| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатар Ууганбаяр |
| Хэргийн индекс | 183/2023/00309/И |
| Дугаар | 210/МА2025/01570 |
| Огноо | 2025-09-15 |
| Маргааны төрөл | Өвлөх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 210/МА2025/01570
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ч.Мөнхцэцэг, Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 192/ШШ2025/03999 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******, *******, ******* нарт холбогдох,
2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 144 дугаартай өв хүлээн авах хүсэлтийг бүртгэсэн нотариатын үйлдэл, 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 56 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг тус тус хүчингүйд тооцуулах үндсэн, ******* дүүргийн ******* хороо, ******* хороолол, ******* байр, ******* тоот хаягт байрлах 29 м.кв талбайтай орон сууцны хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч *******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Б.Ууганбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга:
1.1. ******* дүүргийн ******* хороо, ******* хороолол, ******* байр, ******* тоот хаягт байрлах орон сууцанд өөрийн дүү *******, *******, ******* нарын хамт 2002 оноос хойш хугацаанд амьдарч байна.
1.2. Уг орон сууц нь миний өвөө *******, эмээ ******* нарынх бөгөөд 1998 оны 05 дугаар сарын 26-ны өдөр эмээ ******* өөрийн нэр дээр хувьчилж үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 6943 тоот гэрчилгээ авсан. Өвөө, эмээ нар хүү ******* буюу миний эцэгт уг орон сууцыг өвлүүлнэ гэдэг байсан. Манай эцэг, эх хоёр гадаад улсад амьдарч байх хугацаандаа 4 хүүхэд төрүүлсэн. 2002 оны 01 дүгээр сард Монгол улсад ирэхэд эцгийн том эгч ******* эмээ *******т Рояал кастл /Royal castl/ хотхонд шинэ орон сууц худалдан авч өгсөн учраас эмээ өөрийн орон сууцаа чөлөөлж манай гэр бүлд үлдээсэн. Ингээд өөрсдийн орон сууцандаа амьдарч байхад эцэг 2010 оны 07 дугаар сарын 15-ны өдөр нас барсан. Тухайн үед эмээ ач хүү *******д өвлүүлж үлдээнэ гэж хэлсэн.
Гэвч эмээ ******* уг орон сууцыг шилжүүлж өгч чадаагүй байхдаа 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр нас барсан. Бид эмээгийн хүсэлээр дүү *******д шилжүүлж өгнө гэдэгт итгэж байсан. Гэтэл эмээг нас барснаас хойш 1 жил өнгөрөөгүй байхад буюу 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр том эгч ******* нас барснаар өвлөх эрх нь Иргэний хуулийн 529 дүгээр зүйлийн 529.1 дэх хэсэгт заасны дагуу түүний төрсөн хүү *******, ******* нарт шилжсэн болно.
*******, *******, ******* нар уг орон сууцыг хуульд заасны дагуу өвийн журмаар хүлээж авах эрхээсээ татгалзаж, эмээгийн хүсэлээр дүү *******д шилжүүлж өгнө гэж бодсон боловч 2022 оны 12 дугаар сард ******* эгч над руу утсаар ярьж Танай байрны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг би өөрийн нэр дээр гаргуулж авсан. Та нар байраа даруйхан чөлөөлж өгөөрэй. Би ******* эгчийн миний нэр дээр байдаг 6 компанийн өрийг танай байрыг зарж барагдуулмаар байна гэж хэлсэн. ******* нь 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авсан байна.
1.3. ******* нь бидний 20 гаруй жил байнга тасралтгүй амьдарч байгаа, өвөө, эмээ нараас бидний эцэгт өвлөгдөх ёстой эд хөрөнгө болох энэ орон сууцыг өвлөж авах талаар урьд өмнө нь ямар ч асуудал гаргаагүй атлаа эмээг нас барснаас хойш 1 жил 7 сарын дараа гэнэт өөрийн нэр дээр гэрчилгээ гаргуулсныг зөвшөөрөхгүй. Иймээс өвлөх эрхийн гэрчилгээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү.
