжүүлэх үүргийг хүлээсэн боловч энэ үүргээ биелүүлэхгүй 2015 оны 1 дүгээр сарын сүүлийн 15 хоног, 02 дугаарын сарын эхний 15 хоногийн ялтны цалин хөлсийг төлөөгүй өнөөдрийг хүрч байна. Хорих ангийн зүгээс ялтны хөдөлмөр хөлсний тооцоог хийхийг удаа дараа мэдэгдэж, албан бичгээр 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүргүүлсэн боловч хариу ирүүлээгүй. Харин 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр “Буян” ХХК-ний нягтлан бодогчтой тооцоо нийлэхэд 18.400.000 төгрөгийн ялтны хөдөлмөр хөлсний үлдэгдэлтэй байна. Иймд “Буян” ХХК-иас ялтны хөдөлмөр хөлс 18.400.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хорих 407 дугаар ангиас шүүхэд гаргасан хүсэлтдээ: Тус ангид “Буян” ХХК нь нэхэмжилсэн ажлын хөлсний үлдэгдэл тооцоог бүрэн барагдуулсан тул нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хорих 407 дугаар анги нь “Буян” ХХК-д холбогдуулан 18 400 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч “Буян” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 18 400 000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг төлж барагдуулсан байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Хорих 407 дугаар ангийн нэхэмжлэлийн шаардлага 18 400 000 төгрөгийг төлж барагдуулсан хариуцагч “Буян” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41-р зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар 124 475 төгрөгийг хариуцагч “Буян” ХХК-иас гаргуулан улсын төсөвт оруулсугай.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА