Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2025/01532

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ч.Мөнхцэцэг, Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 191/ШШ2025/04900 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******, ******* нарт холбогдох,

 

Тооцоо нийлж, төлбөр барагдуулах тухай гэрээний үүрэгт 307,620,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Б.Ууганбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, ******* хариуцагч нарын өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Миний бие *******, түүний нөхөр ******* нартай гэр бүлийн найз нөхдийн холбоотой хүмүүс юм. 2018 онд *******, ******* нар нь ...өөрсдийн ******* ХХК-аар ******* ТӨҮГ-тай гэрээ байгуулж хөдөлгүүрийн филтер /тосны шүүр/ нийлүүлэхээр болчихлоо, өөрсдийн хөрөнгөөр бараагаа авах тул өмнө нь мөнгө хэрэгтэй байна, ******* нэг нугалж нийлүүлнэ. Яаралтай мөнгө зээлээч бараагаа нийлүүлээд хүүтэй нь буцаагаад өгье гэсэн бөгөөд ******* ТӨҮГ-тай байгуулсан 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээгээ харуулсан. ******* миний бие болон манай гэр бүл *******, ******* нарыг багагүй таньдаг байсан болохоор итгэж найдан банк бус санхүүгийн байгууллага болон хувь хүнээс гэх мэт боломжтой бүхий л байдлаар мөнгө зээлж 2018 онд 20,500,000 төгрөгийг анх 2 сарын хугацаатай зээлсэн. Түүнээс хойш тухайн ******* ТӨҮГ-д бараа нийлүүлсэн эсэх нь тодорхойгүй болж тухайн мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөөгүй. Энэ мэтчилэн энд тэндээс тендер авах гээд байна. Энийг авчихвал нөгөө зээлсэн мөнгөтэйгөө цуг буцаагаад өгье. Одоо яг баталгаатай. Дараагийн гэрээ байгуулж байна, бараа татах мөнгө зээлээч, гаалийн мөнгө олж өгөөч гэж мөнгө зээлсээр хамгийн эцсийн байдлаар 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Тооцоо нийлж, төлбөр барагдуулах тухай гэрээ-г байгуулж, нийт надаас зээлсэн өр төлбөр болон өмнө зээлсэн өр төлбөрийн хүү, алданги зэрэг хуримтлагдан 435,000,000 төгрөг болохыг хоёр талаас тооцоо нийлж, тухайн гэрээний хавсралт-1, 2-р дэлгэрэнгүй байдлаар баталгаажуулсан. Тухайн гэрээгээр зээлийн өр төлбөрийг 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор гурав хуваан бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцсон болно. Дээрх 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Тооцоо нийлж, төлбөр барагдуулах тухай гэрээ-нээс хойш хариуцагч нар нь нийт 127,300,000 төгрөгийн төлөлт хийсэн бөгөөд одоо үндсэн төлбөр 307,700,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Талуудын хооронд байгуулсан гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3-д Талууд гэрээний үүргээ шударгаар, бодитоор, зохих ёсоор биелүүлнэ, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. Гэвч ******* миний бие дээрх өр төлбөрийг гэрээнд заасан хугацаанд бүрэн төлж барагдуулах талаар удаа дараа шаардаж, уулзаж, холбогдож үзсэн боловч тодорхой үр дүнд хүрэлгүй, төлөх талаар идэвх санаачилга гаргахгүй өнөөдрийг хүрээд байна. Иймд *******, ******* ХХК нараас зээлийн өр төлбөр 307,620,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь анх бидний зүгээс ******* ХХК-аар аа ******* ТӨҮГ-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулан, хөдөлгүүрийн тосны шүүр, ган хуудас төмөр, галд тэсвэртэй тоосго нийлүүлэхээр болсон бөгөөд тэрхүү гэрээнүүдэд урьдчилгаа төлбөр авахгүйгээр бараа материалуудыг нийлүүлж тооцоо нийлсний дараа төлбөрийг бүрэн төлөхөөр заасан байсан. Бидэнд гаалийн албан татвар төлөх, тээврийн зардал гэх мэт нэмэлт зардлууд шаардагдсан тул амьдардаг байрны маань танил, дээд давхрын айл болох нэхэмжлэгч ******* болон түүний нөхөр ******* нартай уулзаж, богино хугацаатайгаар, мөнгө зээлэхээр болсон. Ийнхүү 2018-2019 оны хооронд 7 удаагийн давтамжтайгаар нийт 125,500,000 төгрөг, 2021 онд 1 удаа 1,000,000 төгрөг, нийт 126,500,000 төгрөгийг дансаар шилжүүлэн хүлээн авсан ба ийнхүү бидэнд уг мөнгийг зээлэхдээ амаар ярилцаж тохиролцсоны дагуу өгсөн бөгөөд бичгээр огт гэрээ байгуулаагүй болно. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс бидэнд зээлдүүлсэн мөнгийг ******* нь бусдаас зээлж авсан байсан, та нарын төлсөн төлбөр үндсэн зээлээс биш хүүнд л яваад байгаа учир тэр хүмүүстээ үзүүлж зээлээ буцааж төлөх хугацааг сунгах хэрэгтэй байна гэж тайлбарлаж ******* тоот зээлийн гэрээнд бичигдсэн зээлийг зурах шаардлагатай байна гэж зуруулсны эцэст 2021 оны 03 дугаар сарын 26-ны огноотой Тооцоо нийлж, төлбөр барагдуулах тухай гэрээ-г бэлтгэн ирж тус гэрээг албажуулах шаардлагатай байна өөр зориулалтаар ашиглахгүй гээд гарын үсэг зурж, тамга дарахыг шаардсаны дагуу бидний зүгээс өөр зүйлд ашиглахгүй гэх амлалтыг нь авсны үндсэн дээр гарын үсэг зурж, компанийн тамгыг дарж өгсөн. Үүнийг нотлох баримт нь уг гэрээний хавсралтад дурдсан 01-13 хүртэл артай зээлийн гэрээнүүдийг үндэслэн тооцооллыг хийсэн байх боловч уг гэрээнүүдэд ******* ХХК-ийн захирлын гарын үсэг болон тамга дарагдаагүй, мөнгө зээлдүүлсэн цаг хугацаатай таарахгүй байгаагаас харж болно. Бидний зүгээс дээрх ******* ТӨҮГ-аас гэрээний дагуу мөнгө орж ирэхгүй байснаас шалтгаалан харилцан тохиролцсоны дагуу мөнгөө богино хугацаанд буцаан өгч чадаагүй асуудал байгаа боловч боломжийнхоо хэрээр бага багаар, увуулж цувуулан өгсөөр байсан ба 2018 онд 2,300,000 төгрөгийг дансаар, 2019 онд 13,130,000 төгрөгийг дансаар, 5,000,000 төгрөгийг бэлнээр, 2020 онд 50,900,000 төгрөгийг дансаар, 61,500,000 төгрөгийг бэлнээр, 2021 онд 18,800,000 төгрөг дансаар, 77,200,000 төгрөгийг бэлнээр, 2022 онд 15,980,000 төгрөгийг дансаар, 45,000,000 төгрөгийг бэлнээр, 2023 онд 8,650,000 төгрөг дансаар, нийт 298,460,000 төгрөгийг бэлнээр болон дансаар шилжүүлэн өгсөн байна. Мөн бидний хооронд Иргэний хуульд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэнээс хамтран ажиллах байдлаар үр шим, ашгаас хувь өгөхөөр ярилцсан зүйл огт байхгүй байхад ямар шалтгаанаар мөнгө зээлснийхээ төлөө ашиг орлогоосоо хувь өгөх ёстой гэж үзэж, уг гэрээнд тусгасан нь ойлгомжгүй байна гэжээ.

