Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 760

 

         Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа, улсын яллагч /томилолтоор/ Н.Гэрэлмаа, шүүгдэгч Ш.Г, түүний өмгөөлөгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,   

          Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Ариунжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Тангууд овогт Шархүүгийн Гиваад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 01068 0764 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:   

        Монгол Улсын иргэн

          Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

        Яллагдагч Ш.Г нь 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “И-Март” худалдааны төвд явж байхдаа иргэн И.Э хэтэвчтэй бэлэн мөнгө зэргийг нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.   

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Г мэдүүлэхдээ: “….” гэв.

          Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 4/, Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 6/, мөрдөн шалгах ажиллагаанд И.Э хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-н 15-16/, мөрдөн шалгах ажиллагаанд Ш.Г гийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 18-19, 22-24/, мөрдөн шалгах ажиллагаанд Ш.Г гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 20-21, 25-27/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-н 33,36/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 29-30/, хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /хх37/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 54/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 53/, мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Ш.Г с мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 44-46/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:  

          Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ш.Г нь 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “И-Март” худалдааны төвд явж байхдаа иргэн И.Э хэтэвчтэй бэлэн мөнгө зэргийг нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

          Шүүхээс шүүгдэгч Ш.Гг 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр “И-Март” худалдааны төвд явж байхдаа иргэн И.Э хэтэвчтэй бэлэн мөнгийг авсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:  

            Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч И.Э өгсөн: "... Өнөөдөр буюу 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 17 цагаас 17 цаг 10 минутын орчим Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо Е-март худалдааны төв дотор ганцаараа явж байгаад тухайн худалдааны төвийн 2 дугаар давхарт цахилгаан барааны тасагт бараа үзээд зогсож байхад дэлгүүрийн тэргэн дээр тавьсан байсан улаан эрээн өнгийн эмэгтэй хэтэвчээ хулгайд алдсан. Тухайн үед түрийвчэн дотор бэлэн 600 доллар, бэлэн 300.000 төгрөг, Голомт банкны карт, иргэний үнэмлэх, миний жолооны үнэмлэх болон дэлгүүрийн хөнгөлөлтийн карт болон эмнэлгийн карт байсан. Би түрийвчээ алдсан даруйдаа тухайн Е-март худалдааны төвийн хяналтын камерыг шүүж үзэхэд тэргэн дээр хэтэвч байж байгаад хажуугаар нь нэг 50 гаран насны эмэгтэй хүн зөрөөд гарахдаа тэргэнцэр дээр байсан хэтэвчийг маань аваад явсан байсан. Тэгээд хяналтын камерыг шүүн үзэхэд тухайн эмэгтэй нь миний түрийвчийг аваад булан тойроод энгэртээ түрүүвчийг маань хийгээд улмаар дэлгүүрээс гараад зам хөндлөн гараад Органик маркет гэж дэлгүүрийн үүдэнд тавьсан байсан УНА 81-48 улсын дугаартай Тоёото витц маркын машинд суугаад хөдлөөд яваад өгсөн. Уг дугаараар цагдаа нар шүүж үзэхэд Ш.Г гэдэг эмэгтэй байна билээ..." гэх мэдүүлэг, /хх-н 15-16/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ш.Г өгсөн: "..." гэх мэдүүлэг, /хх-н 21/,

          2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн "Дамно" ХХК-ны хөрөнгийн үнэлгээ /хх-н 29-30/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч үйлдсэн хэргийн талаараа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.  

          Иймд дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ш.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн зүйлчилж ирүүлсэн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.  

          Шүүгдэгч Ш.Г нь хохирогчид учирсан хохирлыг буцаан өгсөн байх тул түүнийг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

          Шүүхээс шүүгдэгч Ш.Гд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.     

          Шүүгдэгч Ш.Г нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо бүрэн төлсөн байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээг хэрэглэх боломжтой гэж шүүх дүгнэв. 

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг сиди хураагдан ирсэнийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.   

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Т овогт Ш Г нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.     

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ш.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.                              

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг баримтлан шүүгдэгч Ш.Гд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэсүгэй.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар Ш.Г нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай.

          5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаа дуустал нь хэрэгт хавсаргасугай.

          7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.