Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2025/01538

 

 

*******-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ч.Мөнхцэцэг, Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 192/ШШ2025/04201 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******-д холбогдох,

 

30,897,225 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Б.Ууганбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагчийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Миний бие *******-аас Хан-уул дүүргийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл ачилтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ******* ХХК-ийг 2 ачигч тээврийн хэрэгсэл, үйл ажиллагаа явуулах зөөврийн сууцны хамт 140,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож, 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр урьдчилгаа мөнгө 5,000,000 төгрөгийг*******-ын төрсөн охин *******-ын Хаан банкны ******* тоот данс руу 2 хувааж шилжүүлэн, 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр өөрийн эзэмшлийн тоёота приус ******* маркийн *******, тоёота приус ******* маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг 23,000,000 төгрөгт тооцон хүлээлгэж өгсөн. Үүнээс хойш 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр мөн ******* тоот данс руу 77,200,000 төгрөгийг 3 хувааж шилжүүлсэн. Зөөврийн сууцыг 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 4,500,000 төгрөгөөр худалдан авч ачилтын хөлсөнд 300,000 төгрөгийг тооцож нийт 110,000,000 төгрөгийг өгч, ******* ХХК-ийг манай дүү *******-ын нэр дээр шилжүүлж өгөх, автомашины ББСБ-д төлөх үлдэгдэл мөнгийг төлж шүүхийн шийдвэрт өр төлбөргүй болгож өгөх байсан боловч нэг ч зүйл хийгээгүй тул тохиролцоогоо буцаахаар шийдвэрлэж мөнгөө авсан боловч одоо үлдэгдэл 15,000,000 төгрөгийг өгөөгүй. Гэрээ байгуулаад мөнгийг нь бүрдүүлж өгөхийн тулд 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ******* ХХК-аас 80,000,000 төгрөгийн зээл авч түүний хүүгийн төлбөрт нийт 2,317,225 төгрөгийг нэхэмжилнэ. Түүнчлэн, нийт 12,886,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулахын тулд тоёота приус ******* маркийн *******, тоёота приус ******* маркийн ******* улсын дугаартай автомашинуудыг зах зээлийн ханшнаас хямдаар зарж зээлээ хааж дуусгасан ба автомашинуудыг 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр *******-д хүлээлгэн өгснөөс хойш нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж буй хугацаа буюу 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэлх хугацааны зөвхөн 1 автомашины түрээсийн хохирлоор тооцож 146 хоног, өдрийн 80,000 төгрөгөөр тооцож 11,680,000 төгрөг, мөн тухайн тээврийн хэрэгсэл түр саатуулах үйл ажиллагаа явуулсан 10 хоногийн хугацааны орлого болох 1,900,000 төгрөг, нийт 15,897,225 төгрөг, нийт 30,897,225 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Нэхэмжлэгчийн зүгээс миний явуулж байсан компанийн үйл ажиллагааг худалдан авах саналыг гаргаж хэд хэдэн удаа уулзсан. Улмаар зөвшөөрсөн боловч худалдан авахаа больсон. Нэхэмжилсэн 15,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Гэхдээ 10 хоног ажиллуулахад олсон орлогыг эд нар авсан учраас тэрийг хасаж тооцох буюу пос машинаар орсон 5,045,000 төгрөг, дүүгийнх нь данс руу орсон 1,845,000 төгрөгийг хасуулна, нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Компани буцааж байж 10 хоногийн орлого нэхэмжилсэн нь үндэслэлгүй... гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан *******-аас 8,110,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 22,787,225 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн төлсөн 470,386 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-аас 144,710 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******од олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

...Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 8,110,000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь 5,045,000 төгрөг нь хариуцагчийн манай үйл ажиллагааг авах зорилгоор банкны пос машин ашиглаж эхэлсэн ба энэхүү пос машиныг ашиглаж өөрт орж ирж байгаа орлогоос буюу *******-ын нэр дээрх пос машинаар төлбөрөө төлж байгаа гэх тайлбараар нотлогдоно. Мөн автомашины ачилтын төлбөрт 1,845,000 төгрөгийн орлого орсныг нэхэмжлэгч хасуулахаар зөвшөөрсөн мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй. Хэрэв уг 1,845,000 төгрөгийг хасах шаардлага байгаа бол нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын үйл ажиллагааны орлого болох 1,900,000 төгрөг-өөс хасаж тооцогдсон тохиолдолд шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарах байсан. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр гаргасан хариуцагч *******-аас гар бүртгэлийн дэвтрийг гаргуулах тухай хүсэлтийг хангаж, 192/ШЗ2025/13456 дугаатай захирамж гаргасан атлаа уг захирамжийн биелэлтийг хангуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн 5 дахь талд нэмэгдүүлсэн шаардлагад холбогдох 15,897,225 төгрөгийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ: Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо шаардах эрхтэй гэж заасан ба хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагч ******* нь гэрээний ямар үүргийг зөрчсөн нь нотлогдоогүй, энэ талаар нэхэмжлэгч нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэсэнтэй санал нийлэхгүй байна. Учир нь шүүхийн шийдвэрийн мөн талын эхний параграф дээр Худалдан авагч ******* нь худалдагчийг татвар, хашааны түрээс, нийгмийн даатгалын өр төлбөрийг шийдвэрлээгүй, ачилтын автомашин нь банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байсан, 2 биш нэг л машин байсан, данс шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллага дээр хаагдсан байсан... эдгээрийг шийдвэрлэж өгөхгүй байсан тул гэрээнээс татгалзсан гэдэг бол хариуцагч нь ... би эдгээр өр төлбөрийг 140,000,000 төгрөгөөс хасаж тооцох байсан, ... өрнүүдээ төлөх байсан... *******-ын эхнэр салах гээд байна гэсэн учраас мөнгийг нь буцааж өгсөн гэж тайлбарлана гэх тайлбараар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдсон гэж үзнэ. Түүнчлэн, 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хамтран хариуцагчаар *******-ыг оролцуулах тухай хүсэлтийг хүлээн аваагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Талуудын хооронд арилжааны гэрээ байгуулагдсанд маргаагүй бөгөөд тухайн гэрээг нэхэмжлэгч талын хүсэлтээр цуцалсан. Гэрээ цуцалсантай холбоотойгоор төлбөр тооцоог хариуцагч тал төлсөн. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан учраас энэ талаар маргаагүй. Нэхэмжлэгч өөрөө цагдаагийн байгууллагын албан хаагч учраас эрх зүйн мэдлэгтэй байх. Гэвч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдол тодорхой бус, ойлгомжгүй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг хэрхэн зөрчсөн талаар мэдээлэл байхгүй, зөвхөн үйл баримтын талаар тайлбарласан. Гэрээ цуцалснаас үүдэн хохирол учирсан гэж тооцоод зээлийн хүүг шаардсан эсэх, эсхүл гэрээ цуцалснаас хойш олох байсан орлогыг шаардаж байгаа эсэх нь ойлгомжгүй учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй. Учир нь анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргаж байгаа тохиолдолд процессын алдаа хаана хэрхэн үүсэн талаар үйл баримтыг тодорхой тайлбарлах байсан боловч энэ талаар дурдсангүй. Зөвхөн хэргийн үйл баримт болон талуудын оролцооны талаар тайлбарласан учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан 30,897,225 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь ...8,110,000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэсэн үндэслэлээр маргажээ.

 

3. Зохигчид 2024 оны 12 дугаар сарын 06-ний өдөр ******* ХХК-ийг 2 ачигч тээврийн хэрэгсэл, үйл ажиллагаа явуулах зөөврийн сууцны хамт 140,000,000 төгрөгөөр худалдах худалдан авахаар аман хэлбэрээр тохиролцож ******* нь 110,000,000 төгрөгийг *******-д төлсөн, ******* нь бичгийн хэлбэрээр компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээг байгуулж, компанийн хувьцаанд шилжилт хөдөлгөөн хийгээгүй байхдаа 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ******* ХХК-ийн үйл ажиллагааг буюу тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлдэг хашааг бодитоор *******-ын мэдэлд шилжүүлсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.

 

4. Анхан шатны шүүх талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсэн гэж үзсэн, гэрээ хүчин төгөлдөр талаар хийсэн эрх зүйн дүгнэлт нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцжээ.

 

5. Талууд гэрээ хэрэгжих боломжгүй болсон үндэслэлээр 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гэрээнээсээ татгалзаж, худалдах, худалдан авах гэрээний төлбөрт хүлээж авсан 110,000,000 төгрөгөөс хариуцагч нь 95,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлсөн үйл баримтад маргаангүй.