1.4. Нотариатч ******* нь 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр *******аас гаргасан өв хүлээн авах хүсэлтийг гэрчилсэн, нотариатч ******* 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр *******д өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг гүйцэтгэхдээ хууль тогтоомж зөрчсөн гэж үзэж, нотариатч *******гийн иргэн *******аас гаргасан өв хүлээн авах хүсэлтийг 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гарын үсгийн бүртгэлийн 144 дүгээрт гэрчилсэн нотариатын үйлдлийг, нотариатч *******-ын иргэн *******аас гаргасан өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлтийн дагуу 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр өвлөх эрхийн гэрчилгээ олгох бүртгэлийн 56 дугаарт өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг тус тус хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.
2. Хариуцагч *******ын татгалзал, тайлбарын агуулга:
2.1. *******, ******* нарын дундаас 1960 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр охин ******* төрсөн бөгөөд өөрийн төрсөн эгч, дүү, эцэг эхийн хамт ******* дүүргийн ******* хороо, ******* хороолол, ******* байр, ******* тоот хаягт оршин суудаг байсан. 1995 онд Өмч хувьчлалын тухай хуульд заасны дагуу дээрх орон сууцыг хувьчлан авах боломж бүрдсэн тул *******ын хувьд холбогдох бичиг баримтуудыг эрх бүхий байгууллагад бүрдүүлэн өгч 1998 оны 05 дугаар сарын 26-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг эх *******ын нэр дээр гаргуулж авсан.
2.2. Уг орон сууцанд *******ын бага дүү *******ы гэр бүлийнхэн 2002 оноос хойш өнөөдрийг хүртэл амьдарч байгаа бөгөөд дүү ******* нь 2010 оны 07 дугаар сарын 15-ны өдөр, эх ******* нь 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр, эгч ******* нь 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдрүүдэд нас барсан. Ийнхүү төрсөн эгч *******, төрсөн дүү ******* нар нас барснаар ******* нь эх *******ын өмчлөлийн ******* дүүргийн ******* хороо, ******* хороолол, ******* байр, ******* тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасны дагуу өвлөн авах хууль ёсны ганц өвлөгч болсон. Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.1, 531.2, Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу өв нээгдсэн газрын нотариатчид хүсэлтээ гаргаж, Нийслэлийн тойргийн нотариатч *******аас 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 0056 тоот өвлөх эрхийн гэрчилгээг авсан. Иймд ******* нь хууль ёсны ганц өвлөгч, өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авсан ажиллагаа нь холбогдох хууль тогтоомжид тус тус нийцсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.
2.3. ******* нь өвлөх эрхийн гэрчилгээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхгүй. Учир нь *******ын отгон дүү ******* нь Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1 дэх хэсэгт заасан өв нээгдэх үеэс даруй 10 жилийн өмнө нас барсан. Мөн *******, *******, ******* нарын эх ******* нас барахдаа ямар нэгэн гэрээслэл үйлдээгүй тул *******, түүний гэр бүлийн гишүүд, нэхэмжлэгч *******ийг хуульд зааснаар болон гэрээслэлээр өвлөн авах эрхтэй этгээд гэж үзэх боломжгүй. Иймд уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагч *******ын татгалзал, тайлбарын агуулга:
3.1. ******* нь 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр өвлүүлэгч *******ын өмчлөлийн ******* улсын бүртгэлийн дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон. Иргэний хууль болон Нотариатын тухай хуулийн холбогдох зүйл, заалт, өвлөх эрхийн гэрчилгээ олгох үндэслэл болсон баримт бичгийг хянан үзэхэд өвлөх эрхийн гэрчилгээ олгосон дээрх нотариатын үйлдэл нь хууль тогтоомж зөрчөөгүй гэж үзэж байна.
3.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэж тус тус заасан. Тодруулбал, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэл болгож буй Монголын Нотариатчидын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлийн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн №07 тоот тогтоол нь үндэслэлтэй ч байж болно, үндэслэлгүй ч байж болно, шүүх Сахилгын зөвлөлийн шийдвэрийг албажуулж, баталгаажуулдаг байгууллага биш. Нотариатын өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдэл нь хууль тогтоомж зөрчсөн эсэх, энэ нь нотариатын үйлдлийг хүчингүйд тооцох үндэслэл болох эсэхийг холбогдох хууль тогтоомжийн дагуу шүүх шийдвэрлэнэ. Иймд *******ийн нэхэмжлэлийн шаардлагаас *******т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Хариуцагч *******гийн татгалзал, тайлбарын агуулга:
4.1. ******* нь 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр өөрийн төрсөн эх *******ын өмчлөлийн ******* дүүргийн ******* хороо, ******* хороолол, ******* байр, ******* тоот орон сууцыг өвлөн авах хүсэлтийг нотариатч *******д гаргасан. ******* нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар нас барагч *******ын хууль ёсны өвлөгч байх бөгөөд нас барах үед нь хамт амьдарч байсан тул нотариатч нь холбогдох хууль, тогтоомжид заасны дагуу эрх, үүргийг тайлбарлан өгч зөвхөн өв хүлээн авах хүсэлтийг гэрчилсэн.
