Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 4827

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2016/04827

 

Улаанбаатар хот

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

         Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа би,

 

              Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 15-р хороо, Махатма гандигийн гудамж 17-87 тоотод оршин суух, регистр ТЛ83092362, Боржигон овогт Сэмбэгийн Энхтуяагийн нэхэмжлэлтэй,

 

              Хариуцагч: Баянгол дүүргийн 13-р хороо, 3-р хороолол, Хасбаатар гудамж 18-р байр, 2 тоотод байрлах, “Амуу цацраг” ХХК-д холбогдох 6 090 000 төгрөг гаргуулахыг  хүссэн нэхэмжлэлтэй хэргийг хянаад

                                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч С.Энхтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн С.Энхтуяа би 2015 оны 11-р сарын 2-ны өдөр “Амуу цацраг” ХХК-тай өөрийн амьдарч буй байрны гал тогооны тавилгыг иж бүрнээр нь 5 800 000 төгрөгөөр захиалан хийлгүүлэхээр “Амуу цацраг” ХХК-ийн захирал Д.Лхагвасүрэнтэй гэрээ байгуулсан. Гэрээгээр гүйцэтгэгч тал нь захиалагчид ажлын 20-45 хоногт багтаан барааг угсарч хүлээлгэн өгөх, захиалагч тал үнийн дүнгийн 70% буюу 4 060 000 төгрөгийг урьдчилан төлөхөөр харилцан тохиролцож мөнгөө төлж ажлаа эхэлсэн. Гэвч гэрээгээр тохирсон хугацаа өнгөрч гүйцэтгэгч тал Хятадаас бараа ирж байгаа гэх шалгаанаар гал тогооны тавилгыг нийлүүлэлгүй гэрээний хугацаа өнгөрсөн бөгөөд шинэ жил өнгөрч цагаан сарын баяр дөхөж гүйцэтгэгчтэй очиж уулзахад 2015 оны 3-р сарын 6-ны өдөр гэхэд авчирч, угсарч өгье. Дахин гэрээ хийе гээд 2016 оны 1-р сарын 25-ны өдөр гэрээ хийсэн. Ийнхүү гэрээ байгуулснаас хойш гэрээний хугацаа дуусч өнөөдрийг хүртэл гал тогооны тавилга нийлүүлэхгүй, гэрээний үүргээ зөрчиж байна. 2016 оны 1-р сарын 25-ны өдрийн гэрээний 6.2-т заасны дагуу 2016 оны 3-р сарын 6-нд гал тогооны тавилгыг авчирч, угсарч өгөх үүрэгт байсан ба хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд 0,5% алданги төлөхөөр тохирсон бөгөөд нийт 105 хоногийн алдангий 2 030 000 төгрөг болж байна. Иймд нийт 6 090 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

                                                                                                                     ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч С.Энхтуяа нь “Амуу цацраг” ХХК-д холбогдох 6 090 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд талууд “Эвлэрлийн гэрээ” байгуулж С.Энхтуяагийн нэхэмжлэлийн шаардлага 6 090 000 төгрөгөөс 4 060 000 төгрөгийн хэмжээнд эвлэрсэн, хариуцагч “Амуу цацраг” ХХК нь дээрх төлбөрийг 2016 оны 8 дугаар сарын 03-ны дотор төлөхөөр тохирсон байна.

 

Зохигч эвлэрсэн нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн  эвлэрлийг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                                              ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч С.Энхтуяа, хариуцагч “Амуу цацраг” ХХК нь 6 090 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 4 060 000 төгрөгийн хэмжээнд эвлэрч, 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохирсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112 400 төгрөгийн 56 200 төгрөгийг улсын төсвөөс,  56 200 төгрөгийг хариуцагч “Амуу цацраг” ХХК-иас тус тус гаргуулж нэхэмжлэгч С.Энхтуяад олгосугай.

 

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                    Р.АЛТАНТУЯА

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

s