 

3. Хариуцагч нарын сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:

3.1. Нэхэмжлэгчээс бидний хооронд байгуулсан 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Тооцоо нийлж, төлбөр барагдуулах тухай гэрээ-г үндэслэн 307,620,000 төгрөгийг биднээс нэхэмжилж байх ба уг гэрээ нь 2 талын хүсэлт зоригийг илэрхийлээгүй, бодит байдалд нийцэхгүй, бичгээр гэрээ байгуулж, өндөр хүүтэй мөнгө авсан мэтээр дүр үзүүлэх замаар байгуулсан хууль бус хэлцэл тул түүнийг үндэслэл болгон төлбөр нэхэмжлэх эрхгүй юм. Учир нь хариуцагч бидний зүгээс нэхэмжлэгч ******* болон түүний нөхөр ******* нараас 2018-2019 оны хооронд нийт 126,500,000 төгрөгийг зээлж авч байсан ба 2018-2023 оны хооронд нийт 298,460,000 төгрөгийг дансаар болон бэлнээр өгсөн. Анх бидний зүгээс зээл авах болсон үндэслэл нь ******* ХХК-аар аа ******* ТӨҮГ-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулан, хөдөлгүүрийн тосны шүүр, ган хуудас төмөр, галд тэсвэртэй тоосгууд нийлүүлэхээр болсон бөгөөд тэрхүү гэрээнүүдэд урьдчилгаа төлбөр авахгүйгээр бараа материалуудыг нийлүүлж тооцоо нийлсний дараа төлбөрийг бүрэн төлөхөөр заасан ба бидэнд гаалийн албан татвар төлөх, тээврийн зардал гэх мэт нэмэлт зардлууд шаардагдсан тул амьдардаг байрны маань танил, дээд давхрын айл болох нэхэмжлэгч ******* болон түүний нөхөр ******* нартай уулзаж, богино хугацаатайгаар, мөнгө зээлэхээр болсон. Ийнхүү 2018-2019 оны хооронд 7 удаагийн давтамжтайгаар нийт 125,500,000 төгрөг, 2021 онд 1 удаа 1,000,000 төгрөг, нийт 126,500,000 төгрөгийг дансаар шилжүүлэн хүлээн авсан ба ийнхүү бидэнд уг мөнгийг зээлэхдээ амаар ярилцаж тохиролцсоны дагуу өгсөн бөгөөд бичгээр огт гэрээ байгуулаагүй болно. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн тооцоо нийлж, төлбөр барагдуулах тухай гэрээ болон уг гэрээний хавсралтад дурдсан 01-13 хүртэл дугаартай зээлийн гэрээнүүдийг бүгдийг нь нэг өдөр бэлтгэн ирж, нөхрийн бие өвдсөн эмчилгээний мөнгө төгрөг хэрэгтэй байна, мөн бусдаас зээл авсан мөнгөө буцаан төлж чадахгүй байгаа тул надаас авлагатай гэж үзүүлж, хугацаа авах шаардлагатай байна гэж гуйсан тул бидний зүгээс тус болох үүднээс өөр зүйлд ашиглахгүй гэдэг амлалтыг нь авсны үндсэн дээр, бүгдийг нь нэг өдөр бөөнд нь, зөвхөн ******* гарын үсэг зурж өгсөн. Гэтэл ийнхүү биднийг хуурч мэхлэн дээрх дүр үзүүлсэн хэлцэлд гарын үсэг зуруулсан баримтыг үндэслэн төлбөрийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Тооцоо нийлж, төлбөр барагдуулах тухай гэрээ-ний хавсралтад Зээлийн гэрээ *******гэх жагсаалтыг үйлдэж, огт байгуулагдаагүй, огт аваагүй мөнгө дүнгүүдийг хаанаас, юуг үндэслэж, хэрхэн тооцсон нь ойлгомжгүй баримтыг үйлдэж гарын үсэг зуруулсан байна. Мөн гэрээний хавсралтад ашиг, шимтгэл, үр ашиг зэрэг бидний хооронд бичгээр ч, амаар ч ярилцаж тохиролцож байгаагүй, ойлгомжгүй зүйлүүдэд тодорхой мөнгөн дүнгүүдийг тооцож оруулан өр төлбөр үүсгэж, 3-33 сарын хугацаанд, 3-20 хүртэл хувиар хүү тооцохоор оруулсан зэрэг нь хууль зөрчиж байна. Учир нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана, 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно, мөн хуулийн 283 дугаар зүйлийн 283.1-д Зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ гэж тус тус заасныг зөрчиж байна. Өөрөөр хэлбэл, бидний хооронд анх 2018, 2019 онд бичгээр гэрээ байгуулалгүйгээр мөнгө зээлдүүлж, амаар зээлийн гэрээ байгуулагдсан тул ийнхүү олон сараар, дээрх дүн бүхий хүү тооцож авах эрх нэхэмжлэгчид үүсээгүй. Иймээс тооцоо нийлж, төлбөр барагдуулах тухай гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл, 56.1.2-т дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж тус тус заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэхээр байна. Түүнчлэн хариуцагч бидний хувьд анх нэхэмжлэгчтэй амаар ярилцаж тохиролцон мөнгө зээлж, буцааж тодорхой хувиар төлбөр нэмж төлөхөөр ярьсны дагуу нийт 126,500,000 төгрөгийн зээл авч, буцаагаад одоогийн байдлаар 298,460,000 төгрөгийг төлсөн байх ба бидний зүгээс ямар ч үндэслэлгүйгээр, нэхэмжлэгчийн худал үгэнд хууртаж, илүү 171,960,000 төгрөгийг төлсөн байх тул илүү төлсөн төлбөрөө буцаан шаардаж байна. Дээр дурдсанчлан бидний зүгээс нэхэмжлэгчтэй анх амаар ярилцаж тохиролцон зээлсэн мөнгийг богино хугацаанд буцааж төлөх, тодорхой хувиар өсгөж өгөхөөр болсон тул нийт зээлсэн төлбөр болох 126,500,000 төгрөг дээр нэмж илүү төлсөн төлбөрийн 50 хувийг үлдээж, түүнтэй маргахгүй.

