Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2019/ШЦТ/274

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                       

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,

Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг,

Шүүгдэгч Г.Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Чхолбогдох эрүүгийн 1938002600264 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

  Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Ч нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 4 дүгээр багийн нутаг Хүйтний устын таг гэх газраас зөвшөөрөлгүйгээр 5 метр куб хэрэглээний мод бэлтгэн, ногоон өнгийн улсын дугааргүй Зил-130 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн 1.428.000 төгрөгийн хохирол учруулж, хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Ч нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 4 дүгээр багийн нутаг Хүйтний устын таг гэх газраас зөвшөөрөлгүйгээр 5 метр куб хэрэглээний мод бэлтгэн, ногоон өнгийн улсын дугааргүй Зил-130 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн 1.428.000 төгрөгийн хохирол учруулж, хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 1938002600264 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Чын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр байсан санагдаад байна. Яг сар өдрөө сайн санахгүй байна.  Улаанаа гэх хүнээс машиныг нь гуйж аваад модонд явсан. Би модонд явахдаа Бямбаа, Батсуурь нарыг грушикаар авч явсан. Би хаанаас мод ачсанаа ч мэдээгүй. Мөн бичиг баримтаа аваагүй нь үнэн. Цуг явсан хүмүүс маань ч энэ талаар мэдээгүй, хөлсөөр явсан төдий л юм...Би энэ хэрэгтээ дүгнэлт хийж хохирлоо нөхөн төлсөн. Хохирлын 1.428.000 төгрөгийг Тосонцэнгэл сумын орон нутгийн орлогын дансанд хийсэн.  Надаас Улаанаа машинаа нэхэмжлээд байгаа. Хүний машин авч яваад энэ хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж, харамсаж байна. Ахин ийм алдаа дутагдал гаргахгүй байх болно...” гэх мэдүүлэг,

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-10-р хуудас/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-13-р хуудас/,

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Байгаль хамгаалагчийн шалгалт хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-20-р хуудас/,

Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн санал, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 21-22-р хуудас/,

Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 23-24-р хуудас/,

Хохирогч Ч.Отгонбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би энэ хэрэгт Тосонцэнгэл сумын ЗДТГ-ын даргын томилсны дагуу хохирогчоор оролцож байна...Экологи-эдийн засгийн үнэлгээний дагуу учирсан хохирлыг орон нутгийн орлогын дансанд буруутай этгээд нь тушаах хэрэгтэй байна. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй байна. Нэхэмжлэх зүйл гэвэл учруулсан хохирлоо тээвэрлэсэн модны акт гарсаны дараа нөхөн төлөх хэрэгтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/,

Гэрч, иргэний нэхэмжлэгч И.Угийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Надад бор өнгийн, ачааны, 3ил-130 маркийн, улсын дугааргүй машин л байдаг. Энэ машиныг миний танил Чагдар гэдэг хүн 2019 оны 3 дугаар сард түлээнд яваад ирье гээд гуйж аваад явсан. Тэгээд мод ачиж байгаад хээр машин эвдэрсэн гэж байсан. Сүүлд мэдэхэд Тосонцэнгэл суманд модтойгоо саатуулагдсан юм байна лээ. Би энэ үеэр хот руу эмчилгээнд явсан байсан болохоор яг юу болсон талаар нь сайн мэдэхгүй байна. Энэ машин маань ямар нэгэн бүртгэл байхгүй болохоор ... гэсэн худлаа дугаар зүүсэн байсан. Бүртгэлд оруулах гэхээр хамаг юмыг нь сольсон өөр машинтай сэлбэсэн болохоор болохгүй байсан юм...Энэ хуучин, бичиг баримтгүй машин болохоор 500.000 төгрөг л болох байхаа...Би иргэн Г.Чт өгч явуулсан 3ил-130 маркийн, бор өнгийн ачааны машинаа нэхэмжилж байна. Өөр ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33, 40-41-р хуудас/,

Гэрч Л.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр ЗДТГ-ын жолооч Э.Бадарчийн хамт хяналт шалгалтын удирдамжийн дагуу эргүүл шалгалтаар 4 дүгээр багаар явж байтал ... орой 22 цагийн үед 4-р багийн нутаг Хүйтний устын таг гэдэг газар модны хаяанд бор ногоон өнгийн улсын дугааргүй Зил-130, Зил 131-ийн аль нь болох нь тодорхой бус тээврийн хэрэгсэлд нойтон дүнз ачсан байсан. Бид хоёрыг тухайн тээврийн хэрэгсэл дээр очиход хүмүүс зугтааж байсан ... машин дээр 4 метр урттай 15 ширхэг холтостой дүнз байсан ... Бадарч бид хоёр тэндээ хоноод маргааш нь сумын төв рүү машиныг асаагаад оруулж ЗДТГ-ын хашаанд тавьсан ...Ингээд хэргийг цагдаад шалгуулахаар албан бичгээр хүргүүлсэн ... Хүйтний устын тагийн модон дотроос модоо бэлтгэсэн байсан. Модныхоо зах руу ороод 800 метр орчим газарт унагаасан модны хожуулууд нь байна лээ. Андашгүй шинээрээ байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35-р хуудас/,

