Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 00024

 

                                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Ууганцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Р.Цэдэвийн нэхэмжлэлтэй

            Хариуцагч: Орхон аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт холбогдох “Орхон аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Б/25 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай 119/2017/0021/з/ дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.Цэдэв, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнхтуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганзориг, хариуцагч Ж.Бат-Өлзий, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оюунбилэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Р.Цэдэв шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэлийн бодлогын асуудал нь Засгийн газар солигдохоос өмнө аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтэст /хуучин нэрээр/ харъяалагдаж байсан. Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар Засгийн газрын бүтэц өөрчлөгдөж жижиг дунд үйлдвэр, хоршооны хөгжлийн асуудал нь Хүнс, хөдөө аж ахуйн газарт шилжин, жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажилласан болно. 2016 оны ажлаа хангалттай сайн үнэлгээгээр үнэлүүлж 2017 онд Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргатай үр дүнгийн гэрээ байгуулан ажилласан. Гэтэл 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Б/25 дугаартай Хүнс, хөдөө аж ахуй газрын даргын тушаалаар төрийн үйлчилгээний албан тушаалд шилжүүлэн ажиллуулна гэж ажлаас чөлөөлсөн бөгөөд 2017 оны 04 дүгээр сарын 19-ний лхагва гаригийн өглөө Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Ж.Бат-Өлзий өрөөндөө дуудаад ажлаа өг гэдэг мэдээг гэнэт дуулгасан. Учир шалтгаанаа тайлбарлахдаа Орхон аймгийн Монгол Ардын намын тэргүүлэгчдийн хурлаас ийм шийдвэр гарсан. Чиний хувьд ажилдаа алдаа гаргаагүй, асуудал үүсгээгүй мөрөөрөө л ажлаа хийж байгаа. Төрийн үйлчилгээний албан тушаалд шилжүүлнэ. Тэгэхээр хүсэлтээ өг намын бодлого шийдвэр явж байгаа гэсэн бөгөөд миний бие төрийн захиргааны албан тушаалаас үйлчилгээний албан тушаалд шилжин ажиллах хүсэлгүй байгааг хэлсэн. Үүнээс хойш дахин дуудаж хэрэв эс зөвшөөрвөл халагдах тушаалыг чинь гаргана, хэрэв чи эндээс явахгүй бол миний ажил дэмжигдэхгүй, цааш явахгүй л байх даа. Тэр ч битгий хэл Д.Батлут байхад би энэ ажлыг хийх л болно. Нам байгаа цагт шүүх юу юм гэх мэтчилэн бардамнаж хууль, шүүхийн байгууллагыг дорд үзэн, төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаараа далайлган сүрдүүлж өдөр алгасахгүй дарамт шахалт үзүүлж байгаа нь аймгийн хэд хэдэн томоохон салбарт багтсан газрыг удирдаж байгаа төрийн удирдах албан тушаалтны ёс зүйд нийцэхгүй асуудал гаргаж байсан. Намайг төрийн албанд ажиллах хугацаандаа ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүйг хамт ажиллаж байсан хүмүүс бүгд мэднэ. Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын хувьд ч алдаа дутагдал гаргаагүй, шалтгаан байхгүй, үндэслэлгүй гэдгийг газрын дотоод аудит, хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Баасансүрэнг байхад хэлж байсан хэрнээ хууль бус үйлдэл хийж байгаа нь харамсалтай байна. Миний бие одоо ажилгүй байгаа бөгөөд төрийн албаны салбар зөвлөлөөс өргөдөл шийдвэрлэх хугацааг 30 хоногоор сунгасан тухай мэдэгдсэн бөгөөд одоо болтол хариу албан тоот ирүүлээгүй байгаа болно. Миний хувьд улсад 26 жил ажилласан бөгөөд үүнээс төрийн албанд 13 жил ажиллаж, төрийн жинхэнэ албан хаагчаар тангараг өргөж 5 жил үр дүнгийн гэрээгээ хангалттай дүгнүүлж ажиллаж ирсэн байтал ийнхүү хууль бусаар төрийн албанаас чөлөөлөгдсөнийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймээс Орхон аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Б/25 дугаартай тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлээ дэмжиж байна”