Иймд 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Тооцоо нийлж, төлбөр барагдуулах тухай гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, илүү төлсөн төлбөр 85,980,000 төгрөгийг нэхэмжлэгч *******аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн татгалзал, тайлбарын агуулга

4.1. 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр нэг талаас иргэн *******, нөгөө талаас ******* ХХК болон ******* нар нь Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ-г талуудын хооронд үүссэн өр төлбөрийг гэрээ байгуулах үеийн цаг хугацаагаар тасалбар болгон, нийт үнийн дүнг 435,000,000 төгрөг байхаар баталгаажуулан тус төлбөрийг гэрээний 1.2-т заасны дагуу 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор хэсэгчлэн, хуваан төлж барагдуулах үндсэн нөхцөлтэйгээр байгуулсан. Дээр дурсан Тооцоо нийлж төлбөр барагдуулах гэрээ-г талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний талуудын чөлөөт байдлын зарчмын хүрээнд гэрээний нөхцлийг харилцан тохиролцон тодорхойлж, түүний үр дүнд бий болох үр дагаврыг ухамсарлаж, хүлээн зөвшөөрч өөрсдийн гарын үсэг зурж, тамга тэмдгээр баталгаажуулан, өөрсдийн биеэр нотариат дээр гэрээний үнэн зөвийг гэрчлүүлсэн байдал нь хэлцэлд тавигдах хуулийн хүчин төгөлдөр байдлыг хангаж байгаа бөгөөд эдгээрийг үгүйсгэх үндэслэл болохгүй юм. Мөн гэрээний хавсралт 1, 2-оор талуудын хооронд үүссэн байсан өр төлбөрийг үнийн дүн, хүү төлөх хугацаа, сард тооцогдож байгаа хүүгийн төлбөр, хариуцагч талаас төлсөн дүн, нийт үлдэгдэл төлбөрийг баталгаажуулан нийт үнийн дүнг тодорхойлсон ба хариуцагч нь гэрээний хавсралтаар баталгаажуулсан 13 удаагийн зээлийн гэрээнүүдийг компанийн гарын үсэг зурагдаагүй гэх бодит байдалд нийцэхгүй тайлбарыг нэхэмжлэлдээ дурдсан байгаа нь үндэслэлгүй болох нь хариуцагч 2 этгээд хоёул тус гэрээнүүдэд гэрээ тус бүрийг байгуулах үед мөн л хүлээн зөвшөөрч, гарын үсэг тамга тэмдгээр баталгаажуулан, хуулийн шаардлага хангасан байдлаар байгуулж байснаар тодорхой нотлогдоно.

Нэхэмжлэгч талын зүгээс хариуцагч нар нь шүүхэд хандахаас өмнө өр төлбөрийг хүлээн зөвшөөрч үүнийгээ ч бичгэн хэлбэрт оруулан баталгаажуулан зохих төлөлтүүдийг хийж байсан атлаа шүүхэд маргаан үүсэхэд өмгөөлөгчөөс зөвлөгөө аван гэрээ байгуулах үеийн хүсэл зоригоо үндэслэлгүйгээр үгүйсгэж байгаад маш их гомдолтой байна. Тодруулбал, хариуцагч нар нь Төлбөр тооцоо нийлэх гэрээний хавсралтад дурдсаны дагуу ******* ТӨҮГ-аас зарласан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ тендерт тэнцсэн, тендерийн дагуу хийгдэх худалдах, худалдан авах гэрээний дагуу нийлүүлэгдэх бүтээгдэхүүний захиалгыг өөрсдийн санхүүжилтээр хийдэг, гэхдээ яаралтай мөнгө хэрэгтэй байгаа учраас гуравдагч этгээдээс хамаагүй мөнгө зээлээд өгөөч, мэдээж ББСБ, хувь хүн дурын хүнд хүүгүй мөнгийг зээлдүүлж, ашиглуулахгүйг ойлгож байгаа, мөнгө олдож байвал хэдэн хувийн хүүтэй ч байсан хамаагүй хүүг нь төлнө. Бид банкнаас зээлтэй байгаа мөн компани дээрээ зээл авчихвал тендерт оролцож чадахгүй учраас бусдаас мөнгө зээлж өгөөч гэдэг хүсэл зоригийг илэрхийлж байсан. ******* нь ч гэрээний хавсралтад дурдсан ******* эй байгуулсан гэрээнүүдийг харуулж, гэрээ хийгдсэн гэдэг итгэл үнэмшлийг *******, хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал ******* нар нь төрүүлсэн учраас тухайн үедээ өөрөө дөнгөж төрсөн нялх биетэй, өөрийн гэсэн орлогогүй байсан атлаа хариуцагч нарт итгэн өөрийн ойр дотны найз нөхөд, өөрийн хувийн эд хөрөнгүүд болох автомашин, утасны дугаар зэргийг барьцаалан ББСБ, барьцаалан зээлдүүлэх газруудад барьцаалан зээл авсан өдрөө хариуцагч нарт шууд шилжүүлэн өгч байсан. Мөн ******* нь хариуцагч нарт өгсөн зээлүүд нь бусад этгээдээс дамжин зээлдэгдсэн, үүний үр дүнд хүү тооцогдож байгаа гэдгийг маш тодорхой мэдэж байсан.

