Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 86

 

Б.М холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн даргалж, шүүгч С.Батдэлгэр, С.Соёмбо-Эрдэнэ, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Буманзаяа, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 19ий өдрийн 18 дугаар шийтгэх тогтоол, Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 28ы өдрийн 12 дугаар магадлалтай, Б.Мхолбогдох 2214002550301 дугаартай хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1987 онд төрсөн, 36 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгэлгүй, М.

Шүүгдэгч Б.Мнь 2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 14-15 цагийн үед Баянхонгор аймгийн хашаанд А.Ч-ын гэрт Б.Т маргалдан, хутгалж эрүүл мэндэд нь зүүн далны доод хэсгээр цээжний хөндийд нэвтэрч, зүсэгдсэн шарх, цээжний хөндийд хий, цус хуралт /50мл/, зүүн уушгины уналт, цээжний шарх гэмтэл хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.М-г зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар шүүгдэгч Б.М-г 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэж,

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Б.М-с 2,824,000 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн даатгалын санд олгож,

Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т зааснаар Б.М-ийн асрамжид байдаг 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин М.С, 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин М.М нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоохыг Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг даргад даалгаж,

Хохирогч Б.Т нь цаашид эмчилгээ хийлгэх болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД 1 ширхэг, рентген зураг 2 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, 1 ширхэг хутгыг устгуулахаар Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газар даалгаж шийдвэрлэсэн байна.

Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.М гаргасан гомдолдоо “... Б.М би уг шийдвэрийг хүлээн аваад гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийн талаар бичиж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан гэж заасны дагуу хянан үзнэ гэдэгт итгэлтэй байсан.

Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл байсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа бөгөөд Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч байна.

Хэргийн бодит байдал: Б.М намайг 2022 оны 6 сарын сүүлээр Т гэх залуу намайг согтоод биеэ авч явах чадваргүй болсон үед намайг зөвшөөрөөгүй байхад дур хүслээ хангасан байсан.

Энэ хэргийг нөхөрт маань хэлнэ гэсэн тул би битгий хэлээрэй гэж гуйсан түүнээс хойш, намайг санхүүгийн дарамтад оруулж дэлгүүрээс дүүгээрээ болон янз бүрийн хүмүүс явуулж бараа авхуулдаг болсон.

Мөн гадуур М эхнэр дэвсгэр миний харцнаас гарахгүй, миний нэрийг хэлээд дуртай юмаа очоод дэлгүүрээс нь аваарай гэх яриаг гадуур тарааж энэ яриаг нөхөр сонсоод гэр бүлийн хэрүүл маргаан гарч гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэх болсон.

Т, М хоёр унагалдай дундаа авсан боловч Т ганцаараа ажиллуулж, М ажиллах гэхэд чи жолооч олоод цалинжуулаад яв өөрийнхөө ажлыг бод би зарлагаа хасаад ашгаа хуваагаад шилжүүлээд явна гэсэн боловч 2 жилийн турш мөнгө өгөөгүй байсан.

Энэ хугацаанд би зээлээр дэлгүүр авч, банкны өртэй байсан тул дан ганц дэлгүүрийн орлогоор банкны зээл төлөх боломжгүй болж М болон би Т-тэй хамтран ажиллая, эсвэл оруулсан мөнгөө авъя гэж удаа дараа хэлсэн. Мөн энэ талаар М Т-тэй уулзаж байсан боловч чиний юм гэж юу ч байхгүй бүгдийг Ммэдэж байгаа гэх доромж байдлаар харьцсан байсан. Энэ бүхнээс болж мөн л хэрүүл болж байсан.

Хэрэг болдог 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өглөө мөн сэрээд М чи Тгөөс унагалдай авчир, янхан минь, чамайг ална хүний дэвсгэр гэх хэлэх хэлэхгүй үгээр доромжлон бөөн хэрүүл болсон. Би 2-6 насны 2 хүүхэдтэй бөгөөд намайг зодох гээд хөөх үед өөрийн 6 настай хүүгээ бариад зугтсан боловч хашаа руу түлхэж унагаан энэ үед 2 настай хүүхдээ М тэвэрсэн байсан бөгөөд зугтаах юм бол энэ энэ хүүхдийг чинь алаад хаячихъя, чи Т-гийн алыг долоогоод хэвтэж бай, хүүхдийг чинь савлаа гээд байхаар нь би зугтаж чадаагүй, энэ үед дэлгүүрийн ажилтан Э гарч ирэн 2 хүүхэд аван орсон тэгээд М намайг Т дээр очъё гээд машинд суулгаад аймгаас 60 км зайд орших Галуут сумын нутаг руу явсан замдаа бид хоёр хэрэлдээд намайг хэлэх хэлэхгүйгээр доромжлон, зодсон, маш хурдтай давхиж би 2 удаа машинаас буух гэж оролдоод чадаагүй ингэж явсаар Т дээр очсон.

