Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2025/01559

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ч.Мөнхцэцэг, Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 191/ШШ2025/05825 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч:*******ХХК-д холбогдох,

 

Даатгалын гэрээний үүрэгт 52,397,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Б.Ууганбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ******* нь 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр ******* ББСБ ХХК-аас зээл авч ******* улсын дугаартай, ******* маркийн тээврийн хэрэгслийг худалдан авсан бөгөөд*******ХХК-аас автомашиныг худалдан авсан үнэ буюу 34,000,000 төгрөгөөр үнэлэн ******* дугаартай автотээврийн хэрэгслийн даатгалын баталгаа гаргасан.

1.2. 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр дээрх автомашин ******* дүүргийн ******* хороо, Сүлжмэлийн урд зогсоол дээр бүрэн шатаж, сэргээн засварлах боломжгүй болсон. Үүнтэй холбоотойгоор даатгуулагч нь 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр даатгагчид нөхөн төлбөрийн хүсэлт холбогдох материалуудыг бүрдүүлж өгсөн боловч даатгагч нөхөн төлбөр олгохоос татгалзсан.

1.3.*******ХХК-ийн ажилтан даатгуулагчид даатгалын гэрээ болон баталгааны талаар тайлбарлаж өгөөгүй, даатгуулагчид багцаас сонгох боломжтой тухай мэдээлэл өгөөгүйгээс даатгуулагчийн нөхөн төлбөр авах боломжийг хязгаарласан. Иргэний хуулийн 430 дугаар зүйлийн 430.1, 443 дугаар зрүйлийн 443.1 дэх хэсэгт зааснаар даатгагч нь хуулиар хүлээх үүргийг биелүүлэх үүрэгтэй. Даатгалын гэрээний тусгай нөхцөлийн 2.7, 2.9-д даатгалын тохиолдлыг тайлбарласан. Гэнэтийн ослын улмаас даатгалын гэрээний тусгай нөхцөлийн 3.6-д заасан эрсдэл үүссэн, мөн даатгалын гэрээний тусгай нөхцөлийн 4.3-т даатгалын тохиолдлын улмаас даатгалын зүйл бүрэн сүйрсэн бол олгохоор тооцсон нөхөн төлбөрийг 100 хувиар тооцно гэж гэрээнд тусгасан. Мөн даатгалын гэрээний ерөнхий нөхцөлийн 9.2-т даатгагч нөхөн төлбөрийг хугацаанд нь олгоогүй тохиолдолд хоног тутамд олгогдох нөхөн төлбөрийн 0,5 хувьтай тэнцүү хэмжээний алдангийг даатгуулагчид төлнө гэж заасан. Даатгалын гэрээний хугацаанд даатгуулсан эд хөрөнгө шатаж үгүй болсон тул даатгагч даатгалын үнэлгээний хэмжээгээр нөхөн төлбөрийг мөнгөн хэлбэрээр төлөх үүрэгтэй байна.

1.4. Энэхүү тээврийн хэрэгслийн даатгалтай холбоотой асуудлыг Санхүүгийн зохицуулах хороо нь 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 9/559 дугаартай шийдвэрээр Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3-т даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан гэж заасныг үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь үндэслэлтэй гэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

1.5 Иймд Иргэний хуулийн 443.1-д заасны дагуу*******ХХК-аас бүрэн сүйрсэн тээврийн хэрэгслийн үнэлгээ 33,585,000 төгрөг, үнэлгээний зардал 2,020,000 төгрөг, алданги 16,792,500 төгрөг, нийт 52,397,500 төгрөгийг гаргуулж даатгуулагч *******д олгуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. *******ын ******* улсын дугаартай, ******* маркийн тээврийн хэрэгсэл 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр ******* дүүргийн ******* хороо, хуучин Драгоны үүдэнд шатсан гэх нөхөн төлбөрийн асуудлыг*******ХХК-аас шалгасан. ******* нь тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний хураамжид 408,000 төгрөг буюу даатгалын үнэлгээний 1.2 хувиар хураамж төлж, стандарт багцыг сонгон гэрээ байгуулсан. Талуудын хооронд байгуулагдсан ******* дугаартай тээврийн хэрэгслийн даатгалын баталгааны хамгаалалтын багц хэсгийн 6 дугаар хэсгээс үзвэл тус стандарт багц нь галд шатах, түлэгдэх, төөнөгдөх, дэлбэрэх зэрэг эрсдэлийг хамгаалахгүй болохыг харж болно.

