Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2025/01550

 

 

 

 

 

 

******* нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Б.Мандалбаяр, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 192/ШШ2025/04290 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******, *******-д тус тус холбогдох,

15,575,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр *******-иас ******* улсын дугаартай Lexus HS-250 загварын тээврийн хэрэгслийг худалдан авахдаа *******-иар тээврийн хэрэгсэлд учрах эрсдэлийг даатгуулсан.

2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Эрдэнэтээс Улаанбаатарын чиглэлд явж байгаад оройн 8-9 цагийн орчимд адуу мөргөж зам тээврийн осол гаргасан. Цагдаагийн газраас намайг Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасныг зөрчсөн гэж дүгнэсэн.

Иймд даатгалын нөхөн төлбөр 14,585,000 төгрөг, үнэлгээний зардал 990,000 төгрөг, нийт 15,575,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагч *******-ийн татгалзал, тайлбарын агуулга:

Даатгагчийн зүгээс даатгалын зүйл болох Lexus HS-250 маркийн тээврийн хэрэгсэлд нөхөн үзлэг хийхэд автомашины 4 дугуй нь осол гарах үед бүгд өөр үйлдвэрийн /Goodyear, Yokohama, Michelin, Bridgestone/, өөр хээтэй байсан нь тогтоогдсон.

Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т зааснаар жолооч тус дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй, мөн дүрмийн 4 дүгээр хавсралтын 3 дугаар зүйлийн 3.6-д "Нэг тэнхлэгт өөр хэмжээ, хээтэй буюу шинэ ба хуучин, хадаастай ба хадаасгүй дугуйнууд тавьсан" гэж тус тус заасан байдаг.

Талуудын хооронд байгуулсан даатгалын гэрээний 24.14-т зааснаар замын хөдөлгөөний дүрэмд заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй буюу тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих стандартын шаардлагыг хангаагүй, улсын техникийн ээлжит үзлэг, бүртгэлд хамрагдаагүй эсвэл бүрэн бус тээврийн хэрэгслийг ашиглах үед учирсан хохиролд нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэхээр заасан.

Мөн гэрээний 5.1.6-д даатгуулагч нь даатгалын тохиолдол бий болох буюу бий болохуйц орчин нөхцөлийг бүрдүүлсэн, ихэсгэсэн, түүнчлэн мэдэгдэж буй аюулаас зайлсхийгээгүйн улмаас учирсан хохиролд даатгагч нь нөхөн төлбөрийг бүрэн буюу түүний зарим хэсгийг олгохоос татгалзахаар заасан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Хариуцагч *******-ийн татгалзал, тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийн агуулгаас үзвэл үндэслэл нь даатгалын гэрээ байна. Даатгалын гэрээний талууд нь даатгуулагч, даатгагч нар буюу ******* болон ******* нар юм. Иймд гэрээний оролцогч биш этгээд болох ******* нь тухайн гэрээний үр дагаврыг хариуцахгүй.

Иймд *******-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-иас 14,585,000 гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, үлдэх 990,000 төгрөг гаргуулах шаардлага болон *******-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 235,825 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-иас 230,875 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.

 

5. Хариуцагч *******-ийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Хариуцагчийн зүгээс даатгалын зүйл болох Lexus HS-250 автомашинд үзлэг хийхэд 4 дугуйн хээ өөр өөр байсан бөгөөд тус тохиолдолд жолооч тухайн тээврийн хэрэгслийг ашиглах, цаашлаад замын хөдөлгөөнд анхнаас оролцох ёсгүй байсан.

Талууд "өөр өөр үйлдвэрийн хээтэй дугуйтай тээврийн хэрэгслийг ашиглах тохиолдолд нөхөн төлбөр олгохгүй" хэмээн үгчлэн дурдаж гэрээг тохиролцоогүй боловч гэрээний татгалзах нөхцөл хэсгийн 24.14-т замын хөдөлгөөний дүрэмд заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй буюу тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих стандартын шаардлагыг хангаагүй тээврийн хэрэгслийг ашиглан замын хөдөлгөөнд оролцсон бол тухайн автомашинд учирсан хохиролд нөхөн төлбөр олгохгүй байхаар тусгасан.

Тухайн заалтыг талууд Даатгалын тухай хуульд нийцүүлэн тус хуулийн 8 дугаар зүйлийн 8.5-д "Даатгагч дараах үндэслэлээр нөхөн төлбөрийг бүрэн буюу түүний зарим хэсгийг олгохоос татгалзаж болно", 8.5.1-д "даатгуулагч... даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн;", 10.1.5-д "Даатгуулагч нь даатгалын зүйлийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх... үүрэгтэй" гэж заасныг тодотгон харилцан тохирсон.

