Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 1740

 

А.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2016/00567 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч А.О-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “К банк” ХХК-д холбогдох

 

Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн төлөөлөгч Л.А-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.О ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Б ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ч,  Г.Ч

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч А.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “К банк” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан 2008 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 97 тоот тушаалаар тус банкны Аж ахуйн хэлтэст жолоочийн ажил албан тушаал, 2012 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 21 тоот тушаалаар Механик диспетчерийн ажил албан тушаалд тус тус ажиллаж байсан. Хариуцагч банкны зүгээс намайг харилцагч н.Ц-ын өмчлөлийн эд хөрөнгийг санаатайгаар хувьдаа завшсан гэж дүгнэж ажлаас чөлөөлөх тушаал гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Энэхүү хэргийн үйл баримтын тухайд 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр манай банкны Ард салбарын харилцагч н.Ц-ын өмчлөлийн Тоёота Приус маркийн автомашин зээлийн барьцаанд хураагдаж банкны зогсоолд ирсэн байдаг. Нэхэмжлэгч миний хувьд тухайн үед хувьдаа автомашин авахаар сонирхож байсан учраас дээрх машиныг сонирхож Ард салбарын эрхлэгч н.Цогжавхлангаас тухайн машиныг худалдах эсэхийг тодруулахад 3 сардаа худалдахаар захирлуудын шийдвэр гарч байгаа тухай хэлсэн. Ингээд 2016 оны 3 сард тухайн машины хажуугаар өнгөрөхөд түүний 2 талын хажуугийн толь наалт салж эхэлсэн, унахад бэлэн болсон байгааг ажигласан. Миний зүгээс дээрх машиныг өөрөө сонирхож байсан, мөн автомашинуудын засвар үйлчилгээ, бүрэн бүтэн байдлыг хариуцан ажилладаг механик диспетчерийн хувиар тухайн толийг буцаан наах гэсэн боловч нэгэнт наалт нь салсан байсан тул толийг сүүлд буцаан наахаар хураан авч, компанийн өмчлөлийн 17-57 УБР дугаартай Ланд 100 маркийн автомашины багажинд хадгалсан.

Харилцагч тухайн машины зээлийг бүрэн төлж машинаа буцаан авахаар болсон бөгөөд 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр машинаа авах үед нь миний хувьд дээр хадгалсан 2 толийг буцаан өгсөн. Гэтэл харилцагч 4 дүгээр  сарын 12-ны өдөр “тухайн машины 2 талын толийг дуураймал толиор сольсон тул жинхэнэ толийг буцаан өгөхийг хүссэн” хүсэлт бичсэн байна.

Банкны зүгээс энэхүү үйлдэлд намайг буруутгаж, харилцагчийн машины хоёр талын толийг завшсан гэж дүгнэсэн. Анх тухайн автомашин манай банкны зогсоолд 2015 оны 11 сард ирсэн бөгөөд миний хувьд салсан толийг 4 сарын дараа авч хадгалсан байдаг. Энэ хугацаанд хэн нэгэн хуурамч толийг сольсон байж болох талаар баримт цуглуулалгүй, нотолгоогүйгээр намайг буруутгасан үйлдэлд миний бие удаа дараа шаардлага хүсэлт тавьсаар байсныг банк хүлээн аваагүй. Миний зүгээс банкны захирлуудын зөвлөгөөг дагаж, 8 жил гаруй ажилласан банкныхаа нэр хүндийг бодож тухайн оны 4 дүгээр сарын 16-ны өдөр өөрийн хөрөнгөөр цоо шинэ 2 толь худалдан авч харилцагчийг гомдолгүй болгосон.

Миний хувьд тухайн толийг шунахайн сэдэлтээр ашиг хонжоо олох зорилгоор огт аваагүй бөгөөд ажил үүргийнхээ хувиар анх хадгалсан газраа байлгаж, харилцагчид тэр дор нь буцаан өгсөн тул компаниас хөдөлмөрийн гэрээний 7.4.3-д заасан зөрчлийг гаргасан гэж үзэхгүй байна.

