Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2025/01439

 

 

*******-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Ч.Мөнхцэцэг, Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 191/ШШ2025/04508 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* *******-нд холбогдох,

 

******* *******-ны нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг сарын 1,500,000 төгрөгөөр тооцон гаргуулах, 2021 оны 06 сараас шүүхийн шийдвэр гаргах хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэн баталгаажуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Б.Ууганбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагчийн өмгөөлөгч Д.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Миний бие 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдөр ******* *******-нд нарийн бичиг албан тушаалд ажилд орж ажилласан бөгөөд 2016 онд хүүхэд асрах чөлөө авсан ба 2019 оны 05 сард ажилдаа эргэн ороход Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар ******* ажиллаж байсан. Үүнээс хойш ******* *******, ******* ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хороог ******* дарга холбоо болгоно гээд нэрийн төгсгөл хороо гэснийг л холбоо болгож өөрчилсөн. Энэ үед миний бие 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр цалин хөлсөө нэмэгдүүлэх зорилгоор хөдөлмөрийн гэрээгээ шинэчлэн батлуулсан. Үүнээс хойш хороог холбоо болгосон асуудлаар үйлдвэрчний эвлэл дотроо маргаантай байсан. Мөн ******* даргын өмнө хүүхэд асрах чөлөөтэй байсан ******* шүүхэд хандан ажилдаа эргэж орох гээд маргаан үүсгээд явж байсан. 2020 оны 11 дүгээр сард Ковид-19 цар тахал гарсны улмаас манай байгууллага цахим хэлбэрт шилжин ажилласан. Яг энэ үетэй давхцаад өмнө ажиллаж байсан ******* дарга шүүхийн шийдвэрээр эргээд ажилдаа орсноор ******* дарга ажлаа өгсөн. ******* дарга ажлаа хүлээж авснаас хойш байгууллага буцаад хорооны статустай болох гэж байгаа тул байгууллагын тамга, гэрчилгээ хураагдаж, данс хаагдсан гэсэн шалтгаанаар намайг түр хүлээж бай гэсэн. Миний бие ажил дээрээ яваад очиход хаалга цоожтой, нууц үгийг нь хэлэх боломжгүй, шаардлага гарвал дуудна гэх мэтээр намайг ажил үүрэг хийх нөхцөл боломжоор хангалгүй явсаар дахин 2021 онд жирэмсний амралтаа авах хугацаа дөхсөн. Ингээд миний бие 2017 оны 09 сард хүүгээ төрүүлсэн боловч миний нийгмийн даатгалын шимтгэлийг 2021 оны 01 дүгээр сараас 06 cap хүртэлх хугацаагаар төлөөгүйн улмаас жирэмсний, амаржсаны тэтгэмжийг авч чадаагүй хохирсон.Тэр цагаас хойш удаа дараа цахим хаягаар жирэмсний амралтаа авсан гэсэн тогтоол, 2021 оны 01 дүгээр сараас 06 cap хүртэлх цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал төлүүлэх, 2020 оноос 2021 он хүртэлх ээлжийн амралтаа мөнгөө гаргуулахаар хандаж байсан ч үйлдвэрчний эвлэлийн хороо дотроо маргаантай байна, энэ асуудал шийдэгдэх хүртэл хугацаагаар байж бай, шийдэгдэхээр шинээр тэргүүлэгч гишүүд томилогдох тул хурлаар оруулж байж шийдвэрлэнэ гэсэн хариу өгсөн. Улмаар хурлаар хэлэлцээд нөхөж олгохоор боллоо гэсэн хариуг мэйлээр өгсөн байсныг манай нөхөр миний утсаар юм татах гэтэл дүүрсэн байна гээд цэвэрлэх гэж байгаад устгасан байсан. Дээрх хариуг өгсөн боловч байгууллагын тамга, гэрчилгээ шинээр хараахан гараагүй, данс нээгдээгүй байна гээд хүлээхийг хүссэн боловч удалгүй ******* дарга өөрөө ажлаа хүлээлгэн өгсөн байсан. 2023 оны эхээр утсаар холбогдож асуухад ******* гэх хүн түр орлож байгаа тэр хүнээс асуугаарай гэсэн. ******* даргаас тодруулахад би түр орлон гүйцэтгэж байгаа чиний талаар ******* даргаас асуугаад хариу хэлнэ гэж байсан бөгөөд удахгүй шинээр дарга томилогдохоор өргөдлөө уламжилж болно гэж байсан. Иймд миний бие шинэ дарга томилогдож миний асуудлыг шийдвэрлэж, хохиролгүй болгоно гэсэнд итгэж явсаар өнөөдрийг хүрсэн. Миний хүүхэд асрах чөлөөний хугацаа 2024 оны 09 дүгээр сард дуусах байсан ч 2024 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Монгол шуудан компаниар, 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр өөрийн биеэр ажилдаа орох талаар удаа дараа хүсэлтээ ******* даргад өгсөн боловч хүсэлтийг маань шийдвэрлэхгүй удаашруулж, улмаар ажилд минь эргүүлж авахгүй, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болсон тухай ******* дарга 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр и-мэйлээр хариу ирүүлсэн. Тус хариу бичигт ******* *******, ******* ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоотой хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна, тиймээс ажилд чинь буцаан авахгүй гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ хугацаанд байгууллагын нэр өөрчлөгдсөнөөс бус байгууллагын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.3-т заасныг зөрчиж миний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан нь хууль бус байна. ******* *******, ******* ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хороо нь 2015 оноос 2021 оны 06 cap хүртэлх миний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлсөн байгаа нь намайг тус үйлдвэрчний эвлэлийн хорооны ажилтан гэдгийг нотолж байгаа. Дээрх хугацаанд аль ч дарга удирдлага миний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон ямар нэг албан ёсны шийдвэр тушаал гаргаагүй, надад өгөөгүй. Миний бие нь хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгэж, ямар нэг сахилгын зөрчил гаргаж байгаагүй.