Нэхэмжлэгчийн хувьд хүнд нөхцөл байдлыг туулсан байхад хариуцагч нарын зүгээс нэхэмжлэгчээс шилжүүлэн авсан мөнгөөр ажлаа аль дээр гүйцэтгээд гэрээ байгуулсан тухай бүртээ гүйцэтгэлийн санхүүжилт болох 790,000,000 төгрөгийн төлбөрийг авч, хувьдаа ашиглаж, ашиг орлого олчихоод эцэстээ өөрсдийнх нь үйл ажиллагаанд зарцуулсан мөнгөө хүнээр гаргуулж, бусад этгээдийн өмнө өр төлбөртэй үлдээчихээд шүүхэд зээлийн гэрээ байгуулаагүй, хүүгүй байсан зэрэг ёс зүйгүй тайлбар өгч байна.

2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Тооцоо нийлж, төлбөр барагдуулах тухай гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, илүү төлсөн төлбөр 85,980,000 төгрөгийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэл гаргасан байх ба Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хэлцэл хийсэн талууд хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй. Энэхүү хуулийн зохицуулалтын дагуу гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа тохиолдолд түүний үр дагавар нь тус хэлцэлтэй шууд хамааралтай буюу түүний үр дагавар болон тодорхойлогдох буюу Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ-ээр талууд өмнө үүссэн өр төлбөрийн асуудлыг л харилцан тохиролцон баталгаажуулан, тохирсон өр төлбөрийг төлөх хугацаа, журмыг тогтоосон. Гэтэл сөрөг нэхэмжлэлийн шаардлагаар буцаан шаардаж буй 85,980,300 төгрөг нь хэрхэн тооцогдож байгаа бөгөөд хүчин төгөлдөр бус болгох гэрээтэй ямар хамааралтай ойлгомжгүй, тодорхойгүй байгаа учраас уг сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх бодит үндэслэлтэй гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