“Миний бие нь үйлчилгээний албан тушаалд шилжиж ажиллах талаар ямар нэгэн хүсэлт гаргаагүй. Газрын даргын зүгээс надад ийм санал тавьсан. Энэ зүйлийн талаар гэнэт хэлсэн учраас надад хүнд туссан. Намайг дуудаад чи хүсэлтээ өг гэж хэлсэн. Би хүсэлт өгөх шаардлага байхгүй, хүсэлт өгөхгүй гэхэд чиний тушаалыг чинь өөр байдлаар гаргачихна шүү, чи Боловсрол соёл, урлагийн газрын дарга Ж.Бат-Амгалан гэдэг хүнтэй уулз гэж тулган шаардсан. Тэгээд Ж.Бат-Амгалан даргатай уулзахад дээрээс дарга нар надад ийм үүрэг өгсөн. Ийм ажлын байр гарга гэж хэлсэн. Зүгээр л ажлынхаа талаар ярилцсан. Тэгээд гараад явахад нарийн бичиг нь манай дарга ярилцсан гээд гарын үсэг зур гэхээр нь зурсан. Түүнээс тэр ажилд орно гэж зөвшөөрсөн зүйл байгаагүй” гэв.

  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Орхон аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Б/25 дугаартай тушаал хүчин төгөлдөр эсэх тал дээр тайлбар хэлье. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  33 дугаар зүйлийн 33.5, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх заалтыг үндэслэн тушаал гаргасан.  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  33 дугаар зүйлийн 33.5-д заасан зүйл заалттай маргахгүй байна. Яагаад гэхээр эрх хэмжээнийхээ дагуу тушаалаа гаргасан. Харин Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх заалтыг үндэслэн төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдон ажиллах болсон тул Жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан мэргэжилтэн Р.Цэдэвийг 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс төрийн албанаас чөлөөлсөн. Захиргааны байгууллагаас сөрөг үйлчлэл бүхий захиргааны акт гаргасан тохиолдолд Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу оролцогчийг сонсох, нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримтыг цуглуулах, мэдэгдэх гэхчилэн нарийн дараалалтай, үйл явцын үргэлжилсэн шинжтэй ажиллагаануудыг авч хэрэгжүүлэх байсан. Уг шийдвэрийг яагаад гаргах болсон нөхцөл байдлыг тогтоож, холбогдох нотлох баримтыг цуглуулан захиргааны шийдвэрийн хувийн хэрэг хөтөлсөн зүйл байхгүй бөгөөд захиргааны байгууллага нотлох үүргээ биелүүлээгүй байна. Хариуцагч байгууллага Захиргааны ерөнхий хуулийн 26-р зүйлийн 26.1-д “Захиргааны актыг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, хуулийн 27-р зүйлийн 27.2-т “ Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд хүргүүлнэ” гэж зааснаар захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд нэхэмжлэгчийн оролцох эрхийг хангаагүй, нэхэмжлэгчид нөхцөл байдлын талаар тайлбар болон санал гаргах боломж олгох, сонсох ажиллагааг явуулаагүй, энэ тухай мэдэгдлийг хүргүүлээгүй байна. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “хуульд үндэслэх”, 4.2.6-д заасан “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах” гэсэн зарчимтай нийцээгүй байна. Хариуцагч байгууллагаас 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр ирүүлсэн тайлбарт “Р.Цэдэвийн ажлын үзүүлэлт, төрийн албан хаагчийн ёс зүйг үндэслэн аймгийн удирдлагуудтай зөвшилцсөний үндсэн дээр төрийн үйлчилгээний албан тушаалд шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн. 20 дугаар цэцэрлэг, Насан туршийн боловсрол төвийн нягтлан бодогчоор ажиллахыг зөвшөөрөн тохиролцож тэмдэглэлд гарын үсэг зуруулснаар сонсгосон” гэх боловч 2017 оны 04 дүгээр сарын 19-ний лхагва гарагийн өглөө Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Ж.Бат-Өлзий нь Р.Цэдэвийг өрөөндөө дуудаад ажлаа өг гэдэг мэдээг гэнэт дуулгасан. Р.Цэдэв энэ талаар хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаараа хэлсэн.  2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр ажлаас чөлөөлөх тушаал, ажил хүлээлцэх комисс томилсон тушаал гаргасан байна. Бодит байдал дээр Орхон аймгийн 20 дугаар цэцэрлэг, Орхон аймгийн Насан туршийн боловсрол олгох төвийн тодорхойлолтуудаар Р.