| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатар Ууганбаяр |
| Хэргийн индекс | 183/2022/01816/И |
| Дугаар | 210/МА2025/01557 |
| Огноо | 2025-09-15 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 210/МА2025/01557
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, шүүгч С.Энхбаяр, Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 192/ШШ2025/04883 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт нийт 647,565,630 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Б.Ууганбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. ******* ХХК болон ******* ХХК-ийн хооронд 2018 онд 18/74 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Уг гэрээгээр гүйцэтгэгч нь 625 метр 2ф400 мм голчтой дулааны шугам угсралт, цэвэр усны шугам угсралт ажлыг хийж гүйцэтгэх, захиалагч нь ажлын хөлсийг төлөх, гэрээний нийт үнийг 205,415,630 төгрөг байхаар, ажлын үе шатны гүйцэтгэлд үндэслэн төлбөрийг шилжүүлэхээр, урьдчилгаанд 75,000,000 төгрөг төлөхөөр, үлдэгдэл төлбөрийг ажлын гүйцэтгэлд үндэслэн актаар баталгаажсаны дараа буюу ажил бүрэн дуусаж хүлээлгэн өгсний дараа гүйцэтгэгчийн нэхэмжлэхийг үндэслэн ажлын 3 хоногт багтаан төлөхөөр тохиролцсон. Захиалагч нь урьдчилгаа болон ажлын гүйцэтгэлд үндэслэн актаар баталгаажсан төлбөрөөс нийт 160,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 45,415,630 төгрөгийг төлөөгүй.
1.2. Мөн талууд 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 19/82 дугаартай дулааны шугам болон цэвэр усны шугамын оруулгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Энэ гэрээгээр ажлын хөлсийг 43,000,000 төгрөг байхаар тохиролцсон. Гэрээний дагуу захиалагч 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 4,000,000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 36,850,000 төгрөгийг тус тус төлсөн бөгөөд улсын комисст хүлээлгэн өгч баталгаат хугацааны 3 жилд төлөх ёстой барьцааны төлбөр болох гэрээний үнийн дүнгийн 5 хувь буюу 2,150,000 төгрөгийг төлөөгүй.
1.3. Талуудын хооронд 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 19/68 дугаартай гадна дулааны 2ф400 мм голчтой шугамын угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээний нийт үнийг 1,100,000,000 төгрөгөөр тохиролцсон. 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр урьдчилгаа 500,000,000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 600,000,000 төгрөгийг төлөөгүй.
1.4 Нэхэмжлэгчийн зүгээс дээрх 18/74, 19/82, 19/68 дугаар гэрээний төлбөрийн үлдэгдлийг төлөхийг хариуцагчаас шаардахад санхүүжилт орж ирээгүй байна, орж ирэхээр өгнө, эсхүл гэрээний хөлсөнд ажил олж өгье гэх мэтээр өдий хүрсэн. Захиалагч болон гүйцэтгэгч байгууллагын хувьд 2 удаа тооцооны үлдэгдлийн баталгааг хийж эхний баталгаагаар 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүртэлх ажлын хөлсний үлдэгдэл 28,915,630 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх ажлын хөлсний үлдэгдэл 564,134,812 төгрөг байхаар харилцан баталсан. Зарим төлбөр дээр тооцооны үлдэгдлийн баталгаа хийгээгүй.
1.5 Дээрх гэрээнүүдийн дагуу манай компанийн зүгээс ажлаа хийж гүйцэтгэн захиалагч байгууллагад бүрэн хүлээлгэн өгсөн бөгөөд энэхүү гэрээнүүдийн үлдэгдэл төлбөрийг шүүхээр нэхэмжлэхээс өөр аргагүйд хүрсэн. Иймд 18/74 дугаар гэрээний ажлын хөлсний үлдэгдэл 45,415,630 төгрөг, 19/82 дугаар гэрээний ажлын хөлсний үлдэгдэл 2,150,000 төгрөг, 19/68 дугаар гэрээний ажлын хөлсний үлдэгдэл 600,000,000 төгрөг, нийт 647,565,630 төгрөгийг хариуцагч ******* ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. ******* ХХК нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар Нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолбор барилга буюу Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын нэгдсэн оффисын барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр ажилладаг. Уг төслийн хүрээнд ******* ХХК-тай хамтран ажилласан бөгөөд цогцолбор барилгын гадна дулааны шугамын ажлын туслан гүйцэтгэгчээр ажиллуулсан.
