Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2020/0230

 

П.Я-ийн нэхэмжлэлтэй захиргааны

хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 137 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор, П.Я-ийн нэхэмжлэлтэй, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 137 дугаар шийдвэрээр: “Орон сууц хувьчлах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан “Засгийн газрын 2003 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 82 дугаар “Орон сууц хувьчлах тухай” тогтоолыг биелүүлж миний эзэмшиж буй орон сууцыг надад хувьчлахыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт даалгах” нэхэмжлэгч П.Я-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Б давж заалдах гомдолдоо: “...Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг, Утзын байгууллагын зүгээс П.Я-д таны эзэмшиж буй орон сууцыг танд “...манай байгууллагын орон сууц хувьчлах тухай комиссын хурлын шийдвэр, тушаал, тэмдэглэл, учир шалтгаан зэргийг тодорхойлон тогтоосон” гэх зүйл албан ёсны баримт үзүүлдэггүй юм. Үүнийг мөн хариуцагч талаас шалгаж, шийдвэрлэсэн албан ёсны баримт байхгүй, энэ талаар хүний эрх зөрчигдөж байгаа байдал зэрэгт ямар нэг арга хэмжээ дүгнэлт гараагүй байдаг юм. Иймээс үүнтэй холбоотой баримт материалыг гаргуулахыг хүссэн боловч анхан шатны шүүх хүсэлтийг хүлээн аваагүй зөвхөн хариуцагч, гуравдагч этгээд нарын тайлбарт үндэслэн хэрэг шийдвэрлэсэн нь хэргийг бодит нөхцөл байдалд бүрэн үндэслэлтэй дүгнэлт тайлбар хийгээгүй хэрэг шийдвэрлэсэн болно. Мөн шүүх нэгэнт тогтоогдсон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа тул дахин нотлохгүй гэж үзсэн мөртлөө мөн Улсын Дээд шүүхээр тогтоогдсон П.Я-ийг нүүлгэн гаргах тал дэр хийсэн дүгнэлтийг авч дүгнэсэнгүй. Энэ шалтгаан нөхцөл нь хэний буруутай үйл ажиллагаанаас болсон, ямар хүчин зүйл нөлөөлсөн гэх зэрэг нөхцөл байдалд огт дүгнэлт хийгээгүй юм. Энэ нь хэргийг буруу шийдвэрлэхэд хүргэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч П.Я-ээс Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт холбогдуулан “.... орон сууцыг өөрт нь хувьчлах шийдвэр” гаргахаас үндэслэлгүйгээр татгалзсан гэж марган, “Засгийн газрын 2003 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 82 дугаар “Орон сууц хувьчлах тухай” тогтоолыг биелүүлж, эзэмшиж буй орон сууцыг өөрт нь хувьчлахыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, хариуцагчаас “...П.Я нь “Утз” ХНН-д ажилладаггүй, тухайн нийгэмлэгтэй орон сууц эзэмших гэрээ болон орон сууц хөлслөх гэрээ байгуулаагүй, шүүхээс түүнийг орон сууцны эзэмшигч биш болохыг тогтоосон, орон сууц хувьчлах эрхтэй этгээд биш” гэж тайлбарлан маргажээ.

Анхан шатны шүүхээс тухайн маргаанд хэрэглэгдэх Орон сууц хувьчлах тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь дараах үндэслэлээр хуульд нийцсэн байна.

Орон сууц хувьчлах тухай хуулийн 3 дугаар зүйлийн  2-т "орон сууц хувьчлах" гэж төрийн өмчийн нийтийн зориулалттай орон сууцны байшингийн сууцыг түүнийг хууль ёсоор эзэмшиж байгаа сууц эзэмшигчдийн өмчлөлд шилжүүлэхийг, мөн зүйлийн 5-д "сууц эзэмшигч" гэж нийтийн зориулалттай орон сууцны байшингийн сууцыг сууц эзэмших эрхийн бичиг /ордер/ , орон сууц хөлслөх гэрээний үндсэн дээр эзэмшиж байгаа иргэн, түүний гэр бүлийн гишүүдийг ойлгохоор заасан байх ба орон сууцыг сууц эзэмших эрхийн бичиг /ордер/-ийн үндсэн дээр орон сууц хөлслөх гэрээгээр эзэмшиж байгаа Монгол Улсын иргэн, түүний гэр бүлийн гишүүд тухайн сууцыг хувьчлан авах эрх үүснэ гэж мөн хуулийн 7 дугаар зүйлийн 1-д зохицуулсан байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Утз-ын Зорчигч тээврийн албаны харьяа Нийтийн хоолны төвийн даргын 1997 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 133 дугаар тушаалаар нэхэмжлэгч П.Я-ийг 1997 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөр худалдагчийн үүрэгт ажлаас чөлөөлснийг Баянгол дүүргийн иргэний хэргийн шүүхийн 1997 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1660 дугаар шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн байх боловч уг шүүхийн шийдвэрийг Баянгол дүүргийн шүүхийн 2003 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 133 дугаар тогтоолоор шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байна.