Цэдэв нь нягтлан бодогчоор ажилладаггүй болох нь тогтоогдож байна. Тиймээс Захиргааны ерөнхий хууль зөрчсөн тушаал гаргасан. Мөн Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн. Р.Цэдэвийг ажлаас чөлөөлөхдөө Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т зааснаар “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээг үндэслэн албан тушаал дэвшүүлэх, зохих шатны сургалтад хамруулах, цол, зэрэг дэв олгох, цалин хөлсийг өөрчлөх, шагнаж урамшуулах, албан тушаал бууруулах асуудлыг шийдвэрлэнэ” гэсэн зохицуулалттай байхад бүрэн эрхээ хэтрүүлсэн буюу хуульд заасан үндэслэлээс гадуур төрийн албан хаагчийг төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдон ажиллах болсон гэж Төрийн албаны тухай хуулийн 23.4-т зааснаар төрийн жинхэнэ албанаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасан “төрийн албанаас халагдахгүй байх”, 27.2.2-т заасан “төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь өөрчлөх үндэслэл болохгүй байх” зэрэг төрийн албан хаагчид хуулиар олгосон баталгааг зөрчсөн байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт зааснаар захиргааны акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдож байх тул маргаан бүхий актыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганзориг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч Р.Цэдэвийг төрийн албанаас чөлөөлөх үндэслэлээ өөр албан тушаалд томилогдсонтой холбогдуулан гаргасан гэж тайлбарлаж байгаа. Энэ нь бодит байдал дээр худлаа гэдэг нь Насан туршийн боловсрол олгох төв, 20 дугаар цэцэрлэгээс ирүүлсэн тус байгууллагуудад ажилладаггүй гэсэн албан бичгээр тогтоогдож байна. ...Хэрвээ нэхэмжлэгч өөр ажилд томилогдсон, өөр ажилд орсон байсан бол өнөөдөр шүүхэд нэхэмжлэл гаргахгүй байсан. Р.Цэдэвийг төрийн жинхэнэ албан хаагчаас үйлчилгээний албан тушаалд шилжүүлсэн талаар хариуцагч өөрөө хурал дээр хэлсэн. Тиймээс энэ нь төрийн албан хаагчийн баталгааг алдагдуулж байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.12-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй байна. Мөн цалингийн хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан цалин гаргуулах нь зүйтэй байна” гэв.

            Хариуцагч Орхон аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Ж.Бат-Өлзий шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Р.Цэдэв нь 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд Хүнс, хөдөө аж ахуйн газарт Жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан. Р.Цэдэвийн ажлын үзүүлэлт, төрийн албан хаагчийн ёс зүйг үндэслэн аймгийн удирдлагуудтай зөвшилцсөний үндсэн дээр төрийн үйлчилгээний албан тушаалд шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн. Р.Цэдэв нь 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Хүнс, хөдөө аж ахуйн газрын мэргэжилтний ажлаас чөлөөлөгдөж, Боловсрол, соёл урлагийн газрын дарга Ж.Бат-Амгалан, Насан туршийн боловсрол төвийн захирал Н.Мөнхтуяа нартай уулзаж, ажлын байртайгаа танилцаж, 20 дугаар цэцэрлэг, Насан туршийн боловсрол олгох төвийн нягтлан бодогчоор /ТҮ-8 зэрэглэл/ ажиллахыг зөвшөөрөн тохиролцож, гарын үсэг зурсан байдаг. Р.Цэдэв нь тухайн ажлын байрны саналыг хүлээн зөвшөөрөхгүйгээр өөрийн ажил үүргийг гүйцэтгэх эрх нь нээлттэй байсан бөгөөд Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын зүгээс төрийн захиргааны албан хаагчаас чөлөөлөх тухай ямар нэгэн дарамт шахалт үзүүлээгүй болно. Энэ тухай Р.Цэдэвт 2017 оны 04 дүгээр сарын 17, 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрүүдэд өөрт нь сонсгож, мэдэгдсэн болно. Иймд Р.Цэдэв нь төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдон ажиллах болсон тул 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс төрийн албанаас чөлөөлөх тухай Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын Б/25 дугаар тушаал гарсан болно”

