Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 4856

 

 

 

 

 

2016 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2016/04856

Улаанбаатар хот

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

        Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа би,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг,  6 дугаар хороо, Тоосгоны 21-24 тоотод байрлах Боржигон овогтой Ганболдын Чинцогтын нэхэмжлэлтэй,

 

          Хариуцагч: Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамж, 24-р байр 9 тоотод байрлах, Ногоон тунгалаг овогтой Бямбажавын Оюундалайд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 15 846 900 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хүлээн авч хянаад                                                                                                       

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Нэхэмжлэгч Ганболдын Чинцогт шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Оюундалай нь 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Г.Чинцогт надаас охиноо Япон улсад суралцуулах сургалтын төлбөрт зориулна гэж 15 000 000 төгрөгийг гэрээ хийж, нотариатаар батлуулж 5 хоногийн хугацаатайгаар аваад өнөөдрийг хүртэл өгөхгүй байсаар байна. Энэ хугацаанд 7 хоног тутамд нэхэхэд янз бүрийн шалтаг тоочиж, гэрээний үүргээ биелүүлээгүй болно. Иймээс иргэн Б.Оюундалайгаас гэрээ ёсоор нийт  15 846 900 төгрөг (5 хоногийн хүүг 1%-иар тооцон 150 000 төгрөг, үүн дээр 46 хоногийн алданги 0,1%-иар тооцон 696 900 төгрөг) хүү алдангийн хамт нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч Б.Оюундалайгаас шүүхэд гаргасан тайлбартаа: Ногоон тунгалаг овогтой Бямбажавын Оюундалай миний бие 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр иргэн Г.Чинцогтоос гэрээ хийж 15 000 000 төгрөгийг авсан нь үнэн болно. Зээлийг эргүүлэн төлөхөд туслах найзад маань гачигдал гарч ээжийгээ гадаадад эмчлүүлж чадаагүй учир хугацаандаа төлж чадаагүй болно. Би одоохондоо энэ зээлийг бөөнд нь төлөх боломжгүй тул 9 дүгээр сарын 15-ны дотор 5 000 000 төгрөгийг төлнө. Үлдсэн мөнгийг 2016 ондоо багтаан төлж барагдуулах хүсэлтэй байгааг харгалзан үзнэ үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Чинбат шүүхэд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Чинбат би хариуцагч Б.Оюундалайгийн шүүхэд гаргасан тайлбартай танилцсан болно. Тайлбарт бичигдсэн нөхцөлийн дагуу зээлийн төлбөр, хүүгийн хамт 15 846 900 төгрөгийг бөөнд нь төлөх боломжгүйгээс 2016 оны 9 дүгээр сарын 15-ны дотор 5 000 000 төгрөгийг төлж, үлдэгдэл 10 846 900 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 31-ний дотор төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                                                                                       ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Ганболдын Чинцогт нь Бямбажавын Оюундалайд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 15 846 900 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч Б.Оюундалай нь Г.Чинцогтын нэхэмжлэлийн шаардлага  15 846 900 төгрөгийн 5 000 000 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 15-ны дотор, үлдэгдэл 10 846 900 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 31-ний дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон                                                                                                                                                                                                          ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.Чинбатын нэхэмжлэлийн шаардлага 15 846 900 төгрөгийн 5 000 000 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 15-ны дотор, үлдэгдэл 10 846 900 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 31-ний дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагч Б.Оюундалайн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237 184 төгрөгийн 118 592 төгрөгийг улсын төсвөөс, 118 592 төгрөгийг хариуцагч Б.Оюундалайгаас тус тус гаргуулж нэхэмжлэгч Г.Чинцогтод олгосугай.

 

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

                              ШҮҮГЧ                                     Р.АЛТАНТУЯА