2.2. Дулааны шугамын ажил нь зөвхөн ерөнхий гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хооронд ажил хүлээлцсэнээр дуусгавар болдог ажил биш бөгөөд захиалагч болон мэргэжлийн холбогдох байгууллагуудад зохих ёсоор хүлээлгэн өгөх ёстой. Уг ажлын гүйцэтгэлтэй холбоотойгоор захиалагч байгууллага болон мэргэжлийн холбогдох байгууллага, мэргэжилтнүүд зохих шаардлагыг тус компанид тавьж байгаа бөгөөд холбогдох гомдлын шаардлагыг барагдуулах, алдаа дутагдал, гологдол дутуу ажлыг гүйцээх зэрэг үүргийг тусгай зөвшөөрөл бүхий гүйцэтгэгч байгууллага нь зөвхөн гэрээгээр бус, Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу хүлээдэг. Нэгэнт туслан гүйцэтгэгч ******* ХХК-ийн ажлын гүйцэтгэлд алдаа дутагдал, дутуу ажил байгаа тул холбогдох төлбөр, тооцоог дуусгавар болгох боломжгүй. Уг хэргийн хүрээнд гүйцэтгэсэн ажлын үр дүнг үнэлэх, тооцох асуудал хөндөгдөх бөгөөд гэрээт ажлыг тус бүрд нь үнэлэх, дүгнэх, тооцох асуудал яригдах учиртай. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд гэрээт ажлын үр дүнг шүүхээр дүгнүүлж, дуусгавар болгох шаардлагатай.
2.3. 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн гэрээний үүргийг тухайн үед нэхэмжлэгч компанид дулааны шугам өгөх байдлаар гэрээний үүргийг гүйцэтгэсэн гэж үзэж байгаа. 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр ******* ХХК-аас хүмүүс ирээд дулааны хоолойг ачиж явсан. Үүнийг ачихад нягтлан нь байсан, үүний дараа нь тодорхой хэмжээний дулааны хоолойг авчирч өгөөд 45,415,630 төгрөгийн дулааны хоолой өгсөн.
2.4. 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн гэрээний хувьд баталгааны асуудал байгаа, үүнийг тайлбаргүй зөвшөөрч байна.
2.5. 2019 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн гэрээнд бол маргаж байгаа, шинжээчийн дүгнэлт нь 1 тэрбум гэсэн боловч шинжээч бол 800,000,000 төгрөгийн ажил гэсэн байдаг, бүхий л зүйл ороод 800,000,000 төгрөгийн ажил гэсэн, анх төсөвчин гэж байгаагүй, анх нэхэмжлэгчээс санал болгосон багцаалдсан үнэ юм. Нийт ажлын хөлсөө тогтоон хянасан дүн биш учраас бид маргасан, харин ажлын гүйцэтгэлтэй холбоотой маргаан байхгүй, гэхдээ хийж гүйцэтгэхэд гарсан зардлын талаар бол маргаж байна. Гэрээний 50 хувийг бэлнээр хийнэ гэсэн 500,000,000 төгрөгийг өгсөн, үүнийг нэхэмжлэгч мөн хүлээн зөвшөөрч байгаа, харин үлдэх төлбөрийг бартераар хийнэ гэж байсан, энэ үүрэг нь зөрчигдсөн эсэх талаар маргаж байгаа, 2-3 үл хөдлөх эд хөрөнгийг бид санал болгосон, нэхэмжлэгч нь бүгдийг татгалзсан гэдэг. Бид үлдэх төлбөрийг гэрээнд зааснаар бартераар төлөхөөс бэлэн мөнгөөр төлөхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д зааснаар хариуцагч ******* ХХК-аас нийт 434,894,375 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс 212,671,255 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,395,778 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас 2,332,422 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, шинжээчийн зардалд нэхэмжлэгч ******* ХХК-аас 500,000 төгрөг, хариуцагч ******* ХХК-аас 1,500,000 төгрөгийг тус тус гаргуулж ******* ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн гэрээний харилцаа, түүний хэлбэр, хүчин төгөлдөр байдалд хийсэн дүгнэлт нь зөв боловч гэрээгээр хийж гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээ үнийн дүнг гэрээнд заасны дагуу биш шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан дүнгээр тооцсоныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
4.2. 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаанд талууд ажлын үлдэгдэл төлбөрийг харилцан тохирч баталгаажуулан гарын үсэг зурсан. Энэхүү баримт нь тухайн ажлын гүйцэтгэл болон төлбөрийг маргаангүйгээр тохиролцсоны илэрхийлэл бөгөөд анхан шатны шүүх энэ баримтыг үнэлээгүй. Маргааныг шийдвэрлэх явцад гэрээт ажлын төсвийн талаар эстимэйтор про программыг ашиглан хийсэн 3 өөр дүнтэй төсөв нотлох баримтаар авагдсан байдаг ба ******* ХХК-ийн гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир дахин шинжээч томилуулах хүсэлтийг шүүх хүлээж аваагүй. Шалтгаан нь бид ажлаа цаг хугацаанд нь хийж гүйцэтгэхийн тулд зарим нэр төрлийн бараа материалыг ОХУ болон БНХАУ-аас хөрөнгийн үнэлгээний программд орсон үнээс өндрөөр худалдан авсан баримтуудаа гаргасан ч шинжээч үнэлээгүй, энэ талаараа ч шинжээч шүүхэд гэрчээр мэдүүлэг өгөхдөө дурдсан байдаг.