4.2. Өвлөх эрхийн гэрчилгээ олгоход үндэслэх баримт бичгийн жагсаалтыг Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйл болон Нотариатын үйлдэл хийх зааврын 8 дугаар зүйлд нарийвчлан заасан бөгөөд дээрх хууль болон зааварт өв хүлээн авах хүсэлтийг гэрчилсэн үйлдэл нь дангаараа ямар нэгэн үр дагаварт хүргэхгүй юм. Харин өвлөх эрхийн гэрчилгээ олгох цогц ажиллагааны хувьд Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйл болон Нотариатын үйлдэл хийх зааврын 8 дугаар зүйлд заасан баримт бичгүүдийг үндэслэл болгохоор хуульчилсан ба нотариатч *******гийн хувьд өвлөх эрхийн гэрчилгээг олгоогүй болно. *******гийн гэрчилсэн өв хүлээн авах хүсэлт нь дангаараа өвлөх эрхийн гэрчилгээг олгох үндэслэл болохгүй. Тодруулбал, Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлд зааснаар нас барсны гэрчилгээ, эд хөрөнгийн лавлагаа, хорооны Засаг даргын тодорхойлолт болон өв хүлээн авагчийн хүсэлт зэргийг үндэслэн олгодог бөгөөд эдгээрийн аль нэг нь байхгүй бол өвлөх эрхийн гэрчилгээг олгохгүй, эсхүл аль нэг нь дангаараа байвал мөн л өвлөх эрхийн гэрчилгээг олгох үндэслэлгүй.
4.3. Иймд өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад нотариатч *******гийн өв хүлээн авах хүсэлтийг гэрчилсэн үйлдэл хамаагүй. Хэрэв өвлөх эрхийн гэрчилгээ олгоход шаардагдах баримт бичиг бүрдүүлээгүй гэж үзвэл өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатч ******* нь гэрчилгээг олгохгүй байх эрхтэй.
4.4. Монголын Нотариатчидын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлийн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн тогтоолоор нотариатч *******д сануулах сахилгын шийтгэл ногдуулсан талаар нэхэмжлэгч нэмэгдүүлсэн шаардлагадаа дурдаж байх боловч энэхүү нөхцөл байдал нь ******* нарт холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд шууд хамааралгүй. Учир нь шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заасан журмын дагуу үнэлэх бөгөөд Монголын Нотариатчидын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөл нь шүүх биш болно.
4.5. Өв хүлээн авах хүсэлтийг гэрчилсэн нотариатч *******гийн үйлдэл хууль зөрчөөгүй, өвлөгдөх хөрөнгийн маргаанд шууд хамааралгүй, дангаараа ямар нэгэн үр дагавар үүсгэхгүй тул *******д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******-ийн татгалзал, тайлбарын агуулга:
5.1. Миний бие нөхөр *******ы хамт 1997 оны 02 дугаар сарын эхээр Чех улс руу явсан. Бид нар явахаасаа өмнө ******* дүүргийн ******* хороо, ******* хороолол, ******* байр, ******* тоот од хадам эцэг *******, эх ******* нарын хамт ам бүл дөрвүүлээ амьдарч байсан. Хадам эцэг ******* 1997 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр нас барсан. Үүний дараа 1997 оны 12 дугаар сарын 05-ны өдөр нөхөр нас барсан. Хадам эх, нөхөр ******* нар уг орон сууцыг 1998 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хувьчилж, өөрсдийн нэр дээр бүртгүүлсэн боловч нөхөр *******ы нэрийг бүртгэлээс хасуулж, хадам эх 1998 оны 05 дугаар сарын 26-ны өдөр өөрийгөө нэг хүний өмчлөгчөөр бүртгүүлж Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ авсан байсан. Үүнээс хойш одоог хүртэл өмчлөгч солигдоогүй, бүртгэлд ямар нэг өөрчлөлт ороогүй.
