Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 119

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Энхзул,

Улсын яллагч Д.Сүрэнхор,

Шүүгдэгч Э.Ө нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Д.Сүрэнхор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Э.Ө од холбогдох эрүүгийн 1915002450133 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, хүүхдийн хамт Орхон аймгийн ... оршин суух хаягтай, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, ял хойшлуулж байсан, Б овогт Э.Ө .

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Ө  нь 2019 оны 05 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Булган аймгийн Орхон сумын нутаг “Оросын булаг” гэх газарт хохирогч Н.Т г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Ө ын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

1915002450133 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

Хохирогч Н.Т гийн "2019 оны 05 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Оросын булаг гэдэг газар шоу болж байсан юм. Амралтнаас явж байхдаа хөдөө хээр замд Х  гэдэг хүүхэдтэй тааралдсан. Х  гэдэг хүүхэдтэй маргалдаад байж байхад Ө  гэдэг залуу хүрч ирээд надтай ноцолдоод гараараа миний уруул хэсэг рүү нэг удаа цохьсон юм. Уруул жаахан сэтэрсэн, намайг найз Э  гэдэг хүүхэд салгаад машинаараа гэрлүү хүргэж өгсөн юм. Х тэй ямар учраас маргалдсанаа санахгүй байна. Би 3-4 шил “Сэнгүр” пиво уучихсан байсан юм. Х  гэдэг залууг өмөөр ч л миний биед халдсан гэж бодож байна. Эмчилгээний төлбөрт 850 000 төгрөг авсан. Гомдолгүй байна. Эмчилгээний төлбөр авсан учир ямар нэгэн нэг санал хүсэлт байхгүй байна" гэх мэдүүлэг /хх-н 13 тал/,

Гэрч С.Х ын өгсөн: "...Т гийн уруул хэсэг рүү Ө  ах гараараа нэг удаа цохьсон өөр ямар нэгэн хүн халдаж, цохиж зодоогүй юм. ..." гэх мэдүүлэг /хх-н 16 тал/,

Гэрч Д.Э ын өгсөн: "...Ө  гээд нэг залууг би барьж аваад чи яагаад хүн цохиод байгаа юм бэ гэсэн. ...Т  гэдэг хүүхдийн ам, хамраас цус гарч байсан. ..." гэх мэдүүлэг /хх-н 19 тал/,

Гэрч Д.О гийн өгсөн:  "...Т гийн нүүр ам нь цус болсон байхаар нь хараад юу болсон талаар асуугаад Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. ..." гэх мэдүүлэг /хх-н 20тал/,

Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 392 дугаартай:

1. Магадлуулагч Н.Т гийн биед тархи доргилт, дээд, доод уруулд язарсан шарх, эрүүний үений гэмтлийн гаралтай үрэвсэл, 21,41 шүдний буйлны гэмтлийн гаралтай үрэвсэл бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйчлэлээр үүсгэгдэнэ.

3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.

5. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 23-24 тал/,

Шүүгдэгч Э.Ө ын яллагдагчаар татагдаж өгсөн: 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Булган аймгийн Орхон сумын нутаг “Оросын булаг” гэдэг газар задгай шоу цэнгээн болсон. Уг шоунд оролцоод явж байтал найз Б гийн дүү Х  буюу Х  Б гийн утас руу залгаад “Шоун дээр хүнд зодуулчихлаа” гэж ярьсан. Тэгэхээр нь Б  бид хоёр шоун дээр эргэж очсон чинь шар өнгийн 200 маркийн машины хажууд хүмүүс хоорондоо хэрэлдээд маргалдаж байхаар нь би “ юу болоод байгаа юм” гэсэн чинь танихгүй Т  гэх залуу над руу хүрээд ирэхээр нь би гараараа эрүү рүү нь 1 удаа цохисон. Ийм л асуудал болсон гэх мэдүүлэг /хх-н 30 тал/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх 1-2 тал/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 9 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг шүүгдэгчийн хувийн байдлын талаархи баримтууд /хх 31-33, 35 тал/, хэргийн материал танилцуулсан баримт /хх 36-37 тал/, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн шийтгэх тогтоолын хуулбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Ө  нь 2019 оны 05 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Булган аймгийн Орхон сумын нутаг “Оросын булаг” гэх газарт “Х ыг зодлоо” гэх шалтгаанаар Н.Т г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна.

        Хохирогч Н.Т гийн өгсөн мэдүүлгийн эх сурвалж мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч С.Х , Д.Э , Д.О нарын хэргийн үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгааны талаар өгсөн мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтэл болон гэмтлийн зэргийг тогтоосон Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 392 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч Э.Ө ын гэм буруутай үйлдлийн улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.

Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, өөр хоорондоо зөрүүгүй, түүнчлэн хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх учир шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

Шүүгдэгч Э.Ө ын гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Иймд шүүгдэгч Э.Ө ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Э.Ө  нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд хохирогч Н.Т д 850000 төгрөгийг төлснөөр хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ шүүхэд илэрхийлсэн байна.

Шүүгдэгч Э.Ө од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

 Энэ хэрэгт шүүгдэгч Э.Ө  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

1.Шүүгдэгч Б овогт Э.Ө ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ө ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д заасныг баримтлан шүүгдэгч Э.Ө  нь торгуулын ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй болохыг дурьдаж, торгуулын ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Э.Ө од сануулсугай.

4.Энэ хэрэгт шүүгдэгч Э.Ө  нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй бөгөөд хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ө од  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.  

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.Ө од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             С.ЦЭРЭНХАНД