4.3. Нийслэлийн нутгийн удирдлагын захиргааны төв цогцолбор барилгын гадна дулаан хангамжийн шугамын зориулалттай 2ф400 мм голчтой шугамын нийт урт нь 1200 метр ба үүнээс 600 метрийг нь ******* ХХК, 600 метрийг нь *******ХХК хийсэн ба үнийн хувьд ижилхэн 1,1 тэрбум төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохирсон. Улмаар 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс ажиллаж дүгнэлт гаргасан. *******ХХК нь 600 метр шугамыг хийж гүйцэтгэн ажлын хөлсөө бүтнээр нь хүлээн авч ямар нэг тооцоогүй талаар баримтыг шүүх зохих ёсоор үнэлээгүй.
4.4 Мөн хавтаст хэрэгт үндсэн захиалагч болох Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас манай хийж гүйцэтгэсэн ажлын чанарын талаар болон хэт өндөр төсвөөр хийгдсэн талаар нэг ч нотлох баримт байхгүй болно. Харин Н******* болон ******* ХХК-ийн хооронд байгуулагдсан дараах гэрээ хэлцлүүд нотлох баримтаар авагдсан. Н*******, ******* ХХК-ийн 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 03/01 тоот гэрээг байгуулж, 91 тэрбум төгрөгөөр барилгын ажлын угсралтын гэрээг байгуулж, гэрээний хавсралтад зураг төсөл, төслийн санхүүгийн тооцоо төсвийг баталсан. 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр барилгын угсралтын ажлыг санхүүжүүлэх гэрээг 03/04 тоот гэрээний 1.1-д гэрээний үнэ нь 91 тэрбум төгрөг байхаар тохирсон. Улмаар Нийслэлийн нутгийн удирдлагын захиргааны төв цогцолбор барилгын гадна дулаан хангамжийн шугамын зориулалттай 2ф400 мм голчтой 1200 метр урт шугамыг ашиглалтад оруулж комисс ажилласны дараагаар 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 04/19 тоот барилга угсралтын ажил гүйцэтгэх нэмэлт гэрээг байгуулж, анхны 91 тэрбум төгрөгийн төсөвт өөрчлөлт оруулан 93,687,645,790 төгрөг байхаар мөн гадна шугам сүлжээ, тохижилтын ажлын төсөвт өртгийг тусд нь 13,371,056,055 төгрөгөөр нэмэгдүүлэн нийт 107,058,701,846 төгрөг болгож гэрээний дүнг өөрчилсөн. Дээрх баримтаас харахад хэт өндөр үнээр гэрээ байгуулсан гэж маргах боловч тэд өөрсдөө Н*******тай 91 тэрбумаар барилгын ажлын гэрээ байгуулж, ашиглалтад орсны дараа магадлалаар баталгаажуулж гэрээний үнийн дүнгээ өсгөхдөө гадна шугам сүлжээ, тохижилтын ажлын төсвийг магадлалаар оруулан анхны үнээс 13,371,056,055 төгрөгөөр өсгөж уг санхүүжилтээ бүрэн авсан нь тогтоогдсон баримтыг шүүх хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүргээ биелүүлээгүй.
4.5. Анхан шатны шүүх гэрээний үнийн дүнг талуудын тохиролцоогоор бус зөвхөн шинжээчийн дүгнэлтэд үндэслэн бууруулсан нь хууль хэрэглээний ноцтой алдаа болсон. Улсын Дээд шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн зөвлөмжид Шинжээчийн дүгнэлт нь нотолгооны давуу байдалтай онцгой хэрэгсэл биш тул шүүх хэрэгт авагдсан бусад нотлох баримттай тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлэх талаар дурдсан ба анхан шатны шүүхээс гэрээний үндсэн нөхцөл, зах зээлийн нөхцөл байдал, талуудын тохиролцоо болон үнийн хувьд ижил нөхцөлд хийгдсэн гэрээ хэлцэл зэргийг үл харгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасан нотлох баримтыг үнэлэх журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
4.6. Иймд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан Гэрээний талуудын чөлөөт байдлын зарчим-ын дагуу ******* ХХК болон ******* ХХК нар нь хуулийн хүрээнд хүсэл зоригоо илэрхийлэн, гэрээний агуулгаа өөрсдөө тодорхойлж харилцан тохиролцсон, мөн ажил хийж гүйцэтгэсний дараа харилцан тооцоо нийлж төлбөрийн үлдэгдлээ баталгаажуулсан, хэрэгт авагдсан бусад баримтаар адил тоо хэмжээний ажил гүйцэтгэсэн *******ХХК-д холбогдох төлбөрийг төлж барагдуулсан, ******* ХХК нь ерөнхий гүйцэтгэгчийн хувиар бидний хийж гүйцэтгэсэн ажлыг 13 тэрбумаар өсгөн үнэлж, захиалагч болох Н*******тай байгуулсан гэрээндээ өөрчлөлт оруулан төлбөрөө авсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
5. Хариуцагч тал давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй, нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй байна.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
