| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/00707/И |
| Дугаар | 4506 |
| Огноо | 2016-06-28 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 4506
| 2016 оны 06 сарын 28 өдөр | Дугаар 102/ШШ2016/04506 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 4-р хороо, Сүхбаатарын гудамж, Цэцээ гүн сургуулийн байр, "Хөвсгөл трейд” ХХК-ний нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 4-р хороо, Үйлдвэрийн гудамж, өөрийн байр, “Хөтөл тэлмэн” ХХК-д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэг 48 893 316 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг тус тус хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхбат, хариуцагч Д.Буянцогт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Тамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхбат шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хөвсгөл трейд” ХХК нь “Хөтөл тэлмэн” ХХК-тай 2015 оны 03-р сарын 26-ны өдөр №1 тоот “Нефтийн бүтээгдэхүүн худалдах худалдан авах гэрээ” байгуулсан. Уг гэрээний дагуу худалдагч “Хөвсгөл трейд” ХХК нь шатахуун нийлүүлэх, худалдан авагч “Хөтөл тэлмэн” ХХК нь шатахуун хүлээн авч, төлбөр төлөх үүргийг тус тус хүлээсэн. “Хөвсгөл трейд” ХХК, “Хөтөл тэлмэн ХХК-ийн хүсэлтийн дагуу гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэж, шаардлагатай шатахууныг “Хөтөл тэлмэн” ХХК-д шилжүүлсэн. “Хөтөл тэлмэн” ХХК нь гэрээний хугацаанд нийт 165 319 600 төгрөгийн үнэ бүхий шатахууныг авсан бөгөөд шатахууны төлбөрт 80 255 800 төгрөгийг төлж 85 063 800 төгрөгийн төлбөрийн үүргийг гүйцэтгээгүй. Манайх Баянгол Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан ба тус шүүхийн 2015 оны №102/ШШ2015/06622 тоот шийдвэрээр “Хөтөл тэлмэн” ХХК нь гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдлийг хүлээн зөвшөөрсөн байдаг. “Хөтөл тэлмэн” ХХК-тай байгуулсан 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн №1 тоот гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т худалдан авагч шатахууны төлбөрийг худалдан авах шатахууны хэмжээгээр тооцон урьдчилан төлөх бөгөөд хэрэв худалдагч тал зөвшөөрвөл шатахуун хүлээн авсны дараа буюу хүлээн авсан өдрөөс хойш ажлын 5 хоногт багтаан худалдагч талын дансанд шлжүүлж болно, мөн зүйлийн 4.3-т худалдан авагч тал аливаа нэгэн шалтгаанаар хугацаандаа төлбөрөө тохиролцон хугацаанд төлөөгүй нөхцөлд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож алданги төлнө гэж тус тус заасан байдаг ба энэхүү гэрээний хугацаа дуусгавар болсон байдаг. “Хөвсгөл трейд” ХХК нь 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн №ЗГ/369 тоот зээлийн гэрээгээр ХААН банкнаас 1 тэрбум төгрөгийн зээлийг 1 жилийн хугацаатай жилийн 16,8 хувийн хүүтэй авч сард үндсэн болон зээлийн хүүгийн төлбөрт 91 110 000 төгрөгийг төлж барагдуулсан байна. Мөн 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн №ЗГ16/22 тоот зээлийн гэрээгээр ХААН банкнаас 50 сая төгрөгийн зээлийг 2 жилийн хугацаатай жилийн 21,6 хувийн хүүтэй авч сард үндсэн болон зээлийн хүүгийн төлбөрт 2 585 000 төгрөгийг одоо ч төлж байгаа бөгөөд манай компанийг их хэжээний зээлтэй байхад шатахууны жижиглэн худалдаа хийж байсан эргэлтийн мөнгийг өгөхгүй 1 жил гаруй түгжиж компаний санхүүгийн байдлыг доголдуулж хямралд оруулсан. Бид 1 жилийн хугацаанд 112 691 166 төгрөгийн алданги тооцсон боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй тул 48 063 800 төгрөгөөр тооцсон. Иймд “Хөтөл тэлмэн” ХХК-иас алданги 48 893 316 төгрөгийг гаргуулж манай байгууллагад олгож өгнө үү. Манайх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа гэв.
Хариуцагч Д.Буянцогт шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хөвсгөл трейд” ХХК-тай олон жилийн турш хамтран ажиллаж ирсэн. Манайх “Хөвсгөл трейд” ХХК-иас авсан шатахууны үнийн дүнг төлнө. Гэхдээ “Хөвсгөл трейд” ХХК-тай манайх ямар ч гэрээ хийж байгаагүй дандаа аман гэрээ хийж байсан. Шүүхийн шийдвэрээр 85 063 800 төгрөгийг төлөхөөс 32 000 000 төгрөгийг төлөөд байгаа. Үлдэх төлбөртөө машин, байр орон сууц оруулъя гэсэн санал тавьсан. Манайх гаднаас мөнгө авах гэж байгаа мөнгө орж ирэхээр өгнө. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч "Хөвсгөл трейд” ХХК нь “Хөтөл тэлмэн” ХХК-д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэг 48 893 316 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.
"Хөвсгөл трейд” ХХК нь “Хөтөл тэлмэн” ХХК-тай 2015 оны 3-р сарын 26-ны өдөр “Нефтийн бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ” 01 тоот гэрээ байгуулсан байх ба талууд тооцоо нийлж 2015 оны 04-р сарын 01-нээс 2015 оны 07-р сарын 31-нийг хүртэл хугацаанд өгч авалцсан шатахууны үнэ 85 063 800 төгрөгийг худалдан авагч “Хөтөл тэлмэн” ХХК төлөхөөр тооцоо /хх 6-8/ нийлжээ.
“Хөвсгөл трейд” ХХК нь “Хөтөл тэлмэн” ХХК-иас худалдах, худалдан гэрээний үүрэгт 114 391 485 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10-р сарын 28-ны өдрийн102/ШШ2015/06622 дугаар шийдвэрээр /хх 28-29/ хариуцагчаас 85 063 800 төгрөг гаргуулахаар хангасан, харин алданги 29 327 685 төгрөг шаардсан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.
Шийдвэр хүчин төгөлдөр бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны шатанд төлбөр төлөгч 32 000 000 төгрөг төлсөн нь зохигчийн тайлбараар тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй байна.
Өөрөөр хэлбэл, хариуцагчийн төлбөл зохих худалдах, худалдан авах гэрээний үүргийг шүүх шийдсэн байхад алданги гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй.
Нөгөө талаас, гэрээгээр талууд худалдах, худалдан авах шатахууны үнэ, тоо хэмжээний талаар тохироогүй байхад гэрээний 4-р зүйлийн 4.3 дахь хэсэгт зааснаар алданги тохирсон гэх үндэслэлгүй гэж дүгнэлээ.
“Хөвсгөл трейд” ХХК нь ХААН банктай 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн ЗГ/369 тоот зээлийн гэрээгээр 1 тэрбум төгрөг зээлсэн, 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн ЗГ16/22 тоот зээлийн гэрээгээр 50 сая төгрөг тус тус зээлсэн, зээлийн гэрээний үүргээ биелүүлж байгаа нь /хх 14-20/ “Хөтөл тэлмэн” ХХК-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний үүрэгтэй холбоогүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 232-р зүйлийн 232.6, 243-р зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Хөтөл тэлмэн” ХХК-иас 48 893 316 төгрөг гаргуулахыг хүссэн “Хөвсгөл трейд” ХХК-ний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 402 450 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээсүгэй.
Шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА