Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 122

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Энхзул,

Улсын яллагч М.Сайнзаяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Эрдэнэчимэг,

Шүүгдэгч Ц.Б , Б.Б  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Б , Б.Б  нарт холбогдох эрүүгийн 1915001330113 дугаартай, 163/2019/0121/Э индекстэй хэргийг 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1968 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Булган аймгийн С суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Булган аймгийн ... оршин суух хаягтай, ял шийтгүүлж байгаагүй, Ө овогт Ц.Б.

Шүүгдэгч: Монгол  Улсын  иргэн,   1990 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Булган аймгийн С суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Булган аймгийн ... оршин суух хаягтай, ял шийтгүүлж байгаагүй, Ө овогт Б.Б.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б , Ц.Б  нар нь 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө Булган аймгийн С сумын 2 дугаар багийн нутаг “Хавчир ганга” гэх газраас Орхон аймгийн Баян-Өндөр сум руу **-** БУЛ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээр гарал үүслийн гэрчилгээгүйгээр шинэс төрлийн 3.7026 м.куб мод тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б  өгсөн мэдүүлэгтээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өмнө нь өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй гэх,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б  өгсөн мэдүүлэгтээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өмнө нь өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй гэх,

1915001330113 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Хохирогч П.О ийн өгсөн: “... К.А , Л.Ж  нарт 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр, Б , Ц.Б  нарт 2019 оны 0З дугаар сарын 04-ний өдөр тус тус мод бэлтгэх эрхийн бичиг олгосон. ...” гэх мэдүүлэг /хх 59-60/,

Гэрч Г.Ж ийн өгсөн: “... Би өөрийн гэр болох Булган аймгийн С сумын 2-р багийн төв буюу С сумын эгц хойд талд голынхоо ард талд байхад 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 12 цагийн орчимд манай найз Б  утасдаад “мод ачаад Орхон аймаг явж байгаад “Оготонт” гэх нэртэй газар буюу С сумын төвөөс ойролцоогоор 30 гаран км зайд машин эвдэрсэн. Тэгээд намайг ирээд мод ачаад Орхон аймаг оруулаад өг гэж хэлсэн. Тэгэхээр нь би “за тэгье” гэж хэлээд гэрээсээ өөрийн эзэмшлийн **-** улсын дугаартай Бонго жи 2 маркийн цэнхэр өнгийн тээврийн хэрэгслээр явсан. Тэгээд “Оготонт” гэх нэртэй газарт шууд очиход Б , Б  нар нь өөрсдийн машиндаа мод ачсан байдалтай байсан ба Б ийн машины мотор нь цохьсон байдалтай байсан. Тэгээд би өөрийн машин дээрээ Б ийн машин дээр ачсан моднуудыг зөөж ачаад Б  нь машинаа хээр орхиод Б  өөрийнхөө машинтай, би Б ийн хамт өөрийн машинтайгаа явсан. Тэгээд Орхон аймаг руу ойролцоогоор 5 орчим км явж байхад замд А , Ж  нар тус тус машинтайгаа  мод ачсан байдалтай  байсан.  Тэгээд зогсоод юу болсон талаар асуухад А ын машиных нь бөгс нь эвдэрсэн байсан. Тухайн үед А Орхон аймгаас эвдэрсэн сэлбэгээ авчирсан байдалтай байсан. Тэгээд хамжиж машиныг нь засаж егчихөөд тухайн газраас ойролцоогоор 22 цагийн орчим А , Ж , Б , Б  бид тав Орхон аймаг руу хөдөлсөн. Тэгээд шөнө 03 цаг өнгөрч байхад Орхон аймгийн Шанд багт цагдаад А , Ж , Б  бид 4 дараалаад цуг явж байгаад шалгуулж, улмаар саатуулагдсан. Би Б.Б ийн модыг ачиж өгсөн учир бичиг баримт нь хууль ёсных гэж бодоод шалгаж үзээгүй. Б.Б оос бичиг баримт чинь байгаа юм уу гэж асуухад Б.Б  байгаа гэж хэлж байсан. ...” гэх мэдүүлэг /хх 74-75/,

Гэрч Ж.С ийн өгсөн: “...Ц.Б тай уулзсан. Надтай уулзаад гарал үүслийн гэрчилгээ авъя гэхэд тухайн үед ажил тарсан нилээн орой байсан учраас би гарал үүслийн гэрчилгээ олгоогүй. Нэг ширхэг гарал үүслийн гэрчилгээ байгаа маргааш ажил цуглахаар аваарай гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх 77/,

Гэрч Б.Б гийн өгсөн: “...Тухайн өдөр бол К.А , Л.Ж  нар нь гарал үүслийн гэрчилгээ авчираад хянуулаад явсан. Г.Ж , Ц.Б  нар нь хянуулаагүй. ...” гэх мэдүүлэг /хх 78/,

Орхон аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Экологи эдийн засгийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 03 тоот дүгнэлтэд  **-** БУЛ улсын дугаартай автомашинд ачсан модны хэмжээ 52 ширхэг  буюу 3.7026 м.куб, **-** БУЛ улсын дугаартай авто машинд ачсан модны хэмжээ 56 ширхэг бюу 3.8793 м.куб байна гэх дүгнэлт /хх 86-89/,