Би Тд учирлаж хэлж гуйсан нөхөр маань намайг дарамтлаад байна намайг ямар хэцүү байдалд байгааг мэдэж байгаа биздээ чи М унагалдайг нь өгчих гэж хэлэхэд аав битгий өгөөрэй гэсэн би мэдэхгүй гэсэн энэ үед Т М хандаж танай эхнэр чинь угаасаа манай дүүг гуйдаг, танай эхнэр чинь янхан биздээ янхнаа захирчхаад ирж ярь гэсэн энэ үед Т бас намайг доромжилж янхан гэх мэтээр хэлсэн энэ үед Тгийн доромжилсон харц, хүчиндсэн түүнээс болж удаа дараа дарамталж байсан байдал үг, хамтран амьдрагч М 60 км турш гутаан доромжилсон зэрэг байдлаас болж би “тухайн үед би яахаараа янхан байдаг юм гээд орилоод байсан ямар ч байсан тэр үед эм хүн байж эр хүн гуйдаг янхан байхуу банзал, захын банзал, чамайг зах дээр анддаггүй юм байна лээ гээд байсан тэр үед хэн хэн рүүгээ дайрсан аймшигтай хэрүүл болсон би ямар ч байсан орилоод байсан тэгээд Тгийн биед мэс хүргэсэн байсан.

Миний хувьд Б.Тг хутгалсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа боловч энэ гэмт хэрэг гарахад миний нэр хүндийг гутаан доромжилсон, эрхшээл дарамтад оруулж хүчиндсэн хохирогчийн хууль бус, зүй бус үйлдэл, мөн хамтран амьдрагч М хардалт, гэр бүлийн хүчирхийлэл, намайг гутаан доромжилсон доромж үгээс шалтгаалан сэтгэл санаа хүчтэй цочрон давчдаж тухайн гэмт хэрэг гарсан байсан.

Миний гаргасан “Б.Т намайг хүчиндсэн” талаарх гомдолд прокурорын тогтоолоор 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 92 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.

Би энэ хэргээ хуулийн дагуу үнэн зөв шийдүүлэх хүсэлтэй байгаа бөгөөд 2 хүүхэдтэй эмэгтэй хүний нуруун дээр асар их дарамт шахалт, хүчирхийлэл байсныг давж заалдах шатны шүүхэд илэрхийлсэн боловч анхаараагүйд гомдолтой байна.

Иймд Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоол, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Мөн шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч П.Буманзаяа хэлсэн саналдаа “... анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарсан гэж үзэж байна. Б.М-ийн хувьд давж заалдах шатны шүүхээс Б.Тд хүчиндүүлсэн гэх асуудлыг ярьж эхэлсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг буруу хэрэглэсэн. Анхан шатны шүүх хуралдааны өмнө 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан байдаг бөгөөд Б.М давж заалдах гомдолдоо нэхэмжилж байгаа бүх мөнгөн дүн 3,080,000 төгрөгийг дэлгүүрийн өр болох 3,600,000 төгрөгөөр хаах, Б.Т-н эсрэг ямар нэгэн мэдүүлэг өгөхгүй байхыг шаардаж эвлэрлийн гэрээг байгуулсан тухай бичсэн байгаа. Б.М нь гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөлийн талаар Б.Т-д хүчиндүүлснийг нөхөр нь мэдсэнээр 60 километрийн гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, ямар үйлдэл хийж буйгаа мэдэхгүй, сэтгэл санаа маш их цочрон давчидсан байсан тухайгаа давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо бичсэн байдаг. Мөн мөрдөн байцаалтын шатанд Б.М-ийн сэтгэцийн байдлыг тогтоогоогүй. Түүнчлэн Б.М хоёр удаа амиа хорлох оролдлого хийсэн тухай хэлсэн байдаг. Дээрх байдалд давж заалдах шатны шүүх ямар нэгэн дүгнэлт хийгээгүй. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. Мөн Б.М, Б.Т нарын хооронд байгуулагдсан нэхэмжилж буй 3,080,000 төгрөгийг дэлгүүрийн өр болох 3,600,000 төгрөгөөр дүйцүүлсэн тухай эвлэрлийн гэрээ огт хэлэлцэлгүй Б.М-гаас 2,824,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн байна гэв.