5.1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ХХК , ******* нараас 201,697,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, үндсэн нэхэмжлэлээс үлдэх 106,003,000 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч нараас гаргасан 2021 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн тооцоо нийлж, төлбөр барагдуулах тухай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, илүү төлсөн төлбөр 85,980,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь заалтад тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 1,696,450 төгрөг, хариуцагчаас төлсөн 2,920,800 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 1,220,400 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1. Шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг Тооцоо нийлж, төлбөр барагдуулах тухай гэрээ-ний үүрэгт 307,620,000 төгрөг гаргуулах гэж дурдсан байх боловч үндэслэх хэсэгт зээлийн гэрээний үүрэгт 307,620,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан талаар дурдаад, тогтоох хэсэгт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэн хэргийг шийдвэрлэжээ. Тэгвэл нэхэмжлэгчийн зүгээс дээрх 307,620,000 төгрөгийг зохигчдын хооронд байгуулагдсан гэх 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн тооцоо нийлж, төлбөр барагдуулах тухай гэрээг үндэслэн нэхэмжлэлээ гаргасан буюу Иргэний хуулийн 466 дугаар зүйлд заасан Тооцоо нийлэх гэрээ-ний үүргийг шаардсан байхад анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлон, хэт нэг талыг барьж, хуульд нийцэхгүй шийдвэрийг гаргасан байна. Үүнийг нотлох баримт нь хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүнд хавсаргасан баримтуудаас тодорхой харагдах ба нэхэмжлэгчийн зүгээс анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа зөвхөн дээрх 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн тооцоо нийлж, төлбөр барагдуулах тухай гэрээг хавсарган өгч, түүнд дурдагдсан 435,000,000 төгрөгөөс үлдэх 307,620,000 төгрөгийг гаргуулах талаар нэхэмжлэлдээ тодорхой дурдсан байгаа юм. Үүнээс үзэхэд нэхэмжлэгчийн хүсэлт зориг нь Иргэний хуулийн 466 дугаар зүйлд заасны дагуу тооцоо нийлэх гэрээ /хүчин төгөлдөр бус/-ний дагуу төлбөр шаардсан болох нь тодорхой харагдаж байхад анхан шатны шүүхээс үүнийг буруу үнэлж дүгнэжээ. Мөн анхан шатны шүүхээс дүгнэхдээ "талуудын хооронд байгуулагдсан 1-13 тоот зээлийн гэрээнүүдэд зээлдэгч *******, ******* ХХК-ийн захирал ******* гэж тус бүр гарын үсэг зурж, компанийн тамга дарсан. Мөн уг зээлийн гэрээнүүдэд мөнгө хүлээн авсан *******, ******* гэж тус бүр гарын үсгээ зурсан байна. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний агуулгыг өөрөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд байгуулсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар түүний хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар хүчин төгөлдөр байна. Хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагч ******* ХХК , ******* нар нь зээлийн гэрээг дүр үзүүлэн байгуулсан гэх үйл баримт тогтоогдоогүй. Тэд зээлийн гэрээнд гарын үсэг зурсан, гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг хүлээн авсан болохоо зээлийн гэрээнд тодорхой тусгаж гарын үсгээ зурсан байна. Мөн талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хууль зөрчиж байгуулагдсан гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй. Хариуцагч нар зээлийн гэрээнд дарамт үзүүлж, итгэл төрүүлэн гарын үсэг зуруулсан гэх тайлбараа нотлоогүй. Хариуцагч нар нь иргэний эрх зүйн бүрэн чадамжтай этгээдүүд байх ба тэд бусадтай гэрээ, хэлцэл байгуулах эсэх, гэрээнд гарын үсэг зурах эсэх нь тэдгээрийн хүсэл зоригийн асуудал байна. ...Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр зээлийн гэрээний харилцаа үүсчээ. Нэхэмжлэгч нь хариуцагч нарыг нийт зээлийн гэрээний үүрэгт 127,300,000 төгрөг төлсөн гэж тайлбарлаж, маргах боловч нэхэмжлэгчээс 1-р хавтаст хэргийн 169 дүгээр талд авагдсан төлбөрийн задаргааны баримтад нийт 212,490,000 төгрөг төлсөн болохыг өөрөө бичиж гаргасан байна гэх зэргээр дүгнэсэн нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн, хэт нэг талыг барьсан гэж үзэх үндэслэлтэй. Учир нь анхан шатны шүүхээс хариуцагч нараас тус хэрэгт гаргаж өгсөн дансны хуулгыг огт үнэлж дүгнээгүй байх бөгөөд түүнд нэхэмжлэгчээс хариуцагч нарт хэдэн төгрөгийг ямар хугацаанд зээлийн журмаар шилжүүлсэн цаг хугацааг харах бүрэн боломжтой. Тухайлбал хавтаст хэрэгт авагдсан хариуцагч нараас гаргаж өгсөн дансны хуулгаар хариуцагч нарын зээлж авсан гэж тайлбараа гаргасан 126,500,000 төгрөгийн дүн нотлогдож байх боловч нэхэмжлэгчийн зүгээс гаргаж өгсөн баримтуудаас хариуцагч нарт 164,850,000 /164,800,000 гэж тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээнд заасан байдаг, 160,190,000 гэж 1-р хх-ийн 169 дэх талд авагдсан баримтад заасан байдаг/ төгрөгийг зээлдүүлсэн гэж маргаж, мөн шүүхээс энэхүү дүн бүхий зээлийг авсан гэж үзэж, түүнээс тооцсон байдаг боловч энэ дүнгээр хариуцагч нарын өмчлөлд мөнгийг шилжүүлэн өгсөн үйл баримт тогтоогддоггүй бөгөөд дараах хүснэгтээс харьцуулан харах боломжтой. Дээрх байдлаас харвал дансны хуулгаар 126,500,000 төгрөгийг нэхэмжлэгчээс хариуцагч нарт шилжүүлсэн дүн нотлогдож байгаа тул энэ дүнгээр зээлийн гэрээний харилцаа үүссэн, харин анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан ******* тоот зээлийн гэрээний дагуу мөн адил мөнгө авсан гэж үзэж байгаа бол дээр нь нэмээд 164,850,000 төгрөг дээр зээлийн гэрээний харилцаа үүсэж, нийтдээ 290 орчим сая төгрөг дээр зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр, ийм хийсвэр, бичгэн баримтад тулгуурлаагүй дүгнэлтийг хийж, хэт нэг талыг барьсан шийдвэрийг анхан шатны шүүхээс гаргасан гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасны дагуу ******* тоот зээлийн гэрээний огноогоор зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн буюу зээлийн гэрээ байгуулагдсанд тооцох боломжгүй нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан баримтаар бүрэн тогтоогдож байх бөгөөд энэ тохиолдолд мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т тус тус зааснаар хууль зөрчиж, дүр үзүүлэн байгуулсан хэлцлүүд нь хүчин төгөлдөр бус байхаар хуульчилжээ. Хэрэв нэхэмжлэгчийн зүгээс дээрх ******* тоот зээлийн гэрээнүүдийн дагуу мөнгийг хариуцагч нарт шилжүүлэн өгсөн гэж байгаа тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлага болон түүний үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй боловч энэ үүргээ биелүүлээгүй, хавтаст хэрэгт 164,850,000 төгрөгийг хариуцагч нарт уг бичгэн гэрээнүүдийн дагуу шилжүүлэн өгсөн болохыг нотлох баримт авагдаагүй болно. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн зээлийн гэрээнүүдийг үндэслэн түүний дагуу мөнгийг хариуцагч нарт шилжүүлэн өгөөгүй тул тэрхүү гэрээнүүдийг хуулийн дагуу байгуулагдсан гэж үзэх боломжгүй ба Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасны дагуу зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн боловч албан ёсоор хуулийн дагуу хүчин төгөлдөр зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй байх тул зээлийн гэрээний хүүг нэхэмжлэгч нь хариуцагч нараас шаардах эрхгүй байна.

