Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2025/01525

 

 

 

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ч.Мөнхцэцэг, Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 192/ШШ2025/05421 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,

 

Гэм хорын хохиролд 70,860,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Б.Ууганбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ******* нь ******* аймаг, ******* суманд Том оврын ачааны автомашинаар нүүрс тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр ******* аймгийн ******* сум, Сийрст *******-р баг, Эрдэнэс таван толгой уурхайн 8.2 километрийн А зогсоолын хатуу хучилттай асфальтан авто замд ******* компанийн эзэмшлийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг тус компанийн жолооч ******* нь жолоодож байхдаа ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг, мөн манай компанийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг тус тус мөргөж зам тээврийн осол гаргасан.

1.2. Тус ослын улмаас хүний биед гэмтэл учраагүй тул ******* аймаг дахь Цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтан магадлагаа гаргаж, 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр шийтгэлийн хуудсаар ******* компанийн жолоочийг 100,000 төгрөгөөр торгож, хохирогчийг иргэний шүүхээр хохирлоо нэхэмжлэхийг дурдсан.

1.3. Манай компани ******* ачааны автомашиныг цоо шинээр БНХАУ-аас худалдан авч, Монгол улсад ачаа тээвэр хийх зөвшөөрлийг хэдэн сар хөөцөлдөж, тендерээр авсан байдаг. Тухайн үед засвар үйлчилгээ, сэлбэгийн хамт 70,860,000 төгрөгийн хохирол учирсныг эд хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөлтэй компани болох ******* ХХК-ийн үнэлгээний тайлангаар тогтоосон.

1.4. Хохирол учруулагч болох ******* ХХК-ийн захирал *******/*******/ хохирлыг удахгүй барагдуулна гэж байсан боловч өнөөдрийг хүртэл манай компанид учирсан шууд хохирлыг барагдуулаагүй. ******* ХХК-ийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан шууд хохиролд 70,860,000 төгрөгийг ******* ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Зам тээврийн осол болсон цаг хугацаанд ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь нэхэмжлэгчийн эзэмшлийн арлын дугаар бүхий тээврийн хэрэгсэл эзэмшиж байсан дугаар мөн эсэх нь тодорхойгүй тогтоогдохгүй байна. Тухайн тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн гэрчилгээ байдаг. Хэдийгээр дээр нь нөхөв гээд биччихсэн байгаа боловч Авто тээврийн үндэсний төвийн эрх бүхий этгээд тэмдэглэгээ хийсэн юм уу эсвэл Авто тээврийн эрх бүхий этгээдээс гар бичгийн байдлаар тэмдэглэгээ хийгддэг юм уу, хийсэн нь үндэслэлтэй юу үгүй юу гэдэг эргэлзээтэй нөхцөл байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Авто тээврийн үндэсний төвийн цахим сайт болох www.autobox.mn сайт дээр үзлэг хийсэн. Тухайн үзлэгээр ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчийг дэлгэрэнгүй байдлаар харсан. Тухайн үед ******* улсын дугаар нь 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд өөр компанийн нэр дээр гэрчилгээ байсан гэдэг ийм үйл явдал харагддаг. Тухайн тээврийн хэрэгсэл нь ******* дугаарыг эзэмшиж байсан талаар хэргийн баримтаар хангалттай нотлогдохгүй.