6.1. Шинжээчийн дүгнэлтээр 887,328,745 төгрөг болон 808,746,861 төгрөг гэх 2 өөр дүн гарсан боловч шүүхээс өндөр үнэлгээтэй дүн болох 887,328,745 төгрөгийг нэхэмжлэгч компанийн хийж гүйцэтгэсэн ажлын үнэлгээ гэж үзсэн нь үндэслэлгүй. Учир нь дээрх 887,328,745 төгрөгийн төсөвт өртөгт нэхэмжлэгчид хамааралгүй зардлууд багтсан талаар нэгдүгээр хавтаст хэргийн 199 дэх талд тодорхой тайлбарласан. Улмаар ******* ХХК-д хамааралгүй зардлуудыг шинжээчийн дүгнэлтийн хүснэгт 6-д жагсаасан байх бөгөөд нормчлолын сан 0.18 хувь, захиалагчийн албаны зардал, инженер хайгуул, зураг төслийн ажлын дүн, зураг төсөл зохиогчийн хяналтын зардал, магадлашгүй ажил 2 хувь зэрэг нэхэмжлэгчид хамааралгүй зардлуудыг хасаж үзвэл тус ажлын нийт өртөг нь 808,746,861 төгрөг болох талаар шинжээчийн дүгнэлт гарсан. Гэтэл шүүхээс дээрх хамааралгүй зардлууд орсон хэсгийг үндэслэл болгосон буюу шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгч дээрх зардлуудыг гаргаагүй гэдгийг тогтоосон атал тус зардлыг нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын зардалд багтсан мэтээр үнэлэн 887,328,745 төгрөгийг тус компанийн хийж гүйцэтгэсэн ажлын зардал гэж тооцож байгаад гомдолтой байна.
6.2. Иймд шүүхээс 808,746,861 төгрөгөөс хариуцагчийн төлж барагдуулсан 500,000,000 төгрөгийг хасаж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 308,746,861 төгрөгийг хангах буюу 291,253,139 төгрөг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна. Гэвч шүүхээс үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 212,671,255 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон тул бид үлдэх 78,581,884 төгрөгийг мөн хэрэгсэхгүй болгох ёстой байсан гэж үзэн үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хувьд энэхүү гомдлыг гаргаж байна.
6.3. Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сөрөг нэхэмжлэл гаргасан боловч шүүхээс хүлээж аваагүй. Гэвч бидний гаргасан сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамтатган шийдвэрлэх боломжтой байсан боловч хүлээн авч шийдвэрлээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гэж үзэж байна. Үүнээс гадна тус хэрэгт гэрчээр *******-ийг асуухаар болж, шүүгчийн захирамж гарсан. Гэвч ******* нь эмнэлэгт хэвтэж байгаа гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн боловч түүнээс мэдүүлэг авахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил юм. Шүүхийн шийдвэрийн 9.3-т ... гэрч нь хөлний хагалгаанд орсон шүүхэд ирэх боломжгүй, байгаа газарт нь очиж мэдүүлэг авах талаар мэдэгдэхэд өвчний учир боломжгүй гэсэн талаар зохигч талуудад мэдэгдсэн гэжээ. Гэтэл гэрчийг байгаа газар нь очиж мэдүүлэг авахад боломжгүй гэж мэдэгдсэн зүйлгүй, дээрх ажиллагааг хийж гүйцэтгэх боломжтой байсан. Мөн шүүхийн шийдвэрийн тус хэсэгт гэрчийн мэдүүлгээс өөрөөр нотлох баримтыг хариуцагч нь шүүхэд ирүүлээгүй, санал болгоогүй гэх үндэслэлийг дурдсан байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь өөр баримт санал болгоогүй, шүүхэд ирүүлээгүй нь гэрчээс мэдүүлэг авахгүй байх үндэслэл болохгүй бөгөөд нэгэнт дуудагдсан гэрчийг асуусны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх ёстой гэж үзэж байна. Энэ үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэл бүрдсэн байна. Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж өгнө үү гэжээ.
7. Хариуцагч талын гомдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
7.1 Хариуцагч талын гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Уг хэрэг маргаан нь 2022 оны 03 дугаар сард үүссэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зохих журмын дагуу удаашралтай явагдсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрэх талаар ярьдаг. Ижил ажил хийгээд нөгөө тал нь төлбөрөө авсан. Гэрээнд бартерын заалт тусгагдсан боловч тодорхой зүйл санал болгоогүй учраас шүүхэд өгөхөд анзын гэрээ байхгүй учир бид шүүхээр асуудлаа шийдүүлнэ гэсэн агуулгатай зүйл хэлсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удаашралтай байхад хариуцагч талаас хүсэлт гаргаагүй.