Гэтэл эдгээр болон бусад олон нөхцөл байдлыг анхан шатны шүүхээс харгалзан үзэлгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэлгүйгээр, хуулийн заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэж, хэт нэг талыг барьсан шийдвэрийг гаргасан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Мөн анхан шатны шүүхээс дүгнэхдээ ...Хариуцагч нар *******аас мөнгөн хөрөнгийг зээлж авч байсан үйл баримтад маргаагүй, харин нийт 126,500,000 төгрөгийг зээлж авсныг бүрэн төлж барагдуулсан гэж маргасан боловч уг тайлбараа нотлоогүй гэж дурдсан байгаа нь шүүхийн шийдвэр мөн хэт нэг талыг барьсан болохыг харуулж байна. Учир нь 1-р хавтаст хэргийн 78-110-р талд авагдсан, хариуцагч нарын зүгээс нотлох баримтын шаардлага хангуулан гаргаж өгсөн дансны хуулгуудаар хариуцагч нар нь нэхэмжлэгч ******* болон түүний нөхөр болох *******ы данс руу 126,500,000 төгрөгийг төлсөн болох нь бүрэн нотлогдож байхад уг баримтыг хэрэгт огт байхгүй мэтээр ийнхүү дүгнэх болсон нь ойлгомжгүй байна. Түүнчлэн нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч нарт анх 2018-2019, 2021 онуудад 8 удаагийн гүйлгээгээр мөнгийг шилжүүлэхдээ өөрийн болон нөхөр *******ы данснаас хариуцагч ******* болон түүний нөхөр болох хариуцагч ******* ХХК-ийн захирал ажилтай, иргэн Д.*******ын данс руу шилжүүлсэн байдаг болно. Мөн нэхэмжлэгчийн зүгээс зээлийн гэрээний үүрэгт хариуцагч бидний бэлнээр болон дансаар өгсөн төлбөрүүдийг дутуу тооцож оруулсан байх ба тухайлбал хавтаст хэрэгт авагдсан баримтаар 2021 онд дансаар 18,800,000 төгрөгийг нэхэмжлэгчид өгсөн болох нь нотлогдож байгаа ба тухайн ондоо бэлнээр 77,200,000 төгрөгийг хүлээн авч, түүнийгээ баталгаажуулан, мөнгө хүлээлцсэн баримтад гарын үсэг зурсан байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч нараас хүлээн авсан болон шилжүүлсэн буюу зээлсэн мөнгөн дүнгийн талаар харилцан зөрүүтэй тайлбарыг гаргаж, холбогдох баримтыг гаргаж өгөөгүй байгаа асуудлын талаар тодорхой дүгнэлтийг шүүхээс хийгээгүй байна. Тухайлбал 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн "Тооцоо нийлж, төлбөр барагдуулах тухай" гэрээ гэх баримтад зээлийн гэрээнүүдийн дагуу 164,800,000 төгрөгийг өгсөн гэж, харин шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон 1-р хавтаст хэргийн 169 дүгээр талд авагдсан баримтад 160,190,000 төгрөгийг өгсөн гэж, Мөн нэхэмжлэгчийн анх шүүхэд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс хойш 127,300,000 төгрөгийг төлсөн гэж дурдсан боловч 1-р хавтаст хэргийн 169-р талд авагдсан баримт /2021+2022+2023 онуудын төлбөрийн нийлбэр/-аас харвал 144,630,000 төлөгдсөн гэх мэтээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон нэхэмжлэгчээс гаргаж өгсөн баримтууд нь хоорондоо зөрүүтэй зэргээс үзвэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон нэг талыг барьж хэргийг хянан түүний үндэслэлийг тодруулалгүйгээр, хэт шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. Учир нь анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...Хариуцагч нарын гүйцэтгэвэл зохих үүргийг тооцвол: ....Нийт ******* тоот зээлийн гэрээний гүйцэтгэвэл зохих үүргийг нэмж нэгтгэвэл 414,187,000 төгрөгийг хариуцагч нар гүйцэтгэх үүрэгтэй байна гэж дүгнэснээс тодорхой харагдана гэж үзэж байна. Тодруулбал хэрэв нэхэмжлэгчийн зүгээс хэрэгт авагдсан байгаа ******* тоот зээлийн гэрээний дагуу нэхэмжлэлийн шаардлагаа гаргаж, шаардсан бол тэрхүү 307,620,000 төгрөг нь үндсэн зээлээ үү, зээл болон хүү юм уу, мөн дээр нь алданги хэдийг нэхэж байгаа зэргийг нэхэмжлэгч өөрөө тодорхойлох ёстой, хуулиар хүлээсэн үүрэгтэй болохыг хуульд тодорхой заасан байхад анхан шатны шүүхээс энэ талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүх хуралдааны явцад огт тодруулаагүй хэрнээ, хэргийг шийдвэрлэж шийдвэр гаргахдаа шүүх өөрөө нэхэмжлэгчийн өмнөөс нь дээрх гэрээнүүдийг үндэслэн тооцож өгөөд, түүнийхээ дагуу шийдвэр гаргаж байгаа нь хэт нэг талыг барьсан, шүүх нэхэмжлэгчийн эрхийг хэрэгжүүлсэн, шүүх эрх хэмжээгээ хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл хэн нэгэн этгээдүүдийн хооронд бичгээр зээлийн гэрээ байгуулагдсан байсан ч түүнийхээ дагуу зөвхөн үндсэн зээлээ шаардах уу, хүү тооцож нэхэмжлэх үү, мөн дээр нь алданги тооцох уу гэдэг бол нэхэмжлэгчийн эрх хэмжээний асуудал байтал уг иргэний хэргийн хувьд нэхэмжлэгчээс зээлийн гэрээний дагуу үндсэн зээл, түүний хүү, бас алданги гэж тус бүрд нь тооцоолж нэхэмжлээгүй харин тооцоо нийлэх гэрээний дагуу нэхэмжлэлээ гаргасан байхад анхан шатны шүүхээс Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулалгүйгээр, шууд зээлийн гэрээний дагуу үндсэн зээл, хүү, алданги зэргийг нэхэмжлэгчийн өмнөөс тооцон гаргаж өгч, түүнийхээ дагуу шүүхийн шийдвэр гаргаж байгаа нь хуульд нийцэхгүй. Нэхэмжлэгчээс тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээнд ******* тоот зээлийн гэрээний үүрэг 212,490,000 авсан, одоо нэмээд 435,000,000 төгрөгийг авна, үлдэж байгаа 435,000,000 төгрөгийн 127,038,710 төгрөг нь үр ашгийн тооцоо, үлдэгдэл 307 орчим сая төгрөг нь зээлийн гэрээний үүрэг мэтээр тусгасан байгаа юм. Тэгвэл эндээс 127 сая нь үр ашгийн тооцооны мөнгө юм бол 307 саяын хэд нь үндсэн зээлийн үлдэгдэл, хэд нь хүү, хэд нь алдангийн төлбөр болохыг ялгаж салгаж нэхэмжлээгүй байхад анхан шатны шүүхээс 201 сая төгрөгийг үндсэн зээл, хүү, алданги гэж ялгаж салгалгүйгээр зээлийн гэрээний үүрэгт төлөх үүрэгтэй гэх байдлаар дүгнэж, хэргийг шийдвэрлэж байгаа нь хуулийг ноцтой зөрчиж байна. Мөн анхан шатны шүүхээс дүгнэхдээ ...Нэхэмжлэгч нь зээлийн гэрээнүүдийн үүргийг талуудын хооронд 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээний дагуу шаардсан нь үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь "Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана" гэж заасан. Талууд ******* тоот гэрээнүүдийн хугацаа дуусах бүрт сунгаж байгаагүй, энэ талаар бичгээр гэрээ байгуулаагүй болохоо хэн аль нь шүүх хуралдаанд тайлбарласан. Зээлийн гэрээний хугацааг сунгаж байгаагүй атлаа тооцоо нийлсэн баримтын хавсралт-1-т гэрээнд тохирсон хугацаанаас илүү хугацаагаар тооцсон нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгч нь зээлийн гэрээнүүдийн хугацаа дууссанаас хойш зээлийн үү тооцож шаардсан нь үндэслэлгүй. Мөн тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээний хавсралт-2-т ******* ТӨҮГ-тай байгуулсан гэрээний дагуу хийгдсэн ажлын үр ашгийн тооцооны төлбөрт 254,077,420 төгрөг гаргуулахаар тусгасан нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчээс уг үр ашгийн тооцооны мөнгөн хөрөнгийг гаргуулах тухай үндэслэлээ "...би бусдаас зээл авч авсан зээлийн мөнгийг хариуцагч нарт зээлдүүлсэн байсан. Хариуцагч нар зээлийн төлбөрөө буруутай үйлдлийн улмаас бусдад хүүгийн төлбөр төлж хохирсон. Иймд хариуцагч нарын Эрдэнэт үйлдвэр-тэй байгуулсан худалдах худалдан авах гэрээнээс олсон ашгаас гаргуулна" гэж тайлбарласан. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд ******* эй байгуулсан худалдах худалдан авах гэрээнээс олсон ашгаас гаргуулах тухай тохиролцоо байхгүй байна. Мөн нэхэмжлэгч нь хариуцагч нарт мөнгөн хөрөнгө зээлдүүлэхдээ уг мөнгөн хөрөнгийг ямар хөрөнгийн эх үүсвэрээс олж зээлдүүлэх эсэх нь түүний эрхийн асуудал байна. Иймд нэхэмжлэгчээс гаргасан бусдад зээлийн хүү төлж хохирсон гэх тайлбар үндэслэлгүй..." зэргээр дүгнэжээ. Хэдийгээр анхан шатны шүүхээс хариуцагч бидний сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэдий ч дээрх дүгнэлтээр 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээний дагуу төлбөр шаардсан нь үндэслэлгүй талаар үндэслэлтэй зөв дүгнэсэн тул бидний зүгээс сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон асуудлаар давж заалдах гомдол гаргах шаардлагагүй гэж үзсэн болно. Учир нь дээрх гэрээг хэдийгээр хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож шийдвэрлээгүй ч гэлээ түүнийг үндэслэн төлбөр шаардах боломжгүй болохыг дурдаж, дүгнэсэн тул энэхүү хэлцэл нь цаашид хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр дүгнэгдсэн, үр дагаврыг үүсгэхгүй болсон гэж үзэж байна. нэхэмжлэгчийн Иймээс хариуцагч бидний зүгээс шүүхийн шийдвэрийн Нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэсэгт зөвхөн давж заалдах гомдол гаргаж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасны дагуу хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэмжээнд улсын тэмдэгтийн хураамжийг төлсөн болно. Иймд дээрх үндэслэлүүдээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 191/ШШ2025/04900 дугаар шийдвэрт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулж өгнө үү гэсэн байна.