“Р.Цэдэв нь шинэ Засгийн газар байгуулагдсантай холбоотойгоор бүтэц өөрчлөгдөж манайд 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 16 дугаартай тушаалаар жижиг дунд үйлдвэрлэлийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ТЗ-5-1 дүгээр ангиллаар 509 948 төгрөгийн цалинтайгаар томилогдож байсан. Р.Цэдэв нь намын ажил болон төрийн ажлыг хольж яриад байна. Р.Цэдэвт энэ бол намын шийдвэр гэж ярьсан зүйл байхгүй. Р.Цэдэв надад олон хүсэлтүүд тавьж байсан. Р.Цэдэв нь “Би цалингийн шатлалаа ахиулах хүсэлттэй байна” гэсэн. Тэгээд би цалингийн шатлалыг нь нэмнэ гэж хэлээд үр дүнгийн гэрээг нь 84 хувьтай дүгнэсэн. Тэгэхэд Р.Цэдэв би 84 хувьтай ажилладаг хүн биш, би хүлээн зөвшөөрөхгүй гээд үр дүнг дүгнэсэн хуудас дээр гарын үсэг зураагүй. Засгийн газар, Хөдөө аж ахуйн сайдаас ямар нэгэн байдлаар цалингийн шатлал нэмэхгүй, төрийн албан хаагчийн нэмэгдэл нэмэхгүй, хэмнэлтийн горимд орж ажилла гэж чиглэл үүрэг өгсөн. Тэгсэн хэдий ч би Р.Цэдэвийн цалинг ТЗ-5-1 байсныг ТЗ-5-3 болгож шатлалыг нэмсэн. Р.Цэдэвийг яагаад шилжиж ажилла гэдэг саналыг тавьсан гэхээр Р.Цэдэв удаа дараа надад ёс зүйгүй саналууд тавьж байсан. Юу гэхээр ажилд анх орж ирээд 4 сар болж байгаад “Би албаны дарга болно” гэж орж ирсэн. Тэгэхээр нь “Би чиний цалингийн шатлалыг чинь нэмсэн одоо албаны дарга болгож чадахгүй” гэж хэлсэн. Мөн шинэ жилээр бүх байгууллагууд таксины мөнгөө хувиасаа гаргаж шинэ жил тэмдэглэж байхад чи надад “та наадахаа байгууллагаасаа зохицуулаач, иймхэн зүйл зохицуулж чадахгүй байгууллага гэж байдаг юм уу?” гэж ярьж байсан. Би бүх хүний нүдэн дээр бүх юм шилэн дансан дээр байгаа. Би үүнийг яаж зохицуулах вэ? гээд асууж байсан. Тэгэхэд “та зохицуулаач, болдог шүү дээ” гэж хэлж байсан. Р.Цэдэвийн ажлын байрны тодорхойлолтод жижиг, дунд үйлдвэрлэлийн зээлтэй холбоотой асуудлыг хариуцаж ажиллахаар заасан. Би эхлээд Р.Цэдэвт их итгэж байсан. Сүүлдээ энэ хүн зээл хүсэж байгаа иргэдээс зөв сонголт хийгээд зээлийг олгож чадах эсэх дээр эргэлзээ төрсөн. Монгол Ардын намын шийдвэр гэж яриад байна. Би ярихдаа 2016 оны сонгуулийн үр дүнд Монгол Ардын нам ялсан юм байна. Тэгэхээр аймгийн Засаг дарга Д.Батлут гэдэг хүн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхээр жижиг дунд үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн чиглэлээр нилээн олон ажил мөрийн хөтөлбөртөө тусгасан байна. Энэ ажлыг мэдээж Хүнс, хөдөө аж ахуй газар хариуцна. Хүнс, хөдөө аж ахуйн газар хийхийн тулд надад сайн туршлагатай, баг болж ажиллах чадвартай мэргэжилтэн хэрэгтэй. Би чамайг удаа дараа ийм зүйл хэлж байсан учраас энэ саналыг тавьж байна. Албан бус боловсролын төв, давхар 20 дугаар цэцэрлэгийн нягтлангаар ажиллаж, дээрээс нь төрийн үйлчилгээний 8 дугаар шатлалаар цалинжих юм байна гэдэг саналыг Засаг даргын Тамгын газрын удирдлагуудтай зөвшилцсөний дараа танд энэ саналыг хүргүүлсэн. Төрийн жинхэнэ албан хаагчийг Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д зааснаар үйлчилгээний албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно. Р.Цэдэв нь өөрөө Боловсрол соёл, урлагийн газар очиж уулзсан. Боловсрол соёл, урлагийн газрын дарга 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 20 дугаар цэцэрлэг, Насан туршийн боловсрол олгох төвийн нягтлан бодогчоор ажиллахаар тохиролцсон. Танай Р.Цэдэв манайд ажиллахаар болоод гарын үсгээ зураад явсан гэсэн. Тэгээд би үүнийг нь үндэслээд тушаал гаргасан. Цалингийн хувьд буураагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

Хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

             Нэхэмжлэгч Р.Цэдэвээс “Орхон аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Б/25 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”-ийг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.  

Шүүхээс нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хүрээнд хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын тайлбар, холбогдох хуулийн заалтуудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Р.Цэдэв нь Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/16 дугаартай “Ажилд шилжүүлэн ажиллуулж, ажилд томилох тухай” тушаал, 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/06 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалуудаар тус газрын “Жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан мэргэжилтэн”-ий албан тушаалд томилогдон ажиллаж байсан байна.

Орхон аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаал нь “дэс түшмэл” ангилал, “ТЗ-5” зэрэглэлийн төрийн жинхэнэ албан тушаалын ангилал зэрэглэлд  хамаарах бөгөөд  Р.Цэдэв нь төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч байх тул түүний эрх зүйн байдлыг Төрийн албаны тухай хууль болон энэ хуульд нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаар тогтоох үндэслэлтэй байна.

Орхон аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Б/25 дугаартай “Р.Цэдэвийг төрийн албанаас чөлөөлөх...тухай” тушаалаар тус газрын Жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан мэргэжилтэн Р.Цэдэв нь төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдон ажиллах болсон гэдэг үндэслэлээр түүнийг төрийн албанаас чөлөөлжээ.

Орхон аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Ж.Бат-Өлзий нь Р.Цэдэвийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлөхдөө Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх заалтыг буруу хэрэгжүүлсэн байна гэж үзлээ.

Төрийн захиргааны албан хаагч болох Р.Цэдэв нь төрийн үйлчилгээний албан тушаалд шилжин ажиллах болсон талаар Хүнс, хөдөө аж ахуйн газарт хүсэлт гаргаагүй, төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдсон ямар нэгэн шийдвэр гараагүй байхад түүнийг төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдох болсон гэж үзэж, төрийн жинхэнэ албанаас чөлөөлсөн нь төрийн жинхэнэ албан хаагчийг үндэслэлгүйгээр төрийн албанаас чөлөөлсөн үйлдэл болжээ.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбарлаж байгаагаар Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Ж.Бат-Өлзий нь Р.Цэдэвийг төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдон ажиллах талаарх саналыг гаргасан нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заалтыг зөрчжээ.

Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т “Төрийн жинхэнэ албан хаагч ...төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдон ажиллах болсон...бол төрийн жинхэнэ албанаас чөлөөлнө” гэсэн заалтыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачлагаар төрийн жинхэнэ албан тушаалаас чөлөөлөхдөө түүнийг төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдон ажиллах болсныг тогтоох шаардлагатай бөгөөд энэ талаар төрийн үйлчилгээний албан тушаалд томилсон эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан, эсхүл төрийн албан хаагч энэ үндэслэлээр төрийн жинхэнэ албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан байх зэргийг ойлгох нь зүйтэй байна.

Гэтэл Р.Цэдэв нь төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдох болсон үндэслэлээр төрийн жинхэнэ албанаас чөлөөлөгдөх талаар ямар нэгэн хүсэлт гаргаагүй, төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдсон талаар зохих байгууллагын шийдвэр гараагүй болох нь тогтоогдож байх тул түүнийг энэ үндэслэлээр төрийн жинхэнэ албанаас чөлөөлсөн нь Төрийн албаны тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 /Төрийн албан хаагч...түүнийг чөлөөлөх...зэрэг асуудлаар хууль тогтоомж, стандарт зөрчих...-ыг хориглоно/ дэх заалтыг зөрчжээ.

Хариуцагчаас “Р.Цэдэв нь Насан туршийн боловсрол олгох төв, 20 дугаар цэцэрлэгийн нягтлан бодогчоор томилогдон ажиллахыг зөвшөөрч, тэмдэглэлд гарын үсэг зурсан” гэж, нэхэмжлэгчээс “Боловсрол, соёлын газрын даргатай уулзсан ярилцлагын тэмдэглэл гэж гарын үсэг зуруулсан. Би зөвшөөрөөгүй” гэж тайлбарлаж байгаа зэргээс үзвэл “2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн нягтлан бодогч нарын ажлын байрны асуудлын талаарх хурлын тэмдэглэл”-ийг төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдон ажиллах болсныг тогтоох баримт гэж үзэхээргүй байна. Төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдон ажиллах болсныг нотлох баримт нь түүнийг уг албан тушаалд томилсон эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан байхыг ойлгох нь зүйтэй болно.

Иймд Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Б/25 дугаартай тушаал нь хууль бус болох нь тогтоогдож байгаа бөгөөд энэхүү тушаалын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байх тул тушаалыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Р.Цэдэв нь Хүнс, хөдөө аж ахуйн газрын Жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд 570125 төгрөгийн үндсэн цалинтай, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 10 хувь буюу 57013 төгрөг, нийт 627138 төгрөгийн цалинтай ажиллаж байсан болох нь Хүнс, хөдөө аж ахуйн газрын 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 300 дугаартай албан бичиг болон нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна.

Иймд Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар түүний 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2426752  /05 дугаар сард ажлын 20 хоног-545338 төгрөг, 06 дугаар сард 627138 төгрөг, 07 дугаар сард 627138 төгрөг, 9 дүгээр сард 627138 төгрөг/ төгрөгийг гаргуулж, үүнээс эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, үлдэгдэл олговрыг түүнд олгохыг Хүнс, хөдөө аж ахуйн газарт даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.7, 106.3.12, 106.4, 106.5 дахь заалтуудыг удирдлага болгон

  ТОГТООХ нь:

       1. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заалтуудыг баримтлан Орхон аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Б/25 дугаартай “Р.Цэдэвийг төрийн албанаас чөлөөлөх...тухай” тушаалыг хүчингүй болгосугай.

        2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг баримтлан Р.Цэдэвийн 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2426752 /Хоёр сая, дөрвөн зуун хорин зургаан мянга, долоон зуун тавин хоёр/ төгрөгийг гаргуулж, үүнээс эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, үлдэгдэл олговрыг Р.Цэдэвт олгохыг Орхон аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар /Ж.Бат-Өлзий/-т даалгасугай.

         3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4, 49 дүгээр зүйлийн 49.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч Р.Цэдэв нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд улсын тэмдэгтийн хураамж 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг Орхон аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас гаргуулж, Төрийн сангийн 130000801681 дугаарын дансанд оруулж, улсын орлого болгосугай.

            4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             П.УУГАНЦЭЦЭГ