7.2 Шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан худалдаж авсан эд зүйлс нь 2 дахин үнэтэй байна гэхэд нь манай байгууллага Estimator Pro гэх программаар ажлын цар хүрээг оруулж гаргадаг гэх тайлбар хэлж байсан. Мөн шинжээчийн дүгнэлтийг эргэлзээгүй нотлох баримт гэж үзэхгүй. Улсын Дээд шүүхийн тайлбарт шинжээчийн гаргаж өгсөн баримт нь нотлох баримт биш, бусад баримттай харьцуулан судлах замаар дүгнэлт хийх ёстой гэж тайлбарладаг. Шинжээчийг гэрчээр оролцуулах шүүгчийн захирамж гарсан боловч хариуцагч талаас илт удаашруулах байр суурьтай байсан. Энэ агуулгаар гэрч нар нь ирэхгүй тохиолдол байсан.
7.3 Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүднээс гэрчийг оруулж ирсэн. Анхан шатны шүүхээс сөрөг нэхэмжлэл үндсэн нэхэмжлэлтэй уялдахгүй байгаа учраас гэрээний шаардлагад хамаарахгүй гэж дүгнэлт гаргасан ч хариуцагч тал гомдол гаргаагүй. Гэрч *******-ийг асуулгах хүсэлт болон ямар нэгэн ач холбогдолгүй гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээж аваагүй нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй гэв.
ХЯНАВАЛ:
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх 3 гэрээний үүрэгт нийт 647,565,630 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь 2,150,000 төгрөгийн хэмжээнд зөвшөөрч, үлдэх хэсэгт маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоож, талуудын хооронд үүссэн харилцааг ажил гүйцэтгэх гэрээний харилцаа гэж зөв тодорхойлсон байна. Үүнд:
3.1. ******* ХХК болон ******* ХХК-ийн хооронд 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 18/74 дугаартай Гадна дулааны 2ф400 мм голчтой шугамын угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, ******* ХХК нь ******* дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Арцатын аманд баригдах Нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолбор төслийн гадна дулааны шугам угсралт, цэвэр усны шугам угсралт ажил буюу гадна дулааны ДХ12-аас ДХ4-р худаг хүртэлх 625 метр 2ф400 мм голчтой дулааны шугамын угсралтын ажлыг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл 30 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэхээр, гэрээний нийт үнэ 205,415,630 төгрөг байхаар, ******* ХХК нь ажлын үе шатны гүйцэтгэлд үндэслэн төлбөрийг шилжүүлэх бөгөөд урьдчилгаа 75,000,000 төгрөгийг гэрээ баталгаажсаны дараа гүйцэтгэгчийн дансанд шилжүүлэх, үлдэгдэл төлбөрийг ажлын гүйцэтгэлд үндэслэн актаар баталгаажсаны дараа буюу ажил бүрэн дуусч хүлээлгэн өгсний дараа ажлын 3 хоногт багтаан төлөхөөр харилцан тохиролцсон;
3.2. ******* ХХК болон ******* ХХК-ийн хооронд 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 19/82 дугаартай Б блокны гадна дулааны шугам болон цэвэр усны шугамын оруулгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, ******* дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Арцатын аманд баригдах Нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолбор төслийн барилгын Б блокын Гадна дулааны шугам болон цэвэр усны шугамын оруулгын ажлыг хийж гүйцэтгэх, нийт материал, ажлын хөлсний зардал 43,000,000 төгрөг байхаар, бэлэн мөнгөөр хийх төлбөр 40,850,000 төгрөг, барьцааны төлбөр 2,150,000 төгрөг байхаар харилцан тохиролцсон;
3.3. ******* ХХК болон ******* ХХК-ийн хооронд 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 19/68 дугаартай Гадна дулааны 2ф400 мм голчтой шугамын угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, ******* дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Арцатын аманд баригдах Нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолбор төслийн гадна дулааны шугам угсралтын ажлыг батлагдсан зургийн дагуу хийж гүйцэтгэх, нэхэмжлэгч нь гадна дулааны ДХ1-с ДХ5-р худаг хүртлэх 600 метр 2х400 мм голчтой дулааны шугам угсралтын ажлыг 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 41 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэх, гэрээний нийт үнэ 1,100,000,000 төгрөг байхаар, хариуцагч нь төлбөрийг нэхэмжлэгчид хавсралт 7-д заасан хуваарийн дагуу урьдчилгаа 50 хувь бэлэн мөнгө, үлдэгдэл 45 хувь бартер, 5 хувь барьцаа төлбөр байхаар тохиролцсон;
3.4. ******* ХХК, ******* ХХК-ийн хооронд 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлээ нэг бүрчлэн нийлж үзэхэд ******* ХХК нь 564,134,812 төгрөгийн өртэй гарсныг, мөн 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлээ нэг бүрчлэн нийлж үзэхэд ******* ХХК нь 28,915,630 төгрөгийн өртэй гарсныг харилцан батлав гэсэн тооцооны үлдэгдлийн баталгаануудыг үйлдсэн;