2.2. Иймээс Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3-т даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан гэх үндэслэлээр нөхөн төлбөр олгохоос татгалзсан болно. Иймд хариуцагчийн зүгээс Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 9/559 дугаартай шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч*******ХХК-аас 52,397,500 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 420,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Даатгалын гэрээний зүйл болох *******ын эзэмшлийн ******* улсын дугаартай, ******* маркийн тээврийн хэрэгсэл 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр ******* дүүргийн ******* дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүлжмэлийн урд зогсоол дээр галын эрсдэлийн улмаас шатаж сэргээн засварлах боломжгүйгээр бүрэн сүйрсэн тохиолдол үүссэн.

4.2. Тухайн үед*******ХХК-ийн ажилтнууд нөхцөл байдлыг газар дээр нь ирж шалгаж, фото зураг, видео бичлэг хийж баталгаажуулсан. Нэхэмжлэгч нь хариуцагч*******ХХК-тай 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 34,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий ******* тоот дугаартай тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг байгуулсан. Уг гэрээний тусгай нөхцлийн 3 дугаар зүйлд даатгалын эрсдэлүүдийг заасан ба 3.6-д галд шатах, түлэгдэх, төөнөгдөх, дэлбэрэх гэж галын эрсдэлийг тусгасан. Мөн гэрээний тусгай нөхцлийн 4.3-т Даатгалын тохиолдлын улмаас даатгалын зүйл бүрэн сүйрсэн бол олгохоор тооцсон нөхөн төлбөрийг 100 хувиар тогтооно, ерөнхий нөхцлийн 1.1 дэх хэсгийн 2-р өгүүлбэрт Энэхүү гэрээний ерөнхий нөхцлийн аливаа заалт нь уг гэрээний тусгай нөхцөлд заасантай зөрчилдөх тохиолдолд тусгай нөхцөлд заасныг хүчинтэйд тооцож дагаж мөрдөнө гэж заасны дагуу нэхэмжлэгч даатгалын тохиолдлын улмаас өөрт учирсан хохирлыг арилгуулахаар гэрээ болон хуулиар олгогдсон эрхээрээ мөнгөн төлбөр нэхэмжилсэн.

4.3.*******ХХК-аас нөхөн төлбөр олгохоос тухай бүр татгалзаж байсан ба Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3-т зааснаар даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан тул нөхөн төлбөр олгох боломжгүй гэж маргасаар ирсэн. Гэтэл аливаа даатгалын эрсдэл нь даатгуулагчийн үйлдлээс хамаараагүй нөхцлөөс шалтгаалан тохиолдсон байх ёстой ба *******ын эзэмшлийн тээврийн хэрэгсэл нь түүнийг түр байхгүй хооронд даатгалын эрсдэл тохиолдсон. Даатгагч нь Иргэний хууль, Даатгалын тухай хуульд заасан нөхөн төлбөр олгох, даатгалын гэрээний тусгай нөхцлийн 4.3-т бүрэн сүйрсэн тохиолдолд нөхөн төлбөрийг 100 хувиар тооцно гэж гэрээгээр хүлээн зөвшөөрсөн атлаа нөхөн төлбөрийг олгох үүргээсээ татгалзсан нь үндэслэлгүй.

4.4. Даатгалын ажилтан даатгалын гэрээг тайлбарлаж өгөөгүй тайлбарласан бол тухайн үед стандарт багцаас өөр багц сонгох боломжтой тухай тайлбарыг удаа дараа хэлсэн. Учир нь Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.6, даатгалын гэрээний 8.2.2-т тус тус зааснаар даатгагч нь гэрээний нөхцлийг даатгуулагчид танилцуулах үүрэгтэй. Мөн ******* ББСБ ХХК-аас*******ХХК-д 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн ******* дугаартай албан бичгийн 3 дахь догол мөрөнд ******* ББСБ ХХК нь 2024 оны 01 дүгээр сараас даатгалын суурь хураамжийн хувь хэмжээг 1.2 хувиар тооцсон ба 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс даатгалын хураамжийн хэмжээг барьцаа хөрөнгийн 1.6 хувиар тооцон авах болсон гэж дурдсан нь стандарт багцаас өөр багц байгаа бөгөөд сонгох боломжгүй байдлаар даатгуулагчид даатгалын гэрээний нөхцөл хамгаалалтын багцын тухай тайлбарлаагүй даатгалын гэрээнд гарын үсэг зуруулсан нь тогтоогддог. Гэтэл шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг зөрчиж нотлох баримтын бусад хэсгийг дутуу үнэлсэн гэж үзэж байна.