 

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

7.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******: Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй. Хариуцагч талын зүгээс анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэл болон талуудын хооронд үүссэн харилцааг буруу тодорхойлсон гэх гомдлыг гаргадаг. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримталж, нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан бөгөөд талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж шаардлагын үндэслэлээ тодорхойлсон. Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ гэдэг нь 13 ширхэг зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийн талаар талууд тооцоо нийлж дүгнэсэн гэрээ юм. Иймд анхан шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг үндэслэж, хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Харин хариуцагч талын тайлбарлаж буй Иргэний хуулийн 446 дугаар зүйл нь мөнгөн хөрөнгө зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгж нарын хооронд үүссэн харилцааг зохицуулах хуулийн заалт гэж үзэж байна. Хариуцагч талын зүгээс зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус буюу мөнгө бодитоор олгогдоогүй, зээлийн тооцоолол зөрүүтэй, эргэн төлөлтийг дутуу тооцсон гэх үндэслэлүүдийг дурддаг. Түүнчлэн хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэгч талын анх нэхэмжлэл гаргасан мөнгөн дүн болон зээл олгосон мөнгөн дүн, зээлийг буцаан авах мөнгөн дүнгүүд нь бүгд зөрүүтэй байдаг буюу энэ нь тодорхойгүй байна гэх үндэслэлийг гомдолдоо дурддаг. Нэхэмжлэгч талын зүгээс анх төлбөр тооцоо нийлэх гэрээний хавсралтыг үндэслэж, нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын гаргаж өгсөн дансны хуулгыг нэг бүрчлэн шүүсэн. Мөн гуравдагч этгээдүүдээс зээлсэн зээлийн үнийн дүнг нэг бүрчлэн тооцож шүүсэн бөгөөд энэ талаарх баримтыг ойлгомжтой байдлаар хүснэгтлэн хэргийн материалд өгсөн. Тухайн тооцоололд 2018 оноос 2022 он хүртэлх хугацаанд нэхэмжлэгч талын зүгээс дансны хуулгаар бодитой олгогдсон зээлийн үнийн дүн нь 160,190,000 төгрөг гэж дурдсан байдаг. Хариуцагч нарын зүгээс 212,440,000 төгрөгийг буцаан төлсөн болохыг хүлээн зөвшөөрдөг. 2021 онд талууд тооцоо нийлсэн гэрээ байгуулсан бөгөөд тухайн гэрээнд хариуцагч талын төлсөн зээлийн үнийн дүнг дурдсан ба гэрээ байгуулснаас хойш 127,000,000 төгрөгийг төлсөн байдаг. Өмнө нь 80,000,000 төгрөг, дараа нь 127,000,000 төгрөг төлөгдсөнөөр нийт 212,440,000 төгрөг төлөгдсөн гэх талаар тооцоолон харуулсан болохоос өөр үнийн дүн бүхий зээлийг нэмж нэхэмжилсэн зүйл байхгүй. Хариуцагч тал нь давж заалдах гомдолдоо нэхэмжлэгч тал өмнө нь нэхэмжилсэн мөнгөө дахин нэхэмжилж байна гэх агуулгыг дурддаг. Гэтэл энэ нь нэг гэрээний үнийн дүнг дахин нягтлан шалгаж, тодорхойлж гаргасан үнийн дүн болохыг хэлмээр байна. ******* дугаартай зээлийн гэрээнүүдийн эх үүсвэрийг нэхэмжлэгч ******* зөвхөн өөрөөсөө гарган өгч зээлдүүлээгүй буюу гуравдагч этгээдээс өөрийн нэр дээр зээл авч, улмаар хариуцагч нарт зээл олгосон байдаг. Түүнчлэн хариуцагч нарын өмнөөс авсан зээлийн эргэн төлөлтийг төлж байсан нөхцөл байдлууд нь хэрэгт авагдсан дансны хуулгаас тодорхой харагдана. Тухайн нөхцөл байдлыг хариуцагч нар бүрэн ухамсарлаж, 2021 оны төлбөр тооцоо нийлэх гэрээг нотариатаар баталгаажуулж, байгуулсан. Гэрээний хүчин төгөлдөр байдлыг анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэсэн. Хариуцагч тал нь давж заалдах гомдолдоо анхан шатны шүүх хариуцагч талын илүү төлсөн 77,000,000 төгрөгийг анхаарч үзээгүй гэж дурддаг. Гэтэл хариуцагч талын дурдаж буй дээрх бичгийн нотлох баримт хэргийн материалд авагдаагүй бөгөөд тухайн 77,000,000 төгрөгийг нэхэмжлэгч тал авсан гэх үйл баримт нь нотлох баримтаар нотлогдоогүй учир нэхэмжлэгч талын зүгээс уг мөнгийг аваагүй гэж үзсэн. Хариуцагч талын дурдсан дээрх баримтын талаар шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна гэв.