        Гэрч Э.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2019 оны 03 дугаар сарын 01-ний орой ЗДТГ-ын байгаль хамгаалагч Цогбаярын хамт эргүүл хийхээр Тосонцэнгэл сумын 4-р багаар явсан...Харанхуй болсон хойно 22 цаг өнгөрч байсан санаад байна. Хүйтний устын таг гэдэг газар модны хаяанд бор ногоон өнгийн улсын дугааргүй, 3ил-130. 3ил-131-ийн аль нь болох нь тодорхой бус тээврийн хэрэгсэлд мод ачсан байсан. Тухайн үед цастай байсан болохоор машины мөр тод байсан. Биднийг тухайн тээврийн хэрэгсэл дээр очиход хүн зугтаж байсан. Машин нь дөнгөж унтарсан бололтой помп нь эргэж байсан. Би нэг хүнийг нь машины гэрэлд модны хаяа руу гүйж явахыг нь харсан. Зугтаж байгаа хүний хувцас нь поспорттой байгаа харагдаж байсан. Би хэдэн хүн явж байсан эсэхийг нь мэдээгүй. Машин дээр нь 4 метр орчим урттай, 15 ширхэг дүнз байсан. Цогбаяр ах нөгөө хүмүүсийг араас дуудсан боловч ирээгүй, ямарч хариу дуугараагүй. Мод руу араас нь бид хоёр явж ороогүй. Бид хоёр тэндээ машиныг нь хоноод маргааш нь сумын төврүү асаагаад оруулсан. ЗДТГ-ын хашаанд модтой машиныг нь тавьсан...”сёгэх мэдүүлэг /хх-ийн 36-37-р хуудас/,

       Гэрч И.З-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Улаанхүүгийн төрсөн ах нь юм...И.У нь хувиараа модны мэргэжлийн байгууллага, хөрөө рам ажиллуулдаг юм. Төрсөн дүү И.У нь ямар ч байсан миний мэдэхээр хөх өнгийн “ Г-30” маркийн машинтай, бусад машиных нь талаар мэдэхгүй байна. Хашаагаар нь явах, явахгүй ачааны машинууд байгаад байдаг байсан. Харагдахгүй л болсон байна лээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39-р хуудас/,

        Гэрч Х.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Г.Ч гэх хүнтэй гэмгүй найз нөхөд юм... Чагдар намайг “түлээнд явалцаад өгөөч” гэхээр нь би грушикээр явж өгсөн. Яг хэдэн сарын хэдэн байсныг нь санахгүй байна. Чагдар, Батсуурь гэдэг ах бид гурав явсан. Аль сумын юу гэдэг газраас мод ачснаа мэдэхгүй байна. Модоо ачаад модны зах руу гартал машин нь эвдэрчихээр нь бид 3 модны захад хаяад явсан. Чагдар хүнээс гуйсан гээд бор гучтай явсан. Надад өөр мэдэх зүйл байхгүй байна. Модоо Чагдар өөрөө унагаасан 4, 5 мод л унагаасан. Модоо уртаар машинд ачсан. Хэдэн мод ачсан талаараа сайн санахгүй байна. Тухайн үед Чагдар өөрийнхөө хөрөө, сүхтэй явсан. Тухайн үед мод бэлдэх эрхийн бичиг буюу гоожин бичиг баримтаа авсан байсан байхаа. Би өөрөө мод хийгээгүй болохоор энэ талаар нь асуугаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45-р хуудас/,

Гэрч Ж.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Чагдарыг сайн мэднэ. 2019 оны 02 дугаар сарын сүүл 3 дугаар сарын эхээр байсан санаад байна. Чагдар надтай ирж уулзаад “модонд явалцаад өгөөч” гэхээр нь явалцаж өгсөн. Бямбаа гэдэг залуу бид гурав явсан. Тосонцэнгэлийн нутаг байхаа нэг газраас л мод ачсан. Ямар нэртэй газар болохыг нь мэдэхгүй. Модоо ачаад модны хаяа руу гарахад машин нь саатсан. Тэгээд машиныг нь тэнд нь орхиод Мөрөн сум руу орж ирж байсан юм. Би хэдэн мод унагаасан талаар сайн санахгүй байна. Чагдар мод унагаж байсан. Мод уртаар нь ачсан 4 метр орчим байсан...Тухайн өдөр бид нар харанхуй болж байхад модноос гараад машинаа хэсэг засах гэж оролдоод асахгүй болохоор нь явсан. Ямар нэгэн хүн болон машин, мотоцикль ирээгүй. Тухайн үед мод бэлдэх эрхийн бичиг авсан талаар үнэхээр мэдэхгүй байна. Надад энэ талаар юм яриагүй. Г.Ч ямар зорилгоор мод ачиж байгаа талаараа надад юм яриагүй. Би ч асуугаагүй. Би хөлсөө ч аваагүй байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47-р хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 88 дугаартай: ... улсын дугаартай бор өнгийн тээврийн хэрэгслийн ард хэсгээс бэхжүүлсэн 2 кадр фото зургийн зураг №2 дахь зураг шинжилгээнд тэнцэнэ, Зураг №1 гэх зураг нь шинжилгээнд тэнцэхгүй. ... улсын дугаартай, тээврийн хэрэгслийн ард хэсгийн гэрэл зураг нь 2019 оны 3-р сарын 01-нд Тосонцэнгэл сумын 4-р баг “Хүйтний устын таг ” гэдэг газраас мод хууль бусаар тээвэрлэсэн гэх улсын дугааргүй тээврийн хэрэгслийн гэрэл зураг нь нэг тээврийн хэрэгслийн гэрэл зураг байна. ... улсын дугаартай, тээврийн хэрэгслийн ард хэсгийн гэрэл зураг нь 2019 оны 3 дугаар сарын 01-нд Тосонцэнгэл сумын 4-р баг “Хүйтний устын таг ” гэдэг газраас мод хууль бусаар тээвэрлэсэн гэх улсын дугааргүй тээврийн хэрэгслийн гэрэл зурагтай ерөнхий болон хувийн онцлог шинжээрээ тохирно гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 50-53-р хуудас/,

Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн сум дундын ойн ангийн 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 2019/04 дугаартай: “...Уг модыг хэмжихэд босоо нойтон 3,94 метрийн урттай, 24-42 см-ийн диаметртай, 5.0 м3 хэмжээтэй, 15 ширхэг хэрэглээний нойтон шинэс мод болох нь тогтоогдов...Иргэн Г.Чын хууль бусаар бэлтгэсэн модонд гаргасан өмнөх 2019/03 дүгнэлтэд хэмжилтээр 7.3 мЗ хэмжээтэй гарсан нь уг модны эзэн холбогдогч нь тодорхойгүй байснаас машинаас буулгах боломжгүй байсан учир бэлтгэсэн модны зөвхөн нэг талыг хэмжсэн, нэмэлт шинжилгээгээр модыг тээврийн хэрэгслээс буулгаж, зөвхөн нарийн үзүүрний голчыг хэмжсэн тул зөрүүтэй гарсан байна...Уг модны экологи-эдийн засгийн үнэлгээ...1.428.000 төгрөг...” гэх дүгнэлт /хх-ийн 69-71-р хуудас/,

Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 64-р хуудас/,

Хохирол төлсөн тухай Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 87-р хуудас/,

       Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 86, 90-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 1938002600264 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Ч нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 4 дүгээр багийн нутаг Хүйтний устын таг гэх газраас зөвшөөрөлгүйгээр 5 метр куб хэрэглээний мод бэлтгэн, ногоон өнгийн улсын дугааргүй Зил-130 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн 1.428.000 төгрөгийн хохирол учруулж, хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Г.Чын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-10-р хуудас/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-13-р хуудас/,

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Байгаль хамгаалагчийн шалгалт хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-20-р хуудас/,

Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн санал, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 21-22-р хуудас/,

Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 23-24-р хуудас/,

      Хохирогч Ч.О-рын /хх-ийн 29-30-р хуудас/, гэрч, иргэний нэхэмжлэгч И.Угийн /хх-ийн 32-33, 40-41-р хуудас/, гэрч Л.Ц-ын /хх-ийн 34-35-р хуудас/,  гэрч Э.Б-ийн /хх-ийн 36-37-р хуудас/, гэрч И.З-ын /хх-ийн 38-39-р хуудас/, гэрч Х.Б-ийн /хх-ийн 44-45-р хуудас/, гэрч Ж.Б-ийн /хх-ийн 46-47-р хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

      Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 88 дугаартай дүгнэлт /хх-ийн 50-53-р хуудас/, Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн сум дундын ойн ангийн 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 2019/04 дугаартай дүгнэлт /хх-ийн 69-71-р хуудас/, хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 64-р хуудас/, хохирол төлсөн тухай Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 87-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

 Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүй, ёс зүйн ухамсар дутмаг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг шүүгдэгч Г.Ч нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Г.Ч нь экологи эдийн засагт 1.428.000 төгрөгний хохирол учруулсан бөгөөд уг хохирлоо нөхөн төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Ч нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 90-р хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Ч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ам бүл 4, эцэг, дүү нарын хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн 1938002600264 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн Зил-130 маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч, иргэний нэхэмжлэгч  И.Убуцаан олгож, 5 м.куб, 4 метрийн урттай 15 ширхэг дүнз модыг /Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ЗДТГ-ын хашаанд битүүмжилсэн/ хурааж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч - Г.Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ч-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт битүүмжлэгдсэн Зил-130 маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч, иргэний нэхэмжлэгч И.Убуцаан олгож, 5 м.куб 4 метр урттай 15 ширхэг дүнз модыг хурааж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.  

        5. Эрүүгийн 1938002600264 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

      6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Чт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

       7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш,  эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Т.ХҮРЭЛБААТАР