Шүүгдэгч Б.Б ийн яллагдагчаар өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 04-ний өглөө 10 цагийн үед би Б  ахын хамтаар оршин сууж байгаа багийнхаа ойн байцаагч О ийн гэрт очоод мод бэлтгэх гэж байгаа талаараа хэлээд мод бэлтгэх эрхийн бичиг аваад мод бэлтгэх эрхийн бичигт заагдсан газар буюу “Хавчир ганга” гэх нэртэй газар очиж Б  ах бид хоёр түлээний мод цуг бэлтгээд өөр өөрийнхөө унаж ирсэн машиндаа ачаад гэрлүүгээ ирсэн. Тэгээд маргааш нь Б  ахын хамтаар модоо Орхон аймагт зарах гээд явж байгаад цагдаад баригдсан ...” гэх мэдүүлэг /хх 123/,

Шүүгдэгч Ц.Б ын яллагдагчаар өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 04-ний өглөө 10 цагийн үед би Б  ахын хамтаар оршин сууж байгаа багийнхаа ойн байцаагч О ийн гэрт очоод мод бэлтгэх гэж байгаа талаараа хэлээд мод бэлтгэх эрхийн бичиг аваад эрхийн бичигт заагдсан газар буюу “Хавчир ганга” гэх нэртэй газар очиж Б  ахтай түлээний модоо цуг бэлтгээд өөр өөрийнхөө унаж ирсэн машиндаа ачаад гэрлүүгээ ирсэн. Тэгээд маргааш нь Б  ахын хамтаар модоо Орхон аймагт зарах гээд явж байгаад цагдаад баригдсан ...” гэх мэдүүлэг /хх 123/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 12/, цагдаагийн илтгэх хуудас /хх 13/, хэргийн газарт болон  тээврийн хэрэгсэл, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 14-26 /, эд хөрөнгө буюу тээврийн хэрэгсэл, мод битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх 47-53/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх 95-100/, тээврийн хэрэгслийн үнэлгээний шинжээчийн дүгнэлт /хх 108-110, 117-119/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол /хх 1-4/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 149-154/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 161-165/, шийтгэх тогтоолын хуулбар /хх 128-131/, жолооны үнэмлэх болон тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх 102/ болон шар өнгийн моторт цахилгаан хөрөөг эд мөрийн баримтаар шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б , Ц.Б  нар нь эрх бүхий байгууллагын мод бэлтгэх эрхийн бичигт заагдсан газраас модыг бэлтгэсэн боловч гарал үүслийн гэрчилгээ авалгүйгээр 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө Булган аймгийн С сумын 2 дугаар багийн нутаг “Хавчир ганга” гэх газраас Орхон аймгийн Баян-Өндөр сум руу тээвэрлэсэн хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийж үзэхэд мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдсан, үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлгүүд хоорондоо зөрүүгүй, шүүгдэгч Б.Б , Ц.Б нарын гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэм буруутай үйлдэл нотлогдсон, шүүгдэгч нар гэм буруугийн талаар маргаагүй байна.   

Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ. 

Шүүгдэгч Б.Б , Ц.Б  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Б , Ц.Б  нарын хууль бусаар **-** БУЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд тээвэрлэж явсан 52 ширхэг буюу 3.7026 м.куб, **-** БУЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд тээвэрлэж явсан 56 ширхэг буюу 3.8793 м.куб модыг тус тус албадан гаргуулж, үнийг улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй байна.

Харин хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хөрөө нь тухайн хэрэгт хамааралгүй, өөрөөр хэлбэл модыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй бэлтгэхэд ашигласан, түүнчлэн дээрхи модыг тээвэрлэсэн **-** БУЛ, **-** БУЛ  улсын дугаартай “KIA BONGO” маркийн тээврийн хэрэгслүүд нь бусдын өмчлөлд байгаа нь тогтоогдсон, өмчлөгч нь гэмт үйлдэлд ашиглаж байгааг мэдээгүй зэрэг нөхцөл байдал тогтоогдож байх тул өмчлөгчид нь тус тус буцаан олгохоор шийдвэрлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Б.Б , Ц.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ө овогт Б.Б , Ө овогт Ц.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан модыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б , Ц.Б  нарыг  тус тус 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б , Ц.Б  нар нь торгох ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүйг дурьдаж, торгуулийн ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Б , Ц.Б  нарт сануулсугай.

4. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Б , Ц.Б  нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай. 

 5.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Прокурорын 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн тогтоолоор битүүмжилсэн 108 /нэг зуун найм/ ширхэг хуурай, шинэс модыг шүүгдэгч Б.Б , Ц.Б  нараас албадан гаргуулж, үнийг Улсын төсөвт шилжүүлж, Прокурорын 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 5/07 дугаартай эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, Хятад улсад үйлдвэрлэгдсэн “Maketi saw” маркийн хөрөөг түүний өмчлөгч К.А т, **-** БУЛ улсын дугаартай “KIA BONGO” маркийн тээврийн хэрэгслийг  С сумын... оршин суух С.Х т, **-** БУЛ улсын дугаартай “KIA BONGO” маркийн тээврийн хэрэгслийг  С сумын 2 дугаар багт оршин суух Г.Ж  нарт тус тус буцаан олгосугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б , Ц.Б  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Б , Ц.Б  нарт авсан таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.ЦЭРЭНХАНД