Иймд намайг ******* *******-ны нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, 2024 оны 09 дүгээр сарын 02-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нэг сарын 1,500,000 төгрөгөөр тооцож гаргуулах, мөн 2021 оны 06 сараас мөн шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт баталгаажуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2010 оноос хойш ******* ХХК-ийн *******, ******* ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороог олон дарга нар удирдаж ирсэн бөгөөд 2015 оноос ******* даргаар удирдуулж байсан. ******* нь 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр жирэмсний амралтаа авсан. Энэ хугацаанд ******* Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын үүргийг түр гүйцэтгэж байсан боловч үйлдвэрчний эвлэлийн хорооны үйл ажиллагааг доголдуулж, хууль бус тушаал, шийдвэр тогтоолуудыг гаргаж, байгууллагаас их хэмжээний хөрөнгө, нягтлан бодогчтой, ажилтнуудтай нийлж хувьдаа завшсан үйлдлийг гаргасны зэрэгцээ, үүсгэн байгуулагч миний гарын үсгийг хуурамчаар үйлдэн ******* ХХК-ийн *******-ны үүсгэн байгуулагчаас тус хороог хассан, мөн ******* ХХК-ийн *******, ******* ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоог хууль бусаар байгуулсан үйлдлийг гаргасан байдаг. Улмаар миний бие ******* гийн энэхүү хууль бус үйлдэлтэй нь холбогдуулж улсын бүртгэлийн газрын даргад 2020 оны 9 дүгээр сард гомдол гаргасан. Гомдлыг улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга үндэслэлтэй байна гэж үзэж улмаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагч *******-гийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 5409 дугаар Бүртгэл хүчингүй болгох тухай дүгнэлтээр ******* г даргаар бүртгэсэн бүртгэлийг, мөн ******* *******-ны оноосон нэрийг өөрчилж бүртгэсэн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн бүртгэлийг, улсын бүртгэгч *******-гийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр ******* ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны Тэргүүлэгчдийн зөвлөлийн гишүүдийг бүртгэсэн бүртгэлийг, дахин гэрчилгээ олгосон бүртгэлүүдийг, байгууллагын хаягийн бүртгэлд өөрчлөлт оруулсан бүртгэлийг, тамга, тэмдгийн хяналтын дугаар олгосон бүртгэлүүдийг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн. Түүнчлэн 2015 онд хорооны даргаар томилогдон ажиллаж байгаад 2018 оны 09 дүгээр сард жирэмсний амралтаа авсан ******* 2020 оны 1 дүгээр сард ажилдаа орох гэтэл ******* ажлыг нь хүлээлгэж өгөхгүй гэж маргасан тул ******* нь үйлдвэрчний эвлэлийн хороонд холбогдуулан хорооны даргын албан тушаалд эгүүлэн томилуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, улмаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 300 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсний дагуу ******* 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ажилдаа орж, 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилласан. ******* даргын эзгүйд ******* нь 2019 оноос дээрх цаг хугацаанд ******* ХХК-ийн *******-ны үйл ажиллагааг үндсэндээ уналтанд оруулаад зогсохгүй, хорооны өмч хөрөнгийг завшсан, хулгайлсан гэмт хэргүүдийг үйлдсэн тул шалгуулахаар 2020 оны 11 дүгээр сард цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Одоо Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст шалгагдаж байгаа. Уг хэргийн шинжээчийн дүгнэлтээр ******* , түүний удирдлага дор ажиллаж байсан этгээдүүд нь 386,269,051 төгрөгийн шууд бус хохирлыг үүсгэж, зориулалтын бусаар зарцуулсан болох нь тогтоогдсон. ******* гийн удирдлага доор ажиллаж байсан ******* нь ******* *******-нд 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдөр нарийн бичгийн албан тушаалд томилогдож, ******* даргын удирдлага доор ажиллаж байсан. Улмаар ******* даргыг жирэмсний амралтаа авсан 2018 оны 09 дүгээр сараас ******* даргын удирдлага доор ажиллаж дээрх хууль бус үйлдлүүдийг түүний үгээр гардан хийж гүйцэтгэсэн этгээдүүдийн нэг юм. Тиймээс ******* цагдаагийн байгууллагаар шалгагдаж ******* ажилдаа томилогдох болж, ажлаа хүлээж авахад нь алга болсон. ******* *******-нд ашиглагдаж байсан нарийн бичгийн даргын нөүтбүүк, компьютерийг 3 ширхэгийг өнөөдрийг хүртэл авч чадаагүй цагдаагийн байгууллагад гомдол гаргаад хэрэг нь шалгагдаж байна. 