5.2. Гэрээгээр мал амьтадын эрсдэл нь зориулалтын зогсоолд байх үеийн эрсдэлд хамаарахаар гэрээнд заасан. Үүнийг анхан шатны шүүхээс даатгуулагч замын хөдөлгөөнд оролцохдоо адуу мөргөсөн гэх хөдөлгөөнд оролцох үеийн эрсдэлийг зогсоолд байх үеийн эрсдэл болох мал, амьтны эрсдэл учирсан мэтээр тайлбарлан дүгнэсэн нь үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-тай сайн дурын үндсэн дээр бичгээр гэрээ байгуулсан. Даатгалын гэрээний дагуу гэрээнд заасан эрсдэл бий болсон. Тухайн үед тээврийн хэрэгслийн жолооч зам дээр гэнэтийн байдлаар адуу гарч ирэх явдлыг таамаглах боломжгүй.

Даатгалын гэрээнд эрсдэлтэй холбоотой асуудлыг дэлгэрэнгүй тусгасан. Гэрээнд замын хөдөлгөөнд оролцох үеийн эрсдэл гэж замын хөдөлгөөнд оролцох нөхцөлд бусад биеттэй мөргөлдөх, шүргэлцэх, хөдөлгөөнд оролцох үедээ бусад биетийг мөргөж, шүргэх, бусад биетэд мөргүүлэх, шүргүүлэх тохиолдолд гарсан хохирлыг 100 хувь нөхөн төлнө гэж заасан. Иймд гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.

 

7. Давж заалдах шатны шүүхэд хариуцагч *******-ийн ирүүлсэн тайлбарын агуулга:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь ******* нь даатгалын гэрээний тал биш бөгөөд *******К-тай хамтран ажиллах гэрээний хүрээнд тухайн даатгалын компанид даатгуулахыг санал болгосон болохыг ойлгож, *******-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан.

Иймд *******-д холбогдох шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

            1. Давж заалдах шатны шүүх хариуцагч *******-ийн гаргасан гомдолд заасан үндэслэлээр хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* болон *******-д холбогдуулж даатгалын нөхөн төлбөрт 15,575,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ******* даатгуулагчийн буруугаас зам тээврийн осол гарсан, хариуцагч ******* даатгалын гэрээ байгуулаагүй гэж тус тус эс зөвшөөрч маргасан.

 

3. Нэхэмжлэгч нь *******-иас худалдан авсан LEXUS HS-250 маркийн, ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учрах эрсдэлийг 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр *******-нд даатгуулж, гэрээнд заасан хураамжийг төлсөн байна.

 

3.1. 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 20-21 цагийн орчимд нэхэмжлэгч нь Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцож байхдаа адуу мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас даатгалын зүйл болох тээврийн хэрэгсэлд 14,585,000 төгрөгийн хохирол учирчээ.

Уг осол болох үед нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэл нь 4 өөр үйлдвэрийн хээ бүхий дугуйтай байсан үйл баримтад зохигч маргаагүй.

 

3.2. Эдгээр үйл баримтыг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөв тогтоосон.

 

4. Анхан шатны шүүх нэхэмжлэгч болон хариуцагч *******-ийн хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж үндэслэлтэй тайлбарласан байна.

Энэхүү даатгалын гэрээний харилцаа, мөн даатгалын тохиолдол бий болсон нь хариуцагч *******-нд хамааралгүй, эрх зүйн аливаа үр дагавар үүсгэхгүй талаар өгсөн шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

4.1. Хэрэгт авагдсан баримтаар зам тээврийн ослыг шалгасан эрх бүхий байгууллагын зүгээс нэхэмжлэгч нь Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т “жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэж заасныг зөрчсөний улмаас тухайн осол гарсан болохыг тогтоосон байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэл нь 4 өөр үйлдвэрийн хээ бүхий дугуйтай байсны улмаас осол гараагүй.

Даатгалын гэрээний 24.11-д техникийн шаардлага зөрчсөн засвар хийсэн, тухайн тээврийн хэрэгсэл дээр зориулалтын бус эд анги, нэмэлт тоноглол тавих, түүнээс үүдсэн хохирол, 24.14-д замын хөдөлгөөний дүрэмд заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй буюу тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих стандартын шаардлагыг хангаагүй, улсын техникийн ээлжит үзлэг, бүртгэлд хамрагдаагүй эсвэл бүрэн бус тээврийн хэрэгслийг ашиглах үед учирсан хохирол гэж заасныг үндэслэн даатгалын нөхөн төлбөр олгохоос даатгагч татгалзах үндэслэлгүй.

Иймд даатгалын гэрээнд заасан мөргөлдөх, шүргэлцэх эрсдэл бий болсон байх тул даатгагч Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1-д зааснаар даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэлгүй байна.

Хэрэгт авагдсан даатгалын гэрээний хуулбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэтгэлцээнд дурдагдсан гэрээний нөхцөлийн талаар талууд маргаагүй тул энэ үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах шаардлагагүй болно.

 

4.2. Иймд анхан шатны шүүх хариуцагч *******-иас 14,585,000 төгрөг гаргуулж, хариуцагч *******-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт нийцжээ.

Харин нэхэмжлэлээс 990,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байх боловч үүнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул энэ шийдлийг хөндөхгүй.

 

5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 192/ШШ2025/04290 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *******-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******-ийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 230,875 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЭНЭБИШ

 

                                                     ШҮҮГЧИД                                      Б.МАНДАЛБАЯР

 

                                                                                                           Т.БАДРАХ