 Прокурор О.Сарангэрэл шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... шүүгдэгч Б.Мнь энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Б.Т“унагалдай” тээврийн хэрэгслийн талаар маргаантай байсны улмаас маргалдаж хохирогч Б.Тг хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхдээ сэтгэл хямарсан, хамтран амьдрагчийн дарамт нөлөөлсөн тухай гомдол гаргасан. Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан нотлох баримтууд болох хохирогч Б.Т, гэрч А.Ч, Б.Т нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр хохирогчид учирсан хүнд гэмтэл нь шүүгдэгч Б.М-гийн үйлдэлтэй шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон. Шүүгдэгч Б.Мнь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэм бурууд маргадаггүй бөгөөд гомдолд дурдагдсан асуудлууд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. Анхан шатны шүүх хуралдаанаас өмнө хийгдсэн эвлэрлийн гэрээ хэрэгт авагдсан байгаа. Харин хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн прокурорын тогтоол хэрэгт авагдаагүй, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдээгүй. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн прокурорын тогтоолоор Б.Мнь Б.Тд хүчиндүүлсэн үйл баримт тогтоогдсон гэсэн асуудал биш юм. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг зөв тогтоож, шүүгдэгчид хуульд заасан төрөл хэмжээний дотор ял оногдуулсан. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн Б.Мхолбогдох хэргийг Эрүүгийн эрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасан эрх хэмжээний хүрээнд хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх, шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Шүүгдэгч Б.Мнь 2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 14-15 цагийн үед Баянхонгор аймгийн Галуут сумын 2 дугаар багт байрлах блокийн үйлдвэрийн хашаан байрлах А.Ч-ын гэрт Б.Тмаргалдан, хутгалж эрүүл мэндэд нь зүүн далны доод хэсгээр цээжний хөндийд нэвтэрч, зүсэгдсэн шарх, цээжний хөндийд хий, цус хуралт /50мл/, зүүн уушгины уналт, цээжний шарх бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн болон анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудаар эргэлзээгүй, хөдөлбөргүй нотлогдсон талаарх хоёр шатны шүүхийн хууль зүйн дүгнэлт үндэслэл бүхий болсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны журмаар хэргийг хянан хэлэлцсэн шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Мнь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан гэмт хэрэг нь ялын сонгох төрөлгүй буюу таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан тул шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хэм хэмжээг баримтлан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж, тухайн хэрэгт оногдуулж болох хорих ялын доод хэмжээнээс хөнгөрүүлэн тогтоож 3 жил 4 сар хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг буруутган дүгнэх, өөрчлөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.

Хяналтын шатны шүүхэд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалаар тогтоогдоогүй буюу үгүйсгэгдсэн үйл баримтыг тогтоох, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрх хэмжээ хуулиар олгогдоогүй бөгөөд шүүгдэгч Б.М-гийн хяналтын шатны шүүхэд гаргасан “... Б.Тг хутгалсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа боловч энэ гэмт хэрэг гарахад миний нэр хүндийг гутаан доромжилсон, эрхшээл дарамтад оруулж хүчиндсэн, хохирогчийн зүй бус үйлдэл, мөн хамтран амьдрагч Ц.М-гийн хардалт, гэр бүлийн хүчирхийлэл, намайг гутаан доромжилсон үгээс шалтгаалан сэтгэл санаа хүчтэй цочрон давчдаж тухайн гэмт хэрэг гарсан” гэсэн гомдлоор хоёр шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Б.Мнь “Б.Т намайг хүчиндсэн” гэх агуулгатай гомдол гаргаж прокурорын тогтоолоор 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 92 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна” гэж гомдолдоо дурдсан байх тул тухайн хэрэг бүртгэлтийн хэргийг эцэслэн шийдвэрлэсний дараа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.2 дугаар зүйлд заасан журмын дагуу холбогдох албан тушаалтанд хүсэлт гаргаж, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг сэргээн шалгуулах боломжтойг дурдах нь зүйтэй.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж шүүгдэгч Б.М-гийн хяналтын шатны шүүхэд гаргасан “... шийтгэх тогтоол, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэсэн агуулга бүхий гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 19ий өдрийн 18 дугаар шийтгэх тогтоол, Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 28ы өдрийн 12 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Б.М-гийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

ДАРГАЛАГЧ                                                  Б.БАТЦЭРЭН

ШҮҮГЧ                                                           С.БАТДЭЛГЭР

                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ 

                                                                        Ч.ХОСБАЯР

                                                                         Б.ЦОГТ