Түүнчлэн намайг тухайн хөрөнгийг завшсан гэм буруутай гэж шүүхээр тогтоогоогүй байхад компанийн зүгээс хууль бус дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Миний ажлаас халагдсан 2016 оны 4 cap хүртэлх сүүлийн 3 сарын буюу 2, 3, 4 саруудын цалингийн дундаж нь 1 081 904 төгрөг байх бөгөөд энэ дундаж цалинг ажлаас халагдсан 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах хүсэлтэй байна. Иймд А.О намайг ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоож, ажил албан тушаалд минь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 4 327 626 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “К банк” ХХК нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус банк нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7-2.3-т заасныг тус тус үндэслэн “К банк” ХХК-ийн Аж ахуйн хэлтсийн механик диспетчер А.О эд 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Б/174 тоот гүйцэтгэх захирлын тушаалаар сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас чөлөөлсөн. Учир нь нэхэмжлэгч А.О нь тус банктай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4, 7.4.3-т заасан заалтуудыг зөрчиж, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэл бүхий ноцтой зөрчил гаргасан.

Тодруулбал, Капитрон банкны харилцагч Ц.Ц нь 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр “...Капитрон банкинд хураагдсан Тоёота Приус 20 маркийн суудлын автомашины 2 талын оргинал толь нь байгаагүй, оронд нь хагархай, хуурамч толь өгсөн тул толийг эргүүлэн авах хүсэлтэй байна” гэсэн агуулга бүхий гомдлыг тус банкинд гаргасны дагуу 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн А/56 тоот гүйцэтгэх захирлын тушаалын дагуу ажлын хэсэг байгуулж, холбогдох ажилтнуудаас тодруулга авч, автомашиныг банк хураах үеийн болон харилцагчид буцаан өгөх үеийн зургуудыг харьцуулсны үндсэн дээр 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр ажлын хэсгийн “Хяналт шалгалтын дүгнэлт” гаргасан бөгөөд дүгнэлтээр А.О нь харилцагчийн хөрөнгө болох зээлийн үүргийн гүйцэтгэлд хураагдсан автомашины 2 талын толийг авсан нь тогтоогдсон. Ийнхүү ажлын хэсгийн хяналт шалгалтын дүгнэлтээр тогтоогдсон нэхэмжлэгч А.О харилцагчийн хөрөнгийг санаатайгаар хувьдаа завшсан үйлдэл нь Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил бөгөөд банкинд итгэх харилцагчийн итгэлийг алдагдуулсан, банкны нэр хүндийг дордуулсан ноцтой үйлдэл юм. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч нь дээр дурдсан үйлдлээ зөвтгөж “...харилцагчийн хөрөнгийг санаатайгаар завших үйлдэл гаргаагүй бөгөөд харин ч ажил үүргийнхээ хувиарийн дагуу хямгадсан, хамгаалсан...” мэтээр тайлбарласан байна. Гэтэл нэхэмжлэгч А.О-ийн ажлын байрны тодорхойлолт болон Хөдөлмөрийн гэрээнд зааснаар бол Аж ахуйн хэлтсийн механик диспетчер нь харилцагчийн хөрөнгө эсвэл банкны зээлд хураагдсан автомашины бүрэн бүтэн байдал, аюулгүй байдлыг хамгаалах чиг үүрэгтэй албан тушаалтан биш байх бөгөөд нэхэмжлэгчийн ажлын чиг үүрэгт хамааралгүй үйлдэл юм. Нэхэмжлэгч А.О-ийн хууль зөрчсөн дээрх ноцтой үйлдэл нь түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэл болсон бөгөөд тус банкны уг шийдвэр нь үндэслэл бүхий байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгч А.О-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан А.О ийг “К банк” ХХК-ийн Аж ахуйн хэлтсийн Механик диспетчерийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч “К банк” ХХК-иас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 4 043 188 төгрөгийг гаргуулан А.О эд олгож, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж, үлдэх 284 838 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч А.О нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагч “К банк” ХХК-иас тэмдэгтийн хураамжид 79 641 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Л.А давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж чадаагүй тул тус банкны зүгээс дор дурдсан агуулга бүхий гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүх нь нэхэмжлэгч болон хариуцагч талын маргаагүй буюу хүлээн зөвшөөрсөн түүнчлэн хэрэгт авагдсан баримтаар давхар нотлогдсон үйл баримтуудыг шүүхийн шийдвэртээ дор дурдсан байдлаар тусгажээ.