2021 онд ******* дарга ажилдаа ороход ******* түүний нарийн бичиг ******* нар нь хорооны өмч хөрөнгийг авч явсны зэрэгцээ, хорооны оффисын хаалга үүдийг түгжиж зугтаасан байдаг. Дахиж ******* , ******* нар нь тус оффис дээр ирээгүй. Гэтэл өнөөдөр тэрээр ажил үүргээ гүйцэтгээгүй байж нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. ******* нь 2020 оны сүүлээс ******* гийн цагдаа, шүүхийн асуудалтай холбоотойгоор ажилдаа ирэлгүй ажлаа орхин явсан бөгөөд тухайн үед ямар нэгэн чөлөө хүссэн өргөдөл өгөөгүй, эрүүл мэндийн эмнэлгийн магадалгаа болон бусад баримт огт өгөөгүй, жирэмсний амралтаа авсан тушаал гаргуулаагүй, жирэмсний чөлөө хүссэн хүсэлтийг гаргаагүй зэрэг нь түүний нэхэмжлэлд хавсаргаж өгсөн баримтуудаас тодорхой харагдаж нотлогдоно. Нэгэнт ажлаа хаяж явсан тул *******т 2020 оны сүүлээс цалин хөлс олгоогүй бөгөөд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа тухайн үед дуусгавар болсон. Хөдөлмөрийн тухай хууль /1999/-ийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 39 дүгээр зүйлийн 39.1-т зааснаар ажилтны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Ажилтан ******* нь ******* гийн цагдаа, шүүхийн асуудалтай холбоотойгоор ажлын байрыг орхин явсан, үүнтэй нь холбоотойгоор хөдөлмөрийн харилцаа нь дуусгавар болсон, гэтэл тухайн үйл явдлаас хойш 4 жилийн дараа ажлаас хууль бусаар халагдсан гэж нэхэмжлэлийг шүүхэд гаргасан нь Хөдөлмөрийн тухай хууль /1999/-ийн 129 дүгээр зүйлийн 129.1, 129.2-т заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн. Хөдөлмөрлөх эрхийн харилцаанд үүргийн зөрчил гарсан, ажлаас үндэслэлгүй халсан гэж үзэж байгаа бол тухайн үед хууль журмын дагуу зохих газарт нь гомдол гаргаж шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй байсан. Гэтэл тухайн үед гомдол гаргаагүй байж одоо гомдол гаргаж байгаа нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2, 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар ******* *******-нд холбогдох, ******* *******-ны нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлсийг сарын 1,500,000 төгрөгөөр тооцон гаргуулах, 2021 оны 06 сараас шүүхийн шийдвэр гаргах хүртэлх хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулах тухай нэхэмжлэгч *******-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул 38,950 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж буцаан олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. ...Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг өөрийн хөдөлмөрлөх эрх нь зөрчигдсөн хариуцагчийн эс үйлдэхүйтэй холбоотой асуудлыг 2021 оноос хойш мэдэж байсан, 2021 оны 01 дүгээр сараас хойш цалин хөлсөө зохих журмын дагуу аваагүй, мөн үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй байсан зэрэг илэрхий үйл баримттай холбогдуулан зохих журмын дагуу эрх бүхий байгууллагад гомдол гаргаагүй, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаантай байдлын улмаас хэтрүүлсэн гэх нөхцөл байдал баримтаар нотлогдоогүй гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Би 2021 оны 01 дүгээр сараас 2021 оны 07 сар хүртэлх хугацааны цалин хөлсөө авах, нийгмийн даатгалын шимтгэлээ төлүүлж жирэмсэний болон амаржсаны тэтгэмжээ авах боломжоор хангах, хүүхэд асрах чөлөөний тогтоол /тушаал/ гаргаж өгөхийг шаардаж ажил олгогчид удаа дараа и-мэйл бичиж, утсаар ярьж, биечлэн очиж байсан. Энэ талаар анхан шатны шүүх шийдвэртээ тодорхой тусгасан боловч нэхэмжлэлийн шаардлагыг буруу тодорхойлж хуулийг буруу хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн. Учир нь нэхэмжлэгч миний бие нь шүүхэд ******* *******-ны нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлсийг 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гаргах хүртэл хугацаагаар гаргуулах, мөн 2021 оны 06 дугаар сараас анхан шатны шүүхийн шийдвэр гаргах хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэн баталгаажуулах" гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан болохоос 2021 оны 01 дүгээр сараас хойш 2021 оны 07 дугаар сар хүртэлх хугацааны цалин хөлсөө авахтай холбоотой ямар нэг гомдол нэхэмжлэл гаргаагүй болно.