 

6. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас ******* компанийн үйл ажиллагааг эрхлэн явуулж байсан хугацаанд банкны пос төхөөрөмжөөр хүлээн авсан 5,045,000 төгрөгийн, гуравдагч этгээдийн дансаар хүлээн авсан 1,845,000 төгрөгийн автомашин ачилтын хөлс болох 6,890,000 төгрөгийг гэрээ биелсэнээс олсон ашиг гэж үзэж буцаан төлөх ёстой төлбөрөөс хасаж тооцсон нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт нийцээгүй байна. Уг мөнгөн хөрөнгө нь ******* ХХК-ийн үйл ажиллагааны орлого тул талууд хооронд байгуулагдсан гэрээ биелснээс олсон ашиг гэж үзэхгүй.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас худалдах, худалдан авах гэрээний төлбөрт шилжүүлсэн 110,000,000 төгрөгийн үлдэгдэл болох 15,000,000 төгрөгийг шаардах эрхтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагчаас 15,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосон өөрчлөлт оруулж, энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангана.

 

7. Нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан дараах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

7.1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн хүүгийн төлбөрт төлсөн 2,317,225 төгрөг, зээл хаахын тулд худалдсан автомашинаар олох байсан орлого 11,680,000 төгрөг, компанийн 10 хоногийн үйл ажиллагааны орлого 1,900,000 төгрөг, нийт 15,897,225 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт нийцжээ.

Нэхэмжлэгч нь ...хариуцагчтай байгуулсан гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлэхийн тулд бусдаас зээл авсан, улмаар хариуцагч гэрээгээр тохиролцсон нөхцлөөсөө өөр шаардлагуудыг тавих болсон, компанийн өр төлбөрийн хэмжээ нь анх тохиролцсон хэмжээнээс илүү их байсан гэсэн үндэслэлээр гэрээнээс татгалзах саналыг гаргасан.

Гэрээнээс татгалзсан нь хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан гэж үзэх үйл баримт хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн хүүгийн төлбөрт төлсөн 2,317,225 төгрөг, зээл хаахын тулд худалдсан автомашинаар олох байсан орлого 11,680,000 төгрөг, компанийн 10 хоногийн үйл ажиллагааны орлого 1,900,000 төгрөг, нийт 15,897,225 төгрөгийг хохирол гэсэн үндэслэлээр шаардах эрхгүй. Энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

 

7.2. Анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 192/ШЗ2025/13456 дугаар захирамжаар хариуцагч *******-аас гар бүртгэлийн дэвтэр гаргуулахаар шийдвэрлэсэн ба 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагч ******* нь ... гар бүртгэлийн дэвтрийг нэхэмжлэгч өөрөө авч явсан байна лээ... гэсэн тайлбар гаргасныг нэхэмжлэгч нь үгүйсгэж маргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар зөвшөөрсөнд тооцно. Захирамжийн биелэлт хангаагүй талаарх гомдлыг хангахгүй.

 

7.3. Нэхэмжлэгчийн хамтран хариуцагчаар *******-ыг татах хүсэлтийг анхан шатны шүүх 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 192/ШЗ2025/16919 дугаартай захирамжаар хангахаас татгалзахдаа хамтран хариуцагчаар татах үндэслэлтэй нь холбогдуулан татгалзсан, нэхэмжлэгч нь уг шүүх хуралдаанаас хойш *******-ыг хамтран хариуцагчаар татах хүсэлтээ үндэслэлийг нь дахин тодруулах байдлаар гаргаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан нэхэмжлэгчийн эрхийг хязгаарласан гэж үзэхгүй.

 

Нэхэмжлэгч нь хамтран хариуцагч татан оролцуулан субъектив эрхтэй боловч хамтран хариуцагчид холбогдох шаардлага, түүний үндэслэл тодорхой байх учиртай тул анхан шатны шүүх уг үндэслэлээр хангахаас татгалзаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

 

8. Анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын гэрээнээс татгалзсан хохиролтой холбоотой хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг баримтлаагүй байх тул уг зохицуулалтыг баримталсан өөрчлөлт оруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан эрх хэмжээнд нийцнэ.

 

9. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 192/ШШ2025/04201 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-аас 15,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15,897,225 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

 

2 дахь заалтад ...144,710 төгрөг... гэснийг ...235,950 төгрөг... гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 237,437 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

 

ШҮҮГЧИД Ч.МӨНХЦЭЦЭГ

 

 

Б.УУГАНБАЯР