2.2. Нэхэмжлэгчээс хохирол гаргуулахаар хохирлын үнэлгээний тайланд дурдсан хэмжээгээр 70,860,000 төгрөгийн хохирол шаарддаг. Уг тайлангийн 7 дугаарт үнэлгээ хийхэд тулгуурласан материал гэсэн хэсэгт зах зээлийн дундаж үнэ, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, гуравдугаар зэрэглэлийн засварын ажлын дундаж үнийн тарифыг баримтлав гэжээ. Гэтэл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хөрөнгийн үнэлгээний тайланд холбогдох баримтууд нь байдаггүй. Өнөөдрийн байдлаар нэхэмжлэгч тухайн тээврийн хэрэгслийг засварлуулаад бусдад худалдсан гэх боловч ямар хэмжээний зардал гаргасан нь баримтаар нотлогдохгүй байна. Нэхэмжлэгч компанийн тээврийн хэрэгсэл өөрөө тухайн зам тээврийн осолд өртсөн тээврийн хэрэгсэл мөн эсэх нь эргэлзээтэй учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч******* ХХК-аас 70,860,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 512,250 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 512,250 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх хариуцагчийн зүгээс гаргасан татгалзлын үндэслэлээ нотлоход шаардлагатай нотлох баримтуудыг холбогдох байгууллагаас гаргуулах хүсэлтүүдийг хангахаас татгалзаж, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хангалттай нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч компанийн ажилтан ******* 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хариуцагчийн эзэмшлийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслээр ******* аймгийн ******* сум, Сийрст 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцож байх үедээ нэхэмжлэгчийн эзэмшлийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн ослын улмаас хохирол учруулсан тул тус хохирлоо шаардаж нэхэмжлэл гаргасан байдаг. Хэдийгээр нэхэмжлэгч нь ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг өөрсдийн өмчлөлийн тээврийн хэрэгсэл гэж тайлбарлан шүүхэд хандсан боловч уг ******* улсын дугаарыг тухайн үед нэхэмжлэгч компанийн өмчлөлийн тээврийн хэрэгсэл эзэмшиж байсан эсэх нь эргэлзээгүйгээр тогтоогдоогүй. Тодруулбал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаанд Авто тээврийн үндэсний төвийн www.autobox.mn сайтад хийсэн шүүхийн үзлэгээр ******* улсын дугаарыг ****** ХХК-ийн өмчлөлийн тээврийн хэрэгсэл 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд эзэмшиж байсан нь нотлогддог. Харин Авто тээврийн үндэсний төвөөс ирүүлсэн 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн албан бичигт ******* нь ******* улсын дугаартай ******* маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч гэх агуулга тусгагджээ. Дээрх нотлох баримтууд нь хоорондоо илтэд зөрүүтэй эргэлзээ бүхий нөхцөл байдлыг бий болгож байсан тул хариуцагчийн төлөөлөгчийн зүгээс шүүхэд хандаж зам тээврийн осол гарсан гэх цаг хугацаанд буюу 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр ******* улсын дугаарыг хэний өмчлөлийн ямар тээврийн хэрэгсэл эзэмшиж, ашиглаж байсан болохыг тодруулах хүсэлтийг гаргасан. Гэтэл анхан шатны шүүх дээрх хүсэлтийг хангахаас татгалзаж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба цахим баримт, эд мөрийн баримт эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогддог. Тиймээс шүүхийн үзлэгээр илэрсэн нөхцөл байдал нь нотлох баримтын нэг төрөл болохын хувьд түүнийг бусад нотлох баримттай харьцуулан дүгнэх шаардлагатай тул тодорхой бус байна гэж дүгнэх нь буруу бөгөөд энэ талаарх нөхцөл байдлыг тогтоолгох хариуцагчийн зүгээс гаргасан хүсэлтийг хангахаас татгалзсан нь буруу юм. Иймд хэрэгт авагдсан хоорондоо зөрүүтэй нотлох баримтуудаар зам тээврийн ослын үед хохирсон тээврийн хэрэгсэл нь нэхэмжлэгчийн өмчлөлийнх мөн эсэх нь эргэлзээгүйгээр нотлогдоогүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн өмчлөлийн тээврийн хэрэгсэлд хохирол учруулсан гэж шийдвэрлэсэн нь бүхэлдээ үндэслэлгүй байна.