3.5. Гадна дулааны ф400х2 голчтой шугам угсралтын ажил гүйцэтгэх гэрээ, 19/68 дугаартай, 2019-07-04, ажлын гүйцэтгэлийн хувь 100 хувь, Дүгнэлт:******* нь гэрээний цар хүрээний ажлыг БНбД болон Техникийн шаардлагад нийцүүлэн хийж гүйцэтгэсэн байна гэж дүгнэсэн гэрээний ажлын тоо хэмжээ, гүйцэтгэлийн актыг талууд үйлдсэн;
3.6. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн дүгнэлтээр ...Нийслэлийн ******* дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдсан дунд төвөгшилтэй ангиллын 2ф400 мм голчтой 1200 метр хүчин чадал бүхий Нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолбор барилгын гадна дулаан хангамжийн шугамын зориулалттай барилга байгууламжид барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс үзлэг шалгалт хийж, Дунд зэргийн төвөгшилтэй ангиллын Нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолбор барилгын гадна дулаан хангамжийн шугамын ажлыг ашиглалтад оруулах дүгнэлт гаргасан;
4. 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 18/74 дугаартай ажил гүйцэтгэх гэрээний үүрэг шаардсан шаардлагын тухайд:
4.1. Нэхэмжлэгч нь хариуцагчаас 18/74 дугаартай гэрээний ажлын хөлсний үлдэгдэл 45,415,630 төгрөгийг гаргуулахаар шаардсан, хариуцагч нь ажлын хөлсний үлдэгдэл төлбөрийн хэмжээнд маргаагүй боловч уг төлбөрт тооцон дулааны хоолой буюу трубаг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн тул 18/74 дугаартай гэрээний хувьд төлбөр төлөх үүргээ бүрэн гүйцэтгэсэн гэж маргасан.
4.2. Анхан шатны шүүх талууд ажлын хөлсний үлдэгдэл төлбөрт дулааны хоолой буюу трубаг тооцон шилжүүлэх талаар харилцан тохиролцсон болон хариуцагч нь нэхэмжлэгчид дулааны хоолойг төлбөрт тооцон шилжүүлэн өгсөн байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй гэж үзэж хариуцагч ******* ХХК-аас 18/74 дугаартай ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 45,415,630 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.
4.3. Талуудын хооронд байгуулагдсан 18/74 дугаартай гэрээний 10 дугаар зүйлийн 10.2-т Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр энэхүү гэрээнд зөвхөн бичгээр нэмэлт, өөрчлөлт оруулж болох ба ийнхүү оруулсан нэмэлт, өөрчлөлт нь гэрээний салшгүй хэсэг болно гэж заасан, төлбөрийн нөхцөлтэй холбоотой асуудлаар буюу ажлын хөлсний зарим хэсгийг бараа, бүтээгдэхүүнээр төлж барагдуулах талаар талууд харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, хариуцагч уг гэрээний төлбөрт тооцон дулааны хоолой буюу трубаг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн байдал мөн тогтоогдоогүй тул хариуцагч ******* ХХК-аас 18/74 дугаартай гэрээний үүрэгт 45,415,630 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл үндэслэл бүхий болсон байна.
4.4. Хариуцагчийн зүгээс уг шийдлийг хүлээн зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаагүй.
5. 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 19/82 дугаартай ажил гүйцэтгэх гэрээний үүрэг шаардсан шаардлагын тухайд:
5.1. Нэхэмжлэгч нь хариуцагчаас 19/82 дугаартай гэрээний дагуу барьцаа төлбөр болох 2,150,000 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан, уг шаардлагад хариуцагч маргаагүй, уг мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгчид төлөх ёстой гэдгээ хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч ******* ХХК-аас 19/82 дугаар гэрээний үүрэгт 2,150,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл үндэслэл бүхий болсон, хариуцагч шийдлийг мөн хүлээн зөвшөөрч давж заалдах гомдол гаргаагүй.
6. 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 19/68 дугаартай ажил гүйцэтгэх гэрээний үүрэг шаардсан шаардлагын тухайд:
6.1. Нэхэмжлэгч нь 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 19/68 дугаартай гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлс 1,100,000,000 төгрөгийн үлдэгдэл төлбөр болох 600,000,000 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан, хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлын төсвийг зохих журмын дагуу гаргаж өгөөгүй, үндэслэлгүй хэт өндөр үнэ тогтоосон, ажлын гүйцэтгэл нь чанарын шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр маргажээ.