5.2. Бид 2002 оны 01 дүгээр сард Монгол улсад ирсэн бөгөөд тухайн үед ******* эгч Баянзүрх дүүргийн ******* шинэ хороололд 3 байр худалдаж авсан байсны нэгэнд нь өөрөө, нэгэнд нь хадам эх амьдарч байсан ба нэг байрыг дүү *******д өгсөн. *******ын хүү ******* нь гэр бүлийн хамт одоог хүртэл маргаан бүхий орон сууцанд амьдарч байгаа. Гэтэл хүүхдийг маань харж үзэх нь байтугай, хуулийг биелүүлэхгүй бусдыг хууран мэхлэх замаар бидний амьдарч байгаа орон сууцыг өөрийн нэр дээрээ болгочхоод төрсөн ганц дүүгийнхээ өнчин хүүхдүүдийг гудамжид хөөж гаргахаар хөөцөлдөж эхэлсэнд нь үнэхээр гомдолтой байгаа болно. Би нөхөр, үр хүүхдүүдийнхээ хамт дээр дурдсан орон сууцанд 2002 оны эхнээс эхлэн хадам эхийн буюу хууль ёсны өмчлөгчийн зөвшөөрсний дагуу байнга эзэмшиж, хуульд заасан орон сууц эзэмшигчийн үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн шударга эзэмшигчид билээ.
Уг орон сууцыг өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авч, хүүхдүүдийг маань уг орон сууцыг чөлөөлж өгөхийг шаардсан. Миний хадам эх ******* өвчтэй байхдаа ач хүү *******гийн нэр дээр өмчлөгчөөр нэмж бүртгүүлнэ гэхээр нь санаа зоволтгүй, бага ачийн чинь орон сууц гээд л өнгөрсөн. Талийгаач эгч ******* амьд сэрүүн байхдаа энэ орон сууцыг нөгөө дөрвөн хүүхдийн байр гэж дандаа ярьдаг байсан. Үр хүүхдүүдээ хэн хэндээ тустай, эвтэй найртай явуулахын оронд эсрэгээр нь эвдрэлцүүлэх алхам хийж байгаа *******ын үйлдлийг үнэхээр ойлгохгүй байна гэжээ.
6. Хариуцагч *******ын сөрөг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:
6.1. ******* миний бие *******, ******* нарын 2 дахь охин болж 1960 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн бөгөөд өөрийн төрсөн эгч, дүү, эцэг эхийн хамт ******* дүүргийн ******* хороо, ******* хороолол, ******* байр, ******* тоот од байрлах, 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг хувьчлан авах боломж бүрдсэн тул *******ын миний бие холбогдох бичиг баримтуудыг эрх бүхий байгууллагад бүрдүүлэн өгч 1998 оны 02 дугаар сарын 10-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг эх *******, дүү ******* нарын нэр дээр гаргуулан авсан. Дүү ******* Монгол улсад оршин суудаггүй байсан тул эх, эгчтэйгээ ярилцсаны үндсэн дээр уг орон сууцны өмчлөлөөс дүү *******ыг хасуулан дахин 1998 оны 05 дугаар сарын 26-ны өдөр гэрчилгээг гаргуулж авсан.
6.2. Уг орон сууцанд бага дүү ******* гэр бүлийн хамтаар 2002 оноос хойш өнөөдрийг хүртэл амьдарч байгаа бөгөөд ******* нь 2010 оны 07 дугаар сарын 15-ны өдөр өвчний улмаас нас барсан. Миний эх ******* 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр нас барсан. Ийнхүү төрсөн эгч *******, төрсөн дүү ******* нар маань нас барснаар ******* миний бие эх *******ын өмчлөлийн ******* дүүргийн ******* хороо, ******* хороолол, ******* байр, ******* тоот од байрлах үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасны дагуу өвлөн авах хууль ёсны ганц өвлөгч болж үлдсэн. Мөн ******* миний бие эх *******ыг нас барах хүртэл хугацаанд асарч, хамт амьдардаг байсан болно. Иймд Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 520.1.1-д заасны дагуу *******ыг эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай бүртгэлтэй ******* дүүргийн ******* хороо, ******* хороолол, ******* байр, ******* тоотод байрлах 29 м.кв талбайтай орон сууцны хууль ёсны өвлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.
7. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:
7.1. Сөрөг нэхэмжлэлд дурдсанчлан *******ын төрсөн эгч *******, төрсөн дүү ******* нар нас барснаар тэрээр өөрийн эх *******ын өмчлөлийн ******* дүүргийн *******хороо, ******* хороолол, ******* байр ******* тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгийн өөрт ногдох хэсгийг иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасны дагуу өвлөж авах хууль ёсны өвлөгч болсныг миний төлөөлүүлэгч болон бидний зүгээс үгүйсгэсэн зүйл байхгүй. Гэвч ******* хуульд заасан хугацаа, журмын дагуу өв хүлээн аваагүй тул түүний сөрөг нэхэмжлэлд дурдсан үл хөдлөх хөрөнгийг өвлөж авах эрхээсээ татгалзсан гэж үзэж байна.
7.2. *******ын эх ******* нь 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр нас барсан учир дээрх хуулийн заалтын дагуу хууль ёсны өвлөгч нар болон *******, ******* нар 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн дотор өв хүлээн авах өргөдлөө нотариатад гаргах ёстой байсан болно. ******* нь хуульд заасан хугацаанд хүсэлтээ нотариатад гаргаагүй ба харин хугацаа өнгөрснөөс хойш 5 сарын дараа буюу Нийслэлийн тойргийн нотариатч *******д 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр, нотариатч *******т 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр тус тус хүсэлт гаргаснаас үзэхэд ******* нь дээрх маргаан бүхий эд хөрөнгийг өвлөхөөс татгалзсан болох нь тодорхой байна. Хууль тогтоогчийн зүгээс хугацаа хожимдуулсан өвлөгчид уг хугацааг сунгуулах боломжийг хуульчилсан. Гэвч ******* энэ боломжийг ашиглаагүй. Хууль ёсны өвлөгч ******* нь дээрх маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өөрт оногдох хэсгийг хүлээн авч чадалгүй 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр нас барсан болохыг сөрөг нэхэмжлэлд дурдсан байна. Ингэснээр түүнд оногдох хэсгийн өвлөх эрх түүний хууль ёсны өвлөгч нар болох хүү *******, ******* нарт хуульд заасны дагуу шилжсэн байна. Гэвч ******* нь эгч *******, дүү ******* нар нь нас барснаар өөрийгөө эх *******ын хууль ёсны ганц өвлөгч болж үлдсэн мэтээр сөрөг нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй.
7.3. Хууль ёсны өвлөгч болох ******* өвлөх эрхээсээ татгалзсан учир талийгаач *******ын ач, зээ нар болох *******ийн хүүхдүүд *******, *******, *******ын хүү *******, охин *******, *******ы хүү *******, *******, *******, ******* нар хууль ёсны өвлөгч болж үлдсэн байна. *******ын өвлөх эрхээсээ татгалзсан байдал, нэгэнт татгалзсан бол шүүхийн журмаар өвлөгчөөр тогтоох талаар хуулийн зохицуулалт байхгүй байгааг харгалзан түүний гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
8. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
8.1. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1, 528.3, Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан ******* дүүргийн ******* хороо, ******* хороолол, ******* байр, ******* тоот од байрлах 29 м.кв талбайтай орон сууцны хууль ёсны өвлөгчөөр ******* болохыг тогтоолгох сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгож, *******д олгосон 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн №144 дугаартай өв хүлээн авах хүсэлт бүртгэсэн нотариатын үйлдэл, 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн №56 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг тус тус хүчингүйд тооцож,
8.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******эд олгож, хариуцагч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
9. Хариуцагч *******ын гаргасан давж заалдах гомдлын агуулга: 9.1. ******* нь эх *******ыг 2019 оноос эхлэн нас барах хүртэл хугацаанд асарч хамт амьдардаг байсан. Эх *******ын ******* дүүргийн ******* хороо, ******* хороолол, ******* байр, ******* тотоод байрлах 29 м.кв талбайтай орон сууцыг өвлөх эрхтэй гэж үзэн хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан боловч шүүхээс намайг эх *******той хамт амьдарч байгаагүй гэж үзэн миний сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. 2019 оноос 2020 он хүртэл хугацаанд гэрийн үйлчлэгч *******, ******* нар эх *******ыг хамт асарч байсныг нотолно. Мөн гэрч *******, ******* нарын мэдүүлгүүд болон эх *******ын дүү гэрч *******-ийн тодорхойлолт, хавтаст хэрэгт авагдсан гэрэл зургууд, өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт зэргээр тогтоогддог.