Түүнчлэн 2021 оны 07 дугаар сард миний жирэмсний амралт авах эрх үүсч, 2021 оны 09 дүгээр сарын 01-нийн өдөр хүүхдээ төрүүлж амаржсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.3-т жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй үед ажлын байрыг хэвээр хадгална гэж заасны дагуу 2021 оны 07 дугаар сараас 2024 оны 09 дүгээр сарын 02-ний өдөр хүртэл миний ажлын байр хэвээр хадгалагдах ёстой тул энэ хугацаанд миний хөдөлмөрлөх эрхтэй холбоотой асуудал үүсээгүй болно.

Өөрөөр хэлбэл, энэ хугацаанд хууль ёсны амралт, чөлөөгөө эдэлж байсан. Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 139 дүгээр зүйлд заасны дагуу 2024 оны 09 дүгээр сард ажилдаа эргэн орох хүсэлт тавихад ******* *******-ны дарга Оюунтунгалаг нь "ажилдаа эргэн орох боломжгүй, ажиллуулахгүй гэж миний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон талаар и-мэйл ирүүлсэн. Иймд би хөдөлмөрлөх эрхээ сэргээлгэх үүднээс хуульд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хийлгэж, Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргаж, улмаар хуульд заасан хугацаанд шүүхэд хандсан учраас хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй болно.

4.2. Мөн анхан шатны шүүх нэхэмжлэгч ******* нь өөрөө сайн дураараа хөдөлмөрийн гэрээг цуцалсан учир үүнээс хойш цалин хөлсийг нь олгоогүй, тухайн асуудлаар маргаагүй тул өөрийн санаачилгаар ажлаас чөлөөлөгдсөн, ...хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэсэн хариуцагчийн тайлбар эрх зүйн үндэслэлтэй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь ажилтан өөрийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тохиолдолд заавал бичгээр хүсэлтээ гаргах ёстой ба миний хувьд өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөөгүй болно.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч *******-ын хувьд 2015 оноос эхлэн хариуцагч байгууллагад ажиллаж байсан. 2021 оны 01 сараас эхлэн ажил хөдөлмөрөө гүйцэтгэхээ болиод ажлын байраа орхин явсан. Үүнд тодорхой шалтгаан байдаг. Байгууллагын даргын ажлыг түр орлон гүйцэтгэж байсан ******* гэж хүн байгууллагын өмч хөрөнгө, мөнгө төгрөгийг хууль бусаар захиран зарцуулсан 300 гаруй сая төгрөгийн зөрчил илэрсэн. Уг асуудлыг цагдаагийн байгууллагаар шалгуулах явцад шинжээчийн дүгнэлт гарсан. Үүн дээр *******тай холбоотой 10,100,000 төгрөг энэ хүний хувийн данс руу үндэслэлгүйгээр шилжиж орсон байна гэсэн санхүүгийн зөрчилтэй холбоотой асуудал гарч ирсэн байдаг. Тухайн асуудал яригдаж чи ийм санхүүгийн зөрчилтэй байна гэдэг асуудлыг ярьсаны дараа нэхэмжлэгч 2021 оны 01 сараас ажилдаа ирэхээ больсон.Нэхэмжлэгч тухайн үед Ковид-19 цар тахлын улмаас ажилдаа ирээгүй гэдэг боловч хөл хорионы үед цахимаар ажиллаж байсан, ажил хэргээ цахимаар эсхүл и-мэйлээр явуулж байсан зүйл тогтоогддоггүй, шүүхээс хийсэн үзлэгээр энэ хүн тухайн үед ажил үүрэг гүйцэтгэж байсан нэг ч и-мэйл байгаагүй, хэргийн материалд авагдаагүй. Нэхэмжлэгч 2021 оны 01 дүгээр сард тодорхой шалтгааны улмаас ажлын байраа орхиж яваад бүхэл бүтэн 6-7 сар ажилдаа огт ирээгүй, энэ хугацаанд ажлаа хийгээгүй учраас байгууллагын зүгээс цалин хөлс өгөөгүй үйл баримт байдаг. Энэ хугацаанд ажлаа хийгээгүй, цалин хөлс аваагүй, хөдөлмөрлөх эрх нь зөрчигдөж байгаа асуудлаар ямар нэгэн гомдлыг зохих байгууллагад гаргаагүй байдаг. Энэ асуудлыг нь хариуцагчийн зүгээс хөндөж тавьсан. Энэ хүн өөрөө ажлаа орхиж явчихаад гэнэтхэн ийм, тийм юм авна гэдэг нь үндэслэлгүй байна, хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачлагаар цуцлах эрхээ эдлээд ажлын байраа орхиж явсан гэсэн хариу тайлбар гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан тул нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгч талын гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* *******-нд холбогдуулан 2021 онд жирэмсний амралтаа авч 2021 оны 09 дүгээр сард хүүхдээ төрүүлсэн, хүүхэд асрах чөлөөний хугацаа 2024 оны 09 дүгээр сард дуусаж байгаа тул ажилдаа орохоор удаа дараа хүсэлт өгсөн боловч ажил олгогчийн зүгээс ажилдаа эргэн орох хүсэлтийг шийдвэрлэхгүй удаашруулж, улмаар ажилд эргүүлж авахгүй, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон гэсэн хариу өгсөн гэх үндэслэлээр ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж, ******* *******-ны нарийн бичгийн ажилд эгүүлэн тогтоолгох, 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлсийг сарын 1,500,000 төгрөгөөр тооцон гаргуулах, 2021 оны 06 дугаар сараас шүүхийн шийдвэр гаргах хүртэлх хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэн баталгаажуулах тухай нэхэмжлэлийг гаргасан.