Гэвч шүүхээс энэ хэргийг эцэслэн шийдвэрлээгүй, гуравдагч этгээд “Утз” ХНН-ээс П.Я-ийг ажилд эгүүлэн томилоогүй, үүнээс хойш нэхэмжлэгч тус байгууллагад ямар нэг ажил эрхлээгүй байх боловч “Утз” нийгэмлэгийн Худалдааны баазад нярваар 1987 оны 04 дүгээр сарын 10-нд ажиллаж байхад нь түүнд эзэмшүүлсэн Төмөр замын 52 дугаар байрны 3-59 тоотыг сүүлд .... орон сууцаар сольж, уг орон сууцанд одоог хүртэл тасралтгүй амьдарч байгаа болох нь тогтоогдсон байна.

Энэ нь Утзын хэрэг эрхлэх газрын даргын 1993 оны А/97 дугаар тушаалаар батлагдсан Хувь нийлүүлсэн “Утз” нийгэмлэгийн орон сууцны дүрмийн 2 дахь хэсэгт “Төмөр замын орон сууцны сан нь хувь нийлүүлсэн Утз нийгэмлэгийн мэдэлд байна”, 3 дахь хэсэгт “Орон сууцны сан нь Утзын хэрэг эрхлэх газар, түүний харьяа бүх үйлдвэр, албан газар, аж ахуй, соёлын болон төмөр замын олон нийтийн байгууллагуудад ажиллагсдыг орон сууцаар хангахад зориулагдана. Утзд ажиллагсад нь энэхүү зүйлд заагдсан байгууллагуудад ажиллаж байгаа хугацаандаа төмөр замын орон сууц эзэмших эрхээр хангагдана” гэж заасантай нийцэхгүй хэмээн гуравдагч этгээдээс маргаж, П.Я-ийг .... орон сууцаас нүүлгэн гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, Монгол Улсын Дээд шүүхийн 1999 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 171 дүгээр тогтоолоор нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Үүнээс үзвэл, нэхэмжлэгч П.Я нь маргаан бүхий орон сууцыг хууль ёсны зөвшөөрөлтэйгөөр эзэмшдэггүй буюу “Утз” ХНН-ээс түүнийг орон сууцанд амьдрахыг зөвшөөрдөггүй, тухайн байгууллагад ажилладаггүй, орон сууцыг хөлслөх гэрээ байгуулаагүй, эзэмших эрхийн гэрчилгээгүй болох нь тогтоогдож байх бөгөөд мөн Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 2078 дугаар шийдвэрээр П.Я-ийг дээрх орон сууцны эзэмшигчээр тогтоолгох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, өөрөөр хэлбэл П.Я нь Орон сууц хувьчлах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1-д заасан орон сууц хувьчлан авах эрх үүсээгүй, хууль ёсны сууц эзэмшигч этгээд биш байна.

Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 82 дугаар тогтоолоор Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Утз” нийгэмлэгийн орон сууцыг сууц эзэмшигчдэд нь үнэ төлбөргүй, үе шаттайгаар хувьчлах нь зүйтэй гэж үзээд тухайн нийгэмлэгт ашиглагдаж буй 920 сууцыг сууц эзэмшигчдэд нь хувьчлахыг Төрийн өмчийн хороонд даалгасан байна.

Дээр дурдсанаар нэгэнт нэхэмжлэгч П.Я нь Орон сууц хувьчлах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 5-д заасан сууц эзэмшигч биш, Засгийн газрын уг тогтоолд заасан “сууц эзэмшигчдэд нь хувьчлах” шаардлагыг хангахгүй байхад Төрийн өмчийн хорооноос .... орон сууцыг түүнд хувьчлахаас татгалзсан нь хууль ёсны бөгөөд Орон сууц хувьчлах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2-т заасантай нийцсэн талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлтийг хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “ ...шийдвэрийг хүчингүй болгуулах” давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй бөгөөд хэрэгт маргааны үйл баримтыг дүгнэхэд шаардлагатай нотлох баримт хангалттай авагдсан байх тул нотлох баримт цуглуулуулах талаарх гомдлыг мөн хүлээн авах боломжгүй.

“...Улсын Дээд шүүхээр тогтоогдсон П.Я-ийг нүүлгэн гаргах тал дээр хийсэн дүгнэлтийг авч дүгнэсэнгүй” гэх гомдлын тухайд, Монгол Улсын Дээд шүүхийн 1999 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 171 дүгээр тогтоолоор маргаан бүхий орон сууцыг нэхэмжлэгч П.Я нь хууль бусаар эзэмшилдээ авсан гэж үзэхгүй гэж дүгнэснээс тухайн орон сууцыг эзэмших эрхтэй болохыг тогтоож шийдвэрлээгүй төдийгүй Орон сууц хувьчлах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3-т “Төрийн өмчит хуулийн этгээдийн эзэмшилд байгаа орон сууцыг энэ хуулийн дагуу хувьчлах тухай шийдвэрийг Засгийн газар гаргах бөгөөд ийнхүү шийдвэрлэхдээ тухайн хуулийн этгээдийн саналыг харгалзан үзнэ” гэж заасан тул “Утз” ХНН-ээс түүнд орон сууцыг эзэмшүүлэхээс татгалзаж байгаа энэ тохиолдолд тус гомдлыг хангах үндэслэлгүй.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 137 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

             

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                             Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                             Г.БИЛГҮҮН