4.5. Гэрээний ерөнхий нөхцлийн 1.1 дэх хэсгийн 2 дахь өгүүлбэрт Энэхүү даатгалын гэрээний ерөнхий нөхцлийн аливаа заалт нь уг гэрээний тусгай нөхцөлд заасантай зөрчилдөх тохиолдолд тусгай нөхцөлд заасныг хүчинтэйд тооцож дагаж мөрдөнө гэж заасан байхад байгуулсан гэрээний ерөнхий нөхцөл стандарт багцад хамаарах эрсдэл ... гэж тохиролцсон байна гэх дүгнэлтийг шүүх хийсэн нь гэрээний ерөнхий болон тусгай нөхцлүүдэд үндэслэл бүхий нэг тайлбар өгөлгүйгээр хоёр өөр дүгнэлт гаргасан байна.

4.6. Хариуцагч нь ******* ББСБ ХХК-д 10,000,000 төгрөг шилжүүлсэн тухайгаа хоёр байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд гэж тайлбарладаг. Гэтэл тухайн тээврийн хэрэгслийн даатгалтай холбоотой маргааныг 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр шүүхээс иргэний хэрэг үүсгэж, 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хариуцагч нэхэмжлэлийг гардан авсан ба 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн гүйлгээний утга дээр 90-02УАА нөхөн төлбөр гэж байгаа нь нөхөн төлбөр олгохыг зөвшөөрсөн хэлбэр юм. Мөн даатгалын зүйл галд шатсан гэдэг дээр маргадаггүй, гэрээний тусгай нөхцлийн 3.6-д галын эрсдэл тусгасан, харин тухайн эрсдэлийг гэрээний стандарт багцаар хамгаалахгүй гэж заасан тухайгаа мэтгэлцээний явцад тайлбарласан байтал шүүх даатгалын гэрээний эрсдэлд хамаарахгүй гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн. Дээрх байдлаар анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтуудад дутуу, буруу дүгнэлтүүдийг өгч зарим холбогдох баримтуудад эрх зүйн үнэлэлт, дүгнэлт өгөлгүйгээр хэргийг хэт нэг талыг баримтлан шийдвэрлэсэн. Мөн байгууллага хоорондын хамтын ажиллагааны хүрээний нэрийдлээр*******ХХК-аас ******* ББСБ ХХК-д мөнгө шилжүүлж, даатгуулагч нь эд хөрөнгөөрөө хохирсон байтал үл тоомсорлож нөхөн төлбөр олгохоос үндэслэлгүйгээр татгалзаж байгаад гомдолтой байна.

4.7. Маргаан бүхий гэрээний зүйлийн өмчлөгч ББСБ боловч эзэмшигч *******ыг даатгуулагчаас нөхөн төлбөр шаардах эрхтэй тухай амаар 2024 оны 12 дугаар сард зөвшөөрөл олгож, 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн албан бичгээр баталгаажуулсан. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

5.1. Нэхэмжлэгч тал албан бичгүүдийн талаар буруу ойлголттой байна. Хавтаст хэргийн 83 дугаар талд ******* ББСБ ХХК-аас манай байгууллагад ирсэн албан бичигт галд шатах, түлэгдэх, төөнөгдөх, эрсдэлд нь даатгалын тохиолдолд хамаарахгүй байх боловч боломжит хэмжээнд тодорхой хувиар нөхөн төлбөр олгож, хохирлыг бууруулах шийдвэр гаргах гарц санал болгохыг хамтын ажиллагааны хүрээнд хичээнгүйлэн хүсье гэсэн баримт авагдсан байдаг. Манай байгууллагын өгсөн хариулт нь галд шатсан гэх ослын тохиолдол нь даатгалын гэрээний эрсдэлд хамаарахгүй байх тул бидний зүгээс хамтын ажиллагааны хүрээнд 10,000,000 төгрөг хүртэл нөхөн төлбөр олгох боломжтой гэж хариу илгээсэн. ******* ББСБ ХХК нь хариу илгээсэн учир тус нөхөн төлбөрийг дансанд нь шилжүүлсэн.