6.2. Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талын хүсэлтээр шүүх 19/68 дугаартай гэрээний ажлын төсвийг тогтоолгохоор шинжээч томилсон, шинжээч 19/68 дугаартай гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын санхүүжигдэх нийт үнийн дүнг 2019 оны байдлаар 887,328,745 төгрөг гэж тогтоосон байна.
6.3. Анхан шатны шүүх шинжээчийн тогтоосон үнийн дүнг үндэслэн 887,328,745 төгрөгөөс өмнө төлөгдсөн 500,000,000 төгрөгийг хасаж тооцон 19/68 дугаартай гэрээний үүрэгт хариуцагч ******* ХХК-аас 387,328,745 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.
6.4. Хариуцагчийн зүгээс анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлтэд үндэслэн маргааныг хянан шийдвэрлэхдээ шинжээчийн дүгнэлтэд дурдсан ******* ХХК-д хамааралгүй зардлууд болох нормчлолын сангийн зардал, захиалагчийн албаны зардал, инженер хайгуул, зураг төслийн ажлын дүн, зураг төсөл зохиогчийн хяналтын зардал, магадлашгүй ажлын зардал, бусад нэмэлт зардал гэсэн зардлууд буюу нийт 78,581,884 төгрөгийн зардлыг хасаж, хийж гүйцэтгэсэн ажлын төсөвт өртгийг 808,746,861 төгрөгөөр тооцон уг үнийн дүнгээс өмнө төлөгдсөн 500,000,000 төгрөгийг хасаж тооцон 19/68 дугаартай гэрээний үүрэгт хариуцагч ******* ХХК-аас 308,746,861 төгрөг, 18/74 дугаар гэрээний үүрэгт 45,415,630 төгрөг, 19/82 дугаартай гэрээний үүрэгт 2,150,000 төгрөг, нийт 356,312,491 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 291,253,139 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх байтал 887,328,745 төгрөгөөс тооцсон нь буруу байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан дүнг 356,312,491 төгрөг болгон багасгасан өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж давж заалдах гомдол гаргасан.
6.5. Нэхэмжлэгч нь гэрээний дүнг талуудын тохиролцоогоор бус шинжээчийн дүгнэлтэд үндэслэн бууруулж байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулах үндэслэлтэй гэж давж заалдах гомдол гаргасан.
6.6. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан 3 ажил гүйцэтгэх гэрээний 18/74, 18/82 дугаартай гэрээний үүрэгтэй холбоотой шаардлагуудыг тухайн гэрээний үнийн дүнгээр тооцож шийдвэрлэсэн атлаа 19/68 дугаартай гэрээний үүрэгтэй холбоотой шаардлагыг гэрээний дүнгээс бус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс томилсон шинжээчийн дүгнэлтэд заасан үнийн дүнгээс тооцон шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт нийцээгүй байна.
6.7. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан ба уг заалтад заасан гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрх нь талууд хууль зөрчсөн тохиролцоо эсхүл нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан тохиролцоо хийсэн тохиолдолд хязгаарлагдах бөгөөд хууль зөрчөөгүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлаагүй тохиолдолд гэрээний чөлөөт байдлын зарчмын хүрээнд талууд гэрээний агуулга, түүний нөхцлийг өөрсдөө харилцан тохиролцож тогтоох эрхтэй.
6.8. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд ажил гүйцэтгэх гэрээний хувьд ажлын хөлс тухайн гэрээний гол нөхцлүүдийн нэг болно. Ажлын хөлсний талаарх тохиролцоо нь гэрээний гол нөхцлүүдийн нэг болох тул түүний агуулга, хэмжээ, төлөх хугацаа зэрэг нь гэрээнд тусгагдвал зохих зайлшгүй нөхцлүүд бөгөөд 19/68 дугаартай ажил гүйцэтгэх гэрээний 3 дугаар зүйлээр талууд гэрээний үнэ, төлбөрийн нөхцлийн талаар харилцан тохиролцсон байна.
6.9. 19/68 дугаартай гэрээний 3.1-д Гэрээний нийт үнэ 1,100,000,000 төгрөг байна гэж, 3.2-т Гэрээний 3.1-д заасан төлбөрт тохижилт, нөхөн сэргээлтийн ажлаас бусад гэрээт ажил гүйцэтгэхтэй холбоотой бүхий л зардал, ажил гүйцэтгэх хугацааны ажиллах хүчний зардал, материалын зардал, тоног төхөөрөмж, шатахуун зэрэг зардлууд орсон бөгөөд гэрээний хугацаа дуусах хүртэлх хугацаанд өөрчлөгдөхгүй болно, Захиалагч төлбөрийг Гүйцэтгэгчид хавсралт 1-д заасан хуваарийн дагуу төлнө. Үүнд: Урьдчилгаа 50 хувь бэлэн мөнгө, үлдэгдэл 45 хувь бартер, 5 хувь барьцаа төлбөр байна гэжээ.