Хариуцагч нь нэхэмжлэгч ******* нь 2021 оны 01 дүгээр сараас эхлэн ажил үүрэг гүйцэтгээгүй, ажлын байраа орхиж явсан тул ажилтны санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон, тухайн үйл явдлаас хойш 4 жилийн дараа ажлаас хууль бусаар халагдсан гэж үзэн нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, маргааны үйл баримтад бодитой дүгнэлт өгч чадаагүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.

4. Анхан шатны шүүх нэхэмжлэгч *******ыг өөрийн хөдөлмөрлөх эрх нь зөрчигдсөн, хариуцагчийн эс үйлдэхүйтэй холбоотой асуудлыг 2021 оноос хойш мэдэж байсан, 2021 оны 01 дүгээр сараас хойш цалин хөлсөө зохих журмын дагуу аваагүй, үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй байсан зэрэг илэрхий үйл баримттай холбогдуулан зохих журмын дагуу эрх бүхий байгууллагад гомдол гаргаагүй, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн гэж үзэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдож, нотлогдоогүй гэж дүгнэсэн үндэслэлээ ******* нь хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлаар 2022 оны 03 дугаар сарыг хүртэл ажил олгогчтой харьцаж байсан үйл баримт тогтоогдсон боловч 2024 оны 07 дугаар сард тухайн асуудлаар дахин хандах хүртэлх хугацаанд маргасан эсэх нь баримтаар тогтоогдоогүй гэж тайлбарлажээ.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх нэхэмжлэгч ******* нь хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлаар ажил олгогчтой сүүлд 2022 оны 03 дугаар сард харьцсанаас хойш 2024 оны 07 дугаар сард дахин харьцах хүртэл 2 жил гаруйн хугацаа өнгөрсөн байгаа тул Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1 дэх хэсэгт заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор зохих байгууллагад хандан шийдвэрлүүлэх хугацаа, мөн зүйлийн 154.2.2 дахь хэсэгт заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрээс бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор зохих байгууллагад хандан шийдвэрлүүлэх хугацаа тус тус хэтэрсэн, эдгээр хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэсэн.

5. Хариуцагч нь нэхэмжлэгч *******ыг 2020 оны 12 дугаар сарыг дуустал ажилласан, 2021 оны 01 дүгээр сараас эхлэн ажил үүргээ гүйцэтгээгүй, ажлын байраа орхин явсан тул ажилтны санаачлагаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон гэж маргаж байх боловч уг тайлбар, татгалзал нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 21280388 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол /хэргийн 1 хавтас 65 тал/-ын дагуу явагдсан шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны дагуу ажилдаа эргэн орсон ******* *******-ны дарга *******гийн ... ажлаа хүлээж авах үед нэхэмжлэгч ажиллаж байсан ... гэх шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэг /хэргийн 1 хавтас 77-80 тал/ болон ******* *******, ******* ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хорооноос *******-ын нийгмийн даатгалын шимтгэлийг 2015 оны 08 дугаар сараас эхлэн 2021 оны 06 дугаар сарыг дуустал хугацаагаар төлсөн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хэргийн 1 хавтас 8-10 тал/-оор тус тус үгүйсгэгдэж байна.

