Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2025/01549

 

 

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Э.Энэбиш, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 192/ШШ2025/02401 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******, ******* нарт холбогдох,

4,701,449.83 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Хариуцагч нар нь 2016 оны 09 дүгээр сараас эхлэн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд *******-ийг хариуцаж, үйл ажиллагааг нь явуулж байсан. Дээрх хугацаанд хариуцагч нар нь тус компаний үйл ажиллагаанаас ашиг, орлого олсон атлаа аж ахуйн нэгжийн орлогын албан татвар болон нэмэгдсэн өртгийн албан татварыг төлөхгүй 4,701,449.83 төгрөгийн татварын өр төлбөр үүсгэж компанийг хохироогоод байна.

Иймд төлөөгүй татвар болох 4,701,449.83 төгрөийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга:

2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр *******-ийн одоогийн захирал *******д уг компанийн хувьцааг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж өгсөн бөгөөд бусдаас авах авлага, компанитай холбоотой эд зүйлсийг хүлээлгэж өгсөн.

Тухайлбал, *******-иас 10,000,000 төгрөг, *******-иас 55,000,000 төгрөг, нийт 65,000,000 төгрөгийн авлагыг шилжүүлж өгсөн.

Компанийг шилжүүлэх үед ******* нь татварын тодорхой хэмжээний өрийг дээрх авлагаас төлж барагдуулахаар тохирсон. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй, *******, ******* нарт холбогдох, 4,701,449.83 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.20, 7 дугаар зүйлийн 7.1, 7.2.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт тус тус зааснаар ******* нь татвар төлөгч аж ахуйн нэгж юм.

2016 оны 09 дүгээр сараас эхлэн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд компанийг *******, ******* нар хариуцан удирдаж байсан ба энэ хугацаанд 4,701,449.83 төгрөгийн татварын өр үүсээд байна.

Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.7 дахь хэсэгт Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх удирдлага нь энэ хуулийн 84.4-т заасан үүргээ биелүүлээгүй бол компанийн хувьцаа эзэмшигч уг албан тушаалтнаар компанид учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч нь үүссэн татварын өр 4,701,449.83 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжлэх эрхтэй.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

Хариуцагч ******* нь *******-ийг 2010 онд үүсгэн байгуулж, 2014 оноос нэхэмжлэгч *******тэй компанийн 50, 50 хувийн хувьцаа эзэмшиж, хамтарч ажиллаж эхэлсэн. Нэхэмжлэгч ******* хамтран ажиллах хугацаандаа тус асуудлаар гомдол гаргасан бөгөөд 3 шатны шүүхээр нэхэмжлэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

2019 онд бэлэглэлийн гэрээгээр тус компанийг *******д шилжүүлж өгсөн. *******-аас дунд хугацааны болон үлдэгдэл авлага 10,000,000 төгрөг, *******-аас ажил хийж гүйцэтгэсэн гэрээний үлдэгдэл 55,000,000 төгрөг, нийт 65,000,000 төгрөгийн авлага бүхий компанийг бэлэглэж ажлын гэрээ холбогдох материалуудыг нэхэмжлэгчид өгсөн.

Дээрх хугацаанд нэхэмжлэгчтэй татварын асуудлын талаар тохиролцсон байхад татварын өр төлбөр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

ХЯНАВАЛ

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын гаргасан гомдолд заасан үндэслэлээр хэргийг гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан, 4,701,449.83 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх *******-ийн гүйцэтгэх удирдлагыг 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийг хүртлэх хугацаанд *******, ******* нар хэрэгжүүлж байсан, мөн энэ хугацаанд уг компани аж ахуй нэгжийн орлогын болон нэмэгдсэн өртгийн албан татварын 4,701,449.83 төгрөгийн өр үүсгэсэн үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөв тогтоосон байна.

 

4. Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-д зааснаар ******* нь 4,701,449.83 төгрөгийн албан татварын өрийг төлөх үүрэгтэй бөгөөд үүнийг тус компанийн гүйцэтгэх удирдлага төлөх үүрэг хүлээхгүй.

Мөн хариуцагч нар нь ******* нь компанийн гүйцэтгэх удирдлагаар ажиллах хугацаандаа албан татварт төлөх ёстой байсан мөнгөн хөрөнгийг үндэслэлгүйгээр хувьдаа авсан, компанийг татварын өрөнд оруулах нөхцөл байдлийг үүсгэсэн гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

Нэхэмжлэгч нь хариуцагч нарыг Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4 хэсэгт заасан үүргээ биелүүлэлгүй компанид хохирол учруулсан болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй болно.

 

5. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 192/ШШ2025/02401 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 90,174 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

Т.БАДРАХ