4.2. Анхан шатны шүүх зам тээврийн ослын талаарх гэм буруугийн асуудлаар хариуцагч маргаагүй гэх дүгнэлтийг хийжээ. Зам тээврийн осолд хариуцагч компанийн ажилтан холбогдон шалгагдаж байсан тул тухайн ослын талаар эрх бүхий албан тушаалтны шийдвэр, шийтгэлийн хуудастай маргах эрх хариуцагчид байхгүй. Харин зам тээврийн осолд холбогдсон жолооч тухайн асуудалд маргасан байж болзошгүй тул зөрчилд шийтгэл ногдуулах тухай шийтгэлийн хуудсыг жолооч ******* хүлээн зөвшөөрсөн үү эсвэл хуульд заасан хугацаанд шүүхэд гомдол гаргасан уу гэдэг нь тодорхойгүй байсан. Цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр эцсийн шийдвэр биш тул хариуцагчийн төлөөлөгч миний бие ******* нь 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн шийтгэлийн хуудаст гомдол гаргасан эсэхийг тодруулах зорилгоор холбогдох шүүхээс нотлох баримт гаргуулах хүсэлтийг гаргасан боловч анхан шатны шүүх мөн адил хангахаас татгалзсан. Ийнхүү анхан шатны шүүх хариуцагч татгалзлын үндэслэлээ нотлох боломжийг хязгаарласан нь хууль бус юм.

4.3. Анхан шатны шүүхээс хариуцагчийг ******* ХХК-ийн тогтоосон үнэлгээгээр хохирол төлөх үүрэгтэй гэж шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 229 дүгээр зүйлийн 229.1-д тус тус хохирлын хэмжээ бодитой байх шаардлагыг үүсгэж байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд үнэлгээний компаниас гаргасан тайлангаас өөр хохирлын хэмжээг тогтоосон баримт байдаггүй ба нэхэмжлэгч зардал гаргаснаа баримтаар нотлоогүй. Тиймээс нэхэмжлэгчид энэ хэмжээний хохирол үнэхээр учирсан уу гэдэг нь эргэлзээтэй байсан тул хариуцагчийн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэгчээс хохирсон гэх тээврийн хэрэгслээ засварлахад зарцуулсан зардлын талаарх баримтыг гаргуулах хүсэлтийг шүүхэд гаргасан. Гэтэл шүүхээс мөн адил хүсэлтийг хангахаас татгалзаж хэргийг шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Хариуцагч талын давж заалдах гомдолд нэхэмжлэгч тал тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад хариуцагч талын гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 70,860,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч гэж маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

 

3.1. Хариуцагч ******* ХХК-ийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч ******* нь 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр ******* аймгийн ******* сум Сийрст 1 дүгээр баг Эрдэнэс таван толгой уурхайн 8.2 километрийн А зогсоолын хатуу хучилттай асфальтан авто замд ******* маркийн, *******улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа ******* ХХК-ийн эзэмшлийн ******* маркийн, ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, хохирол учруулсан;

3.2. ******* аймгийн Цагдаагийн газрын ******* сумын сум дундын цагдаагийн хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны магадлагаар жолооч *******ыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3, 10.5-д заалтыг зөрчсөн гэм буруутай болохыг тогтоож, 100,000 төгрөгийн торгуулийн шийтгэл ногдуулсан;

3.3. Авто тээврийн үндэсний төвөөс ирүүлсэн лавлагаанд ...******* улсын дугаартай, ******* арлын дугаартай, *******маркийн тээврийн хэрэгсэл нь 2023 оны 4 дүгээр сарын 8-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хооронд ******* ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй байсан;

3.4. ******* ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайланд ******* ХХК-ийн өмчлөлийн ******* улсын дугаартай, ******* арлын дугаартай, *******маркийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг 70,860,000 төгрөгөөр тогтоосон;

 

4. Анхан шатны шүүх хариуцагч******* ХХК-аас 70,860,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгосон шийдэл зөв боловч Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт заасныг баримталсан алдаа гаргасныг залруулна.