6. Мөн гэрч ******* нь шүүхэд өгсөн мэдүүлэгтээ ... Нийгмийн даатгалыг тухайн үед өгөхгүй ч гэсэн сар сар нь тайлан өгдөг байсан. ... өөрөө ирээд сууж ажиллах боломжтой би хориглоогүй. Тухайн үед байгууллага чадамжгүй байсан учраас цалин өгөх боломжгүй байсан. ... эрхийн чадваргүй үед 2 хүнтэй ажиллаж байсан. ... 02 сараас 10 сар хүртэл цалин аваагүй. Тэргүүлэгч 17 хүний шийдвэрээр нөхөж олгосон /хэргийн 1 хавтас 77-80 тал/ гэх зэргээр мэдүүлсэн байгаа нь 2021 оны 10 сарыг хүртэл хариуцагч байгууллага ажилчдадаа цалин хөлс олгоогүй, зөвхөн нийгмийн даатгалын шимтгэлийг нь тайлагнан хожим нөхөн төлж байсан, ажлын байранд биечлэн ажиллаж байсан хүн нь 2-3 хүн байсан бөгөөд ажилчдын цалин хөлсийг хожим тухайн байгууллагын Тэргүүлэгчдийн шийдвэрээр нөхөн олгосон болохыг нотолж байна.

7. Нэхэмжлэгч *******-ын хувьд ажил олгогчдоо хандан 2015 оны 08 сараас хойш Үйлдвэрчний эвлэлийн хорооны нарийн бичгийн албан тушаалд ажиллаж байгаа бөгөөд байгууллагын дотоод асуудал болон цар тахлаас шалтгаалан 2020 оны 11 сараас хойш гэрээр ажиллах шаардлагатай болсон, 2021 оны 04 дүгээр сараас хойш байгууллагын дотоод асуудлаас үүдэн ажлын байран дээр очилгүй өдий хүрсэн тухай, 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр жирэмсний амралт авах хугацаа нь өнгөрсөн бөгөөд амаржих дөхсөн тул 2020 оны 12 дугаар сараас хойших хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах боломж нөхцөл бүрдүүлэх, олгогдоогүй цалин, ээлжийн амралтын мөнгийг нөхөж олгох, 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн жирэмний амралт авсан тушаал гаргуулах тухай өмнө гаргасан хүсэлтүүдийг шийдвэрлүүлэх хүсэлтийг удаа дараа тавьсан боловч байгууллагын дотоод асуудлаас шалтгаалан хойшилсоор ирсний улмаас тэтгэмжээ авч чадаагүй, мөн амаржаад удаагүй байгаа тул амаржсаны чөлөө авсан тушаал гаргуулах, хувийн болон өрхийн санхүүгийн асуудал их тулгамдаж байгаагаас гадна улсаас ямар нэгэн үйлчилгээ авах боломжгүй болоод байгаа тул хүсэлтүүдийг нь яаралтай шийдвэрлэж өгөх тухай агуулга бүхий хүсэлтүүдийг ажил олгогчдоо цахим шуудангаар явуулсан, ажил олгогчийн зүгээс Тэргүүлэгчдийн хурлаар өргөдлийг нь хэлэлцээд хувийн данс руу нь шилжсэн 10,100,000 төгрөг дээр дэлгэрэнгүй тайлбар, холбогдох баримтыг ирүүлсний дараа асуудлыг шийдвэрлэх тухай, Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа материал доторх өөрийн тань данс руу шилжсэн 10 сая төгрөгийн гүйлгээг зөрчилтэй гэж үзэж байгаа учир энэ асуудал шийдэгдэж, хуулийн байгууллагын дүгнэлт гарсны дараа дээрх хугацааны цалинг нөхөж олгох тухай агуулга бүхий хариуг цахим шуудангаар өгч байсан болох нь шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл /хэргийн 1 хавтас 89-94 тал/-ээр тус тус тогтоогдсон.

8. Нэхэмжлэгч ******* нь ямар шалтгааны улмаас ажлын байран дээр ирж ажиллахгүй байгаа талаар ажил олгогч бүрэн мэдээлэлтэй байсан ба ажилтан жирэмсний амралт авах хугацаа болсон, жирэмсний амралт олгосон тушаал шийдвэр гараагүй, нийгмийн даатгалын шимтгэл зохих ёсоор төлөгдөөгүй байгаагийн улмаас хуульд заасны дагуу авах тэтгэмжийг авч чадаагүй, улмаар амаржсан, амаржсаны чөлөө авах тушаал шийдвэр гараагүй, нийгмийн даатгалыг зохих ёсоор төлөөгүйн улмаас хуульд заасны дагуу авах тэтгэмжийг авч чадаагүй талаар дурдсан ажилтны хүсэлтийг ажил олгогч тодорхой маргаантай асуудал буюу Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа хэрэг шийдвэрлэгдэж хуулийн байгууллагын дүгнэлт гарах хүртэл хугацаагаар хойшлуулсан байдал хэргийн баримтаар тогтоогдож байхад анхан шатны шүүх тухайн нөхцөл байдлыг ажлаас халсантай адилтган үзэж хуульд заасан хугацааны дотор зохих байгууллагад гомдол, нэхэмжлэл гарган шийдвэрлүүлээгүй, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

9. Ажил олгогч нь ажилтныг ажлаас халсан шийдвэрийг бичгээр гаргаж, өгөөгүй атлаа ажилтны ажил, үүргийг гүйцэтгүүлэхгүй, цалин хөлс олгохгүй байгаа үйлдлийг ажлаас халсантай адилтган үздэг. Хариуцагч ******* *******, ******* ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хороо нь зөвхөн нэхэмжлэгч *******ыг биечлэн ажил үүргийг нь гүйцэтгүүлэхгүй, цалин хөлс олгохгүй байсан биш, харин байгууллагын дотоод асуудал буюу нэхэмжлэгчээс үл хамаарах шалтгаанаар үүссэн улсын бүртгэлийн маргаантай холбоотой асуудлаас шалтгаалан ажилчдаа ажлаар хангах, цалин хөлс олгох, нийгмийн даатгалын шимтгэлийг нь төлөх үүргээ биелүүлж чадаагүй болох нь гэрч *******гийн мэдүүлгээр тогтоогдсон, мөн хариуцагч нь нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тушаал шийдвэр гаргаагүй, нэхэмжлэгчийн гаргасан дутуу олгогдсон цалин хөлсөө авах, нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлүүлэх, жирэмсний болон амаржсаны амралт авсан тушаал шийдвэрүүдийг гаргуулах зэрэг хүсэлтүүдийг хүлээн авч шийдвэрлэхээс татгалзаагүй, зөвхөн шийдвэрлэх хугацааг хойшлуулсан байх тул нэхэмжлэгчийг хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлаар 2022 оны 03 дугаар сараас хойш хуульд заасан хугацаанд зохих эрх бүхий байгууллагад гомдол гаргах байсан бөгөөд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзнэ.

10. Хариуцагч нэхэмжлэгчийн хүсэлтээр жирэмсний болон амаржсаны чөлөө олгосон тушаал, шийдвэрийг гаргаж өгөөгүй явдал нь хариуцагчийн хуулийн дагуу эдлэх ёстой жирэмсний амралт авах эрх, амаржсаны амралт авах эрх, хүүхэд асрах чөлөө авах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд хариуцагч 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр амаржсан /хэргийн 1 хавтас 13 тал/-аас хойш хүүхдээ 3 нас хүрэх хугацаагаар тооцон ажилдаа эргэн орох хүсэлтийг гаргасныг Хөдөлмөрийн тухай хуулийн 137, 139 дугаар зүйлд нийцсэн гэж үзэх ба хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 139 дүгээр зүйлийн 139.2-т Хүүхэд асрах чөлөө нь дууссан ... ажилтан хүсэлт гаргасан бол ажил олгогч түүнийг ажлын байранд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй ... гэж заасны дагуу нэхэмжлэгч *******ыг өмнө ажиллаж байсан ажлын байранд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүргийг хүлээнэ.

11. Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 139 дүгээр зүйлийн 139.2-т заасан үүргээ эс биелүүлж, нэхэмжлэгч *******ыг өмнө ажиллаж байсан ажилд нь үргэлжлүүлэн ажиллуулахаас татгалзсан хариуг нэхэмжлэгчид 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр өгсөн тул ажлаас халсантай адилтган ажил олгогч тухайн өдөр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон гэж үзэж, түүнтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацааг 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн тоолно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь заалтад Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэж, мөн зүйлийн 154.2.1 дэх заалтад хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор; гэж, мөн зүйлийн 154.2.2 дахь заалтад энэ хуулийн 154.2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор гэж тус тус заасан байна.

Нэхэмжлэгч нь ажил олгогч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс хойш 16 хоногийн дараа буюу 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандан тус хороо 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хуралдан 87 дугаартай тэмдэглэл /хэргийн 1 хавтас 14-15 тал/-ийг гаргасан, уг тэмдэглэлийг хүлээн авснаас хойш 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд анх нэхэмжлэл гаргасан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШЗ2024/19948 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж /хэргийн 1 хавтас 16-19 тал/-аар тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь заалтад Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. гэж заасан хугацааны дотор шүүхэд нэхэмжлэлээ гаргасан буюу  хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэх болон шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.

12. Хариуцагч нь нэхэмжлэгчийг өмнө ажиллаж байсан ажлын байранд нь үргэлжлүүлэн ажиллуулахаас татгалзсан болон бусад хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан үндэслэлээ 2021 оны 01 дүгээр сараас 2021 оны 06 саруудад ажиллаагүй гэж ойлгож байгаа тул цалин олгох боломжгүй, хэн таныг ажлаас халсан эсвэл та ажлаа орхиод явсан нь тодорхой бус, ******* Үйлдвэрчний эвлэлийн холбоотой 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан байх тул 2020-2021оны ээлжийн амралтын олговрыг олгох үндэслэлгүй, 2021 оны 06 дугаар сараас 2024 оны 08 дугаар сарыг хүртэлх хугацаанд хариуцагч байгууллагад ажиллаагүй тул энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх үндэслэлгүй, 2021 оны 01 дүгээр сараас 06 дугаар сар хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлт хэзээ хийгдсэнийг өөрөө тодруулах боломжтой тул энэ талаар тодруулга өгөхгүй, ******* Үйлдвэрчний эвлэлийн холбоотой буюу хариуцагч байгууллагаас өөр этгээдтэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан байх тул 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс ажилд авах боломжгүй гэсэн агуулгаар тайлбарлажээ /хэргийн 1 хавтас 89-94 тал/.