6.10. Дээрх тохиролцоонд гэрээний үнийн дүнг 1,100,000,000 төгрөг байхаар талууд тохиролцсон, гэрээний үнийн дүнд ажлыг гүйцэтгэхтэй холбоотой бүхий л зардлыг багтааж, гэрээний хугацаа дуусах хүртэл энэ үнийн дүн өөрчлөгдөхгүй байхаар харилцан тохиролцсон нь хууль эсхүл нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээг зөрчсөн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.
6.11. Хариуцагч нь уг гэрээний үнийн дүнг хэт өндөр гэх үндэслэлээр маргаж, шүүхийн журмаар шинжээч томилуулан дүгнэлт гаргуулсан боловч шинжээч нь нэхэмжлэгч тал ажлыг цаг хугацаанд нь гүйцэтгэхийн тулд зарим төрлийн бараа материалыг гадаад улсаас өндөр үнээр худалдан авсан талаар гаргаж өгсөн баримтыг нь үнэлээгүй, тооцоололд оруулаагүй, зөвхөн өөрсдийн ашигладаг програмд байгаа мэдээллийг ашиглан дүгнэлт гаргасан болох шинжээчийн шүүх хуралдаанд гаргасан мэдүүлгээр тогтоогдсон байна.
6.12. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээний үнийн дүнг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлтэд үндэслэн бууруулсан нь үндэслэл муутай болсон байх тул 19/68 дугаартай ажил гүйцэтгэх гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу 600,000,000 төгрөгийн хэмжээнд хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
7. 18/74 дугаартай ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 45,415,630 төгрөгийг, 19/82 дугаартай ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 2,150,000 төгрөгийг тус тус хариуцагч ******* ХХК-аас гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэлд хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй хүлээн зөвшөөрсөн, давж заалдах шатны шүүх 19/68 дугаартай ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 600,000,000 төгрөгийг хариуцагч ******* ХХК-аас гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзсэн тул хариуцагч ******* ХХК-аас гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгох нийт мөнгөн дүнгийн хэмжээ 647,565,630 төгрөг болж байна.
8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдолдоо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн зүгээс сөрөг нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн аваагүй, мөн хэрэгт гэрчээр *******-ийг асуулгах хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэсэн атлаа гэрчийг асуулгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болсон гэх үндэслэлийг заасан байна.
8.1. Хариуцагч нь 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэгчид холбогдуулан дулааны хоолойн үнэ 53,272,898 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан байх ба анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай хамааралтай эсэх нь тодорхойгүй гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзжээ.
8.2. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлага буюу 18/74, 18/82 дугаартай гэрээний үүрэгтэй холбоотой шаардлагуудтай хэрхэн тооцогдох талаар сөрөг нэхэмжлэлд тодорхой тусгаагүй, зөвхөн нэхэмжлэгч 2019 оны 07 сарын 10-ны өдөр манай компанийн хашаанд байсан дулааны хоолойг авч явсан тул үнийг нь гаргуулна гэх байдлаар тодорхойлсон байх тул анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахааас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт нийцсэн байна.
8.3. Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 192/ШЗ2025/11488 дугаартай захирамжаар *******-ийг гэрчээр асуулгах хариуцагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн байх боловч 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 192/ШЗ2025/22382 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагчийн гаргасан шүүгчийн захирамжийн биелэлтийг хангаж, *******-ийг шүүхэд дуудан ирүүлж гэрчийн мэдүүлэг авах хүсэлтийг хангахгүй орхисон байна.
8.4. Уг шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч нь гэрч *******ээр сөрөг нэхэмжлэлтэй холбоотой үйл баримтыг гэрчлүүлнэ гэж тайлбарласан байх ба шүүх сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсантай холбогдуулан гэрч *******-ийг гэрчээр асуух захирамжийн биелэлтийг хангуулах хүсэлтийг хангахгүй орхисон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй, нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн үндэслэлд хамаарахгүй.
9. Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан, улсын тэмдэгтийн хураамж, шинжээчийн зардлын хуваарилалтад өөрчлөлт оруулж, шүүхийн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
10. Анхан шатны шүүх шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-д заасныг баримталсан нь мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх заалтад заасан захиалагчийн ажлын хөлс төлөх үүргийн зохицуулалттай давхардаж байх тул тогтоох хэсгийн 1 дэх заалтаас Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-д заалтыг хассан өөрчлөлтийг мөн оруулна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 192/ШШ2025/04883 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дахь заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-аас нийт 647,565,630 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай гэж,
2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,395,778 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас 3,395,778 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, шинжээчийн зардалд хариуцагч ******* ХХК-аас 2,000,000 төгрөгийг гаргуулж, ******* ХХК-д олгосугай гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 550,861 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,222,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ
ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР
Б.УУГАНБАЯР