9.2. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн сүрдүүлэг, нөлөөлөлд автаж үйлдсэн Хан-Уул дүүргийн ******* дүгээр хорооны Засаг даргын үүрэг гүйцэтгэгч *******ийн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Залруулга гэх албан бичиг, түүний мэдүүлэг зэргийг шийдвэрийн үндэслэлээ болгосон. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хорооны Засаг даргатай уулзаж хэрүүл, зарга хийж, айлгасан гэдгээ 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдаан дээр хүлээн зөвшөөрч, энэ нь тэмдэглэлд тусгагдсан. Мөн шүүх гэрчүүдийг шүүх хуралдаан дээр асуусан мэтээр тэмдэглэл хөтөлж, гэрчийн мэдүүлэгтэй танилцах, мэдүүлэгт өөрчлөлт оруулах боломж олголгүйгээр хариуцагч талд ашигтай асуулт, хариултуудыг хасаж, бүрэн бус тусгагдсан мэдүүлэг бүхий шүүх хуралдааны тэмдэглэлийг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн. Энэ бүхнээс дүгнэж үзвэл анхан шатны шүүх эргэлзээ бүхий нотлох баримт болоод бүрэн бус гэрчийн мэдүүлгүүдийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож бодит байдалд үл нийцэх дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Мөн өөрийн өндөр настай эцэг, эхээ үр хүүхдүүд нь асран хамгаалж, тэжээн тэтгэх нь ёс суртахуун талаасаа зүй ёсны зүйл бөгөөд хүн өөрийн эцэг, эх, үр хүүхдийг тодорхой шалтгааны улмаас асарч халамжлан хамт амьдрахад заавал хаягийн шилжилт хөдөлгөөн хийлгэх хуулиар ногдуулсан үүрэг байхгүй. Гэвч анхан шатны шүүх өөрийн эхийг асарч хамт амьдрахад заавал хаягийн шилжилт хөдөлгөөн хийлгэж түр оршин суугчаар бүртгүүлсэн байх шаардлага тавьж буй нь үндэслэлгүй.
9.3. ******* ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* хотхоны ******* дугаар байр,******* тоотод, ******* миний бие 2022 он хүртэл мөн хотхоны 104 тоотод тус тус бүртгэлтэй байсан. Эх ******* 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр нас барахдаа ******* дүүргийн ******* хороо, ******* байр, ******* тоотод оршин сууж байсан хэдий ч хаягийн шилжилт хөдөлгөөн хийлгээгүй, түр оршин суугчаар бүртгүүлээгүй байсан тул ******* миний бие уг хаягт түр оршин суугчаар бүртгүүлэх боломжгүй. Эх ******* асран халамжлах үр хүүхэдтэй, өөрийн гэсэн орон сууцтай, амьжиргааны баталгаажих түвшнээс дээгүүрт тооцогддог байсан тул Гэр бүлийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.5, Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасны дагуу харгалзан дэмжигчээр тогтоолгож, асаргааны тэтгэмж авах боломжгүй тул шилжилт хөдөлгөөн хийлгэх шаардлага үүсээгүй. ******* миний амьдарч байсан газар эх *******ын амьдарч байсан газартай ойр байрлаж байхаас гадна хоёул Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороонд байрладаг тул хаягийн шилжилт хөдөлгөөн хийлгэх шаардлага бий болоогүй.
9.4. Мөн анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нэг үндэслэлээ хариуцагч ******* нь маргаан бүхий хөрөнгийг Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3 дахь хэсэгт заасны дагуу эзэмдэн аваагүй, эрхлэн удирдаагүй, хүлээн аваагүй, өв хүлээн авах хугацааг сунгах хүсэлт гаргаагүй, энэ талаар хэрэгт баримт авагдаагүй байна гэж дүгнэсэн. ******* нь эх *******ыг 2019 оноос 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд сахиж хамт амьдарч байсан тул өв хүлээн авахаас татгалзах тухайгаа нотариатч, Засаг даргад мэдэгдээгүй тул өвийг хүлээн авсан гэж үзэн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр өв хүлээн авах хүсэлтээ гаргаж, 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр өвлөх эрхийн гэрчилгээг гаргуулан авсан. Өвлөх эрхийн гэрчилгээг гаргуулан авсантай холбоотойгоор өнөөдрийн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчээс шаардаж байсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтаас тодорхой харагдаж байхаас гадна уг хөрөнгө нь нэхэмжлэгчийн эзэмшилд байсан тул түүнийг Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528 3 дахь хэсэгт заасны дагуу эзэмдэн авах боломжгүй.
9.5. Мөн эх *******ын хууль ёсны өв залгамжлагч, талийгаач эгч *******гийн хоёрдугаар ээлжийн өв залгамжлагч болох ******* миний бие Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсэгт заасны дагуу өв хүлээн авахаас татгалзаагүй, орон сууцны 50 хувийг Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсэгт зааснаар, талийгаач эгч *******д ногдох үлдэх 50 хувийг Иргэний хуулийн 529 дүгээр зүйлийн 529, 520 дугаар зүйлийн 520.1.2-т заасны дагуу өвлөн авсан бөгөөд өвлөх эрхийн гэрчилгээг Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2 дахь хэсэгт заасан хугацаанд авсан тул Иргэиий хуулийн 528 дугаар зүйлийн 528.4 дэх хэсэгт заасны дагуу өв хүлээн авах хугацааг сунгуулах хүсэлтийг шүүхэд гаргах шаардлага бий болоогүй гэдгийг шүүх анхаарч үзэлгүйгээр үндэслэлгүй дүгнэлтүүдийг хийснийг зөвшөөрөхгүй.
9.6. Иймд шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй, нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэн зөв үнэлж чадаагүй, хуулийг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэж чадаагүй гэж үзэх үндэслэлийг бүрдүүлж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасны дагуу анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
10. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
10.1. Орон сууцны гэрчилгээ зээ хүү *******д байсан. Тухайн үед хариуцагч нь эхийгээ нас барахад нь хамт амьдарч байсан гэх агуулгаар маргаагүй. Анх ******* нь хариуцагч биш, өвлөх эрхийн гэрчилгээ олгосон, өв хүлээн авагчийг гэрчилсэн нотариатч хариуцагч гэх агуулгаар маргасан. Өмгөөлөгч нь *******ыг эхийгээ нас барах хүртэл хамт амьдарч байсан учраас Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын дотор өв хүлээн авахаас татгалзах хүсэлтээ гаргаагүй учраас өв хүлээн авсанд тооцно гэж маргасан. Энэ талаар хэрэгт авагдсан баримтаар тодорхой харагдана. Хариуцагч ******* нь хамт амьдарч байсан болохоо нотолж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг авах боломжтой байсан. Гэтэл хамт амьдарч байгаагүй болох нь нотлогдсон. 3 төрлийн тодорхойлолт хэрэгт нотлох баримтаар авагдсан. 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр н*******т орон сууцыг худалдсан. Хаягаа албан ёсоор шилжүүлээгүй. Мөн 2023 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, залруулга хэрэгт авагдсан. 3 давхарт зээ хүү *******, 4 давхарт талийгаач *******, 5 давхарт айлууд амьдарч байсан.
10.2. *******ийг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан. ******* нь эрүүл мэндийн шалтгааны улмаас оролцож чадаагүй. Мэдүүлгээ бичгээр ирүүлсэн боловч тухайн мэдүүлэг нь хуульд заасан журмыг хангаагүй.
10.3. Нотариатч ******* нь 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр өв хүлээн авсан. Нэхэмжлэгч нь Нотариатчдын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлд гомдол гаргасны дагуу сахилгын арга хэмжээг авсан. 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр нотариатч ******* нь Хууль зүй, дотоод хэргийн яамны сайдад гомдол гаргасан. Тухайн этгээдүүдийг хамт амьдарч байсан учраас өвийг хүлээн авсан гэж тайлбарладаг. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсэгт зааснаар өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ. Нотариатч нарын үйлдэл хууль бус учраас сахилгын зөвлөл сахилгын арга хэмжээ авсан. Үүний дагуу нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Анхан шатны шүүх нотариатчын үйлдлийг хүчингүй болгосон.
10.4. Нэхэмжлэгч нь 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэл гаргахдаа хүлээн зөвшөөрч байсан. Отгон хүү ******* нь 4 хүүхдийн хамт амьдарч байсан. Талууд гэрээслэлтэй холбогдуулан маргаагүй. Хуульд заасны дагуу *******гийн 2 хүүхдэд өвлөх эрхийг шилжүүлж байгаа. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт зааснаар 528.1-д зааснаас бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэв.
11. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч *******, ******* нарын төлөөлөгч нар оролцоогүй, тайлбар гаргаагүй болно.
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад хариуцагч *******ын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, *******, ******* нарт холбогдуулан 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 144 дугаартай өв хүлээн авах хүсэлтийг бүртгэсэн нотариатын үйлдэл, 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 56 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг тус тус хүчингүйд тооцуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч хариуцагч ******* нь ******* дүүргийн ******* хороо, ******* хороолол, ******* байр, ******* тоот хаягт байрлах 29 м.кв талбайтай орон сууцны хууль ёсны өвлөгчөөр тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрч маргасан байна.
3. Хариуцагч ******* нь 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэгч *******эд холбогдуулан эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, ******* дүүргийн ******* хороо, ******* хороолол, ******* байр, ******* тоот од байрлах 29 м.кв талбайтай орон сууцны хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасныг шүүх хүлээн авч 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******д сөрөг нэхэмжлэлийн хувийг гардуулсан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр сөрөг нэхэмжлэлийн шаардлагад хариу тайлбар бичгээр гаргаж, талууд үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд мэтгэлцжээ.
Анхан шатны шүүх хариуцагч *******ын орон сууцны хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэлийг хүлээн авч, хэргийг хянан шийдвэрлэхдээ сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулаагүй, уг шаардлагын хүрээнд бусад өвлөгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа эсэхийг тодруулах ажиллагааг хийлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.
Хариуцагч *******ын орон сууцны хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь нэхэмжлэгч *******ийн төдийгүй, түүний дүү *******, *******, *******, маргаан бүхий орон сууцны өмчлөгч асан *******ын төрсөн хүүхэд *******гийн хууль ёсны өвлөгч нар болох *******, *******, *******ын төрсөн дүү ******* нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж болзошгүй байхад зөвхөн *******эд холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийг шүүх хүлээн авч эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй бусад этгээдүүдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн, уг ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
4. Мөн 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШЗ2024/18709 дугаартай, Хүсэлт шийдвэрлэх тухай шүүгчийн захирамжаар *******ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулахаар шийдвэрлэсэн боловч гэрчээс мэдүүлэг авах ажиллагаа хийгдэлгүй байсаар 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр гэрч асуулгах хүсэлт гаргасан тал гэрч биеийн эрүүл мэндийн байдлын улмаас шүүхэд хүрэлцэн ирж гэрчийн мэдүүлэг өгөх боломжгүй болсон тул гэрч асуулгах хүсэлтээсээ татгалзах хүсэлтийг шүүхэд гаргасан, улмаар 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн огноо бүхий *******-ийн гараар бичсэн баримтыг шүүхэд өгсөн байна.
Уг баримтад ******* нь тодорхой нөхцөл байдлыг гэрчилж байгаа талаараа дурдаж, гэрч ******* овогтой ******* хэмээн бичиж гарын үсэг зуран баталгаажуулжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4 дэх хэсэгт Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүхийн дуудсанаар ирж чадахгүй гэрчээс байгаа газарт нь очиж мэдүүлэг авч болно гэж заасан, уг заалтад заасан хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт өвчний улмаас болон бусад шалтгааны улмаас өөрийн биеэр шүүхэд ирж чадахгүй байгаа нөхцөл байдлыг ойлгодог.
Гэрч ******* нь түүнийг гэрчээр асуухаар шийдвэрлэх үед 80 настай байсан байх ба гэрчээр асуухаар шийдвэрлэснээс хойш 3 сарын хугацаанд шүүхэд хүрэлцэн ирээгүй, улмаар тодорхой нөхцөл байдлыг гэрчилж байгаа талаараа гараар баримт бичиж шүүхэд ирүүлсэн, шүүхэд хүрэлцэн ирээгүй шалтгааныг эрүүл мэндийн шалтгаантай холбон тайлбарлаж байгаа тохиолдолд шүүх гэрч асуух захирамжийн биелэлтээ хангахын тулд гэрчээс байгаа газарт нь очиж гэрчийн мэдүүлэг авах боломжтой байсан боловч энэ талаар ажиллагаа хийлгүй, гэрч асуулгах хүсэлт гаргасан тал гэрч эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүхэд хүрэлцэн ирж чадахгүй байгаа гэх үндэслэлээр хүсэлтээсээ татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлд хамаарна.
5. Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 192/ШШ2025/03999 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР
ШҮҮГЧИД Ч.МӨНХЦЭЦЭГ
Б.УУГАНБАЯР