| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 105/2019/0757/Э |
| Дугаар | 948 |
| Огноо | 2019-05-24 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Мөнгөншагай |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 948
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа, улсын яллагч Б.Мөнгөншагай, шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнгөншагайгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Г. Б холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1903 00370 0203 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Г.Б нь 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 15 цаг 57 минутын орчимд Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 486 тоот хаягтаа хашааны урд замд “Ниссан санни” маркийн 40-21 УНМ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан "Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах", 4 дүгээр хавсралтын 1.1-т заасан "Ажлын тоормосны идэвхжил нь MNS 4598 стандартад заасан үзүүлэлтийг хангаж чадахгүй байх" гэснийг зөрчсөн буюу урд дугуйн тоормосны хүч зүүн, баруун талдаа 35,29%-ийн зөрүүтэй /стандарт < 20%/, хойд дугуйн тоормосны хүч зүүн, баруун талдаа 50,0%-ийн зөрүүтэй /стандарт < 30%/, хойд дугуйн тоормос зогсоогүй улмаас явган зорчигч 7 настай Б.М мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б мэдүүлэхдээ: “….” гэв.
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 7/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 8-15/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-н 16/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд насанд хүрээгүй хохирогчоор Б.М мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 23-24, 45-46/, мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгчээр М.А мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 27-28/, хохирлын баримтууд /хх-н 32-40/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 4541 дугаар дүгнэлт /хх-н 52/, шинжээчээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 47-48/, мөрдөгчийн магадлагаа /хх-н 63-64/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 68-70/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 90/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 73/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /хх-н 101/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнгөншагайгаас шүүгдэгч Г.Б нь 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 15 цаг 57 минутын орчимд Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 486 тоот хаягтаа хашааны урд замд “Ниссан санни” маркийн 40-21 УНМ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан "Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах", 4 дүгээр хавсралтын 1.1-т заасан "Ажлын тоормосны идэвхжил нь MNS 4598 стандартад заасан үзүүлэлтийг хангаж чадахгүй байх" гэснийг зөрчсөн буюу урд дугуйн тоормосны хүч зүүн, баруун талдаа 35,29%-ийн зөрүүтэй /стандарт < 20%/, хойд дугуйн тоормосны хүч зүүн, баруун талдаа 50,0%-ийн зөрүүтэй /стандарт < 30%/, хойд дугуйн тоормос зогсоогүй улмаас явган зорчигч 7 настай Б.М мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Г.Быг 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 15 цаг 57 минутын орчимд “Ниссан санни” маркийн 40-21 УНМ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас явган зорчигч 7 настай Б.М мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд насанд хүрээгүй хохирогч Б.Мөнхбаатарын өгсөн: “...." гэх мэдүүлэг /хх-н 23-24/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 4541 дугаартай дүгнэлт
1. Б.Мөнхбаатарын биед тархи доргилт, шуу ясны далд хугарал, дагзны хуйхны зулгаралт, зөөлөн эдийн няцрал, нурууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ,
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-н 52/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар Г.Бын өгсөн: "...Би Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг Хужирбулангийн замд ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлтэй зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр 40 орчим км/ц-ийн хурдтай явж байтал ойролцоогоор 10-15 орчим метрийн зайнд замынхаа хойд талд нэг эрэгтэй хүүхэд ганцаараа явган хүний замаар баруунаасаа зүүн чиглэлтэй гүйж байгаа харагдсан. Тэгтэл дөнгөж явган хүний гарц өнгөртөл тухайн хүүхэд нь ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй зам хөндлөн гарч гүйхэд нь би харсан даруйдаа тоормозоо гишгэсэн боловч машиныхаа урд хэсгээр тухайн хүүхдийн биеийнх нь баруун хэсэг рүү мөргөж зогссон." гэх мэдүүлэг /хх-н 69-70/
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тус тус хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, хохирогчид учруулсан хохирлыг төлж, эвлэрсэн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг хянасаны үндсэн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Г.Бт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Хохирогч “...хохирол төлбөрт 2.000.000 төгрөгийг авсан, одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-н 101/ гэсэн хүсэлт гаргасан байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Г.Б автотээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээ буюу Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бт оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.