5.2. Гэрээний тусгай нөхцөлийн 4.1-д нөхөн төлбөрийг шийдвэрлэхдээ даатгуулагчийн сонгосон хамгаалалтын багцаас хамааран даатгалын тохиолдол болохгүйд хувь тэнцүүлэх аргачлалаар тооцох мөн элэгдэлд тооцох эсэхийг тогтоож өгсөн. Өөрөөр хэлбэл, даатгалын хамгаалалтын багцаас нь шалтгаалж нөхөн төлбөр олгоно гэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрт тусгагдаагүй бидний хариу тайлбар байсан нь нөхөн төлбөр олгохгүй тусгай нөхцөл нь 6.19-т даатгуулагчийн сонгосон хамгаалалтын багцад хамаарахгүй эрсдэлээр учирсан хохирол үүний үр дагаварт нөхөн төлбөр олгохгүй гэж тусгасан. Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3-т зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан гэж үзэх үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

 

3. ******* нь*******ХХК-тай 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Авто тээврийн хэрэгслийн даатгалын баталгаа нэртэй гэрээний Стандарт багц нөхцлийг сонгож гэрээ байгуулсан, даатгалын хураамжид 408,000 төгрөг төлсөн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ. /хх-38/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээний үүргийн харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн байх бөгөөд даатгуулагч *******ын тээврийн хэрэгсэл шатсан нь даатгалын тохиолдолд хамааралгүй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

 

4. Талууд автотээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулж, даатгалын зүйл, нөхөн төлбөр олгох үндэслэл, нөхцөлийг харилцан тохиролцсон байх бөгөөд анхан шатны шүүх даатгалын зүйл галд шатсаны улмаас учирсан хохирол нь талуудын тохиролцсон даатгалын гэрээний эрсдэлд хамаарахгүй байна гэж дүгнэсэн нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний 6 дугаар зүйлийн 6.5, 6.19, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3-т заасантай нийцжээ.

 

Тодруулбал, *******ын даатгуулсан тээврийн хэрэгсэл бүрэн шатсан нь тогтоогдож байх боловч тэрээр*******ХХК-тай даатгалын гэрээ байгуулахдаа Премиум плас, Премиум, Классик, Стандарт багцуудаас Стандарт багц нөхцлийг буюу галд шатах, түлэгдэх, төөнөгдөх, дэлбэрэх эрсдэл хамаарахгүй багцийг сонгож гэрээ байгуулсан байх тул хариуцагч компанитай байгуулсан даатгалын гэрээнд заасан даатгалын тохиолдолд хамаарахгүй.

 

5. Нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

5.1. Нэхэмжлэгч *******тай байгуулсан гэрээнд Премиум плас, Премиум, Классик, Стандарт багцуудын мэдээлэл, тэдгээр багцуудаар хамгаалагдах эрсдлийн мэдээллүүд тусгагдсан байх тул даатгалын гэрээний нөхцлийг тайлбарлаж өгөөгүй, тайлбарлаж өгсөн бол өөр багц сонгох байсан гэх нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

 

5.2. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь*******ХХК шүүхэд иргэний хэрэг үүссэнээс хойш ******* ББСБ ХХК-д 10,000,000 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр ******* нөхөн төлбөр гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн тул нөхөн төлбөр олгохыг зөвшөөрсөн гэх үндэслэлийг давж заалдах гомдолд дурдсан байх боловч тухайн харилцаа нь ******* болон*******ХХК-ийн хооронд байгуулагдсан даатгалын гэрээнд хамааралгүй, мөн уг мөнгөн хөрөнгийг бусдад төлсөн үйл баримт нь даатгалын гэрээнд заасан нөхцлийг өөрчлөх үндэслэл болохгүй тул энэ талаарх гомдлыг хангахгүй орхив.

 

6. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 191/ШШ2025/05825 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 420,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД Ч.МӨНХЦЭЦЭГ

 

Б.УУГАНБАЯР