Шүүх нэхэмжлэгч А.О нь автомашины толийг авсан талаар зохигчид маргахгүй байна гэж дүгнэсэн хирнээ А.О-ийн зүгээс автомашины толийг авсан эсэхийг заавал эрх бүхий байгууллагаар шалгуулах ёстой гэж дүгнэсэн байгаа нь нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн үндэслэлгүй дүгнэлтүүд болсон байна. Ажил олгогчийн зүгээс шийдвэр гаргах гол үндэслэл нь А.О-ийн толийг авснаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлууд байсныг шүүхээс анхаарч үзсэнгүй. А.О нэгэнт толийг авсан гэдгээ хүлээн зөвшөөрч тайлбар өгсөн, мөн ажлын хэсгийн дүгнэлттэй танилцан зөвшөөрч гарын үсэг зурсан байхад ажил олгогчийн зүгээс цагдаагийн байгууллагад хандах шаардлага байгаагүй буюу үргэлжлүүлэн шалгах шаардлага гараагүй. Ажил олгогчийн зүгээс маргаан байхгүй үйл баримтуудыг тогтоогдсон гэж үзэж шийдвэрээ гаргасан. Хэрэв А.О толийг аваагүй гэж маргаж байсан бол ажил олгогчийн зүгээс шууд шийдвэр гаргах боломжгүй болох байсан юм.

Мөн талууд “А.О толийг авсан талаар” маргаагүй байгаа нь хөдөлмөрийн гэрээний 7.4.3-т заасны дагуу тогтоогдсон гэх үндэслэлд хамаарахаар юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохыг хүсч байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч А.О нь хариуцагч “К банк” ХХК-д холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “Тус банкны харилцагчийн эд хөрөнгө буюу автомашины толийг хувьдаа завшсан үйлдлээ А.О өөрөө хүлээн зөвшөөрсөн, гүйцэтгэх захирлын тушаалаар томилогдсон ажлын хэсгийн хяналт шалгалтын дүгнэлтээр дээрх үйлдэл нь тогтоогдсон, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тул ажлаас чөлөөлсөн тушаал нь үндэслэлтэй” гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч “К банк” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Б/174 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.2.3 дахь заалтуудыг үндэслэн нэхэмжлэгч А.О ийг аж ахуйн хэлтсийн механик диспетчерийн үүрэгт ажлаас чөлөөлөхөөр шийдвэрлэжээ. /хэргийн 6 дугаар тал/

 

Талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болсон мөн гэрээний 7.4.3-т “Эрх мэдлээ хэтрүүлж, албан тушаалаа урвуулан ашигласны улмаас банкинд мөнгө, эд хөрөнгийн хохирол, гэм хор учирсан, банкны болон харилцагчийн өмч хөрөнгийг санаатайгаар хувьдаа завшсан, бусдад завшуулсан, хулгайлсан, залилан мэхэлсэн нь тогтоогдсон бол гэрээг дуусгавар болгох, цуцлана” гэжээ.

/хэргийн 24-25 дугаар тал/

 

Хариуцагч “К банк” ХХК-ийн харилцагч Ц.Ц ын өмчлөлийн зээлийн барьцаа хөрөнгө болох Тоёота Приус 20 маркийн суудлын автомашины толийг байгууллагын хашаанд байх үед нь А.О авч, Ц.Ц нь автомашиныг хүлээлгэн өгөх үед буцаан өгсөн толь нь солигдсон гэх гомдлын дагуу сольж өгсөн гэх үйл баримтын талаар зохигчид маргаагүй байна.

 

Нэхэмжлэгч нь харилцагчийн дээрх эд хөрөнгийг санаатайгаар завшсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй, хариуцагч нь нэхэмжлэгч харилцагчийн автомашины толийг буцааж өгөхгүй байх зорилгоор санаатайгаар хувьдаа завшсан болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргийнхээ дагуу баримтаар нотлож чадаагүй байна.

 

Хариуцагч компанийн гүйцэтгэх захирлын тушаалаар ажлын хэсэг байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтээр А.О нь банкны хашаанд хадгалагдаж байсан харилцагчийн автомашины толийг зөвшөөрөлгүй авч, автомашинаа авах үед толийг буцаан өгсөн гэх үйл баримт тогтоогдож байх боловч харилцагчийн өмч хөрөнгийг нэхэмжлэгч санаатайгаар хувьдаа завших, хулгайлах, залилан мэхлэх зорилгоор авсан буюу хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэдгийг нотлохгүй байна.

 

Иймд хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2016/00567 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Л.А-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79 641 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                         ШҮҮГЧИД                                     Г.ДАВААДОРЖ

 

                                                                     С.ЭНХТӨР