| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2015/00266/И |
| Дугаар | 4602 |
| Огноо | 2016-07-07 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 4602
| 2016 оны 07 сарын 07 өдөр | Дугаар 102/ШШ2016/04602 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 4-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 41-25 тоотод оршин суух, регистр ЦВ82030911, Баяжих овогт Цэрэнзундуйн Хулангийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 6-р хороо, 122-р байрны 506 тоот, “Баян мэдлэг” ХХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 16 808 567 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Бямбаа, Ц.Цэрэнчимэг, түүний өмгөөлөгч Д.Наранцэцэг, Ш.Эрдэнэцэцэг, хариуцагч “Баянмэдлэг” ХХК-ны захирал Д.Сүхбаатар, түүний өмгөөлөгч Б.Ариунболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Тамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Хулан нь “Баянмэдлэг” ХХК-тай манайх 2015 оны 3 дугаар сарын 24-ны өдөр амины орон сууц бариулах гэрээ байгуулсан бөгөөд гэрээгээр Сүхбаатар дүүргийн 20-р хороо, Сэлхийн аманд өөрийн эзэмшлийн газар дээр 80 м.кв амины орон сууц бариулахаар болсон. Гэрээний хугацаа 2015 оны 04-р сарын 01-ний өдрөөс 2015 оны 06-р сарын 01-ний өдөр хүртэл 2 сарын хугщщацаатай 62 150 000 төгрөгийг бэлнээр тушаасан ба зохих хугацаанд захиалгын ажлыг Баян мэдлэг ХХК дуусгаагүй, тэр ч бүү хэл хэл чимээгүй ажлыг хаяж явсан. Юм. Ажлыг дуусгахын тулд гэрээний хугацааг хүртэл сунгасан байхад ажлаа дуусгаагүй хохироосон. Баян мэдлэг ХХК-ий дуусгаагүй ажлын үнэлгээг эрх бүхий “ФЦейр Валушн” ХХК-иар үнэлүүлсэн болно. Дуусгаагүй барилгад хийж гүйцэтгэх ажлын зардал 12 801 435 төгрөг, гэрээний 6.2-т хэсэгт заасан алданги 2 957 132 төгрөг, хөрөнгийн үнэлгээнд төлсөн 500 000 төгрөг, гэрээний өмнөөс илүү төлсөн 550 000 төгрөг, нийт 16 808 567 төгрөг, “Баянмэдлэг” ХХК наас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэрэнчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянмэдлэг” ХХК-тай 2015 оны 3 дугаар сарын 24-ны өдөр амны орон сууц бариулах гэрээ хийсэн боловч барилгын ажлаа дутуу хийж биднийг үл ойшоосон. Нэг ч удаа хариу хэлээгүй, байшингаа дуусгаагүй. Нийт 16 808 567 төгрөг нэхэмжилсэн боловч шүүх хуралдааны шатанд ярилцаад манайх 9 308 567 төгрөгний нэхэмжлэлээс татгалзаж, 7 500 000 төгрөгийг 2016 оны 8-р сарын 1-ний өдөр Баян мэдлэг ХХК төлөхөөр эвлэрч байна. Тэмдэгтийн хураамжийн 50 хувь 121 000 төгрөгийг мөн төлөхөөр тохиролцсон гэв.
Хариуцагч Д.Сүхбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд 2015 оны 3 дугаар сарын 24-ны өдөр 15/1 гэдэг гэрээг Хулантай гэрээ байгуулсан. Ажил гүйцэтгэх гэрээний хугацаа нь 2015 оны 6 дугаар сарын 1-н хүртэл, төлбөрийн нөхцөл нь урьдчилгаа 20 сая төгрөг 3 сарын 25-нд өгөх, 2015 оны 4 дүгээр сарын 10-нд 20 сая төгрөг , 15 сая төгрөгийг 5 дугаар сарын 1-5-ны хооронд өгнө гэсэн. 2015 оны 06 дугаар сарын 01 гэхэд 6 600 000 төгрөг өгсөнөөр 61 600 000 төгрөгөөр байшинг нь барьж өгөхөөр тохирсон. Гэтэл төлбөр төлөхөд асуудал үүсч гэрээ байгуулсан өдрөө 4 дүгээр сарын 1-нд 2 115 000 төгрөг авсан. Мөн 4 дүгээр сарын 25-нд 20 сая төгрөг, 4 дүгээр сарын 23-нд 10 сая төгрөг авсан ба нийт 32 115 000 төгрөг болж байна. Үүнээс хойш манайх мөнгө аваагүй. Тэгээд хамгийн сүүлд Хулан нь өөрөө 2 сая төгрөг нэмж төлөхөөр болсон. Тухайн үед төлбөр төлөхтэй холбоотой асуудал Хуланд үүсч, удааширсан. Би үлдсэн мөнгөө хугацаандаа өгөөрэй гэдэг шаардлага тавьсан. Тэрнээс хойш 100 айлийн баригад “Сого Монголиа” ХХК-д мөнгөө төлөөд надтай харьцахаа байсан. Би өөрөө Хулантай уулзах гэхээр уулзахгүй, менежер н.Оргилийг явуулахаар бас уулзаагүй. Би 12 сая төгрөгөөр эвлэрэх боломжгүй, дутуу байгаа зүйлүүдээ би өөрөө хийгээд өгөх боломжтой байсан. Одоо 7 500 000 төгрөгөөр эвлэрэхийг зөвшөөрч байна. Энэ мөнгийг 2016 оны 8-р сарын 1-ний өдөр төлөхөөр зөвшөөрч байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Хулан нь “Баян мэдлэг” ХХК-д холбогдох 16 808 567 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Б.Хулан нь “Баянмэдлэг” ХХК-тай 2015 оны 3 дугаар сарын 24-ны өдөр “Амины орон сууц захиалан бариулах гэрээ” байгуулж Сүхбаатар дүүргийн 20-р хороо, Сэлхийн аманд 80 м.кв амины орон сууцыг 61 600 000 төгрөгөөр бариулахаар /хх 6-8/ тохирчээ.
Захиалагч нь гүйцэтгэгчид 62 150 000 төгрөгийг шилжүүлэн өгсөн боловч “Баян мэдлэг” ХХК нь гэрээгээр 2 сарын хугацаанд барилгыг дуусгаагүй, дутуу орхисоноос талуудын хооронд маргаан гарчээ.
Нэхэмжлэгч нь дутуу орхисон барилгын ажлыг гүйцэтгэхэд гарах зардалд 16 808 567 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч шүүх хуралдааны шатанд талууд “Эвлэрлийн гэрээ” байгуулж, талууд нэхэмжлэлийн шаардлагаас 7 500 000 төгрөгийн хэмжээнд эвлэрсэн, хариуцагч мөнгийг 2016 оны 8-р сарын 1-ний өдөр төлөхөөр тохирсон байна.
Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Б.Хулан, хариуцагч “Баян мэдлэг” ХХК нь 16 808 567 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 7 500 000 /долоон сая таван зуун мянга/ төгрөгийн хэмжээнд эвлэрч, хариуцагч төлбөрийг 2016 оны 8-р сарын 1-ний өдөр төлөхөөр тохирсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгччэс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242 000 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Баян мэдлэг ХХК-иас 121 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА