Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 4739

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2016/04739

 

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

 Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 1-р хороо, Алтай хотхоны 8-р байрны 77 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, регистр ДЮ5912512, Хөхдан овогтой Дэчиндовчингийн Цэрэндэндэвийн нэхэмжлэлтэй,

 

        Хариуцагч: Баянгол дүүргийн 7-р хороо, Маргад хотхон, Д блок, 7 тоот, “Смарт рийл Эстэйс” ХХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 79 256 700 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариунаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Уянгасайхан /үнэмлэх 0173/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Тамр нар оролцов. 

                                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариунаа шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай хадам аав Д.Цэрэндэндэв нь шатахуун бөөнөөр  болон жижиглэнгээр худалдан борлуулах үйл ажиллагаа явуулдаг. 2015 оны 09-р сард “Смарт Рийл Эстэйс” ХХК-ны нягтлан бодогч Т.Басар “баригдаж байгаа барилгын үйл ажиллагаанд шатахуун дизель түлш хэрэгтэй байгаа тул зээлээр олгоно уу, шатахууны үнэнд байраар бартер хийе” гэсэн санал тавьсан ба үүний дараа 2015 оны 10-р сарын 03-ны өдөр “Смарт Рийл Эстэйс” ХХК-тай орон сууцны барилгыг захиалгаар барих гэрээ байгуулж,  Баянгол дүүргийн 7-р хороо, Маргад хотхон, Д-блок 45,27м2 талбай бүхий 1001 тоот 2 өрөө байрыг захиалсан. Бид байрны төлбөрт 33000 литр 54 780 000 төгрөгний дизель түлш нийлүүлсэн. Байр ашиглалтанд орох хугацаа дуусахад байраа авахаар хандахад “байр ашиглалтанд орно, түр хүлээж байгаарай” гэдэг байсан. Ингээд хариуцагч “Смарт Рийл Эстэйс” ХХК-тай тооцоо нийлж, 16/1 тоот  актаар 79 256 700 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн. Бид захиалсан байрандаа орох гэтэл айл орсон байсан. “Смарт Рийл Эстэйс” ХХК-ний захирал Азбилэг нь “замын тендерийн мөнгө орж ирэхээр өгнө”, нягтлан бодогч Басар нь “байр зарагдахаар мөнгийг төлнө” гэдэг. Иймд Смарт Рийл Эстэйс ХХК-иас 79 256 700 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                                                             ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Цэрэндэндэв нь “Смарт рийл Эстэйс” ХХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 79 256 700 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Д.Цэрэндэндэв нь 2015 оны 10-р сарын 3-ны өдөр “Смарт Рийл Эстэйс” ХХК-тай “Орон сууцны барилгыг захиалгаар барих гэрээ” байгуулж, Баянгол дүүргийн 7-р хороо, Маргад хотхон, Д-блок 45,27м2 талбай бүхий 1001 тоот 2 өрөө байрыг захиалах, төлбөрийг 1 литр дизель түлшийг 1660 төгрөгөөр тооцож төлөхөөр /хх 8-16/ тохирчээ.

 

Талууд 2016 оны 2-р сарын 3-ны өдөр тооцоо нийлж, Смарт Рийл Эстэйс ХХК нь 79 256 700 төгрөгийн өр төлбөрийг төлөхөөр баталгаажуулсан /хх 17/ байна.

 

Хариуцагч “Смарт Рийл Эстэйс” ХХК-ний захирал Н.Азбилэг нь нэхэмжлэлийн хувийг 2016 оны 6-р сарын 14-ний өдөр гардаж авчээ. 

 

Харин хариуцагч нэхэмжлэлийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, шүүх хуралдааны мэдэгдлийг 2016 оны 7-р сарын 22-ны өдөр хүлээн авсан боловч ирээгүй байх тул 79 256 700 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100-р зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлд  заасныг удирдлага болгон

                                                                                                    ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 343-р зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Смарт Рийл Эстэйс” ХХК-иас 79 256 700 /далан есөн сая хоёр зуун тавин зургаан мянга долоон зуу/ төгрөг гаргуулж Дэчиндовчингийн Цэрэндэндэвт  олгосугай. 

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 554 234 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч “Смарт Рийл Эстэйс” ХХК-иас 554 234 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

     

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Р.АЛТАНТУЯА