4.1. Хариуцагч байгууллагын өмчлөлийн тээврийн хэрэгслийг ******* нь жолоодож явахдаа зам тээврийн осол гаргаж, нэхэмжлэгч байгууллагын тээврийн хэрэгсэлд хохирол учруулсан болохыг эрх бүхий байгууллага шалгаж тогтоосон байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутай гэж үзсэн анхан шатны дүгнэлт зөв.

Тодруулбал, хариуцагч байгууллага нь жолооч *******д тээврийн хэрэгслийг жолоодуулахаар томилсон үйл баримтад маргаагүй, хэдийгээр *******ыг тус компанийн ажилтан байсан гэх боловч түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ хэрэгт авагдаагүй тул хариуцагч байгууллага нь өөрөө томилсон буюу тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгсөн этгээдийн буруутай үйлдлийн улмаас бусдад учирсан хохирлыг хариуцан арилгах нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт нийцнэ.

4.2. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, харин тээврийн хэрэгслийн өмчлөгчөөс гэм хорын хохирлыг арилгуулахаар шаардсан байхад анхан шатны шүүх тээврийн хэрэгслийн эзэмшигч буюу *******аас шаардах 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт заасныг баримтласан нь буруу байх тул Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт заасан зохицуулалтыг анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад баримталсан өөрчлөлт оруулна.

 

5. Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

5.1. Анхан шатны шүүхээс www.autobox.mn вэбсайтад хийсэн үзлэгийн тэмдэглэлд ...******* улсын дугаар нь 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ****** ХХК буюу өөр компанийн нэр дээр байсан нөхцөл байдал тогтоогдсоныг эргэлзээгүй баримт гэж үнэлээгүй анхан шатны шүүхийн эрх зүйн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нийцжээ.

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/222 дугаар тушаалаар баталсан Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам-ын 2.2.7-д зааснаар автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын өөрчлөлт, солилт, хадгалалттай холбоотой бүртгэлийг хөтлөх чиг үүрэг нь Автотээврийн үндэсний төвд хамаарч байх тул анхан шатны шүүх Авто тээврийн үндэсний төвийн ирүүлсэн лавлагаанд үндэслэн зам тээврийн осол гарах үед ******* улсын дугаартай, ******* арлын дугаартай, *******маркийн тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч ******* ХХК-ийн өмчлөлд байсан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй, хариуцагчийн ...зам тээврийн осол гарах үед уг тээврийн хэрэгсэл нэхэмжлэгчийн өмчлөлд байсан эсэх нь эргэлзээтэй гэсэн гомдлыг хүлээн авахгүй.

5.2. Анхан шатны шүүх хариуцагчаас гаргасан жолооч ******* түүнд ногдуулсан торгуулийн шийтгэлд маргасан эсэх баримтыг холбогдох байгууллагаас гаргуулах хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан журмыг зөрчөөгүй байна.

Зам тээврийн осолд холбогдсон жолооч ******* хариуцагч ******* ХХК-ийн томилолт, зөвшөөрлийн үндсэн дээр тус компанийн тээврийн хэрэгслийг жолоодож байсан тул зам тээврийн осол, зөрчлийн шийдвэрлэлтийн талаарх баримтыг хариуцагч өөрөө олж авах боломжтой, энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй.

5.3. Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* ХХК-ийн үнэлгээг эс зөвшөөрч үнэлгээ тогтоолгох талаар хүсэлт гаргаагүй тул анхан шатны шүүх хэрэгт цугларсан ******* ХХК-ийн гаргасан үнэлгээг нотлох баримтлан маргааныг шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй. Энэ талаар гаргасан гомдлыг хангахгүй.

 

6. Анхан шатны шүүх иргэдийн төлөөлөгч нь хариуцагчийг гэм буруутай гэсэн дүгнэлтийн шийдвэрт дурдсан нь Шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.7 дахь хэсэгт нийцсэн байна.

 

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 192/ШШ2025/05421 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтын ...499.1... гэснийг ...499.4... гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 512,250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

 

ШҮҮГЧИД Ч.МӨНХЦЭЦЭГ

 

 

Б.УУГАНБАЯР