7.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******: Төлбөр тооцоо нийлэх гэрээний тухайд Иргэний хуульд заасан гэрээний чөлөөт байдлын зарчмын дагуу талууд хуульд нийцсэн ямар ч гэрээг, ямар ч хэлбэрээр нэрлэн байгуулж болно. Талуудын хооронд байгуулагдсан тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээг зөвхөн Иргэний хуулийн 465 дугаар зүйлд заасан гэрээний агуулгаар илэрхийлж, буруу тайлбарлаж байна. Гэтэл тухайн гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасан талуудын гэрээ байгуулах чөлөөт байдлын зарчмын дагуу өмнө нь байгуулсан гэрээнүүдийг нэгтгэн нэг гэрээ болгон байгуулсан гэрээ юм. Хариуцагч талын төлсөн төлбөрийг анхан шатны шүүх дүгнээгүй гэх асуудлыг мөн ярьдаг. Хариуцагч тал нь үнэхээр тухайн төлбөрийг төлсөн гэж тайлбарлаж байгаа тохиолдолд үүнтэй холбоотой *******, ******* ХХК , ******* нар нь нэхэмжлэгч *******т хэзээ, хэдэн төгрөг төлсөн талаарх дансны хуулгыг тодорхой шүүж, цаг хугацаа тус бүрээр нь гаргаж өгөх бүрэн боломжтой байсан. Энэ хэрэг маргаан 1 жилийн хугацаанд үргэлжилсэн байхад тухайн хугацаанд дээрх тооцооллыг хариуцагч талаас огт гаргаж өгөөгүй атлаа шүүх тухайн тооцооллыг хариуцагч нарын өмнөөс хийх ёстой байсан мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад хариуцагч талын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан Тооцоо нийлж, төлбөр барагдуулах тухай гэрээ-ний үүрэгт 307,620,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар нь эс зөвшөөрч сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

3. Хэрэгт нотлох баримтаар авагдсан Тооцоо нийлж, төлбөр барагдуулах тухай гэрээ болон 13 зээлийн гэрээнд ******* нь гэрээний нэг тал болж оролцож, гарын үсэг зураагүй боловч хэргийн баримтаар 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгчээс хариуцагч нарт зээлдүүлсэн гэх 160,190,000 төгрөгийн 125,500,000 төгрөг нь *******ы данснаас шилжсэн байна.

 

******* нь нэхэмжлэгч *******-ийн нөхөр гэх боловч энэ нь нөхцөл байдал нь түүний данснаас гарсан мөнгөн хөрөнгөтэй холбоотой асуудлаар түүний оролцоогүйгээр өөр этгээдүүд гэрээ байгуулан, улмаар уг гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой шүүхийн журмаар маргаж байгаа нь *******ы шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг үгүйсгэх, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй гэж үзэх үндэслэл болохгүй тул анхан шатны шүүх *******ы эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа эсэхийг тодруулаагүй алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах, нөхөн гүйцэтгэх боломжгүй байна.

 

4. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан ...2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Тооцоо нийлж, төлбөр барагдуулах тухай гэрээ-ний үүрэгт 307,620,000 төгрөг гаргуулах тухай шаардлагад 127,038,710 төгрөгийг үр ашиг... гэсэн байдлаар нэхэмжилсэн нь шаардлагыг тодруулж, мэтгэлцүүлэх шаардлагатай байжээ.

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл шаардаж байгаа тохиолдолд үндсэн зээл, гэрээнд заасан бол хүү, анз шаардах хэлбэрээр үүргийг талууд тодорхойлсон байх хуулийн зохицуулалттай. Гэтэл, үр ашиг гэх агуулгатай мөнгөн хөрөнгө нь дээр зээлийн гэрээний үүргийн аль хэсэгт хамаарч байгаа эсэх, мөн хохирол гэж шаардаж байгаа эсэхийг тодруулсныг дараа эрх зүйн дүгнэлт өгөх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт нийцнэ.

 

5. Дээр дурдсан ажиллагааг давж заалдах шатны шүүхэд нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 191/ШШ2025/04900 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,166,435 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

 

ШҮҮГЧИД Ч.МӨНХЦЭЦЭГ

 

 

Б.УУГАНБАЯР