13. Нэхэмжлэгч нь 2021 оны 01 дүгээр сараас 06 дугаар сар хүртэлх хугацааны цалин болон 2020-2021 оны ээлжийн амралтын олговрыг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаагүй тул хариуцагчийн зүгээс уг хугацааны цалин болон ээлжийн амралтын олговортой холбоотой өгсөн хариу үндэслэлтэй эсэх талаар шүүх дүгнэлт өгөх шаардлагагүй байна.

******* *******, ******* ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хороо нь 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр нэрээ өөрчилж ******* ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо нэртэй болсон байсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /хэргийн 2 хавтас 1-2 тал/-гаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч *******ыг хариуцагчаас өөр этгээдтэй буюу ******* ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбоотой хөдөлмөрийн гэрээ байгуулсан байсан гэх тайлбар, татгалзлыг үндэслэлгүй гэж үзнэ.

14. Хуулийн этгээдийн нэр өөрчлөгдсөн, улмаар нэрийн өөрчлөлт болон бусад асуудалтай холбоотой бүртгэлийн маргаан үүссэн явдал нь ******* болон ******* *******-ны хооронд үүссэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үгүйсгэх, тухайн харилцааг дуусгавар болсон гэж үзэх үндэслэл болохгүй.

15. Иймд хариуцагч ******* *******, ******* ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хороо нь нэхэмжлэгч *******ыг өмнө ажиллаж байсан ажлын байранд нь үргэлжлүүлэн ажиллуулахаас үндэслэлгүй татгалзсан, үүнийг ажлаас халсантай адилтган үзэх тул нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

16. Нэхэмжлэгч нь 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр амаржсанаас хойш хүүхдээ 3 нас хүрэх хугацаагаар тооцон 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс ажилдаа орох байсан гэж үзэн уг хугацаанаас хойш өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг нэхэмжилснийг Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх заалтад Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно. гэж заасны дагуу хангаж, 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацааны олговорт нийт 17,571,288 төгрөгийг хариуцагч ******* *******, ******* ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хорооноос гаргуулж нэхэмжлэгч *******т олгов.

17. Өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрын хэмжээг тооцохдоо Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.3.5 дахь заалтад заасныг баримтлан *******-ын сүүлийн 3 сарын цалин хөлс болох 2020 оны 10 дугаар сарын цалин хөлс 1,500,000 төгрөг, 11 дүгээр сарын цалин хөлс 1,500,000 төгрөг, 12 дугаар сарын цалин хөлс 1,500,000 төгрөг, нийт 4,500,000 төгрөгийг 2020 оны 10 дугаар сарын ажлын өдрүүд буюу 22 өдөр, 11 дүгээр сарын ажлын өдрүүд буюу 19 өдөр, 12 дугаар сарын ажлын өдрүүд буюу 22 өдөр, нийт 63 өдөрт хуваан тооцоход нэг ажлын өдөрт ногдох дундаж цалин хөлс нь 71,428 төгрөг болсон.

Үүнийг 2024 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх ажлын 246 өдрөөр тооцоход 17,571,288 төгрөг болсон болно.

18. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт зааснаар ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах нь ажил олгогчийн үүрэг тул нэхэмжлэгч *******-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 2021 оны 07 дугаар сараас хойш давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан 2025 оны 08 дугаар сарыг дуусталх хугацаагаар нөхөн төлж, баталгаажуулахыг хариуцагч ******* *******-нд даалгав.

19. Нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт заасны дагуу Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хандсаны дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан байхад анхан шатны шүүх шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь заалт буюу ажилтан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзэн шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлэхтэй холбоотой заалтыг барьсан байх тул уг алдааг залруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 191/ШШ2025/04508 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ыг ******* *******-ны нарийн бичгийн ажилд эгүүлэн тогтоож, өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 17,571,288 төгрөгийг ******* *******, ******* ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хорооноос гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэгч *******-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийг дуусталх хугацаагаар нөхөн төлж, баталгаажуулахыг хариуцагч ******* *******-нд даалгасугай гэж,

2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5- зааснаар нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул 38,950 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, хариуцагч ******* *******, ******* ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хорооноос улсын тэмдэгтийн хураамжид 245,806 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

 

ШҮҮГЧИД Ч.МӨНХЦЭЦЭГ

 

 

Б.УУГАНБАЯР